Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00117

            Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00004/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ......... тоотод оршин суух,  Б.Б- д холбогдох

            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 13 790 705 /арван гурван сая долоон зуун далан мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

                        Хариуцагч Б.Б-д 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн байна.

            Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч М.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь биечлэн оролцох боломжгүй тул нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нь өөрийг нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

 

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72,2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Б.Б ирээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар тогтов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:                                          

 

Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь эрх хүлээн авагч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь Х банктай 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 900 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Х банк дахь 25000019763 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Х банкнаас 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус дансанд 7 900 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Б.Б гарын үсэг зурсан. Тухайн үед Б.Б нь Хбанкинд зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д хөргөлтийн машинист ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Б.Б- нь тус компанид 798 000 төгрөгийн үндсэн цалинтай хөргөлтийн машинист ажилтай зээлийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч Мах-Экспорт ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуурамчаар үйлдэж өгснийг Б.Б ашиглаж банкнаас зээл авсан байсан. Х банкны эрх хүлээн авагч Төрийн банкны хооронд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Х банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг /чанаргүй зээлүүдийг/ өөрийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Мах-Экспорт ХХК-ийн Б.Б- нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/177 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Дагва овогтой Эрдэнэнавчид холбогдох эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 509 689.89 төгрөг, зээлийн хүүнд 2 348 950.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20 957.16 төгрөг, нийт 4 879 237.29 төгрөг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний үлдэгдэл 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 5 390 310.11 төгрөг, зээлийн хүү 7 023 429.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 376 965.78 төгрөг, нийт 13 790 705.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч нь ............. багийн иргэн Б.Б-д холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 13 790 705 /арван гурван сая долоон зуун далан мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Б нь Х банкнаас 7 900 000 төгрөгийн зээл авсан болох нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 18-25х/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-4х/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч Б.Б нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 509 689.89 төгрөг, зээлийн хүүнд 2 348 950.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20 957.16 төгрөг, нийт 4 879 237.29 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч тал нь одоо үндсэн зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл         5 390 310.11 төгрөг, зээлийн хүү 7 023 429.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 376 965.78 төгрөг, нийт 13 790 705.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т: хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д: анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа анзын хэмжээ илт их буюу хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт 13 790 705 /арван гурван сая долоон зуун далан мянга долоон зуун тав/  төгрөг байгаа нь зээлдэгчийн хувьд төлөхөд хүндрэл үүсэхүйц байгаа тул шүүх анзын хэмжээг багасгаж 1 609 690 /нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун ер/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 5 390 310.11 төгрөг дээр шүүхээс багасгаж тогтоосон 1 609 690 төгрөгийн анзыг нэмж нийт 7 000 000 /долоон сая/ төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Жич: нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас тэр хэмжээгээр шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй болно.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч Б.Б-ээс үндсэн зээл 5 390 310 төгрөг, зээлийн хүүд 1 609 690 төгрөг, нийт 7 000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 790 705 /зургаан сая долоон зуун ерэн мянга долоон зуун тав/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Б-ээс 126 950 /нэг зуун хорин зуун мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР