Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/165

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Тулга,

Шүүгдэгч Э.Буянбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овгийн Эрдэнэбатын Буянбадрахад холбогдох 2126000000171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Эрдэнэбатын Буянбадрах /РД:ЙД88101411/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...Э.Буянбадрах нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 3-17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Хүрэлхүүтэй маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Буянбадрах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хадам Батаа гэдэг хүнтэй нийлж 2 шил архи уусан. Тэгээд бид хоёр маргалдаад гэрт нь орсон. Манайх Б.Хүрэлхүү гэдэг айлтай нэг хашаанд амьдардаг. Бид хоёр маргалдаж байхад Б.Хүрэлхүү өмнүүр орж ирэхээр нь би нэг удаа алгадсан. Өөрийн гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогч Б.Хүрэлхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед би өөрийн гэр болох байж байхад манай талийгаач нөхрийн ах гэрт орж ирсэн. Намайг гэрийн үүдэнд гараа угаагаад зогсож байтал шууд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний хоолойг боож унагаагаад, гэрийн гадаа чирч гаргаад газар чирээд байсан. Тэгээд миний нүүр хэсэг рүү 2 удаа цохьсон. Багалзуурдаад боогоод байсан. Гадаа бас миний цээж хэсэг рүү нэг удаа дэвссэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би Э.Буянбадрахын талийгаач дүүтэй нь өөд болохоос нь өмнө харьцдаг байсан. Талийгаач 5 жилийн өмнө өөд болсны дараа би 2020 онд Пүрэвдэмбэрэл гэх хүнтэй танилцаад харилцаатай байгаа, тэр үйл явдалд уурласан байх. Бид хоёр урд өмнө ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй, өс санасан асуудал байхгүй. ...Миний нүүр хэсэгт нэг удаа цохиод уруул сэтэрчихсэн. Хүзүү хоолой хэсгээс боогоод хөхөрчихсөн, эгэм хэсэг рүү дэвсээд тухайн үедээ өвчтэй байж байгаад одоо зүгээр болчихсон. Намайг шинэ найз залуутай болсноос хойш надтай сонин харьцдаг болчихсон. Намайг зодож байх үед Э.Буянбадрахын эхнэр нь болох Баярмаа харсан. Баярмаа хүрч ирээд Э.Буянбадрахыг салгаад аваад гэр лүүгээ орсон.“...миний биед өөр хүн гэмтэл учруулаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 25 дугаар хуудас/, 

 

Гэрч П.Дэмбэрэлсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Хүрэлхүү, Э.Буянбадрах хоёр гэрт маргалдсан юм шиг байсан. Э.Буянбадрах Б.Хүрэлхүүг яаж зодсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №297 дугаартай “...Үзүүлэгч Б.Хүрэлхүүгийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, баруун хөлд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Буянбадрахын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 304 дугаартай тодорхойлолт /хх-40/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/,

 

Шүүгдэгч Э.Буянбадрахын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/,

 

Шүүгдэгч Э.Буянбадрахын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Э.Буянбадрах нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч  Э.Буянбадрах нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Буянбадрахын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч “...Э.Буянбадрах нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 3-17 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Хүрэлхүүтэй маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Э.Буянбадрах нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Б.Хүрэлхүүгийн “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед би өөрийн гэр болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 3-17 тоотод байж байхад манай талийгаач нөхрийн ах гэрт орж ирсэн. Намайг гэрийн үүдэнд гараа угаагаад зогсож байтал шууд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгнээд миний хоолойг боож унагаагаад, гэрийн гадаа чирч гаргаад газар чирээд байсан. Миний нүүр хэсэг рүү 2 удаа цохьсон. Багалзуурдаад боогоод байсан. Гадаа бас миний цээж хэсэг рүү нэг удаа дэвссэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ....Миний нүүр хэсэгт нэг удаа цохиод уруул сэтэрчихсэн. Хүзүү хоолой хэсгээс боогоод хөхөрчихсөн, эгэм хэсэг рүү дэвсээд тухайн үедээ өвчтэй байж байгаад одоо зүгээр болчихсон...” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 25 дугаар хуудас/, гэрч П.Дэмбэрэлсүрэнгийн “...Б.Хүрэлхүү, Э.Буянбадрах хоёр гэрт маргалдсан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/, хохирогч Б.Хүрэлхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, шүүгдэгч Э.Буянбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.Буянбадрах нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.Буянбадрах нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Буянбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Э.Буянбадрах нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Хүрэлхүүгийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Э.Буянбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.Буянбадрах нь өөрийгөө өмгөөлж “Улсын яллагчийн торгох ял оногдуулах саналд хэлэх зүйл байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Буянбадрахын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Э.Буянбадрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.Буянбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

   Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.Буянбадрахад мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Буянбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Буянбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэбатын Буянбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэбатын Буянбадрахыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буянбадрах нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Буянбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

                        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Буянбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Буянбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.