Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч Г.Баасансүрэн, түүний өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч Д.Бямбасүрэн түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төгөс овогт Дашзэвэгийн Бямбасүрэн, Хөн хөгшин овогт Гаваадондовын Баасансүрэн нарт холбогдох 1926001600113 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3-т зааснаар мөн хуулийн 214-р зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Хан хөгшин овогт Гаваадондовын Баасансүрэн, регистрийн дугаар:ЙЮ78110317,

 

Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Төгөс овогт Дашзэвэгийн Бямбасүрэн, регистрийн дугаар:УС86092712,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...Гаваадондовын Баасансүрэн нь Д.Бямбасүрэнтэй бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 7-6 тоотод байх Л.Ганзоригийн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд нь нэвтрэн орж, 32 инчийн телевизор болон нокиа маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 255.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Дашзэвэгийн Бямбасүрэн нь Г.Баасансүрэнтэй бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 7-6 тоотод байх Л.Ганзоригийн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд нь нэвтрэн орж, 32 инчийн телевизор болон нокиа маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 255.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч Г.Баасансүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Бямбасүрэн бид хоёр архи ууж байгаад Л.Ганзоригийнд очиход гэр нь эзгүй байсан. Тэгээд Цонхоор нь ороод телевизор, удирдлага, нэг ширхэг nokia гар утас аваад Болдоо гэж залууд 20.000 төгрөгөөр өгч 10.000, 10.000 төгрөгөөр хувааж аваад салсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв

 

Хохирогч Л.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө эрт Улаанбаатар хотоос Арвайхээр суманд ирээд Арвайхээр сумын 8 дугаар  баг 07-06 тоотод байх гэртээ өглөө 9 цагийн орчимд орж ирчихээд буцаж гарч яваад гадуур ажилтай явж байгаад буцаад 12 цаг өнгөрч байхад гэртээ орж иртэл манай гэрт хулгай ороод телевизор хулгайлсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг гэртээ орох гэтэл манай байшингийн цоож хагас эргээд онгойсон байсан.  Би  гайхаад гэртээ ортол телевизор, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Миний алдагдсан телевизор 32 инчийнх байсан 490.000 төгрөгөөр худалдаж авч байсан”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

  Гэрч Л.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг захын зүүн хаалган дээр таксинд зогсож байхад Г.Баасансүрэн нэг хүнтэй хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт удирдлагын хамт авч ирсэн. Эрүүлжүүлэхэд орчихсон чинь мөнгө байдаггүй гэрээс гэрээс аваад ирлээ зарчихмаар байна гээд  байхаар нь 20.000 төгрөгөөр түр авсан. Эргээд зурагтаа авч магадгүй шүү гэж Г.Баасансүрэн хэлсэн. Маргааш нь цагдаагаас дуудаад аваад ир гээд зурагтаа хураалгасан. 20.000 төгрөгөө нэхэмжлэхгүй”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49 дугаар хуудас/,

 

 Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04//03 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 54-56 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-30 дугаар хуудас/,   

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт /1-р хх-119/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-157 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/,

 

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаартай тодорхойлолт /хх-130/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-159 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-131-132/ зэрэг болно.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нарыг бүлэглэн бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн зүгээс тухайн телевизорыг биет байдлаар хүлээн авсан. Nokia гар утсыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Л.Батболд гэх хүнд тухайн телевизорыг 20.000 төгрөгөөр зарсан байдаг. Л.Батболдын зүгээс тухайн 20000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Г.Баасансүрэн, Д.Бямбасүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй  байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн өмгөөлөгч П.Дониддолгор: “Шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг мөн байна гэж үзэж байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Шүүгдэгч нар телевизорыг биет байдлаар нь буцааж өгсөн бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Л.Лхааганжав: “Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Баасансүрэн Д.Бямбасүрэн нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 7-6 тоотод байх Л.Ганзоригийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нь нэвтрэн орж, 32 инчийн телевизор, Нокиа маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 255.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч Л.Ганзоригийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө эрт Улаанбаатар хотоос Арвайхээр суманд ирээд Арвайхээр сумын 8 дугаар  баг 07-06 тоотод байх гэртээ өглөө 9 цагийн орчимд орж ирчихээд буцаж гарч яваад гадуур ажилтай явж байгаад буцаад 12 цаг өнгөрч байхад гэртээ орж иртэл манай гэрт хулгай ороод телевизор хулгайлсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг гэртээ орох гэтэл манай байшингийн цоож хагас эргээд онгойсон байсан.  Би  гайхаад гэртээ ортол телевизор, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,                  гэрч Л.Батболдын “...Намайг захын зүүн хаалган дээр таксинд зогсож байхад Г.Баасансүрэн нэг хүнтэй хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт удирдлагын хамт авч ирсэн. Эрүүлжүүлэхэд орчихсон чинь мөнгө байдаггүй гэрээс гэрээс аваад ирлээ зарчихмаар байна гээд  байхаар нь 20.000 төгрөгөөр түр авсан. Эргээд зурагтаа авч магадгүй шүү гэж Г.Баасансүрэн хэлсэн. Маргааш нь цагдаагаас дуудаад аваад ир гээд зурагтаа хураалгасан. 20.000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-р хуудас/, ЛЭНДС ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04/03 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 54-56-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04/03 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 7-6 тоотод байх Л.Ганзоригийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нь нэвтрэн орж, 32 инчийн телевизор, Нокиа маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 255.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Л.Ганзоригт эд зүйлийг нь буцаан өгсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Л.Ганзоригийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ганзориг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна.

           

Улсын яллагч: “...Шүүгдэгч Баасансүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч  Г.Баасансүрэн, Д.Бямбасүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн өмгөөлөгч П.Дониддолгор: “...Шүүгдэгч Г.Баасансүрэнг Д.Бямбасүрэнтэй бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хүртэл хугацаагаар хорих ялтай учраас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналыг гаргаж байна. Г.Баасансүрэн нь урьд өмнө Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Л.Лхааганжав: “...Шүүгдэгч Д.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. ...Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн. Энэ нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулсан байдаг. Иймд шүүгдэгч Бямбасүрэнд 1 жилийн хорих ял оногдуулж түүнд оногдуулах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хөн хөгшин овогт Гаваадондовын Баасансүрэнд 1  /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Төгөс овогт Дашзэвэгийн Бямбасүрэнд 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

Мөн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнг  1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бямбасүрэнд мэдэгдэж, 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж хуульчилан заажээ. 

 

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай монгол улсын хуульд хамрагдаж “эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 18 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж” байсан болох нь Өршөөл үзүүлэх тухай комиссын 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаартай тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Баасансүрэнг  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар тус хуульд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Баасансүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Бямбасүрэн, Г.Баасансүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ганзориг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баасансүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Д.Бямбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бямбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Баасансүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

            1. Шүүгдэгч Хөн хөгшин овогт Гаваадондовын Баасансүрэн, шүүгдэгч Төгөс овогт Дашзэвэгийн Бямбасүрэн нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хөн хөгшин овогт Гаваадондовын Баасансүрэнг 1  /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Төгөс овогт Дашзэвэгийн Бямбасүрэнг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

4. Шүүгдэгч Д.Бямбасүрэнг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасансүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 8. Шүүгдэгч Г.Баасансүрэн, Д.Бямбасүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ганзориг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баасансүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Д.Бямбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бямбасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Баасансүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.