Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.*******д холбогдох эрүүгийн 2215000000113 дугаартай, 163/2022/0127/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* сумын ******* *******д 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, тус аймгийн ******* сумын ******* *******ы дан байрны 93-03 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг, 31 настай, эмэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* *******ы нутагт Б.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний толгой, нүүр хэсэгт нь цохиж хоёр нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000113 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* *******ы нутагт Э.*******ын гэрт Б.*******, М.*******, Э.******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд Б.*******ыг согтуурхаж М.*******тэй маргалдах явцад Э.******* нь дүү Б.*******ыг миний найзтай маргалдлаа гэх шалтгаанаар түүний толгой, нүүр хэсэгт цохиж бие, эрх чөлөөнд нь халдаж хоёр нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөдөө гэрээсээ ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* *******д дүү Түмэнбаатарын гэрт засвар хийж өгөх ажлаар орж ирээд тэдний засварыг хийж дуусаад төрсөн эгч *******ын гэрт очсон. ******* эгчийнд очиход эгч хоол хийж өгч Сэрүүн нэртэй 2.5 литрийн савлагаатай 2 сав пиво авч өгөхөөр нь хувааж уугаад юм яриад сууж байтал манай эгчийн найз ******* орж ирээд дахин Сэрүүн нэртэй пиво аваад хувааж уугаад сууж байхдаа би *******тэй маргалдахад ******* эгч чи манай найзтай маргалдлаа, танай аав миний охиныг доромжилсон байна лээ танай аавыг ална гэх зэргээр дайрч намайг зодсон.******* эгч намайг газар унагааж дээр гарч суугаад гараараа толгой, нүүр хэсэг рүү цохиод босоод ирэхэд хөлөөрөө нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Гомдол саналгүй, төрсөн эгч маань учраас нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/,

3. Гэрч М.Баярцэцэцгийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед найз ******* над руу утсаар холбогдоод манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би гэрт нь очиход *******, дүү *******тайгаа 2 савтай пиво хувааж уугаад дуусч байсан ба дахин 2.5 литрийн хэмжээтэй нэг сав пиво уугаад сууж байхад нь би хамт ууж байгаад гадагшаа гарч нөхөртэйгээ утсаар ярихаар гарсан. Утсаар ярьчихаад эргээд орж ирэхэд *******, ******* нар хоорондоо маргалдаад байхаар нь *******д одоо болиоч, эгчтэйгээ маргалдаад яах гэсэн юм гэж хэлэхэд надтай маргалдсан. Удалгуй ******* чи манай найзтай маргалдлаа, танай аав миний охиныг хэл амаар доромжилсон байсан гэх зэргээр дахин маргалдаж байгаад ******* нь *******ыг үснээс нь зулгааж газар унагаад, толгой нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаартай: Б.*******ын биед хоёр нүдний алимд цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 04 дүгээр  сарын 22-ны өдөр төрсөн дүү Түмэнбаатарын гэрт засвар хийсэн. Засварыг дүү *******тай хамт хийсэн юм. Бид засварын ажлаа дуусаад манай гэрт ирсэн. Бид хоёр гэртээ ирэх замдаа хоёр сав пиво авсан. Гэрт ороод пивоо хувааж уучихаад арван жилийн найз *******ийг дуудахад дахин нэг сав пивотой ирсэн. Ингээд пивоо уугаад байж байтал манай найз *******, дүү ******* нар жижиг зүйлээс болж маргалдаад байсан. Тэгэхээр нь би чи манай найзтай маргалдлаа, танай аав манай охиныг доромжилсон байна лээ гэж хэлэхэд ******* миний өөдөөс надтай хэрэлдсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд *******ыг алгадаж унагаагаад дээр нь гарч суугаад толгой хэсэг рүү нь хоёр удаа цохисон. Дараа нь *******ын нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Ингээд ******* гараад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч М.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.*******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Э.*******ын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* *******ы нутагт гэртээ архи, согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******ыг өөрийнх нь найзтай маргалдлаа гэх шалтгаанаар  түүний нүүр, толгой хэсэг нь цохих, өшиглөх зэргээр бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Э.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн  хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Э.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Э.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь  зүйтэй.

Хавтаст хэргийн 40-47 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа газрын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох  баримтуудаар шүүгдэгч Э.******* нь ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* *******ы дан байрны 93-03 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/51 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНХАНД