Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 74

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүгч Г.Баярдаваа, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 15-р хороо Жаргалантын 26-366 тоотод байрлах, “Цэнбаавар” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8-р баг Нанзадын 4 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, М.С

7.936.457 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 3.915.458 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ц.Оюунцэцэг, хариуцагч М.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /зайнаас, цахимаар/, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Цэнбаавар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.С нь “Цэнбаавар” ХХК-ийн захирлын 2016 оны 03-р сарын 01-ний өдрийн №16/06 тоот тушаалаар борлуулалт үйлчилгээний ажилтнаар томилогдон ажиллаж байсан юм. Гэвч М.С нь үндсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй “Цэнбаавар” ХХК-иас гэрээт үйлчлүүлэгч “Скайтел” ХХК-д төлөх ёстой “IPTV” үйлчилгээний нийт төлбөрөөс 2016 оны 05 дугаар сард 14 төгрөг, 06 дугаар сард 1.734.858 төгрөг, 07 дугаар сард 56.819 төгрөг, 08 дугаар сард 580.559 төгрөг, 09 дүгээр сард 1.442.397 төгрөг, 10 дугаар сард 705.840 төгрөг, 11 дүгээр сард 257.193 төгрөг, 12 дугаар сард 1.720.083 төгрөг, нийт 2016 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 6.497.735 төгрөгийг хувьдаа завшсан болно. М.С нь энэ хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 263.422 төгрөг, 07-ны өдөр 221.504 төгрөг, 08-ны өдөр 173.796 төгрөг, 09-ний өдөр 450.000 төгрөг, нийт 1.108.722 төгрөг, 2016 оны 05 дугаар сараас 12 дугаар cap хүртэлх хугацаанд дутаасан төлбөрийн үлдэгдэл 6.497.735 төгрөг дээр нэмээд нийт 7.606.457 төгрөгийн хохирол “Цэнбаавар” ХХК-д учруулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор компанийн удирдлагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол өгч шалгуулах явцад М.С нь хуучин дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, Хан-Уул дүүргийн хяналтын прокурор С.Болорчулуун 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Дугаар 620” тогтоол гаргаж, хуучин дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл 72.1.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Сд холбогдох эрүүгийн 201726030269 тоот хэрэгт мөрдөн байцаалт явагдаж М.С нь компанид 7.606.457 төгрөгийн хохирол учруулсан нь “Сүлд-Аудит” ХХК-иар хийлгэсэн “Аудитын зөвлөмж тайлан” болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчээр хийлгэсэн Шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон юм. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Дугаар 620“ тогтоолын 7-т “Хохирогч П.Энхцэцэг нь байгууллагад учирсан хохирлын талаарх нотлох баримтаа өөрөө бүрдүүлэн М.Солонгын оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэснээр хохирлоо хариуцагч М.Сос нэхэмжлэх үндэслэл нь гарч байгаа юм. Хариуцагч М.Сос “Цэнбаавар” ХХК-д учруулсан хохирол болох 7.606.457 төгрөгийг, “Сүлд-Аудит” ХХК-иар хийлгэсэн “Аудитын зөвлөмж тайлан”-гийн хөлс 240.000 төгрөг, нотариатын зардал 40.000 төгрөг, нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын архиваас баримт хуулбарлаж авсан төлбөр 50.000 төгрөг, нийт 7.936.457 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Жич: Тус иргэний хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг, Өмнөговь аймгаас Улаанбаатар хот хүртэлх замын зардал нэмэгдэх болно гэжээ.           

 

Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд “Цэнбаавар” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6.497.735 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйлчилгээний төлбөр 1.108.722 төгрөгийн дутагдал гарсан ч хэн төлөх нь мөрдөн байцаалтаар тогтоогдоно гэж үзсэн. Хан-Уул дүүргийн 1-р хэлтэст хуучин дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар миний бие сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан ч шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй. Тус компанид ажиллаж байхдаа тухайн компанитай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй төдийгүй намайг ажилд томилсон захирлын тушаал танилцуулаагүй байж мөрдөн байцаалтын шатанд хуурамчаар үйлдэж нөхөж хийсэн байна. Миний бие “Цэнбаавар” ХХК-ийн гэрээт скайтелийн салбарт Б.Пүрэвжал, Х.Цэрэн нарын хамт ажиллаж үйлчилгээний төлбөрийг нэг сэйфинд хадгалж дундаа нэг түлхүүр дамжуулан хариуцдаг байсан. Би өөрийн төлөх ёстой 1.350.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн төлбөрийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч М.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд “ Цэнбаавар” ХХКомпаниас гэрээт үйлчлүүлэгч Скайтел “IPTV” үйлчилгээний төлбөр болох 7.606.457 төгрөгийг М.С надаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний бие Скайтел гэрээт салбар-07д 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дадлага хийж улмаар 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс үйлчилгээний зөвлөх ажилтнаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд долоо хоногийн 2 өдөр өглөөний 09:00 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл, 3 өдөр нь өглөөний 09:00 цагаас оройны 19:00 цаг хүртэл, амралтын нэг өдөр амарч, амралтын нэг өдөр нь өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллаж ирсэн. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 497 цаг, амралтын 60 хоног, баяр ёслолын 5 хоног илүү ажилласан. Хөдөлмөрийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т зааснаар Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2 дахин нэмэгдүүлж олгоно, 53.1-т зааснаар Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж заасан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 120 цаг ажиллах ёстойгоос 158 цаг ажиллаж илүү 38 цаг, амралтын 32 цаг илүү ажиллаж 131.250 төгрөг дутуу авсан.

- 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 160 цаг ажиллах ёстойгоос 210 цаг ажиллаж 50 цаг илүү, амралтын 40 цаг, баяр ёслолын 10 цаг тус тус илүү ажиллаж 339.062 төгрөг дутуу авсан.

- 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 184 цаг ажиллахаас 216 цаг ажиллаж 32 цаг илүү, амралтын 24 цаг илүү ажиллаж 159.782 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 160 цаг ажиллахаас 190 цаг ажиллаж 30 цаг илүү, амралтын 32 цаг илүү ажиллаж 232.500 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 28 хүртэл 124 цаг ажиллах ёстойгоос 126 цаг ажиллаж 2 цаг илүү, амралтын 8 цаг илүү ажиллаж 48.387 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 176 цаг ажиллахаас 222 цаг ажиллаж 46 цаг илүү, амралтын 32 цаг, баяр ёслолын 10 цаг илүү ажиллаж 350.284 төгрөг дутуу авсан

- 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 168 цаг ажиллахаас 210 цаг ажиллаж 42 цаг илүү, амралтын 32 цаг илүү ажиллаж 297.321 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 176 цаг ажиллахаас 178 цаг ажиллаж 2 цаг илүү, амралтын 32 цаг илүү ажиллаж 144.886 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 168 цаг ажиллах ёстойгоос 210 цаг ажиллаж 42 цаг илүү, амралтын 32 цаг илүү ажиллаж 330.357 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 128 цаг ажиллахаас 145 цаг ажиллаж 17 цаг илүү, амралтын 32 цаг, баяр ёслолын 20 цаг илүү ажиллаж 399.023 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 184 цаг ажиллахаас 244 цаг ажиллаж 60 цаг илүү, амралтын 40 цаг илүү ажиллаж 448.369 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 176 цаг ажиллахаас 212 цаг ажиллаж 36 цаг илүү, амралтын 32 цаг илүү ажиллаж 289.772 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 160 цаг ажиллахаас 220 ажиллаж 60 цаг илүү, амралтын 40 цаг, баяр ёслолын 10 цаг илүү ажиллаж 531.250 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 176 цаг ажиллахаас 218 цаг ажиллаж 42 цаг илүү, амралтын 32 цаг илүү ажиллаж 315.340 төгрөг дутуу авсан.

- 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 176 цаг ажиллахаас 218 цаг ажиллаж 42 цаг илүү, амралтын 32 цаг илүү ажиллаж 315.340 төгрөг дутуу авсан. Түүнчлэн 1 жил 3 сарын хугацаанд ажиллахдаа ээлжийн амралт эдлээгүй, үдийн цайны завсарлагаагүй бүх л өдөржин ажилладаг байсан. Ээлжийн цалин 347.560 төгрөг гаргуулах, нийт 3.915.458 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаатар шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд М.С нь ажиллаж байх хугацаандаа өөрийн цалинг бүрэн авч байгууллагын мөнгийг завшиж, 201726030269 тоот эрүүгийн хэрэгт М.С нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар татагдаж, улмаар гэмт хэрэгт татах, хөөн хэлэлцэх хугацаагаар дуусгавар болсноор М.Сд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 620 тоот прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. М.С нь манай байгууллагад ажиллаж байхдаа бариа хийлгэх, орон сууц хөлслөх, байрны мөнгө төлөх, биедээ шивээс хийлгэх, цалингийн зээл авах зэргээр байнгын мөнгөний асуудалтай байсан гэдгийг албан ёсоор тайлбарлаж байна. М.С нь илүү цагийн мөнгийг нэхэмжилсэн нь ямар ч хуулийн үндэслэлгүй бөгөөд ажиллаж байсан цалин хөлсийг бүрэн төлж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-т заасан үндэслэлүүдээр 1 жил 3 сарын ээлжийн амралт эдлээгүй үдийн цайны завсарлагаагүй бүхий л өдөржин ажилладаг гэх 3.915.458 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.С нь манай байгууллагад 2016 оны 03 дугаар сарын 01-нээс ажилд орж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаа орхиж явсан бөгөөд жилийн эцсийн тайлангаар өр төлбөр нь гарч эрүүгийн хэрэгт шалгуулсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэдгийг хуулиар зохицуулсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргаад байгаа сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхад шүүх хүлээн авч байгаа нь хуулийн үндэслэлгүй болно. М.Солонгын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

 

Хариуцагч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс 230.000 төгрөгийг л зөвшөөрч байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл “Цэнбаавар” ХХК-ийн гэрээт салбарт дадлага хийж эхэлсэн. 35 хоногийн дадлага хийсэн. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байхгүй ажилд томилсон захирлын тушаал байхгүй, цагийн хуваарь байхгүй байсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа 7 хоногийн 2 өдөрт нь 9-23 цагийн хооронд, 3 өдөрт нь 09-19 цагийн хооронд, амралтын өдрийн 1 өдөрт нь 10-18 цагийн хооронд ажилладаг байсан. Ажиллаж байхдаа би ганцаараа ажиллахгүй Пүрэвжал гэдэг охинтой хоёулаа ажилладаг байсан. Өвчтэй чөлөөтэй тохиолдолд Яармагийн салбараас, 21 дүгээр хорооллоос хүмүүс ирж ажилладаг байсан. Дундаа нэг сейфтэй байсан. Сейфэн дотроо мөнгөө хадгалдаг. Скаймедиагийн төлбөрийг Пүрэвжал гээд охин өөрөө авч компьютер дээрээ оруулдаг байсан. Би Скайтел ХХК-ийн тайлан мэдээг нөгөө охиноор хийлгүүлэх гэхээр хийхгүй, хийж чадахгүй гээд байдаг байсан. 12 дугаар сарын 30-ны өдөр би гэрлүүгээ явах шаардлагатай байсан учраас 12 дугаар сарын 31-ний өдрийн тайланг Пүрэвжал хийсэн. Манай ээж нийгмийн даатгалаа төлж байх хэрэгтэй. Хэзээ нэг цагт хэрэг болно гэсэн учраас нийгмийн даатгалаа төлүүлэх хүсэлт гаргасан, миний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй учраас би 2016 оны 01 дүгээр сар, 02 дугаар саруудыг өөрөө хувиараа төлсөн. 2016 оны 03 дугаар сараас албан ёсоор байгууллагаар төлүүлье гээд нягтланд нь аваачиж өгөөд байгууллагаар төлүүлж эхэлсэн. Жил гаруйн хугацаанд ажилласан боловч ээлжийн амралт өгөхгүй байсан. Ажлынхантайгаа бөөнөөрөө ярьж байгаад ачаалал ихтэй байна гээд шахуу ажиллаж байна гээд өргөдөл гомдол гаргасан. Үүнээс хойш шахаж шаардаж эхэлсэн. Сугиржав гэдэг охиныг авчирч миний тайланг шалгуулаад, миний тайланг дахиж нэмж өөрчилж хийсэн. Дутаж байгаа мөнгө аудитаар гарсан. Мөрдөн байцаалтын шатанд төлөх үү? үгүй юу гэдэг нь тогтоогдсон. Би энэ мөнгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. 01 дүгээр сарын 12-ны өдөр миний бие өвдөж ажил дээрээ ухаан алдаж унасан. Сугиржав тэнд байсан. Үдээс хойш ажиллах хүнийг томилохын тулд Яармагийн Цэрэн гэдэг охиныг миний оронд ажиллуулахаар болсон. Би бие өвдөөд явахад Сугиржав нь би захиралд хэлчихье, чи 200.000 төгрөг аваад явчих. 7 хоног эмчилгээ хийлгэж байгаад ир гэж хэлсэн. Би хажууд нь 200.000 төгрөг тоолж аваад явсан. Бичлэг дээр ч байгаа. 1.430.000 төгрөгийг өөрөө өгөх мөнгөө төлж барагдуулсан. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэл байхгүй байна гэв.

 

Хариуцагч М.С шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дадлага хийсэн. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа 7 хоногийн 2 өдөр 15 цаг, 3 өдөр нь 19 цаг ажиллаад амралтын 1 өдөр нь 10-18 цаг, баяр ёслолын, нийтээр амрах амралтын өдөр би амардаггүй, 10 цагаар ажилладаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар нийтээр амрах болон баяр ёслолын өдрүүдээр амраагүй бол дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан. Амралтын өдөр ажилласан бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж авна гэсэн хуулийн дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл дадлага хийсэн. Хөдөлмөрийн хуулиар цалингийн хэд хүртэлх хувийг олгох хууль байдаг. Тэр мөнгийг би сөрөг нэхэмжлэлд шаардаагүй. Ээлжийн амралтыг олгож  өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд амралтын 10 хоног байлаа гэхэд би 5 өдөр нь ажилласан гээд бодохоор 5 өдөр би 8 цаг ажилладаг. Амралтын нэг өдөр ажиллахгүй байх ёстой гэсэн хуулийн дагуу бодохоор би 5 өдөр ажилласан гээд 40 цаг илүү ажилласан байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нийт 497 цаг илүү ажилласан. 7 хоногийн амралтын 60 хоног илүү ажилласан. Баяр ёслолын 5 өдөр ажилласан гэж 3.915.458 төгрөг нэхэмжилсэн. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хоног нь 15 хоног байсан. Ажилласан цаг нь 38 цаг илүү ажилласан. Авсан цалин 150.000 төгрөг. Нэг өдрийн дундаж цалин 1.250 төгрөг байсан гээд, нийт илүү ажилласан 38 цаг, амралтынх нь өдөр 32 цаг байсан. 131.208 төгрөг гээд нэхэмжилсэн бүх сараар нэг бүрчлэн гаргасан байгаа. Энэ хүн 1 жил 3 сар ажилласан. 347.560 төгрөгийн ээлжийн амралт авах байсан. Үндсэн цалин 350.000 төгрөг. Ингэж нэмэгдэж орж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53, 74, 76, 79 дүгээр зүйлд заасныг зөрчсөн асуудал байгаа. 102 дугаар зүйлийг зөрчсөн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалинг олгож өгнө үү. 1 жил боллоо гэж гаргасан өргөдөл байдаг. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариу өгөхгүй байхаар нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн байцаагчид өргөдөл гаргасан байдаг. Энэ хүн 3 сарын дотор өргөдөл гомдлоо гаргасан байгаа. Хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь харагдаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагагыг хангаж өгнө үү гэж хүсч байна. Хүмүүсийг ажилд авсан гэсэн боловч хөдөлмөрийн гэрээ байхгүй, борлуулалт хариуцсан хүмүүст эд хөрөнгийг бүрэн хариуцах гэрээ байхгүй. Байгууллага нь Хөдөлмөрийн дотоод журам байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд зааснаар заавал байх ёстой. Борлуулалтын менежер ямар ажил үүргийн хувиартай байх болон, ямар хариуцлага хүлээлгэх талаар байхгүй. Эд хөрөнгийнхөө хадгалалт хамгаалалтанд анхаарал тавьдаггүй. 3, 4 хүн ганц сейфтэй 1 түлхүүртэй, тэр дотор мөнгийг хэн дуртай нь авдаг. Жишээ нь Пүрэвжал гэдэг хүн аваад гутал авчих жишээтэй. Энэ нь сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт байгаа. Ухаан алдаад унангуут нь Сугиржав гэдэг хүн 200.000 төгрөг наанаасаа аваад яв гэж хэлдэг. Өмнөговь аймагт байж байгаад мөнгөгүй болчихлоо гээд хэлэхээр нь шилжүүлдэг. Бүгдээрээ гарах болохоор тэр мөнгөнөөсөө аваад ашиглачихдаг, авсан мөнгөө буцааж хийсэн үгүй нь мэдэгдэхгүй. Өнөөдөр хэдэн төгрөг хүлээж аваад хэдэн төгрөг буцааж өгсөн талаар ямар ч баримт хөтлөгдөөгүй байгаа болохоор нь гэмт хэрэг гарах болсон. Зөвхөн миний үйлчлүүлэгч авсан, дутаасан гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ? Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадахгүй байгаа. Аудитын дүгнэлтээр сард хэдэн төгрөг дутсан гэдэг нь гараад байгаа боловч үүнийг хэн идэж уусан юм бэ? гэдэг нь нотлогдсон зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийт 1.430.000 төгрөгийг төлж барагдуулсан. “Скайтел” ХХК, “Цэнбаавар” ХХК нар нь хамтран ажиллах гэрээ хэрэгт авагдаагүй. Тиймээс хохирч буй этгээд нь “Цэнбаавар” ХХК биш. “Цэнбаавар” ХХК, “Скайтел” ХХК-ийн скаймедиагийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй субъект мөн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгч мөн юм гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, “Цэнбаавар” ХХК-ийн 9011102123 бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2998 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-6-7, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл /хх-8/, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл /хх-9/, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай тогтоолын хуулбар /хх-10/, “Цэнбаавар” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/06 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн урьд сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын хуулбар /хх-12-13/, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай тогтоолын хуулбар /хх-14/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 620 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-15-16/, М.Солонгын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17-20/, М.Солонгын 1055482 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-21-22/, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-23-25/, М.Солонгын “Цэнбаавар” ХХК-ийн захиралд гаргасан хүсэлтийн хуулбар /хх-26/, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/008592 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-27/, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сүлд-Аудит” ХХК-ийн аудитын зөвлөмж тайлбан /хх-30-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-39-43/, эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /хх-4445/, фото зургийн үзүүлэлтүүд /хх-48/, мөнгөний тасалбарууд /хх-49/, “Сүлд аудит” ХХК-ийн кассын орлогын ордер /хх-50/, “Цэнбаавар” ХХК-ийн дүрэмийн хуулбар /хх-52/, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШЗ2017/01271 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-53-54/, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хариу тайлбар /хх-63/, “Цэнбаавар” ХХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт /хх-83/, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-96/, сөрөг нэхэмжлэл /хх-97-99/, М.Солонгын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан өргөдөлийн хуулбар /хх-100-103/, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-16/81 дугаартай албан бичгийн хуулбар /хх-104/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-105/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2/2160 дугаартай албан бичиг /хх-113/, 2017 оны 03 дугаар сраын 10-ны өдрийн М.Солонгыг сэжигтнээр байцаасан тэмгдэглэлийн хуулбарууд /хх-114-122/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдринй 318 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-123-125/, хохирлын мөнгө хураан авах тухай тэмдэглэлийн хуулбар /хх-126-127/, Скайтел ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны  өдрийн 06/1557 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-128/, “Цэнбаавар” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хариу тайлбар /хх-146/ зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Цэнбаавар ХХК нь М.Сд холбогдуулж гэм хорын хохирол 7.936.457 төгрөг гаргуулах тухай  үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч М.С нь Цэнбаавар ХХК-д холбогдуулж 3.915.458 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Цэнбаавар ХХК-ийн төлөөлөгч Х.Батбаатар нь “... М.С нь компанид 7.606.457 төгрөгийн хохирол учруулсан нь “Сүлд-Аудит” ХХК-иар хийлгэсэн “Аудитын зөвлөмж тайлан” болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчээр хийлгэсэн Шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон...“ хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,

Хариуцагч М.С нь “...Миний бие “Цэнбаавар” ХХК-ийн гэрээт скайтелийн салбарт Б.Пүрэвжал, Х.Цэрэн нарын хамт ажиллаж үйлчилгээний төлбөрийг нэг сэйфинд хадгалж дундаа нэг түлхүүр дамжуулан хариуцдаг байсан. Би өөрийн төлөх ёстой 1.350.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн төлбөрийг би төлөх үндэслэлгүй...”  хэмээн маргана.

 

Хариуцагч М.С нь Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн урд байрлах Скайтел ХХК-ийн гэрээт борлуулагч Цэнбаавар ХХК-ийн 7 дугаар салбарын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа дутагдал учруулсан  үйл баримт хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 620 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Сүлд-Аудит ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Аудитын зөвлөмжийн тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  

Дээрхи баримтуудаар нэхэмжлэгч Цэнбаавар ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6.497.735 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 1.108.722 төгрөгийг Скайтел ХХК-д төлөх үндэслэлтэй ба 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... үйлчилгээний ажилтан М.С хариуцах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч М.С нь “...Тус компанид ажиллаж байхдаа тухайн компанитай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй төдийгүй намайг ажилд томилсон захирлын тушаал танилцуулаагүй байж мөрдөн байцаалтын шатанд хуурамчаар үйлдэж нөхөж хийсэн байна. Миний бие “Цэнбаавар” ХХК-ийн гэрээт скайтелийн салбарт Б.Пүрэвжал, Х.Цэрэн нарын хамт ажиллаж үйлчилгээний төлбөрийг нэг сэйфинд хадгалж дундаа нэг түлхүүр дамжуулан хариуцдаг байсан...” хэмээн маргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн дүрс бичлэгээс үзэхэд хариуцагч М.Сос гадна өөр этгээдүүд орлого хадгалах зориулалт бүхий сав /сейф/-ыг ашигладаг байсан нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “ Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 7.936.457 төгрөгөөс хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн 230.000 төгрөгийг хасч үлдэх 7.706.457 төгрөгийг тал хувиар бууруулан, үүнээс хариуцагч М.С нь Б.Пүрэвжал гэх хүнтэй хамт ажилладаг гэснийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул дахин тал хувиар багасгаж 1.926.609 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Цэнбаавар ХХК нь М.Солонгыг ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн нь хариуцагч М.Солонгын тайлбар, хх-26 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн ажил олгогчоос ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулдаг эсэх, хариуцагч М.С нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хариуцлага хүлээх үүрэгтэй болох нь, мөн ажлын байранд өөр этгээдүүд хамт ажилладаг байсан нь тогтоогдож байхад М.С  ажил олгогчид учирсан хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч М.Солонгын 3.915.458 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч М.С нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “1 жил 3 сарын хугацаанд ажиллахдаа ээлжийн амралт эдлээгүй, үдийн цайны завсарлагаагүй бүх л өдөржин ажилладаг байсан. Ээлжийн цалин 347.560 төгрөг гаргуулах, нийт 3.915.458 төгрөгийг нэхэмжилж байна” тайлбарлаж,

Хариуцагч Цэнбаавар ХХК-ийн төлөөлөгч Х.Батбаатар нь “...М.С нь илүү цагийн мөнгийг нэхэмжилсэн нь ямар ч хуулийн үндэслэлгүй бөгөөд ажиллаж байсан цалин хөлсийг бүрэн төлж ирсэн...” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч М.С нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ зөрчигдсөнийг мэдэж 2017 оны 03 дугаар сард сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан нь талуудын тайлбараар нотлогдож байх ба шүүхэд дээрхи үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “ Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.1-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ба хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн нь тогтоогдохгүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан “Цэнбаавар” ХХК-ийн 9011102123 бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2998 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-6-7/, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл /хх-8/, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай тогтоолын хуулбар /хх-10/, “Цэнбаавар” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/06 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн урьд сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын хуулбар /хх-12-13/, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай тогтоолын хуулбар /хх-14/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 620 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-15-16/, М.Солонгын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-17-20/, М.Солонгын 1055482 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-21-22/, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-23-25/, М.Солонгын “Цэнбаавар” ХХК-ийн захиралд гаргасан хүсэлтийн хуулбар /хх-26/, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/008592 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-27/, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сүлд-Аудит” ХХК-ийн аудитын зөвлөмж тайлбан /хх-30-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-39-43/, эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /хх-4445/, фото зургийн үзүүлэлтүүд /хх-48/, мөнгөний тасалбарууд /хх-49/, “Сүлд аудит” ХХК-ийн кассын орлогын ордер /хх-50/, “Цэнбаавар” ХХК-ийн дүрэмийн хуулбар /хх-52/, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШЗ2017/01271 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-53-54/,  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-96/, 2017 оны 03 дугаар сраын 10-ны өдрийн М.Солонгыг сэжигтнээр байцаасан тэмгдэглэлийн хуулбарууд /хх-114-122/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдринй 318 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-123-125/, хохирлын мөнгө хураан авах тухай тэмдэглэлийн хуулбар /хх-126-127/, Скайтел ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны  өдрийн 06/1557 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-128/ зэрэг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан, хэрэгт хамааралтай,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн дүрс бичлэг / CD 2ширхэг/ зэрэг нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл /хх-9/, М.Солонгын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан өргөдөлийн хуулбар /хх-100-103/, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-16/81 дугаартай албан бичгийн хуулбар /хх-104/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2/2160 дугаартай албан бичиг /хх-113/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг бүхэлд нь  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг бүхэлд нь орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаатар, өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэг зааснаар хариуцагч М.Сос 1.926.609 /нэг сая есөн зуун хорин зургаан мянга зургаан зуун ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цэнбаавар” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5.779.827 /таван сая долоон зуун далан есөн мянга найман зуун хорин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. М.Солонгын 3.915.458 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Цэнбаавар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141.933 /нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сос 45.775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цэнбаавар” ХХК-д олгож, хариуцагч М.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.597 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.УРАНЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                     Л.УГТАХБАЯР

 

                                                                                                    Г.БАЯРДАВАА