Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0229/З |
Дугаар | 128/ШШ2020/0655 |
Огноо | 2020-10-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2020/0655
2020 оны 10 сарын 12-ны өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Б.Э нарыг оролцуулан “Т б а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “Т б а” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 29.354.139 /хорин есөн сая гурван зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин ес/-н төгрөгийн татвар суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогоолгох тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татварыг суутган авах талаараа урьдчилан мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хожим татварын суутгал хийсэн эсэх талаар Татварын байгууллагаас лавлахад татварыг сайн дураар төлөөгүй учраас суутган авсан талаар хэлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байна. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татварын суутгал хийж байгаа үйлдэл нь захиргааны байгууллагын захирамжилсан шийдвэр буюу үйл ажиллагаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэгт заасан журамласан шинжтэй үйлдэл байна.
Иймээс нэхэмжлэгчийн зүгээс татварын суутгал хийсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус байгууллагын данснаас татварын шууд суутгал хийсэн захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан “захиргааны захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн зүгээс нэхэмжлэгч байгууллагын данснаас татварын шууд суутгал хийж авсан нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дэх хэсэгт заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх илт хууль бус актын шинжийг хангаж байгаа бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь харьяаллын дагуу Баянгол дүүргийн татварын хэлтэст харьяалагдах атал Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс татварыг суутган авсан байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагаас захиргааны актыг бичгээр гаргаагүй бөгөөд байгууллагаас татварыг суутган авсан захирамжилсан үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг тодорхойлж өгөөгүй . Энэ нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.4-т заасныг зөрчиж үйлдсэн буюу хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байна.
Иймээс Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн илт хууль бус актын улмаас 29.354.139 төгрөгийг хууль бусаар суутгаж нэхэмжлэгчийг хохироосон болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн байцаагч энэхүү суутгалыг хийсэн талаар мэдсэн боловч хэн гэдэг байцаагч суутгасан болох нь тодорхойгүй байх бөгөөд Татварын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10/383 дугаар албан бичигт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн албан татвар суутган авсан үйлдлийг хууль зөрчөөгүй гэх байдлаар гомдлын хариу өгсөн нь тус хэргийн хариуцагч этгээд нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болохыг тодорхойлж өгсөн байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч татварын хугацаа хэтрүүлсэн өрийг төлүүлсэн гэж хариу тайлбар өгдөг. Тухайн үеийн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд зааснаар татварын албанд тухайлан тогтоосон татварыг төлүүлэхдээ мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулна гэж заасан үүнтэй холбоотойгоор мэдэгдэх хуудас хэргийн материалд авагдсан. Гэтэл мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч талд гардуулсан эсэх нь тодорхойгүй. Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д гардуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор багтаан татварыг төлөх шаардлагатай байна гэж заасан байхад мэдэгдэх хуудсанд 3 хоногийн дотор багтааж төл гээд төлөөгүй гэдэг үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 29.354.139,00 төгрөгийг татан авсан нь хууль бус байна. Өнөөдрийн яригдаад байгаа авто тээврийн татварын асуудал нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1- д заасан аль өр вэ гэдэг нь тодорхойгүй байна. Татварын алба татварын өрийг барагдуулах эрхтэй. Гэтэл хэргийн материалд авагдсан мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга батлаагүй. Татварын албаны дарга нь өрийг барагдуулахаар банканд тоот бичсэн байна. Мэдэгдэх хуудсыг татварын албаны дарга баталгаажуулах, ямар хугацаанд дансыг хаах талаар заасан байх ёстой. Гэтэл 2 удаагийн үйлдлээр татан авалт хийж байгаа энэ мэдэгдэх хуудас нь улсын байцаагч н.М гэдэг хүний гарын үсэг, тэмдэгтэй болохоос биш татварын албаны дарга н.С баталсан мэдэгдэх хуудас биш юм. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг үндэслээд татварыг суутган авсан нь хууль бус юм. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна гэж заасан. Гэтэл төрийн захиргааны байгууллага хуулийн дээрх заалтыг үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа тээврийн хэрэгсэл болгон татвар төлнө гэж заасан тухайн тээврийн хэрэгслийн эзэмшиж байгаа буюу авто тээвэрт нэр нь бүртгэлтэй этгээд татвар төлнө гэсэн шууд нэрлэн заасан зохицуулалт биш.
Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар тухайн тээврийн хэрэгсэлд татвар ногдуулна. Хасагдвал дараа улирлаас эхлэн зогсооно гэсэн зохицуулалт болохоос биш тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигч нь төлөх ёстой гэсэн зохицуулалт биш.
Эзэмшлийн асуудал дээр Иргэний тухай хуулийн 89.2, 89,3-т заасан байна. Эдгээрээс юу харагдаж байна гэхээр энэ тээврийн хэрэгслүүдийн бүртгэл яагаад нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байгаа вэ гэхээр нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл ломбард юм. Банк бус санхүүгийн байгууллага биш. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгөөр хангуулах гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулагдаж байна. Энэ гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийн дагуу бүртгэлийг өөртөө шилжүүлдэг тухайн зээлдэгч этгээд тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшиж, ашигладаг. Энэ баримттай маргахгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээнд ямарваа нэгэн зам тээврийн осол, гэм хор, татвар, хураамжтай холбоотой асуудалд зээлдэгч төлж барагдуулна гэж заасан байдаг. Энэ тээврийн хэрэгсэл хэзээ нэхэмжлэгч байгууллагын эзэмшилд шилждэг вэ гэхээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 235.6-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд. Зээлдэгч зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсний улмаас нэхэмжлэгч байгууллагад талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар өөрийн эзэмшилдээ бодитой гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болдог. Энэ үеэс эзэмшил нь нэхэмжлэгч байгууллагад үүсэж байна. үүнээс хойших татварыг нэхэмжлэгч тал төлөх ёстой. Гэрээний харилцаа дуусгавар болоод Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.6 д зааснаар эд хөрөнгө эзэмшин зарцуулах гэрээний дагуу ашиг алдагдал нь нэхэмжлэгч байгууллага дээр үүсдэг учраас энэ хугацаанаас хойш эзэмшил үүснэ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хууль эзэмшиж буй этгээд нь нэхэмжлэгч байгууллага биш. Мөн харьяалал зөрчиж татвар суутган авсан байгаа. Татварыг хугацаанд нь төлөөгүй учраас татвар төлөх хугацааг богиносгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 96 дугаар зүйлийн 96.1-т заасны дагуу эзэмшил дуусгавар болж нэхэмжлэгч байгууллага татвар төлөх эрх үүсэж байгаа. Иймд шүүх фидуцийн гэрээг тайлбарлаж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.
Иргэний хуулийн 96 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээ, авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн 3 дугаар зүйлийн 3.1 буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хууль зүйн хувьд л няцааж байгаа юм. Тэрнээс нэгэнт бүртгэсэн бүртгэлийг няцаах боломжгүй. Иргэний тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 238 дугаар зүйлийн 238.6-д заасны дагуу эзэмшиж буй хүн төлнө гэсэн болохоос авто тээврийн хэрэгсэл авто тээврийн үндэсний төв буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд татварыг төлнө гэсэн зохицуулалт байхгүй. Иймээс татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан заалтыг буруу хэрэглэж байна. Татварын ерөнхий хуульд заасан 55.1.1-55.1.3-т заасан өр төлбөрүүдийн яг ямар татварын өр үүсээд байгаа вэ гэдгийг тодорхойлоогүй. Сонсох ажиллагаа хийгдээгүйгээс болоод тухайн тээврийн хэрэгслийн талаар тодруулахгүйгээр татварыг суутган авсан учраас дээрх үндэслэлүүдээр 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 29.354.139 төгрөг суутган авсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагч Н.Х, Б.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” мөн хуулийн 47.1.3-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч харьяаллын бус татварын хэлтсээс суутгал хийсэн гэж нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчөөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй байна. Мөн Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуй нэгж байгууллага албан татвар төлөгч байх”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж заасан байна. Нэхэмжлэл гаргасан байгууллага нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэн тул Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгч болж байна. Иймд албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байдаг. Татварын алба хуулийн хугацаанд төлөөгүй автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураахаар Татварын ерөнхий хууль /2008/-ийн 61 дүгээр зүйлийн 61.2-т: “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна” гэж зааснаар татварын өр хураах ажиллагааг хэрэгжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
.... Нийслэлийн татварын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/64 дүгээр тушаалаар 2019 оны Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн бүртгэл болон орлогын бүртгэлд хяналт тавих ажлыг хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг холбогдох хугацаа хэтэрсэн татварын өртэй татвар төлөгчдийн судалгааг гаргаж татварын улсын байцаагч нар өртэй татвар төлөгчидтэй уулзаж татвар төлөх талаар мэдэгдсэн ба хариуцагч “Т б а” ХХК нь 4 аж аyxй нэгжээр бүртгэлтэй татварын өр төлбөртэй байсан. Тухайн үед компанийн удирдлага нь ирж татварын өрийн үнийн дүнгийн 60%-р дансны таталт хийлгэхээр уулзалт хийсэн байдаг. Мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд татвараа төлөөгүй тул Татварын ерөнхий хуулийн /2008/-н 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар татварын өр хураах ажиллагааг хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй байна. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хувь хүн, этгээд төлөхөөр хуульчилсан байдаг бөгөөд энэхүү эзэмшил гэдгийг улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлээр тодорхойлдог. Нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх тул Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгч байна гэж” заасны дагуу Нэхэмжлэгч уг татварыг төлөхөөр байна. Татварын өрийг хураах ажиллагаа хуульд заасны дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татварын алба хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татварын үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа. Нэхэмжлэгч нь авто тээврийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тухайн аж ахуйн бүртгэлтэй байгаа авто тээврийн хэрэгслүүдийн төлөөгүй байсан төлбөрүүдийг төлүүлэх ажиллагааг хуулийн дагуу төлүүлэх ажлуудыг хийсэн. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Авто тээврийн эзэмшигч өөрөө авто тээврийнхээ татварыг тухайн оныхоо 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлсөн байх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч хуулийн хугацаандаа төлөөгүй ба 2019 оны 12 дугаар сарын сүүл хүртэл төлөөгүй байсан. Үүнийг төлөх үүргийг удаа дараа нэхэмжлэгч талд танилцуулж, уулзаж ярилцсан. Тухайн үед нэхэмжилсэн татварын дүнгийн 60 хувиар дансны битүүмж хийхээр ярилцаад түүний дагуу дансны таталтыг хийсэн. Энэ нь татвар төлөгчид дараа нь тооцоог тулгаж болох боломжийг олгосон шийдэл юм. Хугацаандаа татвар төлөөгүй хугацаа буюу 6 сарыг хэтрүүлсэн хугацааных нь ямар нэгэн хариуцлага тооцож албан торгууль төлүүлээгүй. Ийм байдлаар хөнгөлөлттэй нөхцөлүүдийг үзүүлсэн. Нэхэмжлэгчээс маргаж байгаа зүйл нь манайх энэ машин эзэмшигч биш байтал манайхаас татварыг авч байна гэж маргадаг. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т тухайн авто тээврийг хэн эзэмшиж байна, тэр нь төлнө гэж заасан байдаг. Эзэмшиж байна гэдгийг яаж тодорхойлж байна гэхээр тухайн хөрөнгө хэний бүртгэлд бүртгэгдэж эзэмшлийн гэрчилгээ хэнд байна гэдгээр нь тодорхойлж байгаа. Иймд авто тээврийн татварыг ногдуулж байна. Авто тээврийн газар тээврийн хэрэгслийн бүртгэлээ өөрчлөх бүрд нь мэдээллийн сангаас харж болдог.
Мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хугацааны хувьд татварын алба шаардлагатай тохиолдолд 10 хоногоос бага хугацааг тогтоож болно гэж заасны дагуу хугацааг тогтоож заасан хугацаанд төлөөгүй учраас холбогдох татварыг төлөх мэдэгдэх хуудсыг банканд хүргүүлсэн. Татварын алба нь нэгдсэн босоо удирдлагатай байгууллага. Нийслэлийн татварын харьяа дүүргийн татварын алба гэж байдаг. Авто тээврийн хэрэгслийн татвар нь нийслэлийн нэгдсэн төсвийг бүрдүүлдэг. Сүхбаатар дүүргийн татварын албаны дансанд эсвэл Чингэлтэй дүүргийн татварын албаны дансанд гэж ордоггүй. Нэг л нэгдсэн дансанд татвар хуримтлагдаж байдаг. Тэгэхээр иргэн, хуулийн этгээд нийслэлийн хэмжээнд нэг л дансанд татвараа төлдөг гэсэн үг. Татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг үндсэн хаяг нь Баянгол дүүрэг. Нэхэмжлэгч С л гэх нэртэй үйл ажиллагаа явуулдаг авто машин барьцаалан зээлдүүлэх газрын хэд хэдэн салбар дүүргүүдэд байдаг. Хэргийн материалд байгаа лавлагаа нь Сүхбаатар дүүргийн авто тээврийн төрлийн бүртгэлээр бүртгэсэн. Татварын алба хуульд заасан татвар хураах үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. Иймд татварын хууль тогтоомжийн дагуу татварын өрийг төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн татварын улсын байцаагчийн үйлдэл хуульд нийцэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Авто тээврийн хэрэгслийн татвар, Авто замын ашиглалтын төлбөр, агаарын бохирдол гэсэн гурван төрлөөр тодорхойлогдож байгаа татвар юм. Татварын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан харьяалал зөрчсөн гэсэн асуудал байхгүй. Чиг үүргийн хэмжээнд татвараа хураасан. Татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдаж татварыг суутгалаа гэж яригдаад байгаа. Энэ нь татварын хуулийн татвар төлөх үүрэг нь бий болсон татвараа хуулийн хугацаанд төлөөгүй учир хуульд заасан үндэслэлийн дагуу холбогдох ажиллагаа хийгдэж татварыг хураах ажлаа хийсэн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан. Ямар ч татварын өргүй байхад нь татварыг хураан авсан зүйл байхгүй. Ийм учраас татварын улсын байцаагчийн хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 29,354,139.00 /хорин есөн сая гурван зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин ес/-н төгрөгийн татвар суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн DNP191211005 дугаартай мэдэгдэх хуудсаар “Т б а” ХХК-д үүссэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Автозам ашигласны төлбөрийн ногдлыг төлөх хугацаа тогтоон, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлийн 711.2.1-д заасан ажиллагааг явуулахаас гадна Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлээгүй, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.1, 11.3-д заасны дагуу хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг мэдэгдсэн байна.
Улмаар “Т б а” ХХК-д авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварт үүссэн 19,499,351.40 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт үүссэн 9,854,787.60 төгрөгийн, нийт 29,354,139.00 төгрөгийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн Х б байрлах харилцах данс дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар суутган гаргуулсан байна.
Үйл баримтын хувьд, “Т б а” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг барьцаалж, эзэмших эрхийг нь шилжүүлэн авдаг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд автомашины эзэмших эрхийг буцаан шилжүүлдэг бөгөөд ийнхүү тээврийн хэрэгслийн эзэмшигч байх хугацаанд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт ногдуулсан 19,499,351.40 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт ногдуулсан 9,854,787.60 төгрөгийн, нийт 29,354,139.00 төгрөгийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төсөвт төлөх нөхцөл байдал үүсжээ.
Хариуцагч татварын өрийн тооцооллыг татвар, төлбөрийн төрлөөр, татварын ногдлын дэлгэрэнгүйг татвар, төлбөрийн төрлөөр, тээврийн хэрэгсэл тус бүрээр марк, улсын дугаар, арлын дугаар, нэхэмжлэгч компанийн эзэмшилд байсан хугацаагаар тус тус гаргаж ирүүлсэн, тооцооллын хувьд болон тухайн тээврийн хэрэгсэл эзэмшилд байсан эсэх, татварыг төлсөн эсэхэд нэхэмжлэгч маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан шууд эзэмшигч бөгөөд, мөн хуулийн 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч автомашины эзэмшигч болсон үндэслэлээр эзэмшилд байх хугацаанд тухайн автомашинд ногдох татвар, төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй, автомашины жинхэнэ өмчлөгч төлөх үүрэгтэй, татварыг шууд суутган авсан татварын албаны үйлдэл нь тус компанийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй зэрэг үндэслэлээр илт хууль бус хэмээн маргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь маргаан бүхий татварыг суутган авсан үйлдлийг хэрэгжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагын захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдын татвар ногдох эрх буюу эзэмшигчийн бүртгэлийг өөртөө шилжүүлэн авснаар Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу тухайн татвар төлөгчийн үүргийг өөртөө авсан, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д татварын алба нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай байхаар хуульчилснаар өөрт үл хамаарах асуудлаар татвар ногдуулсан гэж буруутгах боломжгүй, хувийн эрх зүйн гэрээний үүргийн улмаас үүссэн харилцаанд буй үндэслэлийг нийтийн эрх зүйн хүрээнд маргаж буй одоогийн маргаанд төсөөтэй хэрэглэхгүй, энэ зарчим үйлчлэхгүй болно. Сонсох ажиллагаа хийгээгүй, харьяалал зөрчсөн зэрэг асуудал нь маргаж буй актыг /үйлдлийг/ илт хууль бус гэж тогтоох үндэслэл болохгүй юм.
Илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлийг илүү дэлгэрэнгүй авч үзвэл, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувьд эзэмшигч нь татвар төлөгч байхаар, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байхаар, түүнчлэн Автотээврийн тухай хуульд заасан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд тухайн тээврийн хэрэгслийн албан татварыг, мөн авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар, 7 дугаар зүйлийн 7.1-д хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөхөөр, 7.2-т аж ахуйн нэгж байгууллага авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж, дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлэхээр хуульчилжээ.
Авто замын тухай хуульд зааснаар автозамын сан бүрдүүлэх, улсын болон орон нутгийн чанартай зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, засвар арчлалтад хяналт тавих эрхийн хүрээнд улсын болон орон нутгийн зам ашигласны төлбөрийг эрх бүхий этгээдээс тогтоодог байна. Энэ утгаараа нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тогтоосон, үүгээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг техникийн үзлэг оношилгоонд хамруулах, албан татвар, төлбөрийг хураах, даатгалд хамруулах тогтолцоог зохицуулсан, тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдээс тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, автозам ашигласны болон агаар бохирдуулсны төлбөрийг татварын алба хураахаар байна. Ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд техникийн тодорхой үзүүлэлтүүдээр улсын дугаар, арлын дугаараар бүртгэгддэг, энэ бүртгэгдсэн үзүүлэлтүүдээр татвар, төлбөрийн хэмжээ тодорхойлогддог, улсын дугаар, арлын дугаараар бүртгэгдсэн тул нэг тээврийн хэрэгсэлд өмнөх, дараах эзэмшигчид татвар, төлбөр давхардуулан ногдуулах, төлүүлэх явдал үүсэхгүй, иймд энэ талаар маргаагүй.
Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар татварын алба татвар ногдуулалт, төлөлтийг хянах, удирдлагаар хангах, хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах, албаны үйл ажиллагаа ил тод байх зориулалт бүхий бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай, тэр санд хөндлөнгийн тухайлбал, гаалийн, автотээврийн гэх мэт мэдээллийг хууль тогтоомжид зааснаар цуглуулах эрхтэй, энэ эрх, чиг үүргийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Татварын ерөнхий газрын хооронд “Мэдээлэл харилцан солилцох гэрээ” хийгдсэн, гэрээнд тусгагдсанаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг Татварын ерөнхий газарт ирүүлж, татварын мэдээллийн санд бүртгэдэг байна.
Шүүхийн шаардсанаар Авто тээврийн үндэсний төв “Т б а” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан огноогоор тээврийн хэрэгслийн лавлагааг марк, улсын дугаар, арлын дугаараар ирүүлсэн, нэхэмжлэгч мөн л тухайлан тээврийн хэрэгслийг эзэмшилд байсан эсэх, эзэмшилд байсан хугацаатай маргаагүй, энэ бүртгэл нь тус компанийн эзэмшилд байсан хугацааг тодорхойлох бөгөөд энэ хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэнийг нотолж байна.
Иймд “Т б а” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хугацаанд тухайн автомашины татвар, төлбөрийг төлөх үүрэгтэй, тухайн машиныг ашиглаагүй, өмчлөгч биш, фидуцийн гэрээгээр эзэмшилдээ шилжүүлсэн гэх үндэслэлүүд түүнийг хуулиар ногдуулсан албан татвар, төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй, татварын алба тус компанид татвар, төлбөрийн ногдол үүсгэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.
Түүнчлэн татварын өрийг төлүүлэх хугацаа тогтоосон, төлөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан хугацаанд нь төлөөгүй татварыг хураах ажиллагааг хэрэгжүүлэх талаарх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн татварын албаны DNP191211005 дугаартай мэдэгдэх хуудсыг Монгол шуудан ХК 12 дугаар сарын 18-ны өдөр татвар төлөгчийн хаягаар гардуулсан нь Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасанд, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн Х б байрлах харилцах дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар суутган гаргуулсан нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан хугацаанд нь төлөөгүй татварыг хураах журамд тус тус нийцсэн байна.
Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 711 дүгээр зүйлийн 711.2.1-д зааснаар арилжааны банк нь харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банканд 12 цагийн дотор шилжүүлэх үүрэгтэй.
Иймд татварын улсын байцаагч 29.354.139.00 төгрөгийг татвар, төлбөрт суутган авсан үйлдэл хуулиар зохицуулагдсан, татварын албаны татвар, төлбөр суутган авсан энэ үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу “эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарахгүй, илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Т б а” ХХК нь зээлийн барьцааны гэрээндээ тухайн гэрээний хугацаанд албан татвар, төлбөр хураамжийг хэрхэн барагдуулахыг зээлдэгчид үүрэг болгох, үүнээс үүдэлтэй хохирлыг хэрхэхийг тусгах, нэгэнт үүссэн татвар, төлбөрийн ногдол, төлөлтийг үүрэг гүйцэтгэгчээс иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх боломжтой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 63 дугаар зүйлийн 63.1, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т б а” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 29,354,139.00 төгрөгийг албан татвар, төлбөрт суутган авсан захиргааны актыг /үйлдлийг/ илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 72000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б