Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Баатарсүрэн,

Шүүгдэгч Ж.Мөнхтогтох, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Араан овогт Жавзмаагийн Мөнхтогтоход холбогдох 2126000000234 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Араан овогт Жавзмаагийн Мөнхтогтох, регистрийн дугаар: /ЙИ85062715/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өхохирогч Р.Доржийн нүүрэн тус газар нь цохиж дух, хамар, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн гарын бугалга хэсгийн цус хуралт, хүзүү хоолойд зулгарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Ж.Мөнхтогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө ярьсан бүх зүйл үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.   

         

Хохирогч Р.Доржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би хөдөөнөөс хоног хураах ажлаар аймгийн төв дээр ирээд том эгч Жавзмаагийн хүү Мөнхтогтохтой таарсан. Тэгээд Ж.Мөнхтогтох бид хоёр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12-6а тоотод байрлах хүргэн Нарангаравын гэрт очсон. Замдаа Ж.Мөнхтогтох бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн “Харзтай” нэртэй архи 2 ширхгийг аваад очсон. Нарангаравынд очоод Ж.Мөнхтогтох, Нарангарав бид гурав авч очсон 2 шил архиа ууж дуусгасан. Тэр үед би нилээд согтсон байсан болохоор зарим юмаа сайн санахгүй байгаа. Ямар ч байсан Ж.Мөнхтогтохтой хэрэлдээд, бие биенээ цохиж аваад байснаа санаад өөр юм санахгүй байгаа. Маргааш өглөө нь сэрээд толинд хартал миний зүүн нүд, хүзүү, зүүн гарын гадна хэсэгт хөхөрчихсөн байсан. Намайг Мөнхтогтохоос хэрүүл гуйгаад зүгээр байлгахгүй, чангаагаад, цохиж аваад байхаар нь миний нүүр рүү цохичихсон гээд маргааш нь Мөнхтогтох надад хэлсэн. Тэгээд миний уур хүрээд цагдаад гомдол гаргасан. Миний нүүр рүү цохиод авсан. Өөрөөр Мөнхтогтох намайг хэдэн удаа, юугаар цохиж зодсон гэдгийг би санахгүй байгаа. Маргааш өглөө нь сэрээд хартал миний зүүн талын нүд таг болчихсон, хүзүү улайсан, зүүн гар гадна хэсгээрээ хөхөрсөн байсан. Тухайн үед манай хүргэн Нарангарав, эхнэр Цогзолмаатайгаа унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр Ж.Мөнхтогтох, Р.Дорж хоёр манай гэрт хоносон. Тэгээд тэр орой Ж.Мөнхтогтох, Р.Дорж ах болон манай нөхөр Нарангарав гурав шөнийн 02 цаг хүртэл архи уугаад, архиа ууж дуусгаад хэвтэцгээсэн. Тэгээд унтах гэж байтал Р.Дорж ах Ж.Мөнхтогтохоос хэрүүл гуйгаад байх шиг байсан. Би тэгээд унтаад өгсөн. Манай нөхөр бас унтсан. Өглөө босоод иртэл Р.Дорж ахын нэг нүд нь хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №398 дугаартай шинжээчийн "... 1. Үзүүлэгч Р.Доржын биед дух хамар, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарын төвгөр хэсэг, зүүн гарын бугалга хэсгийн цус хуралт, хүзүү толгойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 10-11 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтохын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн № 0243 дугаартай тодорхойлолт /хх-ийн 37/,

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтоход эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/,

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтохын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч Ж.Мөнхтогтоход холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Араан овогт Жавзмаагийн Мөнхтогтох нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12-6а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Р.Доржийн нүүрэн тус газар нь цохиж дух хамар, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн гарын бугалга хэсгийн цус хуралт, хүзүү хоолойд зулгарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Р.Доржийн “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би хөдөөнөөс хоног хураах ажлаар аймгийн төв дээр ирээд том эгч Жавзмаагийн хүү Мөнхтогтохтой таарсан. Тэгээд Ж.Мөнхтогтох бид хоёр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12-6а тоотод байрлах хүргэн Нарангаравын гэрт очсон. Замдаа Ж.Мөнхтогтох бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн “Харзтай” нэртэй архи 2 ширхгийг аваад очсон. Нарангаравынд очоод Ж.Мөнхтогтох, Нарангарав бид гурав авч очсон 2 шил архиа ууж дуусгасан. Тэр үед би нилээд согтсон байсан болохоор зарим юмаа сайн санахгүй байгаа. Ямар ч байсан Ж.Мөнхтогтохтой хэрэлдээд, бие биенээ цохиж аваад байснаа санаад өөр юм санахгүй байгаа. Маргааш өглөө нь сэрээд толинд хартал миний зүүн нүд, хүзүү, зүүн гарын гадна хэсэгт хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Ж.Цогзолмаагийн “...Тэр өдөр Ж.Мөнхтогтох, Р.Дорж хоёр манай гэрт хоносон. Тэгээд тэр орой Мөнхтогтох, Дорж ах болон манай нөхөр Нарангарав гурав шөнийн 02 цаг хүртэл архи уугаад, архиа ууж дуусгаад хэвтэцгээсэн. Тэгээд унтах гэж байтал Дорж ах Мөнхтогтохоос хэрүүл гуйгаад байх шиг байсан. Би тэгээд унтаад өгсөн. Өглөө босоод иртэл Дорж ахын нэг нүд нь хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар хуудас/, Шүүгдэгч Ж.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Р.Доржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №398 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Мөнхтогтоход холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Р.Доржийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч Ц.Баатарсүрэн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12-6а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Р.Доржийн нүүрэн тус газар нь цохиж дух хамар, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн гарын бугалга хэсгийн цус хуралт, хүзүү хоолойд зулгарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Иймд шүүгдэгч Ж.Мөнхтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд “... Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч Ж.Мөнхтогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхтогтоход дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Дорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 3,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Араан овогт Жавзмаагийн Мөнхтогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Араан овогт Жавзмаагийн Мөнхтогтохыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Мөнхтогтох нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Мөнхтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.