Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

         Дугаар 156/ШШ2018/00127

Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00742/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: ............ оршин суух, Н.С-ын нэхэмжлэлтэй       

           “Хууль бусаар хоригдож шалгагдсан гэм хорын хохиролд 34 878 000 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч, гуравдагч этгээдээр Хэнтий аймгийн Прокурорын газрын туслах прокурор Д.Э, иргэдийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын төвд Н.Эрдэнэбатын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдон 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон юм. 2010 оны 07 дугаар сарын 23-нд 5/111 тоот прокурорын тогтоолоор Н.Эрдэнэбат нь осгож нас барсан нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хууль бусаар цагдан хоригдсон 31 860 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, архивын лавлагааны хуулбар 18 000 төгрөг, нийт 34 878 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/

 

Нэхэмжлэгч Н.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэбат, Түвшинбаатар, Эрдэнэ-Өлзий, Батмөнх нартай архи уугаад явахад Эрдэнэбат нас барсан байсан. Эрдэнэбат нас барсан гэж шалгагдаж байгаад би хүн алаагүй нь тогтоогдсон. Намайг хүн алсан гэж 10 сар цагдан хорьсон. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. Би эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авч 3 сая төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн боловч, Д.Оюунцэцэг өмгөөлөгчид өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт, өмгөөллийн гэрээ маань алга болсон. Би 295 хоног цагдан хоригдсон. Би цагдан хоригдсон 295 хоногийн 1 өдрийг 108,000 /нэг зуун найман мянга/ төгрөгөөр бодож 31 860 000 төгрөг, Оюунцэцэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, архивын лавлагааны хуулбар 18 000 төгрөг, нийт 34 878 000 /гучин дөрвөн сая найман зуун далан найман мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Хууль бусаар цагдан хоригдсон гээд байгаагийн үндсэн шалтгаан нь 2008 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын төвд Эрдэнэбат гэгч хүн гадны нөлөөтэй нас барсан гэж цагдан хорьсон. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар нилээд олон хүн хамт архи уусан байсан. Сүхбаатарыг хорих болсон шалтгаан нь тэдгээр хүмүүстэй хамт уусан байсан. Эрдэнэбат нас барсанд гадны нөлөөтэй байсан гэж үзэж цагдан хорьсон. 10 сар цагдан хорьсон гэж байна. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар онц хүнд гэмт хэрэгт цагдан хоригдсон. Эрдэнэбат нь тухайн үед цуг архи уусан хүмүүсээс өөр хүнтэй уулзаагүй байж байгаад нас барсан байсан...Иймд прокурор, шүүх, мөрдөн байцаагч нар хууль бусаар цагдан хорьсон асуудал байхгүй. Онц хүнд гэмт хэрэгт 10 сар цагдан хоригдож, дараа нь бусад таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж авч шалгахад боломжтой юм байна гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэлтэй. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Одоогийн байдлаар түр хэрэгсэхгүй болгосон байгаа. Нэхэмжлэгч энэ мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт анхнаас нь өмгөөлөгчөөр явж байсан. Тухайн үед эрүүгийн хэрэгт Оюунцэцэг өмгөөлөгчтэй байсан. Энэ хүмүүсийг бусдын амь насыг бүрэлгэсэн гэж цагдан хорьсон. Хэрэг шалгах явцад хүн нас барсан, хүмүүстэй архи уусан гэж зөвхөн яллах талыг баримталж шалгаад байсан. Тэр үед Сүхбаатар болон бусад хүмүүс өөрсдөө шалгагдахаасаа эхэлж бид зодолдож, цохилцоогүй гэдгээ мэдүүлдэг байсан. Зарим хүмүүсийг нь Ганц худагт хүртэл тусгаарлаж хорьж байсан. Шинжээчийн дүгнэлтээр гадны нөлөөтэй гэсэн дүгнэлтийг баримталж тал бүрээс нь харж шалгахгүй байснаас болж эдгээр хүмүүсийг цагдан хорьсон. Би өөрийнхөө машинаар хүртэл ганц худгаас тэр хүмүүсийг очиж авч байсан. Гуравдагч этгээд энэ хүмүүсийг дахин энэ хэрэгт шалгах боломж байгаа гэж ярьж байна. Энэ хүмүүсийн хэргийг 5/68 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ хэргийг шалгаад бараг          2 жил болсон. Хэзээ хойно нь та нар битгий хэл ам хийгээд байгаарай, танхай гээд хэрэгсэхгүй болгоё гэж хэлээд Сүхбаатарыг Өршөөл үзүүлэх тухай хууль гарна гээд танхайн хэрэгт гарын үсэг зуруулсан байсан. Анх танхайгаар цагдан хориогүй, онц хүнд гэмт хэрэгт цагдан хорьж байгаад дахиж шинжээчийн дүгнэлт гаргаж байж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. 295 хоногийн хугацаагаар цагдан хоригдсоныг тухайн үед цалингийн доод хэмжээ 108.000 төгрөг байсан учраас 295 хоногийн 1 өдрийг 108.000 төгрөгөөр тооцсон. Эрүүгийн хэргийн шатанд Оюунцэцэг өмгөөлөгч өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөллийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд алга болсон. Оюунцэцэг өмгөөлөгчтэй байсан материалыг эрж сураад хайхад                  Бор-Өндөрийн шүүхийн архивт байж байсан. 2017 онд Хэнтий аймгийн иргэний шүүхэд гэм хорын хохирлыг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж өгсөн чинь Цэрэндулам шүүгч манайх гэм хорын хохирлыг шийдэхээ больсон, хотод шийднэ гээд Баянзүрх дүүргийн шүүхэд өгчихсөн. Энэ хооронд энэ хүний өмнө нь төлж байсан өмгөөлөгчийн төлбөр төлсөн баримт, өмгөөллийн гэрээ нь байхгүй болсон байсан. Хэрэгт Оюунцэцэг өмгөөлөгчтэй байцаалтанд орж байсан баримтууд байгаа. Тэр баримтуудаар Оюунцэцэг өмгөөлөгчтэй өмгөөллийн гэрээ байгуулж ажиллаж байсан гэдэг нь харагдана. Архиваас тогтоолыг хуулбарлаж авахад 18,000 төгрөг төлсөн. Манайхан иргэний хэрэгт өмгөөлөгчийн төлбөр төлдөггүй гээд байдаг. Энэ бол эрүүгийн хэргийн гэм хорын хохирол учраас өмгөөлөгчийн хөлсийг төрөөс гаргаж шийдвэрлэж өгдөг юм билээ. Сүхбаатарын хувьд нэн ядуу өрхийн тоонд орчихсон, төрөөс картын бараанд орсон, төлбөрийн чадваргүй болсон байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг төлвөл 3 сая орчим төгрөг төлнө. Энэ хүн ийм байдалтай байгаа учраас би өмгөөлөгчийн хөлсөө аваагүй байгаа гэв.

 

              Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С нь Өмнөдэлгэр сумын төвд Н.Эрдэнэбат нас барсан гэх 20821452 дугаартай эрүүгийн хэрэгт 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 295 хоног хууль бусаар баривчлагдаж, цагдан хоригдож байсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 11х/, сэжигтнийг баривчлах тогтоол /хх-ийн 12х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 2 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 12х/, цагдан хорих хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 14х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 1 дүгээр удаа сунгах тогтоол /хх-ийн 15х/, сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 16х/, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 17х/, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 18х/, хорьж мөрдөх хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 20х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 2 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 21х/, хорьж мөрдөх хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 22х/, цагдан хорих хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 23х/, Мөрдөн байцаалт явуулах хугацааг 2 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 24х/, хорьж мөрдөх хугацааг 3 дугаар удаа сунгах тухай захирамж /хх-ийн 25х/, хорьж мөрдөх хугацааг 3 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 26х/, цагдан хорих хугацааг 3 дугаар удаа сунгах тухай захирамж /хх-ийн 27х/, хорьж мөрдөх хугацааг 4 дүгээр удаа сунгах тухай захирамж /хх-ийн 28х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 4 дүгээр удаа сунгах тогтоол /хх-ийн 29х/, яллагдагчийг хорьж мөрдөх 5 дугаар хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 30х/, хорьж мөрдөх хугацааг сунгах санал хүргүүлэх тогтоол /хх-ийн 31х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 5 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 32х/, цагдан хорьж мөрдөх хугацааг 6 дугаар удаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 33х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 6 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 34х/, цагдан хорьж мөрдөх хугацааг 7 дугаар удаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 35х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 7 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 36х/, цагдан хорьж мөрдөх хугацааг 8 дугаар удаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 38х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 8 дугаар удаа сунгах тогтоол /хх-ийн 39х/, мөрдөн байцаалт явуулах хугацааг 9 дүгээр удаа сунгах тогтоол /хх-ийн 42х/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 49х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх,..эрүүл мэнд, нэр төр, ..эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан...этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т: иргэн нь...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж тус тус хуульчлан заасан байна.

Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д “байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал”-ыг засгийн газрын нөөц сангаас гаргана гэж заасан байна.

Нэхэмжлэгч Н.С-ын хууль бусаар хоригдсон хугацааны хохирлыг тооцохдоо түүний хууль бусаар цагдан хоригдож байсан үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Монгол улсын Засгийн газрын 2007.12.26-ны өдрийн №350 тоот тогтоол/-тэй уялдуулж, тухайн хоригдсон үеийн хөдөлмөрийн хөлсний 1 цагийн үнэлгээг ажлын 8 цагаар үржүүлэн тооцож хууль бусаар хоригдсон   1 хоногийн хохирлыг тооцож, уг гарсан хэмжээг баривчлагдсан хоногоор нь үржүүлж гаргах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Ийм аргачлалаар тооцоход: нэхэмжлэгч Н.С-нь: 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 295 хоног хоригдсон бөгөөд 1 цагийн хөдөлмөрийн хөлсний үнэлгээ тухайн үед 642.85 төгрөг байсан байх ба үүнийг ажлын 8 цагаар үржүүлэн тооцоход 5 142.8 /таван мянга нэг зуун дөчин хоёр төгрөг 08 мөнгө/ болж байх ба үүнийг хууль бусаар хоригдсон 295 хоногоор үржүүлбэл 1 517 126 /нэг сая таван зуун арван долоон мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг болж байна.

          Эндээс үзэхэд нэхэмжлэгч Н.С-ын 295 хоног хууль бусаар хоригдсоны нөхөн төлбөрийн хэмжээ нийт 1 517 126 /нэг сая таван зуун арван долоон мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг төгрөг болж байна. 

          Харин нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн зүгээс Н.С-ыг эрүүгийн хэрэгт өмгөөллийн туслалцаа авахдаа төлсөн 3 сая төгрөгийг болон одоо иргэний журмаар хохирлоо төрөө нэхэмжилж байхдаа эрхзүйн туслалцаа авсны хөлс 3 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь энэ шаардлагаа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч Н.С-ын хууль бусаар хоригдсоны нөхөн төлбөр 1 517 126  төгрөг дээр түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ирж очсон зардал 25 000 төгрөг, архивын лавлагааны 18 000 төгрөг зэргийг нэмж нийт  1 560 126 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг Төр буюу Монгол улсын Засгийн газрын нөөц  сангаас гаргуулж, үлдэх  33 317 874 /гучин гурван сая гурван зуун арван долоон мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын нөөц сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 1 560 126 /нэг сая таван зуун жаран мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 33 317 874 /гучин гурван сая гурван зуун арван долоон мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар иргэн Н.С-ын нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор, ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР

                                          ШҮҮГЧИД                                   Ш.АЛТАНЦЭЦЭГ                   

                                   

                                       Р.БАТБАЯР