Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0193/Э |
Дугаар | 2022/ШЦТ/157 |
Огноо | 2022-03-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Бадрал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/157
2022 03 07 2022/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000071 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:
Яллагдагч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн _ тоотод архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ш.Б-тай маргалдаж улмаар дух хэсэгт нь заазуураар 2 удаа цохиж, мөн гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь духанд шарх, 2 нүдний зовхи, цээжинд цус хуралт, баруун бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-аас: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 221000000 0071 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дэх тал),
3. Хүний биед 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
4. “Шар өнгийн иштэй 28 см урттай, 7.5 см өргөнтэй заазуур 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал),
5. Хохирогч Ш.Б-ы 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гадуур явж байгаад эхнэр Г.С руу хаана байгаа талаар утсаар ярьж асуусан. Тэгсэн чинь надад ах Ганхуягийнхаа гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь манай эхнэр хүү А, Г, А нартай хамт байж байсан. Тэгээд очиход эхнэрийг архи уучихсан байхаар нь уур хүрээд гарч яваад нэг шил 0.75 литрийн Тундра нэртэй архи аваад орсон. Тэр архинаас А, С, Г нартай хувааж уусан. А нь тухайн үед гэр рүүгээ орлоо гээд гараад явсан шиг санагдаж байна. Солонго уусан архиндаа жаахан халаад уур хүргээд бид хоёр маргалдаад хэрүүл хийгээд жаахан хараалын үг хэлчихсэн юм. Тэгсэн чинь Г дүүгээ өмөөрөөд бид хоёр барилцалдаж аваад намайг Г нүүр хэсэг рүү хоёр нүдний орчимд цохисон. Тэгтэл баруун талын духны орчим халуу дүүгсэн. Дараа нь уулзаад ярилцсан чинь намайг шар өнгийн иштэй заазуураар цохичихсон гэж хэлсэн. Би шууд тэднийхээс гараад явсан, гудамж руу уруудаж яваад толгой эргээд унах гээд байхаар нь нэг айл байхаар нь хаалгыг нь нүдээд тусламж гуйсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очсон байхад цагдаа нар ирсэн юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцана. Ерөнхийдөө Г уучлалт гуйж байсан эвлэрсэн гэж хэлж болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
6. Гэрч Г.С-н 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хангарди сити” хорооллын _ тоотод одоогоор бол хүүгийнхээ хамтаар амьдарч байгаа юм. Хүүгийн маань аавыг Ш Б гэдэг бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод хэсэг хугацаанд тусдаа амьдраад 2 сар гаран болж байна. Миний хувьд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г ахын гэрт буюу Хан-Уул дүүргийн _ тоотод очоод архи уугаад хоносон байсан. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б утсаар яриад хаана байгаа талаар асуухаар нь би Г ахын гэрт байна гэж хэлсэн чинь удахгүй очлоо гэж хэлээд ирсэн. Б 0.75 литрийн Тундра гэх нэртэй 1 шил архитай ирсэн. Тухайн архинаас нь А ах, Г ах, Б бид дөрөв хувааж уусан. Тэгээд Б намайг нялх хүүхэдтэй байж архи уулаа гээд хальт нэг алгадсан. Би унтлаа гээд унтсан. Нэг сэрсэн чинь Б толгойноос нь цус гарчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар Г ах болон Б нараас асуухад Б “Ах чинь намайг заазуурдчихлаа” гэж хэлсэн. Г ямар нэгэн юм хэлээгүй. Б гэрээс шууд гараад явсан. Би Б ардаас гүйж гараад олоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
7. Гэрч Г.А 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн _ тоотод одоо 4 хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хажуу айлын ах Г архи уугаад байж байхад төрсөн дүү С гаднаас Б нэртэй архи аваад орж ирсэн. Би тэр архинаас нь энэ хоёртой уучхаад гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь Г ах эрүүлжүүлэхэд хоноод ирлээ гээд гэртээ ирж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1616 дугаартай хүний биед хийгдсэн:
” Ш.Б-ы биед духанд шарх, 2 нүдний зовхи, цээжинд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Духны шарх нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
9. Яллагдагч Г.Г-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр С гээд миний төрсөн ахын охин үдээс хойш 13 цаг өнгөрч байх үед хүүхдийнхээ хамтаар манай гэрт нэлээн согтолттой ирсэн. Гэрт орж ирээд байж байхдаа нөхөр Батчулуунтай утсаар яриад л хэрэлдээд байсан. Тэгээд Батчулуун эрүүл орж ирчхээд эхнэртэйгээ хэрэлдээд гэрээс гараад явсан. Орой 20 цаг өнгөрч байхад 1 шил архитай орж ирсэн. А, С, Б бид нар тухайн архийг хувааж уусан. Ингээд архи ууж байхдаа Б С хэрэлдээд эхнэрээ цохиод байхаар нь би Б маргалдсан. Намайг цохиод байхаар нь миний дургүй хүрээд манай гэрт байдаг шар өнгийн иштэй заазуураар Б духны баруун хэсэгт хоёр удаа цохисон. Дараа нь заазуураа хаашаа хаясан талаар санахгүй байна. Үргэлжлүүлээд бид хоёр зодолдсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа гаргаж өгөөгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож дүгнэлт гаргахдаа хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, _ тоотод архи ууж, согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ш.Б-тай маргалдаж улмаар дух хэсэгт нь заазуураар 2 удаа цохиж, мөн гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь духанд шарх, 2 нүдний зовхи, цээжинд цус хуралт, баруун бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 5 дахь тал),
- хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дэх тал),
- хүний биед 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
-Заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал),
-Хохирогч Ш.Б-ы 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
-Гэрч Г.С-н 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
-Гэрч Г.А-н 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1616 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль дүгнэлт хийхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогч Ш.Б нь эхнэр Г.С-г архи уулаа гэж маргалдан биед нь халдахад Г.С-г авга ах болох шүүгдэгч Г.Г нь өмөөрч Ш.Б-ы эрүүл мэндэд халдсан үйл баримт байх ба хохирогч, шүүгдэгч согтуурсан байсан зэрэг нь нөлөөлжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,
-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б-ы бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хуульд заасны дагуу хор уршгийн зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөхдөө дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан нотлох баримт болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Г.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, нөгөө талаас эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шар өнгийн иштэй 28см урттай, 7.5см өргөнтэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шар өнгийн иштэй 28 см урттай, 7.5 см өргөнтэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ш.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН