| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2018/00146/И |
| Дугаар | 111 |
| Огноо | 2018-02-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 111
| 2018 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 156/ШШ2018/00111 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00146/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 03 дугаар багт оршин суух, Д.А холбогдох,),
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 03 дугаар баг, Аврагийн 02-09 тоотод оршин суух, Д.Т нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 2003 онд Д.А танилцан улмаар 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтийн 27 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Үүрийнцолмон төрсөн. Д.А нь аврага тосон рашаан сувилалд ажиллаж байх хугацаандаа өөр хүнтэй танилцаж, улмаар түүнтэйгээ гэр бүл болсон. 2008 оноос бид хоёр тус тусын амьдралтай болсон. Тэр үеэс хойш охин маань эх Д.Т-ийн асрамжинд өсч торнисон. Иймд Д.А гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Д.А-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Үүрийнцолмонг өөрийн асаргаанд авна. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1-2, 21 тал),
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газарт үйлчлэгч ажилтай, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 26 тал)
Хариуцагч Д.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Т-ийн шүүхэд гэр бүл салах өргөдөл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн охин г эхийн асаргаанд өгөхийг А би зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаантай зүйл байхгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйл байхгүй тул шинээр гомдол саналгүй байна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 20 тал)
Хариуцагч Д.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Улаанбаатар хотод ажил хийдэг, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож амжихгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Д.А-аас гэрлэлтээ цуцлуулж, охин А.Ү хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин А.Үүрийнцолмонг төрүүлсэн болох нь № 0024328 Г-27 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 6 тал) № 0051626/50 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэрлэгчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 12 тал)
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.А нь А.Үүрийнцолмон охиныг өөрийн асрамжинд авах талаар маргаагүй байна.
Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед охиноо хэнийхээ амрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар охин А.Үүрийнцолмонгийн санал зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэв.
Бага насны охин А.Үүрийнцолмон нь 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 14 нас, 3 сартай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 5 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн засаг дарга Ю.Батбаярын тодорхойлолтоор, (хх-ийн 7 тал) насанд хүрээгүй А.Үүрийнцолмонгийн шүүхэд өгсөн тайлбар (хх-ийн 23-24 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин А.Үүрийнцолмонг эх Д.Т-ийн асрамжинд үлдээхээр тогтов.
Мөн эцэг А-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2- зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин А.Үүрийнцолмонд олгохоор тогтов.
Зохигчид нь энэ талаар маргаагүй болно.
Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Мэргэд овогт Д.Т , хариуцагч Зурхайч овогт Д.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин А.Үүрийнцолмонг эх Д.Т-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин А.Үүрийнцолмонг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Д.А-ын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин А.Үүрийнцолмонд олгосугай.
4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Т-т даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин А.Үүрийнцолмон охиныг эцэг Д.А- тай уулзуулж байхыг эх Д.Т-т даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мөнхцэцэгт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