Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Алгирмаа, шүүгч В.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, * байрлах, “М” ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, * овогт Ш.Г/РД: */,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *хашаанд оршин суух, * овогт Л.С/РД:*/,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, *овогт М.Б/РД:*/ нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 14 823 297 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч Л.С, хариуцагч М.Б, хариуцагч Ш.Г өмгөөлөгч Ж.Ж, иргэдийн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-ийн зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын №1503005256 тоот гэрээт даатгуулагч С.Г нь 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р багын нутаг дэвсгэрийн замд явж байхад 53-18 УНЭ улсын дугаартай Мицубиши седиа маркийн автомашины жолооч Ш.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас С.Г мөргөж амь насыг нь хохироосон. Тус компаниас зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 14 823 297 төгрөгийг олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй”, 513.2-т “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж заасан байх тул манай компанийн олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр Ш.Г шаардах эрхтэй байна. Иймд Ш.Г гэм хорын хохирол 14 823 297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Буруутай этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь зүйлд заасны дагуу учруулсан гэм хорын нөхөн төлбөр олгосон байгууллагын өмнө хариуцах үүрэгтэй. Үүний дагуу манай компани Ш.Г гэм хорын хохиролд 14,823,297 төгрөгийг шаардсан юм. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад даатгуулагчид болох М.Б , Л.С нар нь Ш.Г холбогдуулан банкны зээлийн үлдэгдлээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Энэ тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байсан. Тийм учраас М.Б, Л.С нараас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т зааснаар гарсан хохирлыг даатгуулагч, буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж заасны дагуу татгалзах эрхээ хэрэгжүүлж буцаан нэхэмжилж байгаа юм. Нийт шаардлагын хэмжээ 14,823,297 төгрөгийг 3 хариуцагч нарт холбогдуулан гаргасан байгаа юм. Одоогоор хэн хэнд шилжүүлж өгч, авсан талаар тодорхойгүй байгаа учраас энэ 3 хүн тус бүрээс 14,823,297 төгрөгийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Ш.Г Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дугаар зүйл, Иргэний хуулийн 497.1.1, 513.1, 513.2 дүгээр зүйлээр шаардлага гаргаж байна. М.Б, Л.С нараас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4 дүгээр зүйлд зааснаар шаардлага гаргаж байгаа гэв.

Хариуцагч Ш.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компаниас зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын 1503005256 дугаартай гэрээт даатгуулагч Г нөхөн төлбөрт олгосон 14 823 297 төгрөгийг нэхэмжилсэн ба энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнг миний хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь энэхүү хохирол нь хүний амь нас хохирсоноос учирсан бодит хохирол биш юм. Өөрөөр хэлбэл, “М” ХХК-аас үндэслэн бичсэн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх заалт нь мөн хуулийн 508-д заасан заалтын шууд хамааралгүй учир уг хохирлыг би нөхөн төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Л.С, хариуцагч М.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Г нь 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний хүү болох С.Г автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон. Иймээс “М” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14 234 945 төгрөгийг Голомт банкны дансанд орж, шууд байрны төлбөрийн үлдэгдэл дүнгээс тооцон хасагдсан байгаа. Байрны зээлний үлдэгдэл 22 234 945 төгрөг үлдсэн. Миний хүү С.Г нь Солонгос улсад гэрээгээр ажилладаг байсан бөгөөд байрны зээлийг бие даан төлдөг байсан. Эхнэр М.Билэгт нь тодорхой эрхэлсэн ажилгүй, миний бие тэтгэврийн мөнгөөр амьдардаг болно. Тухайн үед Дорноговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэм хорын хохирол, тэтгэмжийн зөрүү, орон сууцны зээлийн үлдэгдэл зэрэг нийт 215 759 993 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Ш.Г эвлэрсэн. Ингэхдээ байрны зээлийн үлдэгдэл           22 234 945 төгрөгөөс тодорхой хувиар тооцон, сар бүр 291 482 төгрөгийг төлөхөөр тохиролцон, бусад нэхэмжилсэн дүнг хэрэгсэхгүй болгосон. “М ” ХХК-аас олгосон 14 823 297 төгрөг нь миний хүү болох С.Г амь насны даатгалын мөнгө гэж ойлгож байгаа тул дээрх мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тус компанитай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нөхөн төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан, 14 234 945 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлсэн. Энэ нь үлдэгдэл             22 234 945 төгрөг болон гэм буруугийн улмаас учирсан бусад хохирлоо шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж ойлгож байна. “Мандал даатгал” ХХК нь буруутай этгээд болох Ш.Г дээрх мөнгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа болно. Иймд “М” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хүү нас барсаны дараа, намайг өргөдөл өгсөн өдрөөс хойш “М ” ХХК-аас С.Г Голомт банкин дахь зээлийн дансанд 14 823 297 төгрөгийг шилжүүлсэн байдаг юм. Энэ мөнгийг би хүүгийнхээ амь насны төлөөсөнд авч байгаа юм. Гэнэтийн ослын даатгал гэдэг чинь гол нь энэ зүйл дээр байх ёстой. “М” ХХК надаас нэхэмжлэхдээ намайг энэ мөнгийг луйвар хийж, ашиг олох зорилгоор давхар Ш.Г авсан гээд байдаг. Үгүй ээ, тийм биш юм. Би нөхөн төлбөр, амь насных нь төлөөсөнд авсан мөнгөө яагаад буцааж төлөх ёстой гэж. Би авах ёстой мөнгөө авсан. Буцааж төлөх ямар ч үндэслэл байхгүй. Би Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэм хорын хохирол, тэтгэмжийн зөрүү, орон сууцны зээлийн үлдэгдэл, нийт 215,000,000 төгрөгийг Ш.Г нэхэмжилсэн байдаг юм. Байрны төлбөртэй холбоотой асуудлыг ямар нэгэн маргаангүйгээр төлнө гэсэн учраас би Ш.Г эвлэрсэн. Гэтэл “М” ХХК намайг хариуцагчаар татахдаа 2015 оны 07 дугаар сараас Ш.Г мөнгө аваад эхэлсэн байна гэсэн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 20-нд болсон шүүх хуралдаанаар 2016 оны 02 дугаар сараас Ш.Г надад мөнгө өгөх болсныг “М” ХХК нь төлсөн 14 823 297 төгрөгөн дээр бид 2-ыг эвлэрсэн гэж ойлгосон бололтой. Тухайн үеийн шүүх хуралдааны үйл явц нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Би шүүхээр орж хүүхдийн сургалтын төлбөр, зээлийн үлдэгдэл         22 000 000 төгрөг дээр Ш.Г эвлэрсэн. “М” ХХК-аас би авах ёстой мөнгөө авсан гэж бодож байгаа юм. Энэ мөнгийг буцааж төлөх боломж байхгүй, үндэслэл ч байхгүй гэв.

 

Хэрэгт цуларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч Ш.Г шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ш.Г, М.Б, Л.С холбогдуулан гэм хорын хохирол 14 823 297 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хариуцагч Ш.Г нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх заалт нь мөн хуулийн 508-д заасан заалтын шууд хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлага   14 823 297 төгрөгийг төлөхгүй гэж,

 

Харин хариуцагч Л.С, хариуцагч М.Б нар “М ” ХХК-аас олгосон 14 823 297 төгрөг нь миний хүү болох С.Г амь насны даатгалын мөнгө гэж ойлгож байгаа тул дээрх мөнгийг төлөх үндэслэлгүй, “М” ХХК нь буруутай этгээд болох Ш.Г дээрх мөнгийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэж маргасан.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй”, мөн хуулийн 513.2-д “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж заажээ.

2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 53-18 УНЭ улсын дугаартай Мицубиши седиа маркийн автомашины жолооч Ш.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас С.Г мөргөж амь насыг нь хохироосон гэм буруутай болохыг Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол /хх-78-80/-оор тогтоожээ.

Иймд хариуцагч Ш.Г нь С.Г амь насыг хохироосон гэм буруутай байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

“М” ХХК нь даатгуулагч С.Г байгуулсан гэрээний дагуу 14 823 297 төгрөгийг Голомт банкин дахь 8220124100008 тоот зээлийн дансанд төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-9/, С.Г 2705008277 тоот дансны хуулга /хх-139/, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“М” ХХК нь даатгуулагч С.Г байгуулсан Орон сууц зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын гэрээний 8-д зааснаар “Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, хамтран зээлдэгчийн тоогоор зээлдэгч тус бүрт тэнцүү хувиар тооцно. Жишээ нь: ... 2 хамтран зээлдэгчтэй бол үндсэн зээлдэгчид 33,33 хувь, хамтран зээлдэгч тус бүрт мөн 33,33 хувь байх” /хх-6/ гэж тохиролцжээ.

С.Г, М.Б, Л.С нар нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 37 058 242 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан болох нь Голомт банкны 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 04/600 тоот “Даатгалын нөхөн олговор нэхэмжлэх тухай” албан бичиг /хх-8/, С.Г 2705008277 тоот дансны хуулга /хх-139/, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

“М” ХХК болон даатгуулагч С.Г байгуулсан Орон сууц зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын гэрээний 8-д зааснаар зээлийн үлдэгдэл 37 058 242 төгрөгийг зээлдэгч С.Г, М.Б, Л.С нар тус бүр тэнцүү хувь /33,33%/-аар тооцоход С.Г ногдох хувь нь 12 351 512 төгрөг байна.

Иймд хариуцагч Ш.Г нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирол 12 351 512 төгрөгийг хариуцагч Ш.Ганхуягаас гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй байна.

“М” ХХК-ийн нэхэмжилсэн 14 823 297 төгрөгөөс үлдэх 2 417 785 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа хариуцагч  Л.С, М.Б нар нь “М” ХХК-тэй байгуулсан Орон сууц зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын гэрээний авсан нөхөн төлбөр 14 823 297 төгрөгийг Ш.Г болон “Мандал даатгал” ХХК нараас давхардуулсан авсан гэх боловч хариуцагч нар нь нөхөн төлбөр 14 823 297 төгрөгийг давхардуулан аваагүй, харин хүүхдийн сургалтын төлбөр, одоо байгаа зээлийн үлдэгдэл нийт 22 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч шүүхээр шийдвэрлүүлсэн болох нь Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай тогтоол /хх-55-56/, С.Г 2705008277 тоот дансны хуулга /хх-139/, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч  Л.М, М.Бнар нь С.Г нас барсанд гэм буруугүй тул тэдгээрт холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.С, М.Б нарт  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэм хорын хохиролд 12 351 512 төгрөгийг хариуцагч Ш.Г гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 2 471 785 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 212 574 төгрөгийг хариуцагч Ш.Г гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ

 

                                                       ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА

  

                                                                                              В.АМАРТҮВШИН