Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч: С.Баярчимэг,

Хохирогч Ш.Дамба,

Шүүгдэгч: Б.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зузаан овогт Борбандийн Түмэндэмбэрэлд холбогдох 2126000000180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зузаан овогт Борбандийн Түмэндэмбэрэл /РД: ЙЭ73112014/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бумбат” худалдааны төвийн баруун талын “Хөхүүрийн айраг” нэртэй газарт, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Дамбатай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үеийн он сар өдрийг би санахгүй байна. 12 цагийн үед нэг танихгүй хүн ирээд гараараа далайгаад өмнөөс цохих гээд байхаар нь би хойшоо гэдийхэд цагаан идээ рүү зөрөөд орсон. Тэгээд араас нь ороход хөхүүртэй айрагны амнаас нь бариад асгах гэж байсан. Би хөхүүртэй айрагны доод хэсгээс нь бариад автал энэ хүн “үхсэн хойноо хөхүүртэй айраг гэж ямар юм байдаг юм” гээд араас нь сонин юм хэлсэн. Би “та яагаад байгаа юм бэ?” гэж хэлэхэд намайг заамдаж аваад гараа мушгихад миний хоолойны түнх хэсэгт өвдөхөөр нь миний уур хүрээд зөрүүлж барьж аваад түлхсэн. Энэ хүн 4 хөллөж гараад “гуйлгачин, дээрэмчин” гэж намайг элдвээр хэлээд байсан. Цаанаас нь манай эхнэр хүүхэд хоёр ирээд манай хүүхэд бичлэг хийсэн. “Би та одоо яв” гэж хэлэхэд өөдөөс салаавч өгөөд хэл амаар доромжилсон. Би цагдаа дуудахад Бумбатын тийшээ яваад өгсөн. Ашгүй явчихлаа гэж харсан чинь эргэж ирээд надаас утас нэхээд “гуйлгачин, дээрэмчин” гэж доромжлоод өөрийгөө “цагдаагийн ахмад Дамба байна” гээд байсан. “Та цагдаа байсан бол ингэх ёсгүй, албан байгууллагын нэр бариад худлаа яриад байгаа юм уу” гэж хэлэхэд орой очоод чамайг ална гэж хэлж байсан. Тэгээд цагдаа ирээд бид хоёр тийшээ болсон. Тэр хөхүүртэй айргийг татаж байх үед бид хоёр хоёулаа байсан. Би энэ хүнийг түлхсэн, харин мохоо зүйлээр цохиогүй. Манайд хөхүүрийн айраг гэсэн хаяг байхгүй, харин хөхүүр бол байгаа. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-нээс болсон зүйлийг харуулж өгнө үү. Би хүнд гай болоод байдаггүй харин буян болдог хүн” гэв. 

 

Хохирогч Ш.Дамба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хөхүүрийн айраг гэсэн хаяг байсан. Урд нь шүдний эмнэлэг байхаар шүдний эмчтэй уулзчихаад хөхүүрийн айраг сонирхоод ороод халамцуу хүн жаахан юм хэлэхэд энэ хүн учир зүггүй хүрээд ирсэн. Тэгээд нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Тэгээд тал талаас хэдэн банди нар өшиглөхөөр нь би алхах гэсэн чинь миний бөөр өвдөөд миний толгойноос цус гоожоод байсан. Тэгээд байж байхад эхнэр хүүхэд нь ирээд орилж хашгичаад намайг хөөж туугаад байсан. Миний утас байхгүй байхаар нь утсаа нэхсэн нь үнэн. Би айлд орхисон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Маргааш нь би нөгөө цагдаатай уулзаад гомдол гаргасан” гэв. 

 

Хохирогч  Ш.Дамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 11 цагийн үед би Улаанбаатар хотоос ирсэн найз болох Мэндбаяр гэх хүнтэй 52 айлын орон сууцанд уулзаж нэг шил архи хувааж уучихаад гарч ирээд шүдний эмнэлэг орчихоод цааш яваад Бумбат худалдааны төвийн урдаас харсан Хөхүүрийн айраг гэх нэртэй газарт орсон. Тухайн үед намайг ороход сахалтай нэг хүн байсан. Би тэр газар ороод юу гэж хэлсэн ээ санахгүй байгаа. Нэг мэдэхэд миний толгой хэсэг рүү ямар нэг зүйлээр цохиод шал нь дээр уначихсан байхад намайг тал талаас өшиглөөд байсан. Тэгээд би тухайн үед та нар яагаад миний эрх чөлөөнд халдаад байна гэж хэлээд босоод ирсэн. Тухайн үед тэр газар 2 залуу, 1 эмэгтэй тэгээд намайг зодсон гэх хүн байсан. Тэр газраас би тэгээд гарах гээд чадахгүй байхаар нь тэр хүмүүст цагдаа дууд гэж хэлээд тэр хүмүүст “та нар худалдаа үйлчилгээний газар ажилладаг байж” гэх мэтээр хэрүүл маргаан хийгээд байж байтал цагдаа ирсэн. Толгойн зүүн дээд хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд миний баруун бөөр, нуруу хэсэг рүү өшиглөсөн байсан. Биеийн дээд хэсэг ерөнхийдөө хөхөрсөн байдалтай байсан. Б.Түмэндэмбэрэл намайг юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Би тэр үед цагаан саравчтай малгай өмсчихсөн байсан. Би газар унаад нэг хартал намайг тойроод 2 залуу, гэр бүлийн гишүүн нь бололтой нэг хүүхэн, тэгээд нэг жоохон охин байсан. Хэн нь намайг өшиглөсөн талаар мэдэхгүй, би хараагүй. Би анх Хөхүүрийн айраг гэх газар ороод юу гэж хэлсэн талаараа мэдэхгүй байгаа, зодуулаад сэргээд хартал би газар уначихсан байдалтай байсан. Би Түмэндэмбэрэл гэх хүний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 3 хоногийн дараа БОЭТ-ийн  гэмтлийн эмч болох Оюунбат гэх эмэгтэй эмчид үзүүлээд тэндээсээ рентген, Эхо хоёрт үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хот яваад 4 удаа бариач дээр толгойгоо бариулсан. Тэгээд Адам гэх хувийн эмнэлэгт бас үзүүлсэн. Тэр эмнэлэг надад 2 ширхэг эм бичиж өгсөн, одоо тэр эмийг нь ууж байгаа. Урд өмнө нь таарч хэрүүл маргаан хийж байгаагүй. Өс санасан асуудал байхгүй. Би гомдолтой байна. Хүнд үйлчилгээ үзүүлж байгаа газар үйлчлүүлэгчээ зодож байгаа талаар би гомдолтой байгаа. Би өөрийн биед эмчилгээ хийлгэсэн мөнгийг нэхэмжилж байгаа. Тухайн нэхэмжилж байгаа зардлыг баримтаар гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Цахир шүдний эмнэлэгт ажил дээрээ байж байгаад 12-13 цагийн үед хоол авах гээд гарсан. Тэр үед Ш.Дамба, Б.Түмэндэмбэрэл гэх хүмүүс цагаан идээ зардаг газрын гадаа гараад ирчихсэн хоорондоо хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр үед Ш.Дамба гэх хүний цамц, бие хүзүү хэсэг нь цус болчихсон зогсож байсан. Тэр үед би харчихаад хоолоо аваад ажил руугаа орсон. Би яагаад цус гарсныг нь мэдэхгүй байна. Цохиж зодож байхыг нь хараагүй. Айраг зардаг ах эхнэртэйгээ байсан. Гудамжинд явж байсан хүмүүс их байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, 

Гэрч Т.Мягмардолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн ээж болох Ганчимэгийн хамт өөрийн аавын ажиллуулдаг Цагаан идээ зардаг ажлын байр луу нь орж явтал аавын ажлын байрны үүдэнд нэг хүн унаад босч ирж байсан, тэгээд ээж гайхаад яваад очтол тэр унаад босч байсан хүн бид хэдийг “яахаараа ийм юм хийдэг юм, нэр бичсэн самбараа ав, луйварчингуудаа” гэх мэтээр орилоод байсан. Тухайн үед тэр хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн аав, ээж бид гурвыг хэл амаар доромжлоод өөрийгөө “цагдаагийн ахмад Шарын Дамба гэдэг хүн байна, та нарыг хачин болгоноо” гэх мэтээр орилоод байсан. Тухайн үед манай аавын ажлын байран дээр нь хүмүүс худалдаа хийх гээд ороод гараад яваад байхад орилж чарлаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би сүүлдээ цагдаад дуудлага өгөөд тэр хүнийг өгөөд явуулсан. Тэр хүн бас цагдаа ирэхээс өмнө хойшоо яваад өгчихөөр нь бид хэд яваад өглөө гэж бодоод байж байтал буцаж хүрч ирээд бид хэдээс шууд утсаа нэхээд байсан. Тэр хүн утсаа гаргаж ирээгүй, утсыг нь хараагүй байсан. Тэгээд цагдаа хүрч ирээд тэр хүнийг аваад явсан. Тухайн үед тэр хүн архи уучихсан байсан. Тэгэхдээ биеэ хянаж чадахаар байсан. Манай аав болох Түмэндэмбэрэл, ээж Ганчимэг, тэгээд би бас нөгөө согтуу хүн 4 байсан. Өөр хүн байгаагүй. Ш.Дамба гэх хүнийг орилж чарлаад байж байхад нь манай лангуунаас юм худалдаж авч байсан хүмүүс байсан. Тухайн хүнийг танихгүй. Айраг авч байсан хүн байсан. Манай аав ганцаараа сууж байсан. Бичлэг хийж байхад шанааных нь хэсгээс цус гарч байсан, тэр цусыг яагаад гараад байсныг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, 

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №334 дугаартай “...үзүүлэгч Ш.Дамбын биед тархи доргилт, зүүн чамархай хэсэгт шарх, баруун гарын тохой хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 369 дугаартай тодорхойлолт /хх-55/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-56/,

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/,

 

Шүүгдэгч Б. Түмэндэмбэрэлийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл “... Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Би байгаа эд хөрөнгө болон өөрийгөө хамгаалсан. Би зодоогүй, цагдаа дуудаж өөрийгөө хамгаалах гэсэн юм. Энэ хүн ухаан мэдрэлгүй согтуу байгаагүй. Санаатай ирж хэрүүл хийж мөнгө нэхдэг хүн гэж бодож байна. Би 100 литр айргаа асгасан бол 50000 төгрөгөө хэнээс авах байсан юм. Ийм асуудал болохыг мэдсэн бол би энэ хүнээр айргаа асгуулчих байж гэж бодож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бумбат” худалдааны төвийн баруун талын “Хөхүүрийн айраг” нэртэй газарт хохирогч Ш.Дамбатай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч Ш.Дамбын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хөхүүрийн айраг гэсэн хаяг байсан. Урд нь шүдний эмнэлэг байхаар шүдний эмчтэй уулзчихаад хөхүүрийн айраг сонирхоод ороод халамцуу хүн жаахан юм хэлэхэд энэ хүн учир зүггүй хүрээд ирсэн. Тэгээд нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. ...миний бөөр өвдөөд миний толгойноос цус гоожоод байсан. Тэгээд байж байхад эхнэр хүүхэд нь ирээд орилж хашгичаад намайг хөөж туугаад байсан. ....Тэгээд би цагдаа дуудсан. Маргааш нь би нөгөө цагдаатай уулзаад гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч  Ш.Дамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 11 цагийн үед би Улаанбаатар хотоос ирсэн найз болох Мэндбаяр гэх хүнтэй 52 айлын орон сууцанд уулзаж нэг шил архи хувааж уучихаад гарч ирээд шүдний эмнэлэг орчихоод цааш яваад Бумбат худалдааны төвийн урдаас харсан Хөхүүрийн айраг гэх нэртэй газарт орсон. Тухайн үед намайг ороход сахалтай нэг хүн байсан. Би тэр газар ороод юу гэж хэлсэн ээ санахгүй байгаа. Нэг мэдэхэд миний толгой хэсэг рүү ямар нэг зүйлээр цохиод шал нь дээр уначихсан байхад намайг тал талаас өшиглөөд байсан. Тэгээд би тухайн үед та нар яагаад миний эрх чөлөөнд халдаад байна гэж хэлээд босоод ирсэн. Тухайн үед тэр газар 2 залуу, 1 эмэгтэй тэгээд намайг зодсон гэх хүн байсан. Тэр газраас би тэгээд гарах гээд чадахгүй байхаар нь тэр хүмүүст цагдаа дууд гэж хэлээд тэр хүмүүст та нар худалдаа үйлчилгээний газар ажилладаг байж гэх мэтээр хэрүүл маргаан хийгээд байж байтал цагдаа ирсэн. Толгойн зүүн дээд хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд миний баруун бөөр, нуруу хэсэг рүү өшиглөсөн байсан. Биеийн дээд хэсэг ерөнхийдөө хөхөрсөн байдалтай байсан. Б.Түмэндэмбэрэл намайг юугаар цохисон талаар мэдэхгүй байна. ...Би газар унаад нэг хартал намайг тойроод 2 залуу, гэр бүлийн гишүүн нь бололтой нэг хүүхэн, тэгээд нэг жоохон охин байсан. ...Би анх Хөхүүрийн айраг гэх газар ороод юу гэж хэлсэн талаараа мэдэхгүй байгаа, зодуулаад сэргээд хартал би газар уначихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Ц.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Цахир шүдний эмнэлэгт ажил дээрээ байж байгаад 12-13 цагийн үед хоол авах гээд гарсан. Тэр үед Ш.Дамба, Б.Түмэндэмбэрэл гэх хүмүүс цагаан идээ зардаг газрын гадаа гараад ирчихсэн хоорондоо хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр үед Ш.Дамба гэх хүний цамц, бие хүзүү хэсэг нь цус болчихсон зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, 

