Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/188

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл

Хохирогч Д.Өлзийбаяр,

Шүүгдэгч О.Лувсандагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоймбол овогт Оюунбаатарын Лувсандагвад холбогдох 2126000000227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чоймбол овогт Оюунбаатарын Лувсандагва /РД:ЙВ94032419/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Лувсандагва нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг болон машин механизм ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, Бальдрын хоолой гэх газраас иргэн Д.Өлзийбаярын өмчлөлийн 1 тооны, нас бие гүйцсэн эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Лувсандагва шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Өлзийбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өглөөний 11 цагаас үхрээ цуглуулж орхиод шөнө харьсан. Маргааш өглөө нь үхэр байхгүй байсан. Тэгээд ойр хавиас асуухад  Баяр ах надад Баасандоржийн байран дээрээс танай үхрийг машинтай хүмүүс тууж ирж байсан гэж хэлсэн. Үхрийн үнэлгээгээр тогтоогдсон 1.500.000 төгрөгийг О.Лувсандагва төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Д.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн үед малдаа мордоод үхрээ бөөгнүүлээд   малаа бүртгэхэд. Манай улаан тарлан эр үхэр байхгүй байсан. Тэгээд ойр хавиар хайгаад олдоогүй. Тэгээд ойр хавийн айлуудаар сураглаж яваад Б.Баяр ахынд ороод асуухад өчигдөр Д.Баасандоржийн малын хашаанд хэсэг хүмүүс ирж үхэр ачаад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу ярьсан. Миний алдсан үхэр өндөр, нас бие гүйцсэн,  улаан тарлан зүсмийн эр үхэр байгаа. Содон шинж тэмдэг нь сүүл цагаан, нуруун дээрээ цагаантай, хойд хоёр хөл цагаан, гэдсэн доогуураа цагаантай, хоёр далбагар эвэртэй, им, тамга байхгүй. ...дөрвөөс таван хүн байсан гэсэн. Уг хүмүүс хөх өнгийн баржаанктай, баржаанкаа дээш нь шуусан портер машин, цэнхэр гэмээр Аллион юм уу эсвэл короллатой бас нэг улаан мотоцикльтой хүн байсан гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг сэжиглэж байна. О.Лувсандагвыг танина. Өмнө нь манай хүргэн байсан. Манайхаар ирдэг байсан. Манай малыг зүс мэднэ. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 37 дугаар хуудас/

           

Гэрч Б.Баярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тус өдөр 15 цагийн үед байх цаг сайн мэдэхгүй байна. Хонио усалчихаад гаргаж ирж байтал Баасандоржийн өвөлжөөний хажууханд нэг портер, цэнхэр жижиг тэрэг зогсож байсан. Тэгээд төд удалгүй цаанаас нь нэг мотоцикльтой хүн гарч ирсэн. Тэгээд жижиг тэргээ үлдээгээд портероо аваад зүүн урагшаагаа явсан. Удалгүй Баасандоржийн хашааны тэнд зогсож байгаа харагдаж байсан. Тэгээд би өвөлжөөнийхөө цаанаас дурандахад цэнхэр өнгийн 1381 /серийн дугаарыг хараагүй/ дугаартай ачаагаа өндөрлөсөн, дээрээ баржаанкаа шуугаад уясан шар өнгийн портер машин мөн цэнхэр өнгийн аллион юм уу королла гэмээр жижиг тэрэг, мотоцикльд сундалсан 2 хүн байсан. Тэнд мал ачиж байгаа бололтой байсан. ...манай энэ хавийн машин биш байсан. Намайг нэг харахад ирсэн байсан хаанаас гарч ирсэн хүмүүс болохыг мэдээгүй. Тэгээд алга болсон байсан аль зүг рүү явсныг хараагүй.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-52 дугаар хуудас/

 

Гэрч Д.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад Баасандоржийн байр луу ороход цагаан цайвар цэнхэр гэмээр жижиг тэрэг Баасандоржийн байрны гадаа байсан. Хөх өнгийн ачаатай, ачаагаа өндөрлөсөн баржаанктай, баржаанкаа дээш нь шуусан портер эсвэл бага гэмээр машин байсан. Жижиг тэрэгнээс нь нэг хүн бууж харагдсан, бараан хувцастай харагдсан. Тэгээд  18 цагийн үед нэг харахад байхгүй байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-47 дугаар хуудас/

 

Гэрч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тус өдрийн 15 цагийн үед ус руу орчихоод гэр лүүгээ буцаж явж байтал манай өвөлжөөний тэнд цэнхэр өнгийн портер, цэнхэр цайвар өнгийн жижиг тэрэг байсан. Би хүүхдээ урдаа суулгачихаад явж байсан болохоор очиж үзэлгүй гэр лүүгээ явсан.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Доржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нагац ах Бямбацэрэн “Өв-Зар” зарын группэд мах авна гэж зар байршуулсан байсан. Уг зарын доор О.Лувсандагва өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн байсан. Манай ах таньдаг хүн байна найдвартай байх гээд Лувсандагваас үхэр авахаар тохиролцсон. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 9 цагийн үед би Мандахбаяр, Ганхуяг, Бямбацэрэн, О.Лувсандагва нар 9134 УНГ улсын дугаартай хөх саарал өнгийн Тоёота Аллион маркийн машин, 1381 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикпь ачин аймгийн төвөөс Баянгол сум руу үхэр ачиж ирэхээр явсан. Аймгийн төвөөс урд зүгт 30 гаруй км яваад бөөн дэрстэй газар очиж Лхагвасүрэнгийн өвөлжөөн дээр очоод Лувсандагва тэндээсээ холгүй айлын өвөлжөө рүү очоод байж бай гэсэн. Би Бямбацэрэн, Мандах нарын хамт тэр зааж өгсөн айлын өвөлжөөнд очоод хүлээж байтал малаа ололгүй ирсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 8 цаг өнгөрч байхад манай нагац дүү Дорж гэрт орж ирээд ахаа машинаа өгчих, урдаас хүнээс нэг үхэр ачаад ирье гэж хэлээд миний 1381 ӨВО улсын дугаартай Хьюндэй Портер маркийн автомашин, татлага сур аваад явсан. Тэгээд орой нар жаргахаас өмнө 18 цаг өнгөрч байхад Дорж миний машиныг татлага суртай нь хамт авчирч өгөөд үхрээ аваад ирсэн гэж хэлсэн.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Лувсандагвыг би урьд нь таньдаг байсан. Аав ээжийг нь сайн танина, тэгээд би 1 жилийн өмнө Сонлинк маркийн хятад мотоциклийг Лувсандагвад зарсан тэгээд эхлээд 200.000 төгрөг аваад дараа нь 400.000 төгрөг аваад, үлдсэнийг нь ээж нь суваргаж өгөөд 500.000 төгрөг үлдсэн байсан. Нийт үнийн дүнгээ 1.900.000 төгрөгөөр тооцож мотоциклоо зарсан. Тэгээд би саяхан 9 дүгээр сарын сүүлээр Арвайхээр сумын Дэлгэрэхийн Хаан банкин дээр явж байгаад өглөө 9 цагийн үед таарсан юм. Тэгээд мөнгөө авъя гэтэл мөнгө байхгүй, би ажил хийгээд цалин орсон бол та ав, ороогүй бол орохоор нь өгье гэсэн. Тэгээд банканд хамт оочерт зогсоод дансыг нь шалгуултал, дансны үлдэгдэл нь 650.000 төгрөг байна гэж байсан тэрнээсээ 500.000 төгрөг зарлагаар аваад надад мотоциклын мөнгөнд 450.000 төгрөг өгөөд 50.000 төгрөгийг нь дараа нь өгье гэж хэлсэн.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Бямбацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би барилгын ажил хийдэг. Би өөрөө бригадаа ахалдаг. Дарханы замын гүүр хоолой хийж байхад 09 сарын эхээр миний таньдаг Шинэбаяр гэдэг байхаа тэр хүн яриад ажиллах хүн байна та ажиллуулаач гэсэн. Тэгээд тэр хүн нь ирсэн. О.Лувсандагва гэдэг хүн байсан.  Бид нартай 12 хоног Дарханд ажиллачихаад ажлаа дуусаад би Өвөрхангай руу хүмүүс хүргэж өгсөн О.Лувсандагва Дарханаас Улаанбаатар руу автобусаар явсан. Тэгээд л уулзаагүй. Би Өвөрхангай орчихоод тэр өдөртөө буцаад Улаанбаатарт очсон. Тэгээд хотод байж байгаад аймгийн захаас мах авах гээд 5 дахь өдөр буюу 09 сарын 17-ны өдөр Улаанбаатараас Арвайхээр суманд ирсэн. Тэгтэл зах хаачихсан гэж байсан. Тэгэхээр нь дүү Насанжаргалаар фэйсбүүк дээр үхэр авна гээд зар тавиулсан. Тэгсэн Насанжаргал надад үхэр зарах хүн гээд 96192419 гэсэн дугаар явуулсан тэр дугаараар нь яриад уулзтал Лувсандагва байсан. Тэгээд үхэр авахаар болсон юм. Таньдаг болохоор нээх олон ч юм яриагүй юм. О.Лувсандагва Портер, мотоцикл хэрэгтэй байна, дэрсэн дунд машин явахад хэцүү болохоор мотоцикл хэрэгтэй гэсэн. Тэгээд Ганхуяг ахаас мотоциклийг нь гуйгаад Доржийг Портер олоод ирээч гэсэн. ...1381 ӨВО улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд мотоциклоо ачаад 2 машиндаа хуваагдаж суугаад аймгийн урд зүг явсан. ...Тэгээд тэндээ О.Лувсандагва манай өвөлжөө гээд нэг өвөлжөөний гадна очоод малаа олоод ирье гээд Ганхуягийг дагуулаад мотоцикл унаад явсан. Тэгээд О.Лувсандагва, Ганхуяг хоёр хэсэг үхэр туугаад бид нарыг хүлээж бай гэсэн байран дээр ирсэн. Тэгээд нэг өндөр, эвэртэй улаан тарлан үхэр заасан. Тэгээд тэр үхрийг хашаа руу шахаж байгаад барьж аваад портертоо босоогоор нь ачаад аймаг руу явсан.  ...Лувсандагва Дарханд ажил хийж байхдаа манайх мянгат малчин айл байгаа юм гээд байсан. Тэгээд л итгэсэн. ”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14 дүгээр хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,  /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-26 дугаар хуудас/,

 

13-81 ӨВО улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 7.000.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /хх-ийн 97-100 дугаар хуудас/,

 

Мотоциклийн үнэлгээг 700.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан /хх-ийн 105-108 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Лувсандагвын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 144 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч О.Лувсандагвын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолт /хх-ийн 143/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-142 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч О.Лувсандагвын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-147 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч О.Лувсандагва нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг болон машин механизм ашиглаж, 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, “Бальдрын хоолой” гэх газраас иргэн Д.Өлзийбаярын өмчлөлийн 1 тооны, нас бие гүйцсэн эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Лувсандагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч Д.Өлзийбаярт Монгол санхүү үнэлгээний компанийн үнэлгээний тайлангаар нийт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Лувсандагва өөрөө өөрийгөө өмгөөлж: “... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо төлж барагдуулна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Лувсандагвын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Лувсандагва нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, “Бальдирын хоолой” гэх газраас машин механизм ашиглаж, иргэн Д.Өлзийбаярын өмчлөлийн 1 тооны нас бие гүйцсэн эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

  Шүүгдэгч О.Лувсандагвад холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж шийдвэрлэлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд дээрх гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэгчийн тухай хуульчилан заасан байна. Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч О.Лувсандагва нь бусадтай бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран гэмт хэрэгт оролцож үйлдсэн болох  тогтоогдоогүй дангаараа гэмт хэрэг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.    

 

Шүүгдэгч О.Лувсандагва нь бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Үхрээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Өлзийбаярын  “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн үед малдаа мордоод үхрээ бөөгнүүлээд   малаа бүртгэхэд. Манай улаан тарлан эр үхэр байхгүй байсан. ...Б.Баяр ахынд ороод асуухад өчигдөр Д.Баасандоржийн малын хашаанд хэсэг хүмүүс ирж үхэр ачаад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу ярьсан. Миний алдсан үхэр өндөр, нас бие гүйцсэн,  улаан тарлан зүсмийн эр үхэр байгаа. Содон шинж тэмдэг нь сүүл цагаан, нуруун дээрээ цагаантай, хойд хоёр хөл цагаан, гэдсэн доогуураа цагаантай, хоёр далбагар эвэртэй, им, тамга байхгүй. ...дөрвөөс таван хүн байсан гэсэн. Уг хүмүүс хөх өнгийн баржаанктай, баржаанкаа дээш нь шуусан портер машин, цэнхэр гэмээр Аллион юм уу эсвэл короллатой бас нэг улаан мотоцикльтой хүн байсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 37 дугаар хуудас/

            Д.Баасандоржийн өвөлжөөний гадаа ....ачаагаа өндөрлөсөн, дээрээ баржаанкаа шуугаад уясан цонхон дээрээ Jordan гэсэн зураг наасан уг зураг нь шар өнгийн портер машин мөн цэнхэр өнгийн аллион юм уу королла гэмээр жижиг тэрэг, мотоцикльд сундалсан 2 хүн байсан. Тэнд мал ачиж байгаа бололтой байсан.” талаар мэдүүлсэн гэрч Б.Баяр /хх-ийн 48-52 дугаар хуудас/, гэрч Д.Цолмон нарын мэдүүлэг, 

Өөрийнх нь өвөлжөөн дээр “...цэнхэр өнгийн портер, цэнхэр цайвар өнгийн жижиг тэрэг байсан.” талаар мэдүүлсэн гэрч Д.Баасандоржийн мэдүүлэг /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

 “...нагац ах Бямбацэрэн “Өв-Зар” зарын группэд мах авна гэж зар байршуулсан байсан. Уг зарын доор Лувсандагва өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн байсан. Манай ах таньдаг хүн байна найдвартай байх гээд Лувсандагваас үхэр авахаар тохиролцсон. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өглөө 9 цагийн үед би Мандахбаяр, Ганхуяг, Бямбацэрэн, Лувсандагва нар 9134 УНГ улсын дугаартай хөх саарал өнгийн Тоёота Аллион маркийн машин, 1381 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль ачин аймгийн төвөөс Баянгол сум руу үхэр ачиж ирэхээр явсан. Аймгийн төвөөс урд зүгт 30 гаруй км яваад бөөн дэрстэй газар очиж Лхагвасүрэнгийн өвөлжөөн дээр очоод Лувсандагва тэндээсээ холгүй айлын өвөлжөө рүү очоод байж бай гэсэн.” Талаар мэдүүлсэн гэрч Ч.Доржийн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

“... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1381 ӨВО улсын дугаартай Портер маркийн автомашин, татлага сур аваад явсан. Тэгээд орой нар жаргахаас өмнө 18 цаг өнгөрч байхад Дорж миний машиныг татлага суртай нь хамт авчирч өгөөд үхрээ аваад ирсэн” талаар мэдүүлсэн гэрч Б.Мягмардоржийн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Зарын дагуу О.Лувсандагваас үхэр худалдаж авсан талаар  “...дүү Насанжаргалаар фэйсбүүк дээр үхэр авна гээд зар тавиулсан. Тэгсэн Насанжаргал надад үхэр зарах хүн гээд 96192419 гэсэн дугаар явуулсан тэр дугаараар нь яриад уулзтал Лувсандагва байсан. Тэгээд үхэр авахаар болсон юм. Таньдаг болохоор нээх олон ч юм яриагүй юм. Тэгээд Ганхуяг ахаас мотоциклийг нь гуйгаад Доржийг Портер олоод ирээч гэсэн. ...1381 ӨВО улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд мотоциклоо ачаад 2 машиндаа хуваагдаж суугаад аймгийн урд зүг явсан. ...Тэгээд тэндээ О.Лувсандагва манай өвөлжөө гээд нэг өвөлжөөний гадна очоод малаа олоод ирье гээд Ганхуягийг дагуулаад мотоцикл унаад явсан. Тэгээд О.Лувсандагва, Ганхуяг хоёр хэсэг үхэр туугаад бид нарыг хүлээж бай гэсэн байран дээр ирсэн. Тэгээд нэг өндөр, эвэртэй улаан тарлан үхэр заасан. Тэгээд тэр үхрийг хашаа руу шахаж байгаад барьж аваад портертоо босоогоор нь ачаад аймаг руу явсан. ...О.Лувсандагва өөрөө Дарханд ажил хийж байхдаа манайх мянгат малчин айл байгаа юм гээд байсан. Тэгээд л итгэсэн.” гэж мэдүүлсэн гэрч Л.Бямбацэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14 дүгээр хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл  /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-26 дугаар хуудас/,  шүүгдэгч О.Лувсандагвын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 144 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.Лувсандагва нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14 дүгээр хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл  /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-26 дугаар хуудас/,  шүүгдэгч О.Лувсандагвын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 144 дүгээр хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч О.Лувсандагвын машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Лувсандагвыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Д.Өлзийбаяр нь гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Лувсандагваас бензиний үнэ 100.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний 30.000 төгрөг, нас гүйцсэн нэг тооны монгол үүлдрийн үхрийн үнэ 1.500.000 төгрөг нийт 1.630.000 төгрөг  нэхэмжилсэн.

Хохирогч Д.Өлзийбаярын хулгайд алдагдсан нас гүйцсэн нэг тооны монгол үүлдрийн үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн болох нь Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар тогтоогдож байна гэж үзэн  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 797.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Лувсандагваас нас гүйцсэн нэг тооны монгол үүлдрийн үхрийн үнэ 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Өлзийбаярт олгохоор, бензиний үнэ 100.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 30.000 төгрөг баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэсэн.   

 

Шүүгдэгч О.Лувсандагва нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч Д.Өлзийбаярт  нас гүйцсэн нэг тооны монгол үүлдрийн үхрийн үнэ 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн 1.010.000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын баримт,  490.000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын маягт, Д.Өлзийбаярын 2021 оны 11 дүгээр сарын 25-нд О.Лувсандагваас 1.500.000 төгрөг хүлээн авсан тухай баримт, шүүх хуралдаанд шүүгдэгч О.Лувсандагваас 1.500.000 төгрөг хүлээж авсан тухай мэдүүлсэн хохирогч Д.Өлзийбаяр, хохирогчид 1.500.000 төгрөг хүлээлгэж өгсөн тухай мэдүүлсэн шүүгдэгч О.Лувсандагва нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч О.Лувсандагва нь хохирогч Д.Өлзийбаярт 1.500.000 төгрөг төлсөн,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Өлзийбаяр нь бензиний үнэ 100.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 30.000 төгрөг нийт 130.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж байна.  

 

Улсын яллагч шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч О.Лувсандагвад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  нээлтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах. Шүүгдэгч О.Лувсандагва нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 13-18 улсын дугаартай Hyndai porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7.000.000 төгрөг, Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ  700.000  төгрөг нийт 7.700.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Лувсандагваас гаргуулж  улсын орлого болгох.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан үхрийн шулсан толгой 1 ширхэг, шийр 4 ширхэг, тайрсан эвэр 2 ширхэг, үхрийн арьс 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Лувсандагва нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар   өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч О.Лувсандагвад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Чоймбол овгийн Оюунбаатарын Лувсандагвад 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял   оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Лувсандагвын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч О.Лувсандагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Өлзийбаяр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шүүгдэгч Лувсандагва нь гэмт хэрэг үйлдэхдээ Б.Мягмардоржийн өмчлөлийн 1381 ӨВО улсын дугаартай Хьюндэй Портер маркийн бага оврын ачааны автомашин, Ганхуягийн өмчлөлийн 2015 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Мягмардорж, Ч.Дорж, Л.Бямбацэрэн нарын мэдүүлгээр, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор Самсунг А-20 маркийн гар утас худалдаж авсан болох нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 148/, эд зүйлд хийх ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 149/, А-20 маркийн гар утасны баталгаат засварын хуудас /хх-ийн 151/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 152/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.    

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Мягмардоржийн өмчлөлийн 1381 ӨВО улсын дугаартай Хьюндэй Портер маркийн бага оврын ачааны автомашиныг 7.000.000 төгрөгөөр үнэлсэн, Ганхуягийн өмчлөлийн 2015 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг 700.000 төгрөгиөөр үнэлсэн Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 10/04, 10/09 дугаартай үнэлгээний тайланг хэрэгт хавсаргасан байна /хх-ийн 97-100, 105-108 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлийнх бол түүнийг хурааж улсын орлогод оруулах, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг үнэлж үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулах хуулийн зохицуулалттай. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лувсандагвын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг Самсунг А-20 маркийн гар утсыг улсын төсөвт шилжүүлэх,  мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1381 ӨВО улсын дугаартай, Хьюндэй Портер маркийн бага оврын ачааны автомашины үнэ 7.000.000 төгрөг, 2015 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ  700.000 төгрөг, нийт 7.700.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Лувсандагваас гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхрийн шулсан толгой нэг ширхэг, шийр 4 ширхэг, тайрсан эвэр 2 ширхэг, үхрийн арьс 1 ширхгийг устгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лувсандагвад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,                                                                                 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Лувсандагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Чоймбол овгийн Оюунбаатарын Лувсандагвад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар  зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгосугай.

 

 2. Шүүгдэгч Чоймбол овогт Оюунбаатарын Лувсандагвыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Чоймбол овогт Оюунбаатарын Лувсандагвыг 1 /нэг/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лувсандагвад оногдуулсан 1 /нэг/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лувсандагвын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг Самсунг А-20 маркийн гар утсыг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1381 ӨВО улсын дугаартай, Хьюндэй Портер маркийн бага оврын ачааны автомашины үнэ 7.000.000 төгрөг, 2015 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ  700.000 төгрөг, нийт 7.700.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Лувсандагваас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

             6.  Шүүгдэгч О.Лувсандагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Өлзийбаярт 1.500.000 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхрийн шулсан толгой нэг ширхэг, шийр 4 ширхэг, тайрсан эвэр 2 ширхэг, үхрийн арьс 1 ширхгийг устгасугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лувсандагвад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Лувсандагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.