Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

 

 

   2022            03           07                                       2022/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Ц.Отгонсүрэн, 

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2210000000060  дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,  2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E Март” худалдааны төвд үйлчлүүлж байсан Т.О-ын цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  “I phone 11 Хs Мax” загварын гар утсыг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө-аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 221000000 0060 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

            1. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хохирогч Т.О-ын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл (хавтас хэргийн 3 дахь тал),

            2. Хохирогч Т.О-ын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ны орой 17:30 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт байрлах “И Март” худалдааны төв дотор хүнсний бүтээгдэхүүн цуглуулаад явж байсан. Тухайн үед хүн ихтэй байсан. Эхнэрийн цүнх утсыг аваад бид хоёр салж хүнсээ цуглуулаад касс дээр ирэхэд гар утас байхгүй болсныг мэдсэн. Тэгээд гар утсаа машин дотроо үлдээсэн байх гэж бодоод залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан болохоор нь машиндаа очиж үзээд буцаад хяналтын камер шүүх хэсэгт очиход өөдөөс хамгаалалтын албаны залуу таны утас мөн үү гээд миний гар утсыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 9-10 дахь тал),

            3. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б.Ө-с эд зүйл хураан авсан тэмдэглэлд:

            - Ай фоне брендийн экс макс загварын, имэй _ дугаартай, шаргал өнгийн цагаан шаргал кейстэй гар утас 1 ширхэгийг Б.Ө-аас хураан авсан тухай (хавтас хэргийн 20 дахь тал),

            4. Хохирогч Т.От 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “I phone Хs max” загварын, имэй _ дугаартай хар дэлгэцтэй, шаргал өнгийн гар утас 1, шаргал өнгийн утасны гэр 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),

            5. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Имарт худалдааны төвийн хяналтын камерын өрөөний камерын бичлэгт үзлэг хийхэд:

             -Уг бичлэг эхлээд 03 секундэд ...Б.Ө нь шаргал өнгийн юүдэнтэй малгайтай, цагаан өнгийн куртик, гартаа бор өнгийн малгай барьсан, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, “Е Март” худалдааны төвийн хяналтын камерын өрөө рүү орж ирж хамгаалалтын албаны 2 ажилтны нь захад сууж байгаа нүдний шилтэй, хар өнгийн куртик, саарал өнгийн цамцтай эрэгтэй хамгаалалтын ажилтны ард баруун талын халааснаасаа хар өнгийн гар утас гарган сандал дээр нь тавиад гараад явж байгаа нь харагдана.

             - 26 секундэд Б.Ө нь хяналтын камерын өрөө рүү орж ирж байгаа байдал нь харагдана

 - 27 секундэд Б.Ө нь хамгаалалтын ажилтны ард гар утас тавьж байгаа байдал нь харагдана...” харуулсан тухай болон, гэрэл зураг, уг бичлэгийг буулгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

6. “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НЦУГ-22-03 дугаартай: “ I phone Xs Max маркийн гар утасны зах зээлийн үнийг 1.050.000 төгрөгөөр тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

7. Яллагдагч Б.Ө-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Март” худалдааны төвийн 1 давхрын хүнсний тасаг дээр явж байгаад эрэгтэй хүний цүнхнээс “I Phone Xs Max” загварын гар утсыг нь хулгайлж авсан. Тэгээд гарч яваад цагдаагийн алба хаагчид баригдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Б.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэлт  бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн _ овогтой _ төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал), 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн _ овогтой _ төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 53 дахь тал), 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн _ овогтой _ төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 37-43 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ө нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцсон ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E Март” худалдааны төвд үйлчлүүлж байсан Т.О-ын цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар   “I Phone 11 xs max” загварын гар утсыг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

            - Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хохирогч Т.О-ын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл (хавтас хэргийн 3 дахь тал),

            -Хохирогч Т.О-ын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 9-10 дахь тал),

            -2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Б.Ө-с эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтас хэргийн 20 дахь тал),

            -2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Т.О-т гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтас хэргийн 21 дэх тал),

            -Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И Март худалдааны төвийн хяналтын камерын өрөөний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

-“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НЦУГ-22-03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ө нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эзэмшлээс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Ө-ын гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 1.050.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Тодруулбал: шүүгдэгч Б.Ө нь хохирогчийн гар утсыг авч хохирол учруулсан бөгөөд  “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №НЦУГ-22-03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “iphone Xs Max” маркийн гар утсыг 1.050.000 төгрөгөөр үнийг тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Т.О-т 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гар утсыг биетээр нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтас хэргийн 21 дэх тал), 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Би гар утсаа түргэн шуурхай олж авлаа...” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Т.О-т төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...” гэсэн үндэслэлээр хорих ялыг 1 жилээр хойшлуулах саналтай.  Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах, Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.Ө-ын хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэрэгт 2001, 2005, 2006, 2009 онд ял шийтгэгдэж байсан байх ба ялыг бүрэн эдэлж дуусгавар болсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Иймээс шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хор уршгийг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

   Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Ө нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бага насны буюу 3 сартай 2 ихэр, 9 настай хүүхдүүдтэй өрх толгойлсон эх, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хувийн байдалд нь дүгнэлт хийж, улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах тухай дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг сонгож хэрэглэсэн болно.

  

3. Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Б.Ө-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

              3. Шүүгдэгч Б.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгч Б.Ө-т хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.      

 

              7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.О-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН