Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч С.Энхтуяа,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч А.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Баярцэнгэлд холбогдох 2026000430017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 11-ний өдөр улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Залаа овогт Адилбишийн Баярцэнгэл, регистрийн дугаар:ЙД87031118,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч А.Баярцэнгэл нь бусадтай бүлэглэн иргэн С.Энхтуяагийн алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан өөрийн хамтран амьдрагч А.Буянжаргалтай урьдчилан тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр нийт 4.050.000 /дөрвөн сая тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Баярцэнгэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ломбарданд 4.050.000 төгрөгний юм тавьсан нь үнэн. А.Буянжаргал нь 4.050.000 төгрөгийн эд зүйлийг надаар ломбарданд тавиулахдаа “би цалингаа аваагүй байгаа. Цалингаа авахаараа буцаагаад авна. Чи зүгээр тавиад өгчих гэж хэлсэн” Би бусад зүйлд нь оролцоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр хүмүүсийн 4.050.000 төгрөгний хохирлыг барагдуулна. ” гэв.

 

Хохирогч С.Энхтуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А.Баярцэнгэлээс нийт 64.306.760 төгрөгийн 50 хувь болох 32.153.380 төгрөгийг нэхэмжилж байгаа. Намайг бизнесийн асар их алдагдалд оруулж бие болон сэтгэл санааны хохирол учруулсан учраас үүнийг давхар нэхэмжилж байна. Талийгаач Буянжаргал нь 2018 оноос хойш надтай хамтран ажиллахдаа миний тооцоолсноос амьдрал ахуйдаа хангалттай хүрэлцэх хэмжээний орлого олдог байсан. Гэвч А.Баярцэнгэл нь Буянжаргалтай хамтран амьдрах хугацаандаа тавьсан өр зээл, банкны төлбөр ахуй хэрэглээндээ миний болон манай гэр бүлийн эцэг эхийн зүтгэж олсон хөрөнгийг минь хайрлан хамгаалж үзээгүй. Олон үйлдлийн давтамжтайгаар захиран зарцуулж үрсэнд нь гомдож байна. Эртнээс үгсэн тохиролцож намайг ашиглахын тулд надтай хамтарч ажилласан гэж үзэж байна. Яагаад гэвэл ломбардны бичгийн дунд манайд ажиллахаасаа өмнө өөрийн эд хөрөнгө буюу гэрийнхээ мөнгөн аяга, мөнгөн бугуйвч тавьсан байсан. Өр зээлтэй байхдаа манай лангуун дээр сууж эхэлсэн. Эдгээр нь ажилд орохоосоо өмнө дэлгүүрийн өр банкны зээлтэй байсан.  Буянжаргалын мэдүүлэгт энүүгээр би дэлгүүрийнхээ өрийг дарсан гэж мэдүүлсэн  байдаг. Ажилд ороод удаагүй байхдаа 2018 онд анх ломбарданд анх нэг хоёроор монетан ээмэг тавьж эхэлсэн. Тоолоход дутдаггүй байсан нь ломбарднаас буцааж аваад тоолуулаад өгчихдөг байсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Түшиг төвд байрлах “Орхон тайж” ломбарданд монетан ээмэг тавьсан бичгээр харагдаж байгаа. Дөнгөж ажилд ороод алт, монетан ээмэг тавьж эхэлсэн нь урьд өрөө дарах шунахайн сэдэлттэй байсныг гэрчилж байна. Ажилд ороод удаагүй байхдаа сарын тооллого болоод цалин өгөх гэсэн чинь ломбардны бичигтэй мөнгөн аяганууд гэрээсээ авч ирсэн гэдгийг  гэрч Дашням, Тунгалаг нарын мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Иймээс миний хохирлыг А.Баярцэнгэл, Буянжаргал хоёр төлөх боломжтой. Тухайн үед А.Баярцэнгэл, Буянжаргал нар хамтран амьдраад тэр хугацаандаа тавьсан өр зээлээ төлж байсан байна. Банкинд хүртэл хамтран хариуцагч байдаг нэг гэрт ороод хоёулаа адилхан хоол унд идэж бие биенийхээ зовлонг хуваалцаж зээлээ хамтарч төлж байсан байж одоо үхсэн хүн рүү буруугаа чихэж байх нь муухай. А.Баярцэнгэлийн мэдүүлэгт бид хоёр харилцан ярилцаж байгаад ломбарданд тавьдаг байсан гэж хэлдэг. А.Баярцэнгэл Өмнөговьд байж байгаад ирэхээр нь их хэмжээний эд зүйл ломбарданд тавьдаг байсан. Нэг удаа 11 сард 29 ширхэг монет 76.7 грамм ээмгийг зөвхөн нэг удаагийн ирэлтээр тавьсан байгаа. Буянжаргалын мэдүүлэгт бид хоёр харилцан ярилцаад ломбарданд тавьсан гэдэг. Байхгүй байж байгаад ирээд их хэмжээний зүйл ломбарданд тавьдаг байсан нь их хэмжээний хэрэгцээ гарсан болоод ломбарданд эд зүйл тавьдаг байсан байх. Иймээс би А.Баярцэнгэлийг миний хөрөнгийг завшиж энэ гэмт хэргийг удаан хугацаанд нуун дарагдуулсан. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан,  эзэмшсэн түүний хууль бус эх үүсвэрийг нуун дарагдуулсан гэдэгт буруутай гэж үзэж байна. Хэн нэгнийг бие сэтгэл эд хөрөнгөөр нь хохироочихоод нэг нь амиа хорлож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд худал мэдүүлэг өгч бусдыг буруутгаж байгаа үйлдэл шударга ёс мөн үү. Энэ хэргийг зөв шударгаар шийдэж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнө нь ажиллаж байсан худалдагч Дашнямыг дуудаж тооллого хийсэн. Талийгаач Буянжаргалыг дуудаж хамт тоолж байсан ба А.Буянжаргал нь алга болж улмаар нас барсан болохоор өөрийг нь байх үед байсан бараагаа тоолж дуусгасан. Жижиг бараагаа тулгаж амжаагүй өөртэй  нь хамт байх үед тоолж тулгаж өөрийнх нь алга болгосон эд зүйлийг тооцоход 51.000.000 төгрөгний бараа материал алга болсон байна. Одоогоор 51.514.425 төгрөгний бараа дутаж байна, эдгээрийг бүгдийг Буянжаргалд хүлээлгэж өгсөн байгаа. Монетон ээмэг 131.79 грамм 45 ширхэг, зарах үнэ 15.813.600 төгрөгний үнэтэй, монетон гинж 10 ширхэг 37.35 гр 4.482.000 төгрөгний үнэтэй, монетон кулон 2 ш 6.4 гр 768000төгрөг, монетон бөгж 19 ширхэг 63.34 гр 7.600.800 төгрөг, алтан ээмэг 4 ширхэг 14.48 грм 2.534.000 төгрөгний, алтан бөгж 5 ширхэг 15.75 гр 2.756.250 төгрөг, алтан гинж 2 ширхэг 14.71 гр 2.574.250 төгрөг, мөнгөн сүлжмэл бүс 2 ширхэг 723.2 гр 3.471.360 төгрөг, мөнгөн цөгц 1 ширхэг 200.000 төгрөг, мөнгөн аяга 8 төрлийн 41 ширхэг аяга 4.810.000 төгрөг, эмэгтэй мөнгөн товч 3 багц 21 ширхэг 45.9 гр 252.450 төгрөг, эрэгтэй мөнгөн товч 2 багц 10 ширхэг 55.6 гр 305.800 төгрөг, мөнгөн бугуйвч 5 төрөл 460.000 төгрөг, мөнгөн хослол 18 ширхэг 178.7 гр 868.500 төгрөг, зэсэн домбо 1 ширхэг жижиг 250.000 төгрөг, мөнгөн бөгж, ээмэг, бөгж, бугуйвч, таргерцэн бугуйвч, хүзүүний зүүлт 154.56 гр 772.800 төгрөгний нийтдээ, мөнгөн энгэрийн зүү 2 ширхэг 360.000 төгрөг, цагаан зэсэн аяга 3 ширхэг 75.000 төгрөг, зэсэн бугуйвч 7 ширхэг 360.000 үнэтэй, мөнгөлсөн лааны суурь 1 ширхэг 70.000 төгрөг эдгээрийг би тоолж одоогоор алдсан бараагаа тооцож байна. А.Буянжаргалд 2019 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингийн урьдчилгаа 1.430.115 төгрөг, өөрийнх нь бусдад тавьсан 1.624.500 төгрөг байсныг би өөрөөсөө өгсөн юм. Эдгээр бүх мөнгөн дүнг нэмээд бодохоор 51.514.425 төгрөгний хохирол гарсан би Дашням, Буянжаргал худалдагч хоёртой хамт бодож гаргасан мөнгөн дүн. Жижиг бараа зөндөө дутаж байгаа тэрийгээ тоолж тулгаж амжаагүй байна. А.Буянжаргал одоо нас барсан болохоор жижиг бараагаа  тоолоход хүндрэлтэй байна. Миний Буянжаргалд хүлээлгэж өгсөн бараанаас дутсан бараа нь эдгээр, тиймээс Буянжаргалаас уг барааг болон мөнгөн дүнг нэхэмжилж байгаа юм. Хүний эд хөрөнгийг А.Буянжаргал хариуцаж авсан байж зөвшөөрөлгүй зарж борлуулсан ломбарданд тавьсан. Мөн ломбарданд тавьсан байж байж хүний хөрөнгийг хайрлаж хамгаалахгүй ломбардаа сунгуулаагүй дахин давтан энэ маягаар миний барааг дутаагаад бай байсан байна. Мөн бусад олон хүүхдийнхээ хадгаламжинд мөнгө хийсэн байна гэж бодож байна. Үүнд маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-51 дүгээр хуудас/, 

 

Гэрч Б.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2009 оноос хойш Арвайхээр сумын 5 дугаар багийн Хүнс бараан зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Болор” худалдааны төв дотор ломбард ажиллуулдаг одоогоор өөр үйл ажиллагаа  явуулж байна. А.Буянжаргал, А.Баярцэнгэл, Б.Гэрэлсүрэн, Э.Лхагвасүрэн нарыг  танихгүй, сүүлд нэг охин орж ирээд Б.Гэрэлсүрэн, Э.Лхагвасүрэн нарын нэр дээр тавигдсан эд зүйлийг битгий зараарай гээд хэлээд яваад байгаа 3-4 удаа орж ирсэн. А.Буянжаргал нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр монетон гинж 1 ширхэг З гр-тэй 110.000 төгрөгөнд тавиад сунгуулаагүй орхисон учраас 2019 оны 12 сарын 20-ны үед зарагдсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр монетон бөгж 2 ширхгийг 370.000 төгрөгөнд тавиад сунгалт хийгээд явж байна, одоо манайд байгаа. А.Баярцэнгэл нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.3 гр-тай монетон 13 хос ээмгийг 1.760.000 төгрөгөнд тавиад нэг удаа сунгалт хийсэн. Одоо эд зүйл нь байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 19-нд 4.5 гр-тай монетон бөгж 1 ширхгийг 240.000 төгрөгөнд тавиад сунгалт хийлгэсэн одоо байгаа. Б.Гэрэлсүрэн 2019 оны 08 дугаар сарын 28-нд монетон ээмэг 1 ширхэг, бөгж 1 ширхэг 8.7 грамтайг 450.000 тавиад орхисон сунгалт хийгээгүй, одоо манайд байгаа. Э.Лхагвасүрэн 2019 оны 07 дугаар сарын 01-нд эмэгтэй сүлжмэл мөнгөн бүс 1 ширхгийг 330.000 төгрөгний барьцаанд тавиад орхисон, сунгалт хийгдээгүй, зарагдаагүй одоо манайд байгаа. Манайх камерын бичлэгтэй. Бүгд иргэний үнэмлэхтэйгээ ирж тулгаж эд зүйлээ ломбарданд тавьсан, эх хувь падан нь байгаа учраас бүртгэл хөтөлдөггүй. Би хугацаа хэтэрсэн бичгээ ялгаад утасддаг энэ хүмүүсийн нэр дахиж гараагүй болохоор эд зүйл манай ломбарданд тавиагүй гэж бодож байна. Буцааж авсан эд зүйл байхгүй.  Манай ломбард хууль ёсны дагуу үйлчилсэн учраас хохирлоо барагдуулж байж эд зүйлийг хүлээлгэн өгмөөр байна, өөр хүсэлт байхгүй эд зүйлийг битүүмжилж зарж үрэхгүй хадгалж байна. 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 2 ширхэг мөнгөн аяга А.Баярцэнгэл гэх хүний нэр дээр 150.000 төгрөгөөр тавигдаад 60.000 төгрөгөөр нэг удаа сунгалт хийгдсэн. Үүнийг мөн нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/, 

 

Иргэний нэхэмжлэгч Б.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Болор” төвийн 1 давхарт хувиараа алт, мөнгө, монетон эдлэлийн ломбард ажиллуулдаг, аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулдаг, уг ломбардыг 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна, уг ломбард нь “Өв арвин ундарга” нэртэй ,манай нөхөр Ганболдын нэр дээр үйл ажиллагаа явуулдаг, иргэний нэхэмжлэгчээр би оролцоно. Би Түшигт суудаг гэдгийг нь мэдэхгүй зүс харвал танина, тухайн үедээ юу гэж хэлж ломбарданд эд зүйл тавсаныг би мэдэхгүй, манайх иргэний үнэмлэхтэйгээ ирж үйлчлүүлж байгаа тохиолдолд бүртгээд авдаг. Тавьж байгаа зүйлүүд нь хулхи биш бол авдаг. Ломбардын бичгийн эх хувь нь бүгд байгаа, А.Буянжаргалын 2019 оны, 04 дүгээр сарын 19-ний өдөр тавьсан монетон гинж хугацаа нь дуусаад зарагдсан. Бусад зүйлүүд нь манай ломбарданд бүгд байгаа. Үндсэн мөнгө болох 3.300.000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/, 

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Тэнгис” төвийн 2 давхарт хувиараа алт, мөнгө, монетон эдлэлийн ломбард ажиллуулдаг, аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулдаг, уг ломбардыг 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна, уг ломбардыг “ Буянт дов” гэж манай нөхөр Д.Батхуягийн нэр дээр байдаг ажиллуулдаг, иргэний нэхэмжлэгчээр би оролцоно. Би Түшигт суудаг гэдгийг нь мэдэхгүй , тухайн үедээ би алт мөнгөн эдлэл авдаг аймгийн төвд авдаггүй өөр газар авдаг гэж ярьж байсан санагдаж байна. манайх иргэний үнэмлэхтэйгээ ирж үйлчлүүлж байгаа тохиолдолд бүртгээд авдаг. Ломбардын бичгийн эх хувь нь байгаа, эхлээд монетон 10 ширхэг 26,8 гр ээмэг, дараа нь монетон бөгж 4,1 гр-тай тавьсан байна. Манайд тавьсан ээмэг бөгж нь бүгд одоо байгаа. 10 ширхэг ээмэг, 1 ширхэг бөгж нийлээд 1.400.000 болсон энэ мөнгөө одоо бодогдож байгаа хүүгийн хамт нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/, 

 

Гэрч П.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хангамж” худалдааны төвийн 1 давхарт байрлах манай ломбарданд А.Баярцэнгэл нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10.1 гр монетон ээмэг 500.000 төгрөгийн үнэлгээтэйгээр зээлж авсан энэ эд зүйл одоо манай барьцаалан зээлдүүлэх газарт байгаа. Мөн Орхон тайжийн салбар “Түшиг” худалдааны төвийн ломбарданд 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр А.Буянжаргал нь монетон ээмэг нэг ширхгийг 300.000 төгрөгөнд тавьсан байна. Нийт манай барьцаалан зээлдүүлэх газраар хоёр удаа үйлчлүүлсэн байна. Дээр дурдсан нэр бүхий хүмүүс нь манай барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлнэ гээд өөрийн бичиг баримттай байсан. Мөн бүртгэл нь байгаа. Манай барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан эд зүйлээ буцааж авч байгаагүй. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тавьсан монетон ээмгийг нэг удаа сунгасан байсан. Зарж болохгүй гэдгийг ойлгосон. Би ломбарданд гарсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/, 

 

Гэрч Б.Хүдэрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Адилбишийн Баярцэнгэлийг танина. А.Буянжаргалыг бол танихгүй харж байгаагүй. А.Баярцэнгэл 2018-2020 онд /сайн санахгүй байна/ Зэвсэгт хүчний 167 ангид автын нярваар шилжиж ирсэн, Хоорондоо найз нөхдийн холбоотой төдий өөр юм байхгүй. А.Баярцэнгэл надад хүсэлт, гуйлтаар эд зүйл ломбардад тавиулж байгаагүй. Би ч тавьж байгаагүй. 2020 оны эхээр 2019 оны сүүлээр А.Баярцэнгэл бид хэд хамт олноороо гадуур хооллоход А.Баярцэнгэл миний дансаар 20.000 төгрөг дамжуулан хоолныхоо мөнгө төлсөн. Өөр мөнгө миний данс руу орж гарч шилжүүлж байгаагүй. ...Хоол хүнсний мөнгө гээд 20.000-30.000 төгрөг миний дансаар дамжуулж 1 удаа миний Виза карт ашиглаж авч байсан. Яагаад миний дансаар авах болсон бэ гэж асуухад Хашаа байшингийн зээлэнд явчих гээд байна гээд миний данс руу хийж байгаад авч байсан. Миний 5720677975 дугаартай Хаан банк данс ашигласан өөр надад данс байхгүй. Харин А.Баярцэнгэл А.Буянжаргал нарыг хоорондоо мөнгө төгрөг шилжүүлдэг энэ тэр би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 86-87 дугаар хуудас/, 

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/52 дугаартай үнэлгээний тайлан: “...Хохирогч С.Энхтуяагийн эд зүйлийг нийт 64.306.760 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-95 дугаар хуудас/,

 

“Style shop”, “Буянт дов”, “Болор төв”, “Заан гарьд”, “Орхон тайж” зэрэг ломбардуудад үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 10-11, 14-15, 17-18, 22-23, 26-27 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-43 дугаар хуудас/,

 

“Буянт Дов” ХХК Ломбардны 116, 118 дугаартай барьцаат зээлийн гэрээнүүд /хх-ийн 16 дугаар хуудас,

 

“Болор төвийн” Ломбардны 1152, 1121 дугаартай барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 19 дүгээр хуудас,

 

“Орхон тайж” ХХК-ийн 1541 дугаартай барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 28 дугаар хуудас,

 

 Болор төвийн ломбардны 495 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 201 дугаар хуудас/,

 

 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 119 дүгээр хуудас/,

 

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Баярцэнгэлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа  /1-р хх-ийн 208 дугаар хуудас/,

 

С.Энхтуяагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 32-57 дугаар худас/ 

 

А.Баярцэнгэлийн ХААН банк, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /2-р хх-ийн 96-98, 100-121 дугаар хуудас/

 

Б.Хүдэрбаатарын  Голомт банкны дансны хуулга /2-р хх-ийн 125-132 дугаар хуудас/

 

А.Буянжаргал, Б.Хүдэрбаатар нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 136-166 дугаар хуудас/,

 

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 209 дүгээр хуудас/,

 

            Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол /2-р хх-ийн 70 дугаар хуудас//

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 64 дугаартай Прокурорын тогтоол /2-р хх-ийн 71 дүгээр хуудас/

 

 Шүүгдэгч А.Баярцэнгэлийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-176/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-99 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Баярцэнгэлийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-178 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч А.Баярцэнгэл нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Түшиг худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Энхтуяагийн алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан өөрийн хамтран амьдрагч А.Буянжаргалтай урьдчилан тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр нийт 4.050.000 /дөрвөн сая тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдож байна.  Шүүгдэгч А.Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь  Иргэний нэхэмжлэгч нарт учирсан 4.050.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэж хэлж байгаа учраас энэ мөнгийг иргэний нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй байна.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл байхгүй. Хохирогч С.Энхтуяагийн хувьд ломбарданд тавьсан 24.000.000 төгрөгний эд зүйлсийг буцаан түүнд олгосон. Хохирогч эд зүйлийн 50 хувийг нэхэмжилж байгаа гэсэн. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа учир иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь хохирогчид байгаа” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн: “Миний үйлчлүүлэгч А.Баярцэнгэл бусдад 4.050.000  төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байна. Улсын яллагч мөн гэм буруутай байна гэж дүгнэж байгаа. Хохирогчийн өмгөөлөгч А.Баярцэнгэлийг 64.603.760  төгрөгийн 50 хувийг хариуцах ёстой гэж дүгнэж байна. Энэ дүгнэлтүүдтэй миний хувьд санал нэгдэхгүй байна. Бид асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүйгээр хуулийн зүйл заалтын дагуу үнэлж дүгнэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг итгэмжилж хариуцсан этгээд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан  бол гэж хуульд заасан. А.Баярцэнгэл итгэмжилж хариуцсан этгээд мөн юм уу. Итгэмжилж хариуцсан этгээд гэсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй. Хохирогч Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийж байгаагүй гэдгээ тодорхой хэлсэн. Итгэмжилж хариуцсан этгээд гэдэг нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийсэн субъектыг хэлнэ. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар хамтран амьдрагчтайгаа нийлж хөрөнгийг завшсан гэж үзэж байна. Хамтран амьдрагч гэдгийг прокурор, өмгөөлөгч нар тогтоохгүй. Энэ хоёр хамтран амьдрагч юм аа гэдгийг шүүх тогтоох ёстой. Энэ нөхцөл байдлаас үзвэл энэ хэргийн субъект биш юм. А.Баярцэнгэл гэм буруугаа яагаад хүлээгээд байгаа юм бэ гэвэл С.Энхтуяа, иргэний нэхэмжлэгч нарт энэ хэмжээний хохирол учирсан байна гэж хүлээж байна. Хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хохирогчийн өмгөөлөгчөөс хэргийг мөрдөн байцаалтанд буцаана гэж олон эргэлзээтэй зүйл байна гэж хэлсэн. Гэхдээ бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ хүн итгэмжлэгдсэн төлөөлөгч биш учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугүйгээр хүнд гэм хор учруулсан хүн учир түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж хуульд заасан байна. Шүүгдэгчийг дангаараа хохирогчид гэм хор учруулсан асуудалд бодит эргэлзээ байгаа. Нэгэнт бодит эргэлзээ байвал асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ бүгдээс дүгнэхэд шүүгдэгч А.Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг: “А.Баярцэнгэл нь хамтран амьдрагч Буянжаргалтай хамтарч С.Энхтуяад 64.306.760 төгрөгний хохирол учруулсан.  Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, түрүүчийн өмгөөлөгч нар зарим зүйлүүдийг орхигдуулж дутуу хийгдсэн зүйлүүд байна. Хавтаст хэрэгт талийгаач Буянжаргалын дансны хуулга 5542202558 данс насанд хүрээгүй хүүхдийн данс гэж хэлж байсан. Тухайн үед 14, 15 настай хүүхдийн дансанд өдөрт орж байгаа орлого нь 1200000, 1700000, 2100000, 700000, 200000 хамгийн багадаа 70 гаруй мянган төгрөгөөр орлого орсон баримтууд байдаг. Энэ яагаад анхаарал татаад байна вэ гэвэл тэр данснаас өөр данс руу  зарлага хийхдээ Буянаагаас тогны мөнгө, тийм юмны мөнгө гэж шилжүүлсэн байдаг. Талийгаач өөр дансыг дүүгийнхээ нэр дээр хамтран эзэмшээд тухайн дансаар тодорхой хэмжээний орлого, зарлага авч байсан байх баримтууд байна гэж үзэж үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд тооцоо нийлсэн баримт байна уу, талийгаачид цалин хөлс өгсөн үү. Цалингаас болоод энэ хүн мөнгөний гачигдалд ороод ломбарданд эд зүйлийг чинь тавиад байсан юм биш үү гэж ярьж байна. Хэрэгт гол нотлох баримт нь С.Энхтуяагийн талийгаач А.Буянжаргалтай тооцоо нийлж байсан 2 ширхэг тооцооны дэвтрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй байдаг. Энэ дэвтэр дээр А.Буянжаргал тэдэн сарын тэдний өдөр тэдэн төгрөгний бараа зарсан. Тэрнээс би өөрийнхөө тухайн өдрийн орлого тэдэн төгрөгийг авсан гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй баримт өөр нэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа. Энэ дэвтрийг заавал авч хуулбар үнэн даруулж энэ хэрэгт хавсаргаад тухайн хүн өдөр өдөртөө мөнгө төгрөгөө авч байсан юм байна. Цалин өгөөгүйн улмаас хүний эд зүйлийг ломбарданд тавьж байсан гэдэг нь үгүйсгэгдэнэ. Баярцэнгэл манайх дэлгүүрийн өрийг дараад дуусчихсан дэлгүүрийн өргүй байсан гэж байна. Энэ хүн нэг дэлгүүр ажиллуулаагүй хоёр дэлгүүр ажиллуулж байсан. Хархорин өргөөгийн урд ажиллуулж байсан дэлгүүрийн барааг нь өгөөд өр барагдаж байсан. 2 дугаар хорооны дэлгүүрийнхээ асуудал дээр өрөнд ороод энэ асуудлаасаа болоод өчнөөн өртэй байдаг байсан. Энэ асуудлаа С.Энхтуяад огт хэлж байгаагүй. Намайг асуухад би хашаа байшингийн зээл, цалингийн зээлтэй гэж ярьж байснаа өмгөөлөгч нь асуухад би хашаа байшингийн зээлгүй байсан. Би бэлэн 1000000 төгрөгөөр авсан гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ хүний хувьд хэдхэн минутын өмнө мэдүүлэг нь зөрж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр “би банкны зээлээ төлөх гээд ойр зуурын хэрэгцээний мөнгө авах гээд ломбарданд эд зүйл тавьсан юм” гэсэн өөрийнх нь мэдүүлэг байгаа. Талийгаачийн мэдүүлэгт “ манай нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад тухайн эд зүйлийг тавьдаг байсан гэдэг нь тухайн эд зүйлийг 7 жилийн хугацаанд хамтран амьдарч байх хугацаандаа бие биенээсээ өр зээлээ нууна гэсэн ойлголт байхгүй. Өр нэхэгдэхэд яаж төлж дарах талаар ярьж л байж таарна. Бид хоёр сүүлийн 1 жил гаран хугацаанд хамт амьдраагүй гэж байгаа бол түүнээс урьд өмнөх 5, 6 жилийн хугацаанд энэ хоёр хүний идэж уух, өмсөж зүүх гэх мэтчилэн өчнөөн зүйл байгаа. Энэ асуудал дээр нас барсан хүн рүү чихээд би энэ асуудлыг мэдэхгүй гэж яриад байгаа нь өнгөрсөн хүн рүү юм аа чихээд байна гэж харагдаж байна. 