            хохирогч Ш.Дамбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тэр хөхүүртэй айргийг татаж байх үед бид хоёр хоёулаа байсан. Би энэ хүнийг түлхсэн. Харин мохоо зүйлээр цохиогүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хохирогч Ш.Дамбын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хөхүүрийн айраг гэсэн хаяг байсан. Урд нь шүдний эмнэлэг байхаар шүдний эмчтэй уулзчихаад хөхүүрийн айраг сонирхоод ороод халамцуу хүн жаахан юм хэлэхэд энэ хүн учир зүггүй хүрээд ирсэн. Тэгээд нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Миний бөөр өвдөөд миний толгойноос цус гоожоод байсан. Тэгээд байж байхад эхнэр хүүхэд нь ирээд орилж хашгичаад намайг хөөж туугаад байсан. ....Тэгээд би цагдаа дуудсан. Маргааш нь би нөгөө цагдаатай уулзаад гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч  Ш.Дамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 11 цагийн үед би Улаанбаатар хотоос ирсэн найз болох Мэндбаяр гэх хүнтэй 52 айлын орон сууцанд уулзаж нэг шил архи хувааж уучихаад гарч ирээд шүдний эмнэлэг орчихоод цааш яваад Бумбат худалдааны төвийн урдаас харсан Хөхүүрийн айраг гэх нэртэй газарт орсон. Тухайн үед намайг ороход сахалтай нэг хүн байсан. Би тэр газар ороод юу гэж хэлсэн ээ санахгүй байгаа. Нэг мэдэхэд миний толгой хэсэг рүү ямар нэг зүйлээр цохиод шал нь дээр уначихсан байхад намайг тал талаас өшиглөөд байсан. Тэгээд би тухайн үед та нар яагаад миний эрх чөлөөнд халдаад байна гэж хэлээд босоод ирсэн. Тухайн үед тэр газар 2 залуу, 1 эмэгтэй тэгээд намайг зодсон гэх хүн байсан. Тэр газраас би тэгээд гарах гээд чадахгүй байхаар нь тэр хүмүүст цагдаа дууд гэж хэлээд тэр хүмүүст та нар худалдаа үйлчилгээний газар ажилладаг байж гэх мэтээр хэрүүл маргаан хийгээд байж байтал цагдаа ирсэн. Толгойн зүүн дээд хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд миний баруун бөөр, нуруу хэсэг рүү өшиглөсөн байсан. Биеийн дээд хэсэг ерөнхийдөө хөхөрсөн байдалтай байсан. Б.Түмэндэмбэрэл намайг юугаар цохисон талаар мэдэхгүй байна. ...Би газар унаад нэг хартал намайг тойроод 2 залуу, гэр бүлийн гишүүн нь бололтой нэг хүүхэн, тэгээд нэг жоохон охин байсан. ...Би анх Хөхүүрийн айраг гэх газар ороод юу гэж хэлсэн талаараа мэдэхгүй байгаа, зодуулаад сэргээд хартал би газар уначихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, хохирогч Ш.Дамбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж  өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.      

 

Хохирогч  Ш.Дамба нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд  “...намайг тал талаас хэдэн банди нар өшиглөөд байсан.” гэж мэдүүлж байгаа ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

            Хохирогч Ш.Дамба нь өөрт учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардалд 303.500 төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн ба шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой баримт байна гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрлээс 303.500 төгрөг гаргуулж хохирогч Ш.Дамбад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь “...Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмгүй байж байгаад өөрөө хэрэгтэн болж байна. Төрийн цагдаагаар хамгаалуулах гэж дуудсан чинь өөрөө хэрэгтэн болж байна Би гомдолтой байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

   Шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Зузаан овогт Борбандийн Түмэндэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зузаан овогт Борбандийн Түмэндэмбэрэлийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

                        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрлээс 303.500 төгрөг гаргуулж хохирогч Ш.Дамбад олгосугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах  хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.