| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2016/0047/Э |
| Дугаар | 47А |
| Огноо | 2016-10-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | В.Отгончимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 47А
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч В.Отгончимэг,
шүүгдэгч Л.Боргил, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор /ҮД:0-433/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилд холбогдох эрүүгийн 201626030605 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 07-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжны 125 тоотод оршин суух, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хурцбаатар овогт Лхагваагийн Боргил /РД:МЮ89010773/
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Боргил нь ялтай байхдаа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжны 176 тоотод оршин суух иргэн Х.Отгонхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, хууль бусаар нэвтрэн “Монел” маркийн LCD зурагт, “Самсунг Эс 2” маркийн гар утас, флаш, мөнгөн ээмэг, бөгж, гинж, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 473.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Боргил нь шунахайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжны 176 тоотод оршин суух иргэн Х.Отгонхуягийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, хууль бусаар нэвтрэн “Монел” маркийн LCD зурагт, “Самсунг Эс 2” маркийн гар утас, флаш, мөнгөн ээмэг, бөгж, гинж, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 473.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Л.Боргилын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 7-176 тоот хашаа байх ба...хулгай орсон гэх цонхноос 7 см зайд ертөнцийн зүгээр урагш харсан чиглэлтэй хэмжээ болон онцлог содон шинж тэмдэг нь мэдэгдэхгүй гутлын мөр үүссэн байсаныг...бэхжүүлэн авав...салхивчний зүүн талын араамны дээд ирмэгээс доош 40 см зайд 1 ширхэг гарын мөр илрүүлэн...бэхжүүлэн авч №1 гэж дугаарлав...” /хх-ийн 4-6/
3. Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл “...сэжигтэн Л.Боргилоос түүний биеэс илэрсэн шаргал өнгийн бөгж, цайвар өнгийн дугуй шигтгээтэй бөгж, цайвар өнгийн богино гинж, хар өнгийн “Samsung S-2” маркийн гар утас, хар өнгийн флаш, жижиг дугуй хэлбэртэй шигтгээтэй цайвар өнгийн бөгж, дугуй хэлбэртэй унжсан оруулгатай цайвар өнгийн ээмэг нэг хос, Монел маркийн 42 инчийн хар өнгийн зурагт, улаан өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хураан авахаар тогтоосугай...” /хх-ийн 15, 16-17/
4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...ертөнцийн зүгээр хойш харсан саарал өнгийн төмөр хашааны өмнө ирж хаалга руу зааж уг 176 дугаартай хашааны хаалга 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй байхаар нь явж ороод нэг давхар цагаан өнгийн байшингийнх нь урд талын хоёр цонхны захын цонхыг гараараа цааш нь түлхэж онгойлгож байшин руу орсон гэж өөрөө чөлөөтэй зааж үзүүлснийг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авлаа...уг айлын хашааны хаалгаар айлаас хулгайлсан эд зүйлсээ бариад гарсан гэж зааж үзүүлэн гудамжаар авч явсан чиглэлээ зааж үзүүлэв...” /хх-ийн 19-21/
5. Эд зүйлийн үнэлгээ “...нийт 473.000 төгрөг...” /хх-ийн 22/
6. Хохирогч Х.Отгонхуягийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай байшинд 13-14 цагийн орчим хулгай орж 42 инчийн “Монел” маркийн LCD зурагт нэг ширхэг, “Самсунг Эс 2” маркийн гар утас нэг ширхэг, хоёр гега багтаамжтай флаш нэг ширхэг, жижиг дугуй хэлбэртэй мөнгөн ээмэг нэг хос, жижиг дугуй шигтгээтэй мөнгөн бөгж нэг ширхэг, хүзүүний мөнгөн гинж нэг ширхэг, гоёлын төмөр ээмэг, бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би гоёлын төмөр ээмэг, бөгж болон хүзүүний мөнгөн гинж зэргийг эргүүлэн хүлээн авч чадаагүй. Учир нь манайхаас эд зүйл хулгайлсан хүн гудамжинд хаячихсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 25/
7. Гэрч М.Ундралын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай уг тоот гэрт хулгайч орж эд зүйлс алдагдсан байсан...Тэгээд би хичээлдээ явчихаад хичээлээ тараад гэртээ 16 цаг гэж иртэл манай хашаан дахь нэг давхар цагаан өнгийн байшингийн урагшаа харсан хоёр цонхны баруун талынх нь цонх онгорхой болчихсон байсан. Уг нь би гэрээсээ гараад явахдаа дандаа цонхоо хааж явдаг. Тэгэхээр нь би гайхаад “манайд хулгайч орсон юм шиг байна” гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Тэгээд би гайхаад гэрийнхээ хаалгыг онгойлгоод явж ороод гэрээс эд зүйлс юу алга болсон байна гэж хартал манай байшингийн дотор талын том өрөөнд байдаг 42 инчийн “Монел” маркийн LCD зурагт алга болсон байсан. Тэгэхээр нь би ойлгомжтой хулгайд алдагдсан юм байна гэж бодоод үүнийг хамгийн түрүүнд ээж Отгонхуяг руу залгаж хэлж мэдэгдсэн. Ээж цагдаад дуудлага өгөөд өөрөө гэртээ хүрч ирээд өөр юу юу алга болсон байна гээд би ээжийн хамт шалгаад үзтэл ДиДиЭш телевизийн олон суваг хүлээн авагч төхөөрөмж, гоёлын мөнгөн жижиг дугуй хэлбэртэй ээмэг 1 хос, мөнгөн жижиг дугуй хэлбэртэй шигтгээтэй бөгж 1 ширхэг, хүзүүний мөнгөн гинж нэг ширхэг болон энгийн төмөр гоёлын Хятад ээмэг, бөгж буюу төмөр ээмэг хоёр хос, бөгж бас хоёр ширхэг, мөн ээжийн хэрэглэдэг “Самсунг Эс 2” маркийн гар утас нэг ширхэг, мөн 8 гега багтаамжтай хар өнгийн флаш нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Дээрх алдагдсан эд зүйлсээ сүүлд нь цагдаа нараас эргүүлэн хүлээж авсан. Хулгай хийсэн хүн нь манайхаас авсан эд зүйлсээ авч явж байгаад баригдсан гэсэн. Зурагт, флаш, гар утас, мөнгөн ээмэг, бөгж зэргийг эргүүлэн хүлээн авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
8. Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Намайг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажлынхаа хоёр алба хаагчтай ажлаа хийгээд явж байтал Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамжинд нэг залуу хар өнгийн хавтгай, эл си ди зурагт тэврээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь очоод “хаанаас юу авч яваа болон бичиг баримтыг чинь шалгая” гэхэд “би эгчийнхээ гэрээс өөрийнхөө гэр рүү зурагтаа авч явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчтэй чинь холбогдоод үнэн худлыг асууя гэтэл тэр залуу хэсэг байж байснаа өөрийгөө хулгай хийсэн гэдгээ хэлж өгсөн. Тэгэхээр нь түүнийг саатуулж хэлтсийн байранд хүргэж тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Харахад урдаа 32 инчийн “Монел” маркийн зурагтыг ил тэвэрчихсэн байсан. Халаасандаа айлаас хулгайлсан гээд “Самсунг” маркийн хар өнгийн гар утас болон ээмэг, бөгж хийсэн байсан. Бүгдийг нь хулгайлж авсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/
9. Яллагдагч Л.Боргилын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэр жижиг хаалгаар нь явж ороод байшингийнх нь хаалганы үүдэнд иртэл хаалганд нь төмөр цоож зүүлттэй байсан. Тэгэхээр нь би цонхных нь гадна иртэл вакум цонх нь хаалттай байхаар нь гараараа нэг удаа түлхээд цонхыг нь онгойлгоод тэр цонхоор явж орсон. Би байшинд ороод унтлагын өрөөний шүүгээн дээр байсан хар өнгийн “Самсунг Эс 2” маркийн гар утас, хар өнгийн флаш, мөнгөн ээмэг нэг хос, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, энгийн төмөр ээмэг, бөгж хоёроос гурван ширхэгийг авсан...Дараа нь би том өрөө рүү ороход эл си ди зурагт байхаар нь тэр зурагтыг залгуураас нь салгаад хажууд нь байсан орны улаан өнгийн бүтээлгээр бүтээгээд нөгөө орж ирсэн цонхоороо авч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Боргил нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66, 67-72/-аар тогтоогдож байна.
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1020 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Боргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар ял оногдуулалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Боргилыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Л.Боргилын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирол төлбөрт сайн дураар 20.000 /хорин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Боргилд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, түүний энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 85 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хурцбаатар овогт Лхагваагийн Боргилыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Боргилын эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Боргилын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Л.Боргилд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Боргилд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Боргилд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Боргилд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР