Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Энхдалай овогт Гэлэгдоржийн Мөнх-Эрдэнэд холбогдох 2126001300183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Энхдалай овогт Гэлэгдоржийн Мөнх-Эрдэнэ, регистрийн дугаар:ЙГ00210519,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...Г.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй Б.Батсуурьтай маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би хойшоо найзуудтайгаа уулзах гээд явж байсан. 3 залуу мотоциклийнхоо дэргэд байж байхаар нь такси байх гэж бодоод хойшоо явъя гэхэд такси биш гэж хэлсэн. Би хойшоо ойрхон хүргээд өгчих гэж хэлсэн чинь гол явлаа гэж хэлээд Б.Мөнх-Эрдэнэ гэх залуу хажуугаар орж ирээд завгүй байна гэхээр нь би чих хавиас нь базчихсан. Би касктай малгай руу нь эхэлж цохьсон. Ах нь гэх Б.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу намайг цохиод Батсуурь гэдэг залуу намайг түлхээд би хойшоо унасан. Би газраас босоход Б.Мөнх-Эрдэнэ гэх ах нь зугтаарай гэж хэлээд гүйхэд дүү нь үлдчихээр нь би мотоциклоос нь татаад унагаачихсан. Тэгээд толгой хэсэгт нь 4 удаа өшиглөхөд шар цамцтай ах намайг болиоч гээд салгасан. Би тухайн үед ганцаараа байсан. Намайг салгаж байсан залуу болон ардуур урдуур утсаар яриад яваад байсан хүмүүсийг хамт зодож байна гэж харсан байх. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна”  гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр найзуудтайгаа хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх Сагсны талбай дээр байж байгаад гол явахаар болсон. Тэгээд би ах Б.Мөнх-Эрдэнийн хамт явж байтал 4 дүгээр багт байх Сагсны талбайн хажууд саравчинд сууж байтал хүрээд ирсэн. Тэгээд хүрч ирээд ойрхон газар хүргээд өг гэж хэлсэн. Би тэр хүнд за ах, амжихгүй би завгүй байна, бид хэд гол гарах гэж байна гэж хэлтэл намайг таних уу? гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. Тэгтэл миний өмсөж явсан улаан эрээн өнгийн мотоциклийн хамгаалалтын малгай каск руу баруун гараараа нэг удаа цохиод авсан. Ах Б.Мөнх-Эрдэнэ хүрч ирээд нөгөө залууд бид хэд гол явах гээд яараад байна гэж хэлсэн тэгтэл нөгөө хүн манай ахын зүүн талын чихнээс нь мушгиад авсан. Тэгэхээр нь би нөгөө залууд хөөе яаж байна аа ах гэж хэлтэл, намайг чи томорч байна уу? гэж хэлээд хүрч ирээд баруун гараараа миний нүүр лүү цохиод авсан. Ах тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиод намайг зугтаа гэж хэлсэн. Тэгээд би зугтах гээд мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл араас татаад унагаачихсан. Тэгээд би газар уначихсан байхад миний толгой хэсэг рүү болон бүх бие рүү цохиод өшиглөөд байсан. Тэр үед би газарт атиралдаад хэвтчихсэн байдалтай байсан. Тэр үед манай төрсөн ах намайг зугтаачихсан гэж бодоод өөрөө зугтаачихсан байсан. Тэр үед над дээр ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд намайг зодож байх үед хүмүүс нэмэгдсэн юм шиг байсан. Өмссөн гутлыг нь харж амжаагүй, өмсөж явсан өмд, цамц нь хоёулаа хар өнгөтэй байсан. Миний нуруу хэсэг урд өмнө гэмтэлтэй байсан тэрийг сэдрээчихсэн байсан толгой хэсэгтээ 3 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, 

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 14-ны өдөр 23 цаг өнгөрч байхад 4 дүгээр багийн сагсны талбай дээр очиж юм ярьж сууж байгаад манай дүү Б.Батсуурь болон найзууд нь гол гарах гээд унаа дуудаад өг гэхээр нь хүргэн ах Өлзийбатыг дуудаад хүлээж байхад хар подвалктой, хар өмдтэй махлаг бор залуу дүү нар босчих уу гэхэд нь босоод явсан. Тухайн хүмүүс машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд дүүгийн найзтай гурвуулаа үлдээд юм ярьж байхад нөгөө залуу ирээд юм ярьж байгаад бензин дээ горойгоод байна уу гээд каск руу нь цохиод авсан. Тэгэхээр нь би бид нар гол руу явах гээд байна яаралтай ажилтай явна гэхэд над руу дайраад маск татаж аваад чих мушигаад байсан. Манай дүү ах та яагаад байгаа юм бэ гэхэд манай дүү Б.Батсуурийг цохиод авахаар нь би дүүгээ өмөөрөөд цохиж аваад дүүгээ зугтаагаарай гэж хэлээд манай дүү хөдлөх гэж байхад нь татаад унагаагаад манай дүүг 2-3 хүн зодоод байгаа бололтой харагдаж байсан. Тэр залуу Б.Мөнх-Эрдэнэ гэж дуудаж байсан. Б.Мөнх-Эрдэнэ гээд дуудаж байсан залуу эрээн цамцтай, өндөр, туранхай хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр 23 цагийн үед би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байдаг тоглоомын талбайн сагсны шийдэн дээр тоглоод байж байсан. Б.Мөнх-Эрдэнэ эхлээд ганцаараа сагсны талбай дээр хүрч ирсэн. Тэгээд бид хэдийг тоглож байхад саадны цаана хүн хэрэлдээд орилоод байсан. Тэгээд нээх их тоогоогүй, цаашаа яваад тамхи татах гээд байж байтал саадны цаана нэг хүн орилоод явчихсан, тэгэхээр нь би очоод салгасан. Тэгээд салгаад байж байтал Тамжид, Номин хоёр машинтайгаа салхилаад явж байна гээд хүрээд ирсэн. Тэгээд би гэрээсээ 20 литрийн савтай ус гаргаж ирээд тэр хүүхдийн толгой дээр хийж өгтөл хагарчихсан байсан. Тэгээд Тамжид, Номин хоёр машиндаа суулгаад эмнэлэг дээр аваачиж өгсөн. Мөнх-Эрдэнэ ганцаараа явж байсан байх. Анх ирэхдээ ганцаараа хүрч ирсэн. Б.Батсуурь нь ахтайгаа хамт явж байсан гэсэн. Б.Батсуурь гэх хүн нь тухайн үед тэр хавьд байсан хүмүүсээс хэрүүл өдөөд яваад байх шиг байсан. Над дээр хүртэл хүрч ирээд хэрүүл өдөөд байсан, тэгэхээр нь би тоогоогүй. Тэр хавьд машин зогсож байгаа юм харагдаагүй. Зодоон болсны дараа ирсэн, салхилж явна гэж байсан. Тэгээд Б.Батсуурь гэх залууг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Хэрүүл хийгээд би очиж салгахад Б.Мөнх-Эрдэнэ хойшоогоо гүйгээд явчихсан. Тэрнээс хойш харагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 124-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №319 дугаартай “...Үзүүлэгч Б.Батсуурийн биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-54/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/,

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/,

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх Сагсан бөмбөгийн талбайн орчимд насанд хүрээгүй  Б.Батсуурьтай маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

             

            Насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн “2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр найзуудтайгаа хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байх Сагсны талбай дээр байж байгаад гол явахаар болсон. Тэгээд би өөрийн ах Б.Мөнх-Эрдэнийн хамт явж байтал 4 дүгээр багт байх Сагсны талбайн хажуу талын саравчинд сууж байтал нэг хүн хүрээд ирсэн. Тэгээд хүрч ирээд оройхон хүргээд өг гэж хэлсэн тэгэхээр нь би тэр хүнд за ах амжихгүй би завгүй байна, бид хэд гол орох гэж байна гэж хэлтэл намайг таних уу, Би танихгүй гэж хэлсэн. Тэгтэл миний өмсөж явсан улаан эрээн өнгийн мотоциклийн хамгаалалтын малгай буюу каск руу баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл манай төрсөн ах Б.Мөнх-Эрдэнэ хүрч ирээд нөгөө залууд бид хэд гол явах гээд яараад байна гэтэл нөгөө хүн манай ахын зүүн талын чихнээс нь мушгиад авсан. Тэгэхээр нь би нөгөө залууд яаж байна ах гэж хэлтэл намайг чи томорч байна уу гэж хэлээд хүрч ирээд баруун гараараа миний нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь манай төрсөн ах тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиод намайг зугтаа гэж хэлсэн. Тэгээд би зугтах гээд мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл араас татаад унагаачихсан. Тэгээд би газар уначихсан байхад миний толгой хэсэг рүү болон бүх бие рүү цохиод өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Б.Мөнх-Эрдэнийн манай дүү Б.Батсуурийг цохиод авахаар нь би дүүгээ өмөөрөөд цохиж аваад дүүгээ зугтаарай гэж хэлээд манай дүү хөдлөх гэж байхад нь татаад унагаагаад би цохиж байхад нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/, гэрч Б.Одгэрэлийн “Мөнх-Эрдэнэ эхлээд ганцаараа сагсны талбай дээр хүрч ирсэн. Тэгээд бид хэдийг тоглож байхад саадны цаана нэг хүн хэрэлдээд орилоод байсан. Саадны цааны нэг хүн орилоод явчихсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэгээд салгаад байж байтал Тамжид, Номин хоёр машинтайгаа салхилаад явж байна гээд хүрээд ирсэн. Тэгээд би гэрээсээ 20 литрийн савтай ус гаргаж ирээд тэр хүүхдийн толгой дээр хийж өгтөл хагарчихсан байсан. Очиж салгахад Б.Мөнх-Эрдэнэ хойшоогоо гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, хохирогч Б.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/, Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн “ Би тухайн үед ганцаараа байсан. Намайг салгаж байсан залуу болон ардуур урдуур утсаар яриад яваад байсан хүмүүсийг хамт зодож байна гэж харсан байх. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, Насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч нарт 300.000 төгрөг төлсөн. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч нарын нэхэмжилсэн    нэхмжилсэн 1.000.000 төгрөгөөс үлдэх 700.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох  баримтгүй байх тул  хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурь нар нь нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Энхдалай овогт Гэлэгдоржийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхдалай овогт Гэлэгдоржийн Мөнх-Эрдэнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Б.Батсуурь, түүний хууль ёсны төлөөлөгч нарт   хохиролд 300.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхмжилсэн 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.