Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

 

 

 

 

   2022         03           04                                       2022/ШЦТ/150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,   

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2110022410134 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл” ХХК-ийн уулзварт _ УБҮ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа ТЭЦ3 Улиастай 32 чиглэлийн автобусыг жолоодон явсан А.Г-тай “замын хөдөлгөөнд оролцож явахдаа шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү хоёр удаа гараараа цохиж биед нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, үүдэн хоёр шүдний сэтэрсэн хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ээс: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2110022410134 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),

2. Хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

3. Хохирогч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 29-ны өдөр “Тэц-З-Улиастай 32’’ гэсэн чиглэлийн автобусаа бариад хөдөлгөөнд оролцоод явж байсан. Эрэл ХХК-ны гэрлэн дохио орчим ирээд түгжрээд зогсож байтал миний барьж байсан автобусны зүүн талд нэг жижиг цагаан өнгийн тоёота акуа гэх машин тулж ирээд хажуу бөөрөнд наалдах шахуу зогсчхоод хөдлөх гэхээр улам шахаад байхаар нь урдуураа оруулсан тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хандаж яаж яваад байгаа юм бэ гэж хэлтэл ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд алуулдаг нь би юм уу гэж маргалдсан. Уг машин урд гарчхаад хөдлөхгүй зогсоод байхаар нь араас нь гэрлээр дохиж сигналдаад яваач, холдооч ээ гэж орилтол машины жолооч машинаасаа бууж ирээд автобусны цонхоор үгийн зөрүүгүй нүүрэн тус газар хоёр удаа цохиод дахин цохих гээд үсчээд байхаар нь босож зогсоод байж байтал автобусны толийг эвдэх гээд нааш цааш нь татаад байсан. Тэгэхээр наад толио зүгээр байлга болиоч гэж хэлээд нулимсан тэгтэл уг залуу над руу нулимсан тэгэхээр нь цонхоо хаачихсан чинь уг залуу машиндаа суугаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

4. Гэрч Б.Д-н 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр А.Г 2021 оны 11 сарын 29-ны өглөө гэрээсээ гарахдаа зүв зүгээр гарсан юм. Гэтэл өглөө 10 цаг өнгөрөөд яриад охиноо авч амжихгүй нь автобусны цонхоор хүнд цохиулчихлаа эмнэлэг явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Орой нь 16 цагийн үед нөхөр гэртээ орж ирэхдээ нүүрнийх нь зүүн талын хацар нь хөхрөөд хавдчихсан үүдэн хоёр шүд нь уначихсан орж ирсэн. Би хэнд цохиулсан юм гэж асуусан чинь машин урдуур орж ирээд яах ийхийн зуургүй цохичхоод яваад өгсөн, бууж очих гэхээр аймаар том биетэй залуу байсан. Тухайн үедээ манараад гар утсан дээрээ зураг энэ тэрийг нь ч авсангүй 102 луу яриад дуудлага өгөөд машиных нь номерыг мэдэж байвал явуул гэхээр нь явуулчихсан. Тэр залуу _ УБҮ улсын дугаартай машин унаж явсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

            5. Гэрч Ц.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 29-ны өдөр Улиастайгаас хотын төв рүү Тэц 3 чиглэл рүү явж байсан. 09 цаг өнгөрч байхад ажлын найз Г-тай утсаар ойр зуурын ажлын талаар яриад түгжрээ хэр байна, хүн амьтан их байна уу гээд ярьж байсан чинь Г  Эрлийн уулзвар дээр явж байхад хажуу талд нэг машин наалдчихаад явуулахгүй байна гэж байсан. Тэгсэн гэнэт цаанаа хөөе чи явалдаа гэх мэтээр хэрэлдээд байхаар нь яасан бэ гээд асуусан чинь Тоёота Акуа машинтай залуу урд гарчхаад явахаа больчихлоо гэж хэлсэн. Тэгсэн гэнэт хаая хүүе гээд пижигнэх дуу гараад утас нь салчихсан. Би эргүүлээд Г  луу яав ийв гээд залгасан чинь нөгөө Тоёота Акуа маркийн машин унасан залуу намайг автобусны цонхоор цохичихлоо гэж хэлсэн. Би гайгүй юу гээд асуусан чинь шүд уначихлаа, гайгүй цагдаад дуудлага өгөөд машиных нь дугаарыг өгчихлөө гэж хэлсэн. Өдөр 12 цаг өнгөрөөд Г-тай ажил дээр таарсан чинь хамт цагдаа орох уу гэж асуухаар нь бид хоёр цагдаагийн газарт очоод дараа нь хамт шүүх эмнэлэг явсан. Тухайн үед Г хугархай шүднийхээ үйрмэгийг бариад явж байсан. Г-н үүдэн хоёр шүд нь сэтрээд хугарчихсан, зүүн хацар нь улайгаад хавдчихсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11962 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

“...А.Г-ийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцралт, үүдэн 2 шүдний
сэлтэрсэн хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь 2021.11.29-ний 09 цагийн үед үүссэн байх боломжтой....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дэх тал),

 

7. Хохирогч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн 1.080.000 төгрөгийн хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

8. Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 29-ны өглөө гэрээсээ ажлын зүг 09 цагийн үед ТЭЦ 3-ийн урд талын уулзвар дээр эхнэр Мөнхтуяагийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн _ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал, хажуу талаас _ УБЧ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл болох том оврын автобус шахаад байсан. Тухайн үед түгжрээтэй байсан болохоор би урдуураа оруулахгүй байсан чинь сигналдаад лааз болов оо гээд цонхоороо орилсон. Би бууж очоод нөгөө автобусны жолооч руу аятайхан яв гэж хэлсэн чинь хуц пязда минь лааз болов гэж хэлээд над руу нулимаад цонхоо хаачихсан. Тэгэхээр нь би цонхыг нь онгойлгох гээд хуруугаа цонх руу нь хийсэн чинь юм шидчих гэж байгаа юм шиг зангасан, тэгэхээр нь би бултсан чинь нөгөө жолооч над руу түлхүүр шидээд нөгөө түлхүүр нь баруун мөр лүү оносон. Тэгэхээр нь уур хүрээд хацар хэсэг лүү нь нэг удаа цохиод машиндаа суугаад явсан юм. Нөгөө автобус дахиж араас ирээд шахаад байхаар нь би буцаж эргээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

9. Хохирогч А.Г-ийн дансанд хохирлын мөнгө болох 1.080.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 66 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Б-ийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 67 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл” ХХК-ийн уулзварт _ УБҮ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцон явахдаа ТЭЦ 3 Улиастай 32 чиглэлийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явсан хохирогч А.Г-тай “замын хөдөлгөөнд оролцож явахдаа шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь зүүн хацрын зөөлөн эдийн няцралт, үүдэн хоёр шүдний сэлтэрсэн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

- Хохирогч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Гэрч Б.Д-н 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

            - Гэрч Ц.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11962 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дэх тал),

 

- Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн 1.080.000 төгрөгийн хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 37 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Г-тай маргалдан бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. 

Шүүгдэгч, хохирогч нар нэгнээ илтэд үл хүндэтгэж харилцсан, харилцаа даамжирч улмаар А.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон гэж дүгнэхээр байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч А.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хохирол, хор уршгийн зардалд 1.080.000 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн ба шүүгдэгч нь 1.080.000 төгрөгийг хохирогчийн ХААН банкны дансанд шилжүүлсэн талаарх баримтыг (хавтаст хэргийн 66 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгчийг  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-д торгох ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б -г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН