Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/1307

 

2015 оны 7 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/1307

Улаанбаатар хот

 

Дийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Дийн нэхэмжлэлтэй Д аймгийн Цагдаагийн газар болон Цагдаагийн газрын даргадхолбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д аймгийн И сумын цагдаа албан тушаалтай, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хууль ёсны ээлжийн амралтыг эдэлж эхэлсэн. Д аймгийн Цагдаагийн газрын даргын тушаал 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарч Д миний И сумын цагдаа албан тушаалыг өөрчилж, мөн өдрөөс Эрүүлжүүлэх, Баривчлах байрны жижүүрийн цагдаа албан тушаалд томилсон тухай ээлжийн амралт дуусч ажилдаа орсноор мэдсэн. Энэ тушаалыг хууль ёсны ээлжийн амралттай байх хугацаанд гаргасан. Иймд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү. 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох болсон. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Д аймгийн Цагдаагийн газрын даргын 86 дугаар тушаалаар Эрүүлжүүлэх, Баривчлах байрны жижүүрийн цагдаагаар Д миний албан тушаал өөрчлөгдөн, энэ мөнгөн урамшуулалд хамрагдаж чадаагүй. Д би 2004 оноос 2008 он хүртэл Замын-Үүд сумын цагдаагаар 3 жил, 2008 оноос 2009 он хүртэл Хөвсгөл сумын цагдаагаар 1 жил, 2009 оноос 2013 он хүртэл И сумын цагдаагаар 4 жил ажилласан тул энэ мөнгөн урамшуулалд хамрагдах байсан. Иймд миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж хохирч байгаа тул, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш сарын хугацаанд энэхүү мөнгөн урамшууллыг олгуулах тухай тус цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү. 2014 оны 03 дугаар сарын 24-нд шуудангаар энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын даргад өргөдөл бичиж явуулсан. Цагдаагийн Ерөнхий газраас 2014 оны 6 сард дотооддоо шалга гэсэн шийдвэр өгсөн. Мөн энэ асуудалтай холбогдуулан 2014 оны 8 дугаар сард дахин өөр албан хаагч Цагдаагийн Ерөнхий газарт хандахад 9 дүгээр сард туслах комиссар н.Энхтогтох даргаар ахлуулсан төлөвлөгөөт бус ажлын хэсэг ирж ажлын 5 хоног шалгаад явсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны шүүхэд хандаж тушаалыг хүчингүй болговол, мөнгөн урамшууллыг олгоно гэж хариуг утсаар мэдэгдсэн гэжээ.

 

Хариуцагч Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн ахлах ахлагч Д нь тус Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалаар И сумын цагдаагийн ажлаас чөлөөлөгдөн эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар томилогдож мөн өдрөөс ээлжийн амралт эдэлсэн байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2 дахь хэсэгт заасан урамшлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 1 удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн албан хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг тооцож 2015 оноос эхлэн олгоно, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 86 тоот Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай тогтоолын хавсралтын 5 дахь хэсэгт зааснаар Аймгийн төвөөс бусад суманд томилогдон тасралтгүй 60 сар ажилласан боловч 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн албан хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй гэсэн заалтын дагуу тус Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Дт олгогдох боломжгүй байсан болно. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр Бүтэц орон тоо батлах тухай тушаалаар цагдаагийн ахлах ахлагч Дийн ажлын байр эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаа албан тушаалаар ТТ-6 шатлалаар батлагдаж ирсэнээр албан тушаалын цалин олгогдож байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Д аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын Дт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дийн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил авахтай холбоотой баримт бичгийг бүрдүүлэн цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-т заасныг баримтлан баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын цалингийн тодорхой хувийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс, эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн цалинг 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс тус тус тооцон олгохыг цагдаагийн байгууллагад даалгах болон хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагч 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Д аймгийн Цагдаагийн газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалын Дт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг тус тус баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д нь ээлжийн амралтаа эдэлж ирээд албан тушаал өөрчлөгдсөнийг мэдсэн боловч үргэлжлүүлэн И сумын цагдаагаар ажиллах хүсэлт гаргаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2 дахь заалтыг зөрчөөгүй болно. И сумын цагдаагийн албан тушаалаас өөрчлөгдсөнийг Дт мэдэгдэж байж эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллуулсан ба энэ нь урьдчилан танилцуулсан гэж үзэх үндэслэл болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргах журмыг зохицуулсан бөгөөд захиргааны актыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Д нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаа, журмаар гомдлоо гаргах, шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл мэдсээр байж, өөрөөсөө шалтгаалан өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, мөн хуулийн 12.1 дэх хэсэгт заасан тохиолдол бий болоогүй байхад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэхь хэсэгт ...төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан ба тушаалд мөн хуулийн дээрх заалтыг буруу үндэслэсэн хэдий ч Дийг өөрийн байгууллага дотор сэлгэн томилсон тул хууль зөрчөөгүй. Цагдаагийн газрын даргын 86 дугаар тушаал 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан ба Цагдаагийн албаны тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их хурлаар батлагдахад уг хуулиар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил 5 жил тутамд олгох баталгаа батлагдах эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй байсан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэхь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулалд хамрагдах бичиг баримтыг Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Д аймаг дахь Цагдаагийн газарт даалгахыг хүссэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын цалингийн тодорхой хувийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс, эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн цалинг 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс тус тус тооцон олгохыг Д аймаг дахь Цагдаагийн газарт даалгах, хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагч 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгааг хуулийн дагуу шийдвэрлүүлэх зэрэг шаардлага тус тус гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь баривчлах байрны жижүүрийн цагдаагийн албан тушаалын цалингийн тодорхой хувийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс, эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн цалинг 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс тус тус тооцон олгохыг Д аймаг дахь Цагдаагийн газарт даалгах, хортой нөхцөлд буюу 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагч 72 цагийн амралтаа бүрэн эдэлж чадахгүй байгааг хуулийн дагуу шийдвэрлүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх ба Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 46 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин шүүх Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулалд хамрагдах бичиг баримтыг Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг Д аймаг дахь Цагдаагийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Дийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын өөртхолбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 34.1.8-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Дийг И сумын цагдаагийн ажлаас чөлөөлж, Эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар томилсон Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаал 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан байх бөгөөднэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах байжээ.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн /1993 оны/ 51 дүгээр зүйлийн 3-т зааснаар Цагдаагийн төв байгууллага цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж цагдаагийн алба хаагчийн ёс зүйн шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэж шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д дээрх маргаан бүхий захиргааны акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл хуулиар тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гомдлоо гаргах байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан Дийн ...И сумын цагдаагийн ажлаас чөлөөлж аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүрийн цагдаагаар томилсон тушаал гарсныг 2013 оны 8 дугаар сарын 05-нд мэдсэн... гэсэн тайлбараарЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэхь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр уг хугацаа дуусчээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Д нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын даргад өргөдөл бичиж өгсөний дагуу Цагдаагийн Ерөнхий газраас 2014 оны 6 сард дотооддоо шалга гэсэн хариу өгсөн гэж, мөн 9 дүгээр сард Цагдаагийн Ерөнхий газраас ирсэн шалгалтын хүмүүст мэдэгдэхэд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандаж тушаалаа хүчингүй болговол, мөнгөн урамшууллыг олгоно гэж утсаар мэдэгдсэн зэрэг тайлбар гаргасан ба уг хугацаанаас тооцсон ч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацаа мөн хэтэрсэн гэж үзэх үндэстэй.

Дээр дурдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь хэсэгт заасан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, 34.1.8 дахь хэсэгт заасан хуулийн 12.1,12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн зэрэг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд байхад анхан шатны шүүх илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй буюу гарсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж мэдсэн үеэс гомдол гаргахад ямар нэгэн хугацаа баримтлах шаардлагагүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрхи заалтуудтай нийцэхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Д Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 тоот тушаал гарч Эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар томилсоныг хүлээн зөвшөөрч тухайн томилсон ажил үүргийг гүйцэтгэж байсан атлаа Цагдаагийн албаны тухай хууль шинээр гарсантай холбогдуулан эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр даруй 1 жил 6 сарын дараа буюу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуулиар нарийвчлан зохицуулсан хөөн хэлэлцэх хугацаандаа хандсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул Д аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Дийн нэхэмжлэлтэй Д аймгийн Цагдаагийн газар болон Цагдаагийн газрын даргад холбогдохД аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулалд хамрагдах бичиг баримтыг Цагдаагийн төв байгууллагад хүргүүлэхийг даалгах-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, Дийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН