Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

 

 

 

 

 

   2022         03           14                                       2022/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,  

улсын яллагч Д.Нямдэлэг,

шүүгдэгч А.Ц” нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т овогт А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000176 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

           

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч А.Ц нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Д.Б”, Д” нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь өөрийгөө цагдаагийн алба хаагч гэж танилцуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тээврийн хэрэгслийг журамлана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.М”гөөс 300.000 төгрөг залилан авч Б.М”д 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц”аас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 221000000 0176 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Насанд хүрээгүй хохирогч Б.М”н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө үүрээр 04-05 цагийн үед сагсны талбай дээр Д байхад гэрээс ээжийн машины түлхүүрийг Д”, Б” хоёр аваад явсныг би мэдээгүй. Д” гүйж ирээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ш хотхон доторх зам дээр баригдчихлаа. Араас хөөхөөр нь зугтааж машины дугуйгаар замын хашлага мөргөсөн гэж хэлсэн. Тэр газар нь явж очиход цагдаагийн дүрэмт хувцасгүй нэг ах, хажууд нь Б” зогсож байсан. Тэр ах чи машины эзэн үү, хашаанаас гарга гэхээр нь машинаа хашаанаас гаргаж зогсоосон. Д” харихгүй бол болохгүй гээд түрүүлээд яваад өгсөн. Цагдаа гэх ах намайг машины бичиг баримтыг аваад машинд суучих, доошоо машин дээр очъё гэсэн. Би машины бичиг баримтаа аваад Б”, Д” бид гурав суугаад явсан. Е”, Э” хоёр машины дугуй засах хүн олох гээд үлдсэн. Ц” та нар яах гэж зугтсан юм, машиныг чинь журамлана, ачаад авч явна одоо яах ч арга байхгүй гэсэн зүйл яриад байсан. Б” Ц”ыг таньдаг бололтой андаа гээд яриад байсан. Тэгсэн Ц” Зайсан толгойн зүүн талаар доош уруудаж очиж зогсож байгаад за буугаад бичиг баримтаа аваад яв гэсэн. Д” бид хоёр буцаад алхаж явсан. Б”, Ц”тай үлдсэн. Бид нар машин дээр ирээд байж байхад араас Б” ирээд өглөө 07 цагаас өмнө 350.000 төгрөг өг, эсвэл 10 цагаас өмнө 420.000 төгрөг өг гэж Ц” хэлж байна гэсэн. Би ах нараасаа мөнгө хайгаад ээжийн машины урд талаас 20.000 төгрөг авсан. Ахын найз А”гаас 250.000 төгрөг, сургуулийн ахаас 30.000 төгрөгийг Д”ийн 00000000 гэсэн дансаар авсан. Өглөөний 07 цаг  болоогүй байсан учир Э” өөрийгөө цагдаа гэсэн Ц” руу утсаар яриад 300.000 төгрөг болчихлоо 50.000 төгрөг нь маргааш хоолонд оруулъя гэж хэлсэн. Ц” найзыг чинь бодоод тэгье 300.000 төгрөгөө шилжүүлчих гэсэн. Д” өөрийнхөө данснаас 20.000 төгрөг нэмээд 300.000 төгрөгийг Ц”ын данс руу шилжүүлсэн хэд гэсэн данс руу шилжүүлснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

3. Насанд хүрээгүй гэрч Д.Е”н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 05-н өдрийн өгсөн: “…2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 23 цагт Э”тай хамт байхад М” бид хоёрыг ирж машин авах уу гэхээр нь очоод машиныг нь авч гараад Жардин ороод Б” нартай гадуур явж байгаад Олимп хотхонд Тэнгисийн гэрийн гадаа очоод гарч ирэхгүй болохоор нь Зайсан яваад Ш”д М”н гэрт очсон. Гэрт нь ороход М” хөргөгчөөсөө пиво аваад бүгд нэг нэгийг уусан. Энд хэдэн коньяк байна бүгдээрээ нэг нэг шот ууя гээд задалсан архийг нэгийг нь авч тэд нар уусан, би нэг лааз пиво уусан. Б”ийн найз М” хоёр сагс тоглох гээд гарсан. Б”, Д” хоёр машиныг нь барьж үзнэ гээд гарсан. Хэсэг хугацааны дараа гарахад цагдаад хөөгдөөд машины дугуй хагарсан гэж хэлсэн. Машины дугуйг засуулах хэрэгтэй болоод Д”, Эсса бид гурав таксины жолоочид мөнгө өгөөд дугуйг нь запас дугуйгаар солиулаад машинтай нь дугуй засварт очоод дугуйгаа янзлуулж байхад нь би гэртээ харьсан. Тэд нар намайг дуудаад машин бариад гражид тавиад өг гэхээр нь би машиныг нь барьж өгч гражид нь тавьсан. Тэгээд Э, Б, Б-н найз бид хэд М”н гэрт орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал)

4. Гэрч Э.Э”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Б” Б.М”н ээжийн машиныг Ш” хотхонд байхад нь авч гараад Ц”аас зугтааж байгаад боржур мөргөөд гэмтээсэн гэж өөрөө хэлсэн. Ц” бид нарт худлаа хэлж М”гөөс 250.000 төгрөг, надаас 50.000 төгрөгийг авсан. Сүүлд цагдаа дээр ирэхэд замын цагдаад баригдсан гэдэг нь худлаа байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

5. Гэрч Д.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Д”, Е”, Э” бид 4 машинтай гадуур явахаар ярилцсан. Гэтэл Е”, Э” хоёр болиод би Д”ий хамт машиныг нь унаад Зайсан толгойг нэг тойроод /10 минут орчим л болсон/ Ш”гийн хашаа руу эргэж орох гэж байгаад жолоочийн эсрэг талын дугуйг замын хашлага мөргөж хагалсан. Ингээд орж хэлээд тэр хэд гарч ирэхэд араас энгийн машинтай Ц” гэх залуу өөрийгөө цагдаа гэж хэлээд машиныг чинь ачлаа эсвэл торгууль өг гэж хэлэхэд М” ахаасаа торгуулийн мөнгө 250.000 төгрөг зээлж, бид нар дундаасаа 50.000 төгрөг босгоод Ц”ад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

6. Гэрч Э.Э”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр найз Б” М”н ээжийн машиныг жолоодон явж байгаад дугуйг нь хагалчихсан зогсож байхад араас нь Ц” ирээд өөрийгөө цагдаа гэж хэлээд, машиныг нь ачаад явлаа, эсвэл торгуулийн 300.000 төгрөг төлөөд яв гэж хэлсэн. Би Ц”ыг зүс таних учир гуйсан чинь үгүй дарга машинд байгаад байна, цаашаа хэцүү гэж хэлсэн. Тэгээд бид нар мөнгө хайгаад М” ахаасаа 250.000 төгрөг авч чадна гээд Д”ийн данс руу шилжүүлсэн. 50.000 төгрөгийг Д” гаргаад нийт 300.000 төгрөгийг Д”ийн данснаас Ц”ын данс руу шилжүүлсэн. Ц” Б”ийн гар утсыг барьцаанд авсан байсан. Уг гар утсыг буцаагаад Б”т өгсөн. Тухайн үед Ц” 350.000 төгрөг нэхэхээр нь би утсаар яриад гуйгаад 300.000 төгрөг байна, болохгүй бол дараа нь хоолонд оруулъя гэж хэлэхэд за гэхээр нь мөнгийг нь Д” шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

7. Гэрч А.Д”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны үүрээр М” гэх охины гэрт байсан. Би М” гэх охины хамт гадаа талбайд сагс тоглож байсан чинь хар приус маркийн машинтай энгийн хувцастай залуу ирээд машиныг нь ачна, цагдаагаас зугтаасан гээд яриад байсан. Цагдаа гээд байсан залууг Ц” гэсэн. Тэр залуу М”, Б”, бид гурвыг машиндаа суулгасан. М”н ээжийн машин Ш” хотхоны гадаа байсан. Бид нарыг машиндаа суулгаад Зайсангийн зүүн талаар доош яваад машиныг чинь ачна гээд байсан чинь М” уйлаад битгий ачаач гэж гуйсан. Тэгсэн Ц” за за тар нар торгуулиа төлөөд явчихгүй юу даа. Торгуулийн 300.000 төгрөг өгөөд яв гэж хэлсэн. М” бид хоёр машинаас буугаад буцаад явж байсан чинь араас Б”, Ц”ын хамт ирээд торгуулиа төлчих юм бол яв гэж байна гэсэн. М” бид хоёр мөнгө хайгаад М” таньдаг ахаасаа 250.000 төгрөгийг миний 00000000 гэсэн данс руу шилжүүлсэн. Би өөрийнхөө өөр дансанд байсан 20.000 төгрөгийг нэмээд 270.000 төгрөгийг Ц”ийн 00000000 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл 300.000 төгрөг гэсэн шүү дээ гээд дахиж 30.000 төгрөгийг Ц”ын 00000000 гэсэн данс руу шилжүүлсэн. Нийт 300.000 төгрөгийг Ц”ын данс руу шилжүүлсэн. Дараа нь надад М” 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 300.000 төгрөгийг М” өөрөөсөө гаргасан. Харин миний данснаас тухайн мөнгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

8. Гэрч Д.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө М”н ээжийн машиныг Е” барьчихсан Э” бид хоёр дээр ирсэн. Э” бид хоёр машинд нь суугаад Е” машин бариад гадуур явсан. М” манай хоосон байр Зайсанд ойрхон байгаа гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш” гэдэг хотхонд очсон. М”н гэрт бид нар нэг хүний 1 шилтэй пиво уусан. Е”, М” хоёр найзыгаа аваад ирье гээд машинтай гараад удалгүй Д”ий хамт ирсэн. Бид нар байж байгаад машинтай гарах уу гэж санал гаргахад М” гарахгүй гэж хэлсэн. Е”, Э” хоёр гарахаа болилоо гээд надад машины түлхүүрийг өгөөд Д” бид хоёр машиныг асаагаад гарсан. Би машиныг бариад Зайсан хиллийн хажууд уруудаж явж байтал цагдаа хувцастай хүн улаан модоор дохиод цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би машинтайгаа буцаад Ш” хотхон руу орохдоо хашлага мөргөөд дугуйг хагалчихсан. Араас приус-20 маркийн машин ирээд гэрлээрэй дохисон. Би машинаас буусан чинь приус машинаас Ц” бууж ирээд цагдаа дохиж байхад яагаад явж байгаа юм бэ, одоо машиныг чинь ачаад торгоно гэсэн. Ц” намайг машинаа бариад араас дагаад яв гэсэн. М”, Д” хоёр Ц”ын машинд суугаад би араас нь дагаад явсан. Машины дугуй хагарчихсан байгааг мэдээд хотхоноос машинаа гаргачих, ачилтын машин ирээд ачна биз гээд намайг машиндаа суулгаад цагдаа анх дохисон газар луу очсон. Уг газар очиход Ц” энд та нарыг торгоод машиныг чинь ачаад явна гэсэн, хажуу талаас М” машин ачихгүй байж болохгүй юм уу аав, ээж мэдэх юм бол уурлана, торгууль төлж болох уу гэсэн. Ц” байж бай гээд машинаас бууж яваад буцаж хүрч ирээд ер нь торгууль төлчих юм бол явж болно гэсэн. Торгуулийн мөнгө 300.000 төгрөг одоо газар дээр нь торгуулиа төлчих юм бол яв гэсэн. Бид хэд байгаа мөнгө нийлүүлье гээд бид нарын мөнгө 30.000 төгрөг болж байсан. Би Ц”аас гуйгаад одоо мөнгө байхгүй байна, миний утсыг түр зуур авчих, өглөө 10 цагаас өмнө өгье гэсэн. Ц” за гээд гар утсыг авч үлдээд, М”, Д” бид гурав машинаас буугаад буцаад явсан. Ш” хотхон дээр ирээд мөнгө 10 цагаас өмнө өгөх ёстой гээд бид нар дор доороо мөнгө хайсан. Тэгсэн М” ахтайгаа ярьчихлаа гээд хэдийг бэ гэсэн чинь 270.000 төгрөг өгье гэж байна гэсэн. М”н ах нь Д”ийн ахын данс руу шилжүүлсэн. Д” 30.000 төгрөгийг нь гаргасан. Тэгээд Ц”тай торгуулийн мөнгө олчихлоо гэж Э” ярьсан чинь сүүлд байсан газар хүрээд ир гэхээр нь бид нар яваад очсон чинь дансны дугаараа өгөөд Д” данс руу нь 300.000 төгрөг шилжүүлээд би гар утсаа буцаан авсан. М”д тухайн өдөр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэр өдрөө 60.000 төгрөгийг бэлнээр М”д өгсөн. Үлдсэн 240.000 төгрөг өгөх гэж байсан боловч асуудал гараад өгч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал),

9. Яллагдагч А.Ц”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би 1, 3, 5, 7 дахь өдрийн өглөө эрт 05 цагийн үед босоод ууланд алхдаг юм. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3 дахь өдөр өглөө гэрээсээ 05 цаг өнгөрч байхад гараад 06 цаг өнгөрч байхад Зайсангийн хойд талд машинтай явж байсан чинь Б” бенз маркийн машин унаад явж байсан. Тэгэхээр нь араас нь дагаад явсан чинь Ш” хотхон руу хөөгдөж байгаа юм шиг явж байсан. Тэгэхээр нь уулзаж мэндэлье гэж очиход Б” нэлээн сандарсан байдалтай туслаач цагдаагаас зугтаачихлаа гэсэн. Би өөдөөс нь яасан талаар асуух завдалгүй туслаач гэсэн. Уг нь надад мөнгөний гачигдал байхгүй, аав, ээжээс надад мөнгө өгдөг байсан. Б” туслаач гээд байхаар нь би аргалж өгье гэж хэлээд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлж аваад өөртөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93 дахь тал),

10. А.Д”ийн Хаан банканд эзэмшдэг 00000000 дугаартай депозит дансны хуулга (хавтаст хэргийн 97 дахь тал),

11. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан яллагдагч А.Ц”ийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 122 дахь тал), хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 123-127 дахь тал),

 

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: А.Ц”ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал), Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 101 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч А.Ц” нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Д.Б”, Д” нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь өөрийгөө цагдаагийн алба хаагч гэж танилцуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тээврийн хэрэгслийг журамлана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.М”гөөс 300.000 төгрөг залилан авч Б.М”д 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Ц” нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Б”, А.Д” нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөД”д оролцож явахад нь өөрийгөө цагдаагийн алба хаагч гэж танилцуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийг журамлана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож тээврийн хэрэгслийг Д.Б”, А.Д” нарт шилжүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.М”гөөс торгуулийн төлбөр гэж 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

- Насанд хүрээгүй хохирогч Б.М”н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч Д.Е”н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 05-н өдрийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал)

- Гэрч Э.Э”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

- Гэрч Д.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- Гэрч Э.Э”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

- Гэрч А.Д”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

-  Гэрч Д.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал),

-  А.Д”ийн Хаан банкны 00000000 дугаартай депозит дансны хуулга (хавтаст хэргийн 97 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч А.Ц” нь Цагдаагийн байгууллагад ямар нэгэн ажил албан тушаал хариуцан ажилладаггүй атлаа өөрийгөө цагдаагийн албан хаагч гэж танилцуулан, автомашиныг нь ачна эсхүл торгуулийн төлбөр төл гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын эд хөрөнгийг буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогджээ.

 

Дээрхээс нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Ц” нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Насанд хүрээгүй хохирогч, гэрч нарт тавих ар гэрийн хараа хяналт сул байснаас хоорондоо нийлж дарвин согтуурсан, улмаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөД”д оролцсон байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлж, шүүгдэгчид амар хялбар аргаар ашиг олох санаа сэдлийг төрүүлж  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бий болгожээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Ц”ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М”д 300.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, насанд хүрээгүй хохирогч гомдол саналгүй, хохиролд 300.000 төгрөгийг авсан талаарх мэдүүлгийг (хавтас хэргийн 33-35 дахь тал) гаргасан бөгөөд бусад хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Ц”ад оногдуулах ялын саналыг  танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч А.Ц” нь урьд ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч А.Ц”ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч А.Ц”ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт А”ын Ц”ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт А”ын Ц”ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц”ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц” нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Ц”ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч А.Ц”ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Ц”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ц”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДОРЖСҮРЭН