Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

 

 

 

 

   2022         03           02                                       2022/ШЦТ/142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,   

улсын яллагч С.Ууганбаяр

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000130051 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

             

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Т.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “_”-гийн _ тоотод иргэн Д.Б-той “түрээсийн төлбөр”-өөс болж маргалдан улмаар түүний хамар хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөж хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т-ээс: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2210000130051 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хэргийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

3. Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...Би “_” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2 жил орчим ажиллаж байгаа. Манай _ тоот ажлын байрыг түрээслэгч “_” ХХК-ийн Т.Т 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс тус өрөөг сарын 912.000 төгрөгөөр түрээслэн түрээсийн гэрээ байгуулан нүүж орсон боловч 2020 оны 10 сараас хойш бараг 1 жил орчим түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Үүнээс болоод бидний дунд маргаантай байсан. 7 хоногийн өмнө гэрээгээ цуцалъя гэж хэлсэн боловч Т надад хэлэхдээ надад өгөх мөнгө алга, харин бартерт зам талбай засаж өгнө гэхээр нь манайд шаардлагагүй учир зөвшөөрөөгүй. Гарахгүй болохоор нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагаас эхлэн тухайн түрээслэгчийн _ тоот өрөөг онгойлгож гэрээний 6.1.1-д зааснаар гэрээг дангаараа цуцалж дотор байсан эд хогшил сандал ширээ, бичиг баримтууд, тамга тэмдгүүд, нэг ширхэг суурин компьютер, буйдан, хөргөгч, сандал 6 ширхэг зэргийг ажилтнуудаараа зөөлгөн 6 давхарт байгаа 602 тоот хоосон өрөөнд оруулан цоожилсон. Тэр өрөөний түлхүүр зөвхөн надад байгаа. Нүүлгэж байгаа процессыг бичлэгээр баримтжуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд түрээслэгч Т өөрөө ирээд өрөөндөө орж үзээд манай өрөөнд орж ирж уулзсан. Би нөхцөл байдлыг хэлэхэд төлбөр мөнгийг барагдуулна, жоохон хугацаа өгөөч гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй бол ядаж нотариатаар ороод өр төлбөрөө барагдуулчих, тэгээд юмаа аваад явж болно гэсэн. Тэгтэл цагдаа дуудсан байсан. Энэ үеэр надтай маргалдаж манай өрөөний ширээн дээр байсан тамгыг авч гарах гэснээс болж маргалдсан. Тэр үед миний хамар тус газар толгойгоороо нэг удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

4. Гэрч Э.Н-н 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо, “_” төвийн 5 дугаар давхрын 501 тоотод Б, Т, Л бид нар ажлаа хийгээд байтал Т, Б хоёр түрээсийн маргаан болоод Т нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд байж байтал Т байгууллагын тамгыг аваад явлаа гээд гарах гэсэн чинь Б тамгаа авъя гээд Т-гийн гараас барьсан чинь Т эргэж хараад Бийн хамар нүүрэн хэсэгт толгойгоороо мөргөсөн.  Боос цус нүүж гараад цагдаа нар Т-г аваад гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

            5. Гэрч У.Л-н 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр _гийн 5  дугаар давхарт 502 тоот оффис дотор ажил дээрээ Б захирлын хамтаар сууж байсан чинь гаднаас Т орж ирээд Б захиралтай маргаан үүсгээд буцаж ирэхдээ цагдаа нартай цуг ирсэн. Цагдаа нар болон Б, Т нар захирлын өрөө рүү орсон. Гэнэт хэрэлдээд орилолдоод байхаар нь харсан чинь Т захирлын ширээн дээрээс тамгыг нь шүүрчихсэн байсан. Тэр үед Б захирал араас нь тамгаа авах гээд гарыг нь барьсан чинь Т эргэж хараад толгойгоороо мөргөчихсөн. Цагдаа нар Т-г салгаж аваад гараад явсан. Б захирлын хамраас цус гараад үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

            6. Гэрч Б.Д-н 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. 12 цаг 27 минутад жижүүрийн шуурхай албанд 99_ дугаарын утаснаас “хаалганы түлхүүр тааруулаад хулгай орсон байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “_”-гийн _ тоотод бүрэлдэхүүний хамтаар очиход иргэн Т болон Д.Б нар нь түрээсийн маргаантай асуудлын улмаас нэг, нэгнийхээ тавилгыг шилжүүлж зөөсөн байдалтай ямар нэгэн хулгайн гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байсан. Тэгээд бүрэлдэхүүн тэр хоёрын маргааныг тайлбарлаад сууж байтал Т нь Бийн байгууллагын тамгыг ширээн дээрээс аваад босчихсон, араас нь Б очоод тамгаа авах гээд тэр хоёр юм яриад хэрэлдэх өнгө аястай зогсож байхаар нь би цагдаа дуудчихаад хэрүүл уруул болоод яах юм гэж хэлээд байж байтал Т нь шууд Бийн нүүр рүү духаараа мөргөсөн. Б хамар хугарчихлаа гэж орилоод явчихсан. Тэгээд тэр хоёрыг дагуулаад хэлтэс дээр ирж мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11824 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

“...Д.Б-ийн биед хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

8. Яллагдагч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “_”-гийн оффис дээрээ очсон чинь манай байгууллагын эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүй мэдэгдэлгүйгээр зөөгөөд өөр өрөөнд хийгээд дотроос нь авчихсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирсэн. Тэр үед Б намайг доромжлоод зогсоод байсан. Сүүлд нь намайг заамдаж аваад доромжлоод байхаар нь би толгойгоороо түүний толгой руу түлхээд салсан. Тэгээд гараад явцгаасан, цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дахь тал),

9. Хохирогч Б.Б-н гомдол, саналгүй гэх хүсэлт, тэмдэглэл (хавтас хэргийн 56, 77 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Т.Т-гийн гаргасан хүсэлт (хавтас хэргийн 79 дэх тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтас хэргийн 59 дэх), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтас хэргийн 61 дэх тал), Т.Т-гийн бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Т-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Т нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “_”-гийн _ тоотод 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим иргэн Д.Б-той “түрээсийн төлбөр”-өөс болж маргалдан улмаар түүний хамар хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөж хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:  

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Хэргийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

-Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-Гэрч Э.Н-н 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

            -Гэрч У.Л-н 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

            -Гэрч Б.Д-н 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11824 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Т нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Б-той маргалдан бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. 

Шүүгдэгч, хохирогч нар нэг нэгнээ үл хүндэлсэн байдал нь маргаан үүсэхэд нөлөөлж, Д.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, хохиролд 3.000.000 төгрөгийг авсан талаарх тэмдэглэлийг бичгээр (хавтаст хэргийн 56 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгчийг  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Т-д торгох ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Т.Т нь урьд ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч Т.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Т.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Т-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Т.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН