Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 116

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Жаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг /1761/

Шүүгдэгч Ц.Осоржамаа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийг 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Шаргалжуут овгийн Цэрэнбатын Осоржамаад холбогдох эрүүгийн 201626020011 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Тумбааш худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 15-532 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, Шаргалжуут овогтой Цэрэнбатын Осоржамаа /РД:ЧД70072863/.

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Осоржамаа нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Тумбааш” худалдааны төвийн 2 давхарт Л.Одончимэгтэй тус төвд жижүүр хийхээс хоцорсон, хоцроогүй гэж маргалдаж, өлгүүр модоор цохиж, Л.Одончимэгийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Осоржамаа мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших Тумбааш дэлгүүртээ лангуун дээрээ 15.00 цагийн үед ирсэн. Тэгээд удалгүй Одончимэг нь Мөнхтуяа, Бямбасүрэн нартай юм ярьж байснаа намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би хэл ам хийгээгүй байж байтал удалгүй ирээд толь өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь би хэл ам хийгээгүй. Тэгтэл дахин толь өшиглөхөөр нь би буцаагаад толийг нь түлхэхэд сандал нь цаашаа болсон. Тэгээд би лангуу руу хараад зогсож байхад модоор 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалахаар хохирогчийг 2 удаа цохьсон.

Би тэр хүний гар луу цохиж гэмтснээ мэдэхгүй байна. Ийм юм болсонд харамсаж байна. Би энэ хүнээс аль болох зугатаагаад байсан. Одончимэг худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байна” гэв.

 

Хохирогч Л.Одончимэг мэдүүлэхдээ: “Би 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тумбааш худалдааны төвд ганцаараа очсон. Тэгээд өөрийнхөө лангууны хажууд хувцасаа тайлаад байж байтал тэр хавийн уур амьсгал таарамжгүй байсаныг мэдэлгүй очсон. Тэгээд миний цаад талын лангууны эмэгтэй Мөнхтуяагаас юу болсон талаар асуухад Мөнхтуяа нь “чи жижүүрээс хоцорсон юм уу” гэж асуухаар нь би “хоцроогүй” гээд хэлтэл Осоржамаа гэх эмэгтэй нь “чи хоцорсон биздээ балай авгай минь” гэхэд нь би “чи бид хоёр хамт цахилгаан шатаар гарсан биздээ, чи миний урд явж байсан” гэж нэлтэл над руу дайрч давшлаад энэ балай авгай түрээсээ төлдөггүй, хэдэн цагт ирсэнээ мэдэхгүй гээд тэр хавиар орилж доромжилсон. Тэгэхээр нь би миний түрээсээ төлөх, хэзээ жижүүрээ хийх чамд ямар ч хамаагүй, чи өөрийнхөө юмаа хий гэж хэлсэн. Тэгсэн чинь Осоржамаа нь миний өлгөчихсөн байсан хувцаснуудыг дахин дахин авч газар шидээд энэ хувцаснуудаа ав гээд байснаа. Миний сандал тэр Осоржамаа гэх эмэгтэйн тольтой хамт зэрэгцээд байж байсан чинь миний суудаг сандалыг хараад энэ авсаа ав гээд толио түлхээд байхаар нь би эргүүлээд чи өөрийнхөө юмыг холдуул гээд толийг түлхээд нэг удаа өшиглөсөн. Тухайн үед доромжлуулаад аргаа ядахдаа би толийг нь өшиглөсөн. Тэгтэл Осоржамаа над руу ирээд миний зүүн хөлний гуя хэсэг рүү нэг удаа нилээн хүчтэй өшиглөсөн. Тухайн үед би хувцасаа өлгөдөг модоо барьчихсан унагаасан хувцасуудыг өлгөж байтал намайг өшиглөсөн болохоор би уурандаа гарт байсан модоороо нөгөө эмэгтэйгийн нуруу руу нэг удаа цохисон. Тэгтэл миний гарт байсан нарийнхан мод хугартал нөгөө Осоржамаа нь өөрийнхөө хувцас өлгөдөг модоо авчраад намайг хэд хэдэн удаа цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад зүүн гараараа хамгаалсан. Тэгтэл миний зүүн гарын дунд хуруунаас цус гараад хавдаж эхэлсэн. Тэгэхээр нь би цусаа гойжуулаад нөгөө эмэгтэй дээр очоод “чи миний гарнаас цус гаргачихлаа, маш их өвдөж байна, хугалчихсан юм шиг байна, цагдаа дээр очье” гээд хэлтэл Осоржамаа нь ус буцалгадаг данхаа аваад шууд намайг цохих гэж оролдсон. Тэгэхээр нь би айгаад буцаад лангуу руу орсон.

…би гэмтлийн эмнэлэг рүү хүүхэд Тэнгисийнхээ хамт очиж үзүүлэхэд …зүүн гарын дунд хурууны үений яс хугарсан байна гэсэн” гэжээ. /хх 11-13 хуудас/

 

Гэрч Д.Бямбацэрэн мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тумбааш худалдааны төвд ганцаараа очсон.

Миний санаж байгаагаар Одончимэг эгч миний араас ирсэн байхаа. Тэгээд Осоржамаа гэх эмэгтэйтэй ирсэн цагаасаа хойш жижүүрийн цагаас болж хоцорсон, хоцроогүй гээд хоорондоо хэрэлдээд байсан.

…Тэгээд нэг мэдсэн чинь тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Би зодолдож эхэлсэн үеийг нь хараагүй дараа нь зодолдож байхад нь харахад хувцас өлгөдөг урт модоороо бие биенээ цохиж зодоод байсан. Тэгтэл Одончимэг эгчийн гарнаас нь цус гараад тогтохгүй нилээн удаан суугаад байхаар нь бид нар эмнэлэг рүү яв гэсээр байгаад Одончимэг эгчийг эмнэлэг рүү явуулсан” гэжээ. /хх14-16 хуудас/

 

Гэрч Л.Туул мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тумбааш дэлгүүрт ойролцоогоор 13 цагт байхаа сайн мэдэхгүй байна. Осоржамаа, Одноо хоёр жижүүрийн асуудлаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн.

…Одноо нь гэнэт лангуунаасаа гарч ирээд Осоржамаагийн толийг түлхэж унгаад өшиглөөд энийгээ ав гэж хэлж уурласан. Тэгтэл Осоржамаа нь Одноогийн хөл рүү нь өшиглөх шиг болсон. Яг аль хөл рүү нь өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгтэл Одноо нь хувцас өлгөдөг модоороо Осоржамаагийн баруун гар руу нь цохих шиг болсон. …Тэгтэл Одноогийн мод нь хугарсан, Осоржамаа нь буцаагаад хувцас өлгөдөг модоороо Одноог цохисон. Би хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Тэгтэл нэг хүн ирээд модыг нь аваад болиулсан. …Дараа нь Осоржамаа нь миний нурууг хараад өгөөч  өвдөөд байна гэхээр нь нурууг нь хартал баруун талын дал нуруунаас баруун талын бугалга хүртэл хүрэнтээд улайсан байсан…” гэжээ. /хх 17-18 хуудас/

 

Гэрч Т.Мөнхтуяа мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тумбааш дэлгүүрийн 2 давхарт байрлах лангуундаа сууж байхад …хүмүүс чанга чанга хашгиралдаад байхаар нь хартал Одончимэгийн хувцас өлгөдөг мод нь хугарчихсан байсан. Би нээх сайн хараагүй. Сүүлд харахад Одончимэгийн гараас нь цус гарчихсан байсан…” гэжээ. /хх 19 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17657 дугаартай дүгнэлтэд: Одончимэгийн биед зүүн 3 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал үүсчээ.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө” гэж дүгнэжээ. /хх 21 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 3852 дугаартай дүгнэлтэд: Осоржамаа нь хүзүүнд үүссэн үүсгэвэрээс онош тодруулах зорилгоор амьд сорьцийн шинжилгээ авахуулж хариу гарсны дараа үзүүлнэ гэсэн тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ. /хх 68 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 786 тоот дүгнэлтэд: “Шинжээч эмч М.Отгонбаатарын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3852 тоот дүгнэлтэнд амьд сорьцийн шинжилгээ авхуулж хариу гарсаны дараа үзүүлнэ гэсэн тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна гэжээ. Ц.Осоржамаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Ц.Осоржамаа нь Бамбайн булчирхайн баруун талын зангилаат, уйлахнайт бахуу өвчтэй байна. Энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй” гэжээ. /хх103-104 хуудас/

 

Шинжээч эмч С.Одончимэг мэдүүлэхдээ: “Энэ бамбай булчирхайн өвчин нь энэ гэмтэлтэй холбоогүй. Бие даасан удаан явцтай өвчин байгаа юм. Энэ нь зодуулах үед үүсэх боломжгүй. Осоржамаагийн биед учирсан өвчин нь удаан явцтай, удаан жил үргэлжилдэг, архаг өвчин учраас гэмтэлтэй холбоогүй” гэжээ. /хх-121-122 хуудас/

 

Шинжээч эмч Б.Ариунтуул мэдүүлэхдээ: Хохирогч гэх Одончимэг нь гэмтэл авсан гэх 2015 оны 12 дугаар дугаар сарын 11-ний өдрөө манай шүүх эмнэлэгт үзүүлсэн байна. Тухайн үед нүдэнд харагдаж байсан гэмтлүүдийг бичсэн. Хэрвээ ийм цус хугаралт орхирсон байвал маш бүдэг, анзаарахгүй байж байгаад дараа нь тодорсон байх, тийм тохиолдол байдаг. Гэмтэл зэрэгт уг 2 нөлөөлөхгүй. Одончимэгийн биед байгаа гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи бүх гэмтлүүд нь хувцасны өлгүүр модоор үүсэх боломжтой” гэжээ. /хх-124-125 хуудас/

 

            Хохирогч Л.Одончимэгийн хохирлын баримт /хх 59-66 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23, 52 хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 28 хуудас/

Хохирогч Л.Одончимэгийн гэмтэл авсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-36 хуудас/

            Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоол /хх 55-56 хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 110-115 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Осоржамаа нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Тумбааш” худалдааны төвийн 2 давхарт Л.Одончимэгтэй тус төвд жижүүр хийхээс хоцорсон, хоцроогүй гэж маргалдаж, өлгүүр модоор цохиж, Л.Одончимэгийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Одончимэг /хх 11-13/, гэрч Д.Бямбацэрэн /хх 14-16/, Л.Туул /хх 17-18/, Т.Мөнхтуяа /хх-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17657 /хх 21/, 3852 /хх 68/, 786 дугаартай дүгнэлт /хх 103-104/-үүд, шинжээч эмч С.Одончимэг /хх 121-122/, Б.Ариунтуул /хх 124-125/, хохиролын баримтууд /хх 59-66/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23, 52/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 28/, хохирогч Л.Одончимэгийн гэмтэл авсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-36/, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоол /хх 55-56/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 110-115/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Осоржамааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Осоржамаа нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн /хх 55-56/ тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч Ц.Осоржамаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Л.Одончимэгийн зүй бус харьцаа, хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Л.Одончимэг нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 247,051 төгрөгийг авсан бөгөөд дахин мөнгө нэхэмжлэхгүй, өөр санал гомдол алга /хх 156/ гэсэн болохыг тус тус дурдав.    

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Осоржамаагийн анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, гэмт хэрэгт хохирогчийн зүй бус харьцаа, хууль бус үйлдэл нөлөөлсөн, бага насны олон хүүхэдтэй зэрэг хувийн болон бусад нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шаргалжуут овгийн Цэрэнбатын Осоржамааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаргалжуут овгийн Цэрэнбатын Осоржамааг 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Осоржамаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 247,051 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хэрэгт хавсаргасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.Осоржамаад оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Осоржамаагийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