Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0642

 

2020 оны 10 сарын 09-ний өдөр                   Дугаар                              Улаанбаатар хот

     128/ШШ2020/0642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нарыг оролцуулан, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “М” ХХК.

Хариуцагч: Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутаг ******* ******* байрлах 0.5 га газартаа аялал жуулчлалын цогцолбор барихтай холбогдох бүх бичиг баримтыг Барилгын тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар авч, эх зураг батлуулсан. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг авсан.

2019 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ авсны дараа буюу 2019 оны 8 дугаар сард барилгын ажлаа эхэлсэн ч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан албан тушаалтнууд ажлаа түр зогсоох аман шаардлагыг тавьсаар ирсэн.

2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс барилгын газар шорооны ажлаа эхлүүлээд удаагүй байтал 4 дүгээр сарын 8-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.У 09/ тоот мэдэгдлийг манайд ирүүлсэн. Мэдэгдэлд тухайн өөрсдийн хийсэн ажлаа үгүйсгэн “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох үед үндэслэсэн техникийн нөхцөлүүд нь зөрчилтэй байх тул хүчингүй болгох асуудлаар сонсох ажиллагаа хийхээр боллоо, хариу тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүл” гэсний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 16 тоот “Тайлбар гаргах тухай” хариу албан бичгийг манай компаниас хүргүүлсэн. Энэхүү тайлбар бичигтээ бид техникийн нөхцөлүүд тус бүрээр тайлбарлахын сацуу танай байгууллагаас тухайн үед холбогдох баримт бичгүүдтэй нэг бүрчлэн танилцаж үнэлж дүгнээд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийг 28.2-д заасны дагуу баримт бичгийн бүрдэл хангагдсан тул зөрчилгүй гэж үзэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Манайд зөрчил байхгүй гэдгээ амаар болон бичгээр хүргүүлсэн.

2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тус газраас утасдаж “М” компанид өгөх бичгийг “Х” ордны 1301 тоот өрөөнөөс ирж ав гэснээр 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/******* тоот “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай” тушаалыг хүлээн авсан.

Манай компанид олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримтын бүрдэлд заасан техникийн нөхцөл зөрчилтэй гэж байснаа одоо болохоор “баримт бичиг ууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй” гэсэн үндэслэл гарган ирж Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.6.2 дахь хэсэгт “баримт бичиг хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй” гэсэн заалтыг үндэслэн манай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хууль журмын дагуу 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А хандаж бодит байдал болон төрийн хүнд суртлаас болж олон зуун сая төгрөгөөр хохирсоор байгаагаа илэрхийлж, харьяа газрын даргынхаа үндэслэлгүй шийдвэрийг хянаж үзэн манай барилгын ажлын зөвшөөрлийг буцаан сэргээж өгнө үү гэсэн 19 тоот албан бичгийг хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй.

Харин 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хүсэлт гаргах тухай” 20 тоот албан бичгийг хүргүүлсний хариуд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д гарын үсэг бүхий 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 07/2810 тоот дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг 6 сарын 4-ний өдөр хүлээж авсан.

Энэхүү албан бичигт “2019 оны ******* дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн.

Иймд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий  төлөвлөгөөний газраас манай 2019 онд олгосон ******* дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайхаас архитектур төлөвлөлтийн даалгавар авч эскиз зураг батлуулсан. Түүнтэй уялдуулж ажлын зургаа хийлгэсэн. Ажлын зураг нь Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв гэсэн 3 газраар хянагддаг. Үүний дараа бүх техникийн нөхцөлөө авч барилгын гадна зураг хийгдсэн. Эдгээр газруудаар хянагдсаны дараа Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газарт бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар нь бүрдүүлж өгсөн материалуудыг хянасны үндсэн дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гаргаж өгдөг. Бид шаардлагатай гэсэн 10 гаруй бичиг баримт бүрдүүлж өгөөд зөвшөөрлөө аваад ажлаа эхэлсэн. Техникийн нөхцөлийг 1 жилийн хугацаатай олгодог учраас бид тухайн үед маш их зардал гаргаж техникийн нөхцөлтэй холбоотой шугам сүлжээ гээд бүх зүйлийг хийсэн. Одоогоор 472 сая төгрөгийн зардал гаргасан. Гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээн дээр бид захиалагч талаас өөрсдөө бичиг баримтыг хариуцах ёстой учраас биднээс шалтгаалж ажил явагдахгүй ямар нэгэн асуудал гарвал алданги төлөх эрсдэл үүсэж байна.

Харуул хамгаалалтын болон бусад тогтмол зардлууд байнга гарч байна. Улсад газрын татвар гэж 20 гаруй сая төгрөг төлж байна. Техникийн нөхцөлийн хугацаа дуусахад хүчингүй болно гэсэн заалт хуульд ч Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын журамд ч байхгүй. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас техникийн нөхцөлийн хугацаа дууссан учраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон гэсэн тайлбар бичиг л өгсөн. Иймд Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/******* тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны А/253 дугаар тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын ******* ******* аялал жуулчлалын зориулалттай ашиглах газар ашиглах гэрчилгээг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн МЗХ 28/2939 гэсэн дугаартайгаар “М” ХХК-д олгож загвар зургийг нь баталж өгсөн. “М” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай газраас ******* тоот барилгын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байдаг. Гэрчилгээг олгохдоо Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангуулсан. Загвар зураг, техникийн нөхцөл, ажлын зураг хийгдсэн магадлалын дүгнэлт, танилцуулга, тусгай зөвшөөрлүүд, Дархан цаазат газрын байгаль орчны үнэлгээ зэрэг хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж өгөөд тэдгээрийг үндэслэн барилгын зөвшөөрлийн гэрчилгээ гарсан. Энэ зөвшөөрлийн гэрчилгээг хугацааны хувьд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгосон. Манайхаас энэ зөвшөөрлийн гэрчилгээг яагаад түдгэлзүүлсэн бэ? гэхээр техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/******* тушаалаар барилгын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн. Хугацаа сунгах эсэх нь нэхэмжлэгчийн өөрсдийн асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгчээс анх шүүхэд хандан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр “М” ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” хэмээн шаардлагаа найруулгын хувьд өөрчилсөн ба харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөөгүй болно.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Үйл баримтын хувьд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 000******* дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд аялал жуулчлалын цогцолбор зориулалтаар, цутгамал төмөр бетон каркас үндсэн хийцтэй, 6 давхар, 5 блок, ******* зураг төслийн шифр дугаартай барилга байгууламж барихыг нэхэмжлэгч “М” ХХК-д зөвшөөрч, 2022 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хугацаатай олгосон байна.

          Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-198 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар 0.5 га газар олгогдсон, газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээтэй, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн Цогцолборын 1, 2, 3, 4, 5 дугаар барилгын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталсан байна.

Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай” А/******* дугаар тушаалаар “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутаг ******* ******* байрлах 0,5 га талбайд “М” ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын зориулалттай олгосон 2019 оны ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж” шийдвэрлэснээр энэхүү маргаан гарах болж, нэхэмжлэгчийн зүгээс уг тушаалыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “бүх техникийн нөхцөлөө авч, холбогдох газруудаар хянагдсаны дараа бүх бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр хариуцагч захиргааны байгууллагаас материалуудыг хянасны үндсэн дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарч ажлаа эхэлсэн, хууль зөрчөөгүй...” гэж маргасан бол хариуцагчийн зүгээс “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг яагаад түдгэлзүүлсэн бэ? гэхээр техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон байсан, хугацаа сунгах эсэх нь нэхэмжлэгчийн өөрсдийнх нь асуудал” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

          Уг маргаан бүхий тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5: “...Засаг даргын дэргэдэх газар хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1: “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2: “энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна”, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2: “орон нутаг дахь хот байгуулалтын бодлого боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.6.2: “баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага /гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн/-д нийцээгүй” гэх заалтуудыг үндэслэн гарчээ.