64.306.760 төгрөгний бодит хохирлыг 2 хүнд хуваахаар 32.153.380 төгрөг гарч байна. Улсын яллагч 24 сая гаран төгрөгний эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн гэж байна. Яг бодит хэдэн төгрөгний хохирлыг энэ хүнд хүлээлгэж өгөөд одоо үлдэгдэл нь хэдэн төгрөг үлдсэн юм тэр хохирлыг өнөөдөр яах ёстой юм. 4.050.000 төгрөгний хохирол А.Баярцэнгэл төлөх гээд байгаа боловч 24 сая гаруй төгрөгний бодит хохирлыг С.Энхтуяад өгчихөөд 64 сая төгрөгнөөс хэдэн төгрөг нь үлдчихээд одоо хэдийг төлөх дутуу байгаа юм гэдгийг улсын яллагч яллах дүгнэлтэндээ нарийвчлан тусгаагүй. Ийм нөхцөл байдлууд байна. Шүүгдэгч нь би 850.000 төгрөгний цалинтай гэж байна. 850.000 төгрөгний цалингаас 700.000 төгрөгийн зээлэнд өгчихлөө гэхээр 100.000 төгрөгөөр ам бүл дөрвүүлээ амьдарч байсан. Ам бүл дөрвүүлээ 100.000 төгрөг хаана ч хүрэлцэх боломжгүй. Тэгэхээр 64.000.000 төгрөгийг А.Буянжаргал ганцаараа идэж ууж, өмсөж зүүгээд дуусгаагүй. Үүнд А.Баярцэнгэлийн оролцоо байгаа маргах зүйл байхгүй гэж бодож байна. 64.000.000 төгрөгнөөс 24.000.000 төгрөгний эд зүйлийг хохирогч С.Энхтуяа буцаагаад авсан бол үлдэгдэл нь хэдэн төгрөг юм. Үлдэгдэл мөнгийг хэн хэнд яаж хуваах юм. Хэрэгт Ломбардны хүмүүс мэдүүлэг өгөхдөө хоёулаа орж  ирээд тавьсан. Эхнэр, нөхөр хоёр алт мөнгөний лангуу ажиллуулдаг гээд хоёулаа орж ирээд авсан гэж хэлдэг. 64.000.000 сая төгрөгнөөс 24.000.00 төгрөгний эд зүйлийг буцаагаад авчихсан юм бол үлдэгдэл мөнгийг тэнцүү хэмжээгээр нь талийгаачид оногдуулах мөнгийг хасахаар А.Баярцэнгэлээс хэдэн төгрөг гаргуулж С.Энхтуяад олгох юм. Энэ талаар нарийвчлан дүгнэсний үндсэн дээр гэм  буруугийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд хэргийг прокурорт буцааж 2 тооцоо нийлсэн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцож үнийн дүнг гаргуулж үнэхээр цалин хөлс өгч байсан эсэх 5542202558 данс хэний данс юм. Хэн энэ дансанд орж ирж байгаа мөнгийг захиран зарцуулж байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа боловч  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангид хамаарах гэмт хэрэг учир хэргийн зүйлчлэлийг мөн эргэж харах гэмт хэрэг гэж миний хувьд бодож байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Баярцэнгэлийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч А.Баярцэнгэл нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Түшиг худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Энхтуяагийн алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан өөрийн хамтран амьдрагч А.Буянжаргалтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр нийт 4.050.000 /дөрвөн сая тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч С.Энхтуяагийн “...Одоогоор 51.514.425 төгрөгний бараа дутаж байна, эдгээрийг бүгдийг Буянжаргалд хүлээлгэж өгсөн байгаа. ...А.Буянжаргал одоо нас барсан болохоор жижиг бараагаа  тоолоход хүндрэлтэй байна. Миний Буянжаргалд хүлээлгэж өгсөн бараанаас дутсан бараа нь эдгээр, тиймээс Буянжаргалаас уг барааг болон мөнгөн дүнг нэхэмжилж байгаа юм. Хүний эд хөрөнгийг А.Буянжаргал хариуцаж авсан байж зөвшөөрөлгүй зарж борлуулсан ломбарданд тавьсан. Мөн ломбарданд тавьсан байж байж хүний хөрөнгийг хайрлаж хамгаалахгүй ломбардаа сунгуулаагүй дахин давтан энэ маягаар миний барааг дутаагаад байсан байна. Мөн бусад олон хүүхдийнхээ хадгаламжинд мөнгө хийсэн байна гэж бодож байна. Үүнд маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Энхтуулын “...А.Баярцэнгэл нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35.3 гр-тай монетон 13 хос ээмгийг 1.760.000 төгрөгөнд тавиад нэг удаа сунгалт хийсэн одоо эд зүйл нь байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 19-нд 4.5 гр-тай монетон бөгж 1 ширхгийг 240.000 төгрөгөнд тавиад сунгалт хийлгэсэн одоо байгаа. Б.Гэрэлсүрэн 2019 оны 08 дугаар сарын 28-нд монетон ээмэг 1 ширхэг, бөгж 1 ширхэг 8.7 грамтайг 450.000 тавиад орхисон сунгалт хийгээгүй, одоо манайд байгаа. Э.Лхагвасүрэн 2019 оны 07 дугаар сарын 01-нд эмэгтэй сүлжмэл мөнгөн бүс 1 ширхгийг 330.000 төгрөгний барьцаанд тавиад орхисон, сунгалт хийгдээгүй, зарагдаагүй одоо манайд байгаа. Манайх камерын бичлэгтэй. Бүгд иргэний үнэмлэхтэйгээ ирж тулгаж эд зүйлээ ломбарданд тавьсан, эх хувь падан нь байгаа учраас бүртгэл хөтөлдөггүй. 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 2 ширхэг мөнгөн аяга А.Баярцэнгэл гэх хүний нэр дээр 150.000 төгрөгөөр тавигдаад 60.000 төгрөгөөр нэг удаа сунгалт хийгдсэн” /1-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн “...Би “Тэнгис” төвийн 2 давхарт хувиараа алт, мөнгө, монетон эдлэлийн ломбард ажиллуулдаг Буянжаргалыг Түшигт суудаг гэдгийг нь мэдэхгүй, тухайн үедээ би алт мөнгөн эдлэл авдаг аймгийн төвд авдаггүй өөр газар авдаг гэж ярьж байсан санагдаж байна. манайх иргэний үнэмлэхтэйгээ ирж үйлчлүүлж байгаа тохиолдолд бүртгээд авдаг. Ломбардын бичгийн эх хувь нь байгаа, эхлээд монетон 10 ширхэг 26,8 гр ээмэг, дараа нь монетон бөгж 4,1 гр-тай тавьсан байна. Манайд тавьсан ээмэг бөгж нь бүгд одоо байгаа. 10 ширхэг ээмэг, 1 ширхэг бөгж нийлээд 1.400.000 болсон /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч П.Мөнхбаатарын “...манай ломбарданд А.Баярцэнгэл нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10.1 гр монетон ээмэг 500.000 төгрөгийн үнэлгээтэйгээр зээлж авсан энэ эд зүйл одоо манай барьцаалан зээлдүүлэх газарт байгаа. ...Дээр дурьдсан нэр бүхий хүмүүс нь манай барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлнэ гээд өөрийн бичиг баримттай байсан. Мөн бүртгэл нь байгаа. Манай барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан эд зүйлээ буцааж авч байгаагүй. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тавьсан монетон ээмгийг нэг удаа сунгасан байсан” /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,    гэх мэдүүлэг,

“Style shop”, “Буянт дов”,Болор төв”, “Заан гарьд”, “Орхон тайж” зэрэг ломбардуудад үзлэг хийсэн тэмдэглэл,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл,

“Буянт Дов” ХХК Ломбардны 116, 118 дугаартай барьцаат зээлийн гэрээнүүд, “Болор төвийн” Ломбардны 1152, 1121 дугаартай барьцаат зээлийн гэрээ, “Орхон тайж” ХХК-ийн 1541 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 495 дугаартай барьцаат зээлийн гэрээ,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч А.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, ломбардуудын барьцаат зээлийн гэрээ,  шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Баярцэнгэлийн өмгөөлөгч П.Адъяасүрэн: “...Миний үйлчлүүлэгч А.Баярцэнгэл бусдад 4.050.000  төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байна. Улсын яллагч мөн гэм буруутай байна гэж дүгнэж байгаа. Хохирогчийн өмгөөлөгч А.Баярцэнгэлийг 64.603.700 төгрөгийн  50 хувийг хариуцах ёстой гэж дүгнэж байна. Энэ дүгнэлтүүдтэй миний хувьд санал нэгдэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг итгэмжилж хариуцсан этгээд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан  бол гэж хуульд заасан. А.Баярцэнгэл итгэмжилж хариуцсан этгээд мөн юм уу. Итгэмжилж хариуцсан этгээд гэсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй. Хохирогч Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийж байгаагүй гэдгээ тодорхой хэлсэн. Итгэмжилж хариуцсан этгээд гэдэг нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийсэн субъектийг хэлнэ. ...Шүүгдэгчийг дангаараа хохирогчид гэм хор учруулсан асуудалд бодит эргэлзээ байгаа. Нэгэнт бодит эргэлзээ байвал асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ бүгдээс дүгнэхэд шүүгдэгч А.Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээтэй байна” гэсэн дүгнэлтийггаргасан боловч үүнийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

 

            Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг юм.

 

Шүүгдэгч А.Баярцэнгэлийн хамтран амьдарч байсан А.Буянжаргал нь хохирогч С.Энхтуяагийн алт мөнгөн эдлэлийн лангуун дээр 2018 оны 03 дугаар сараас эхлэн ажилласан бөгөөд С.Энхтуяагийн алт мөнгөн эдлэлийн лангуун дээрх барааг албан ёсоор хариуцан ажилладаг байсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

А.Буянжаргал нь хохирогч С.Энхтуяагийн алт мөнгөн эдлэлийн лангуун дээрх барааг албан ёсоор хариуцан ажиллах үүрэг хүлээсэн атлаа итгэмжлэн хариуцсан   эд хөрөнгийг өөрийн өмчийн адил дур мэдэж шүүгдэгч А.Баярцэнгэлээр 4.050.000 төгрөгийн алт, мөнгөн эдлэлийг ломбарданд тавиулсан,  шүүгдэгч А.Баярцэнгэл нь уг эд хөрөнгө нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оны 06  дугаар сарын 14-нөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр ломбардуудад аваачиж тавьсан талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба энэ нь иргэний нэхэмжлэгч Б.Энхтуул, Д.Ганзориг, П.Мөнхбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ломбардуудад үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 10-11, 14-15, 17-18, 22-23, 26-27 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-43 дугаар хуудас/, “Буянт Дов” ХХК Ломбардны 116, 118 дугаартай барьцаат зээлийн гэрээнүүд /хх-ийн 16 дугаар хуудас, “Болор төвийн” Ломбардны 1152, 1121 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 19 дүгээр хуудас, “Орхон тайж” ХХК-ийн 1541 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 28 дугаар хуудас, 495 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 201 дугаар хуудас зэргээр давхар нотлогдож байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч А.Баярцэнгэлийн  дээрх үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарагдахгүй бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

А.Буянжаргалд холбогдох хэргийг сэжигтэн, яллагдагч нас барсан үндэслэлээр  хэрэгсэхүй болгосон болох нь Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 209 дүгээр хуудас/, Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол /2-р хх-ийн 70 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг: “А.Баярцэнгэл нь хамтран амьдрагч Буянжаргалтай хамтарч С.Энхтуяад 64.306.760 төгрөгний хохирол учруулсан.  Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх түрүүчийн өмгөөлөгч нар зарим зүйлүүдийг орхигдуулж дутуу хийгдсэн зүйлүүд байна. Хавтаст хэрэгт талийгаач Буянжаргалын дансны хуулга 5542202558 данс насанд хүрээгүй хүүхдийн данс гэж хэлж байсан. Тухайн үед 14, 15 настай хүүхдийн дансанд өдөрт орж байгаа орлого нь 1200000, 1700000, 2100000, 700000, 200000 хамгийн багадаа 70 гаруй мянган төгрөгөөр орлого орсон баримтууд байдаг. Энэ яагаад анхаарал татаад байна вэ гэвэл тэр данснаас өөр данс руу  зарлага хийхдээ Буянаагаас тогны мөнгө, тийм юмны мөнгө гэж шилжүүлсэн байдаг. Талийгаач өөр дансыг дүүгийнхээ нэр дээр хамтран эзэмшээд тухайн дансаар тодорхой хэмжээний орлого, зарлага авч байсан байх баримтууд байна гэж үзэж үндэслэлтэй. ...Хэрэгт Ломбардны хүмүүс мэдүүлэг өгөхдөө хоёулаа орж  ирээд тавьсан. Эхнэр, нөхөр хоёр алт мөнгөний лангуу ажиллуулдаг гээд хоёулаа орж ирээд авсан гэж хэлдэг. 64.000.000 сая төгрөгнөөс 24.000.00 төгрөгний эд зүйлийг буцаагаад авчихсан юм бол үлдэгдэл мөнгийг тэнцүү хэмжээгээр нь талийгаачид оногдуулах мөнгийг хасахаар А.Баярцэнгэлээс хэдэн төгрөг гаргуулж С.Энхтуяад олгох юм. Энэ талаар нарийвчлан дүгнэсний үндсэн дээр гэм  буруугийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд хэргийг прокурорт буцааж 2 тооцоо нийлсэн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцож үнийн дүнг гаргуулж үнэхээр цалин хөлс өгч байсан эсэх 5542202558 данс хэний данс юм. Хэн энэ дансанд орж ирж байгаа мөнгийг захиран зарцуулж байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа боловч  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангид хамаарах гэмт хэрэг учир хэргийн зүйлчлэлийг мөн эргэж харах гэмт хэрэг гэж миний хувьд бодож байна.” гэж мэтгэлцжээ. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалгаж тодруулахад шүүгдэгч А.Баярцэнгэл нь бусдын эд хөрөнгийг бүлэглэн завших гэмт хэргийг үйлдэхдээ талийгаач А.Буянжаргалын ломбарданд тавиулсан 4.050.000 төгрөгийн эд зүйлийг л ломбарданд тавьсан болох нь тогтоогдсон ба хамтран амьдарч байсан А.Буянжаргалтай бүлэглэн 64.306.760  төгрөгийг завшсан болох нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзлээ.

  

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан нь эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Баярцэнгэлийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Хохирогч С.Энхтуяа нь шүүгдэгч А.Баярцэнгэлээс нийт  64.306.760 төгрөгийн 50 хувь болох 32.153.380 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирогч С.Энхтуяад шүүгдэгч А.Баярцэнгэлийн ломбаранд тавьсан 4.050.000 төгрөгийн эд зүйлүүдийг буцааж хүлээлгэн өгсөн болох нь “”хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /1-р хх-ийн 31-43/ тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Баярцэнгэл нь хохирогч С.Энхтуяад төлөх төлбөргүй байх тул хохирогч С.Энхтуяагийн нэхэмжилсэн 32.153.760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчлан заасан бөгөөд   Иргэний нэхэмжлэгч Б.Энхтуул, Д.Ганзориг, П.Мөнхбаатар нар нийт 4.050.000 төгрөгийг хүүгийн хамт  нэхэмжилсэн ч тус мөнгөний хүүг нь гаргах үндэслэлгүй байна гэж үзэн үндсэн мөнгө болох 4.050.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Баярцэнгэлээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхтуулд 2.150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригт 1.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Мөнхбаатарт  500.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна. 

 

Улсын яллагч “... Шүүгдэгч А.Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Баярцэнгэлд Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Түүнд авсан авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналтай байна. Шүүгдэгч А.Баярцэнгэл нь Иргэний нэхэмжлэгч нарт 4.050.000 төгрөгийг төлж барагдуулна гэж илэрхийлсэн учраас эдгээр иргэний нэхэмжлэгч нарт 4050000 төгрөгийг олгох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг “...Шүүхээс Х.Баярцэнгэлийг гэм буруутайд тооцлоо. Миний үйлчлүүлэгч С.Энхтуяа гомдолтой байна. Энэ хоёр хүн амьдран амьдарч байх хугацаандаа энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учир хохирлоо хувааж гаргуулах үндэслэлтэй байна. Хэргийн ял шийтгэлийг шүүх өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн: “...Шүүгдэгч А.Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээж иргэний хариуцагч  нарт учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Энэ нөхцөлүүдийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах ялыг тэнсэж өгнө үү. Мөн Монгол Улсын Өршөөлийн тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамрагдсан байгаа. Энэ байдлуудыг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Баярцэнгэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Баярцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг  баримтлан шүүгдэгч А.Баярцэнгэлд оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Баярцэнгэлд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Баярцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баярцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36:3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Залаа овогт Адилбишийн Баярцэнгэлийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Залаа овогт Адилбишийн Баярцэнгэлийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг  баримтлан шүүгдэгч А.Баярцэнгэлд оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баярцэнгэл нь оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Шүүгдэгч А.Баярцэнгэл нь хохирогч С.Энхтуяад төлөх төлбөргүй, хохирогч С.Энхтуяагийн  гэм хорын хохиролд нэхэмжилсэн 32.153.380 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Баярцэнгэлээс 4.050.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхтуулд  2.150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригт 1.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Мөнхбаатарт  500.000 төгрөгийг тус тус олгосугай. 

 

6. Шүүгдэгч А.Баярцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баярцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Баярцэнгэл авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.