          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2- д заасан үндэслэл нь хариуцагч захиргааны байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг зохицуулсан байна. Харин маргааны үйл баримтад илүү хамааралтай Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн зохицуулалт нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох буюу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулах талаар заасан ба 28.2-т барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах бичиг баримтын жагсаалтыг хуульчилсан, үүний нэг нь 28.2.1-д заасан “техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэрийг” хавсаргахаар байна. Энэ утгаараа мөн хуулийн 28.5-д: “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж зөвшөөрөл олгоно” гэж зааснаар дээр дурдсан 000******* дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгч “М” ХХК-д олгосон байсан байна.

          Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2 дугаар зүйлээр барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг нарийвчлан зохицуулсан ба дүрмийн 2.6-д “зөвшөөрөл олгох байгууллага дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоо татгалзаж, энэ тухай захиалагчид бичгээр хүргүүлнэ” гэж заасны нэг үндэслэл нь 2.6.2-д заасан баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй байх явдал байна.

          Маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон Барилгын тухай хуулийн болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн дээрх заалтууд нь барилгын ажлын зөвшөөрлийг анх олгохдоо захиргааны байгууллагаас шалгах ёстой, баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд татгалзах эрхтэй байхаар зохицуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч компанийн баримт бичгийн бүрдлийг шалгаж бүрэн гүйцэд хэмээн үзэж барилгын ажлын зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулсан, захиргааны байгууллагын энэхүү үйл ажиллагаанд итгэж, нэхэмжлэгчээс мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хөрөнгө оруулалт хийсэн байхад үүнийг анхаарахгүйгээр баталгаажуулсан гэрчилгээг түдгэлзүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д: “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д: “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмууд зөрчигдсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн “холбооны техникийн нөхцөлийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр авсан байх ба хугацаа дуусаагүй, цэвэр, бохир усны техникийн нөхцөлийн хувьд *******гийн бүх хотхонууд гүний цэвэр усаар хангагддаг болохоор Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл олгодоггүй, дулааны техникийн нөхцөл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 38/2014 тоот нэгдсэн техникийн нөхцөлийг “******* дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын нэр дээр  олгосон, уг холбооны гишүүн байгууллагуудын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд шугамын тооцоолол хийгдсэн болохоор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь “******* дэд бүтэц холбоо”-ны гишүүн байгууллагуудад тус бүрт нь техникийн нөхцөл олгохгүйгээр шийдвэрлэсэн, цахилгааны техникийн нөхцөлийг 2019 онд авсан” гэх тайлбартай байгааг хариуцагчийн зүгээс тухайлан няцаасан баримт байхгүй, “тухайн үед холбогдох баримт бичгүүдтэй нэг бүрчлэн танилцаж үнэлж дүгнээд зөрчилгүй гэж үзэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх баримт байхгүй байгаа нь хариуцагчаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ямар техникийн нөхцөлүүд зөрчилтэй байсан гэдгийг бодит байдал дээр тогтоогоогүй, маргаан бүхий тушаалын хуульд үндэслэх зарчим хангагдаж гараагүй, зорилгодоо нийцээгүй байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д заасныг захиргаа үндэслэхийн тулд мөн хуулийн 96.1-д: “энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гэж зааснаар тухайлсан гомдол гаргасан байхаар байна, энэ талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаан дээр няцаасан эсхүл дэмжсэн тайлбарыг хариуцагч талаас гаргаж чадахгүй байгааг шүүх үнэллээ. Нөгөө талаас мөн хуулийн 97.1.1-д: “ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол” захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй байхаар хуульчилсныг анхаараагүй байна.

          Шүүх, хариуцагч захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д: “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д: “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж зөвшөөрөл олгоно”, 28.6-д: “энэ хуулийн *******.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, бүрдүүлсэн баримтыг хянаж нэгэнт олгосон барилгын ажлын зөвшөөрлийг хэний гаргасан ямар гомдлын дагуу шийдвэрлэж түдгэлзүүлсэн нь тодорхой бус байдлаар, бодит байдалд болон зорилгодоо нийцээгүй байдлаар гаргасан нь хууль бус байна, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 28.6, ******* дугаар зүйлийн *******.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ түдгэлзүүлэх тухай” А/******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.Б