Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

 

 

 

 

 

   2022         03           17                                       2022/ШЦТ/184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Д.Э” нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т” овогт Б”ын Э”ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211001666 0240 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Э” нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 00-00 тоотод хамтран амьдрагч Д.Б”ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэл ам хийлээ гэх шалтгаанаар алхаар толгойн тус газар нь 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э”ээс: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 211001666 0240 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-18 дахь тал),

3. Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн:

 “ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 0-000 тоотод П.БатБ” нь хамтран амьдрагч Б.Э”т толгой хэсэгтээ цохиулсан гэх хэрэгт хэргийн байдлыг тогтооход ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар өнгийн модон иштэй алхыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

4. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай:

“Хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар өнгийн модон иштэй алх нь бариул хэсэг нь 49см урттай, алхны төмөр хэсэг нь 3.5х3.5х12см байх ба нийт 54 см урттай байв. Тус алхны модон игийг алхны төмөр хэсэгт углаж бэхэлсэн, ямар нэгэн бэхэлгээ гэх зүйлгүй хөдөлгөөнтэй байв. Тус алхны гадна хэсэгт ил харагдах ямар нэгэн биологийн ул мөр байхгүй байх ба үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дэх тал),  

 

5. Хохирогч Д.Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 10-000 тоотод эхнэр Б.Э” болон 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байхдаа ажлын газрын хоёр залуугийн хамт Соёрхол нэртэй 4 шил архи хувааж уучхаад 22:00 цагийн орчим гэртээ очсон чинь эхнэр Б.Э” архичин, тэнэг гээд хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр маргалдаад байж байсан чинь Б.Э” уурлаад тус тоотод байх ээжийнхээ байшин руу яваад орчихсон. Тэгэхээр нь араас нь ороод дахиад хэрэлдэж байсан чинь эхнэр уурлаад улаан өнгийн модоор толгойны орой руу цохих шиг болсон. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Цохиулсныхаа дараа гарч яваад хажуу айлын үүдний амбаарт ороод сууж байсан чинь эмнэлэг болон цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн үед толгойноос бага зэргийн цус гарч байсан. Тэгээд эмнэлэг эмч нар авч очоод толгойд боолт хийгээд тархины зураг авна гэхээр нь авхуулахгүй гээд шууд гэртээ очсон юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгсөн бөгөөд надад ямар нэгэн санал гомдол байхгүй байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй тогтоолыг нь хаячихсан юм. Би гомдол саналгүй учраас дахиж цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй нь миний буруу. Гэхдээ миний биед учирсан ноцтой гэмтэл байхгүй байсан юм. Одоо биеийн байдал хэвийн байгаа....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6. Гэрч Э.Ү”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед  нөхөр таксинд явлаа гээд гарсан. Тэр үед хажуу талын айлын эмэгтэй нөхрөө чирч гулдчаад хашаанаас гаргаж байхад нь нөхөр “чи эрэгтэй хүнийг болиоч арай ингэж болохгүй” гэж хэлсэн. Би гэртээ ороод хүүхдүүдтэйгээ хамт унтаад өгсөн. Унтаж байтал хаалгаа тогшихоор нь тайлах гээд хэн бэ гэж асуухад “танай хажуу айлын хүн байна би яг үхлээ” гэхээр нь хаалгаа тайлж өгөхөд хажуу талын айлын нөхөр нь нүүр нь цус болчихсон “эхнэр намайг энэ сүхээр цохичихлоо” гэсэн, харсан чинь сүх шиг харагдсан. Цагдаад дуудлага өгөөд дахиад харсан чинь улбар шар өнгөтэй модон иштэй алх байсан. Мөн түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

7. Гэрч Д.Ү”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 10-000-А тоотод амьдардаг. Тухайн өдөр Э”, Эрдэнэтуул болон зээ нарын хамт байж байхад 22:00 цагийн үед охин Э”ийн нөхөр Б” гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд Э”тэй маргалдан хөөгөөд хэрэлдээд байсан. Манай охин гэнэт уурлаад угаалтуурын доор байсан улаан өнгийн шинжтэй алхаар Б”ын толгой хэсэгт 2, 3 удаа цохисон. Тэгээд цус гараад Б” гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3005 дугаартай, хүний биед хийгдсэн:

- “Д.Б”ын биед зулайн хуйханд шарх гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 91 дугаартай:

-Б.Э” нь сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр” эмгэгтэй байна.

- Б.Э” нь “F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр” эмгэгийн учир 2011 оноос хойш СЭМҮТ-д 9 удаа хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхтэй, хяналтанд байдаг тухай өвчний карттай, хөдөлмөр чадвар алдалт тогтоолгож группэд байдаг тухай эмнэлгийн бичиг баримттай байна.

- Б.Э”ийн “F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр” сэтгэцийн эмгэг нь дотоод шалтгаант, архаг явцтай сэтгэцийн эмгэг болно.

- Б.Э” нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

- Б.Э”т өвчний сэдрэлтийн үед сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ хийх шаардлагатай.

- Б.Э” нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Иймд Б.Э”т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Э”т өвчний сэдрэлийн үед иргэний журмаар сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ хийх шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал),

 

10. Шүүгдэгч Б.Э”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 10-000 тоотод нөхөр Д.Б”, охин Э.М”, охин Э.М” нарын хамт амьдардаг юм. Тухайн тоот хашаанд манайх гэрт амьдардаг бөгөөд харин хажууд байшинд манай ээж, аав, дүү нар амьдардаг. 2021 оны 08 дугаар сарын 27-ны орой хүүхдүүдийн хамт тус тоотод байх аав, ээжийн байшинд байж байсан чинь гаднаас хамтран амьдрагч Д.БатБ” архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн юм. Тухайн үед гэрт орж ирчхээд намайг шар хадны сэтгэцийн өвчтэй хүүхэн минь шар хадандаа очиж хэвтээрээ гээд үглээд байхаар нь уур хүрээд угаалтуурын доор байсан улаан өнгийн мод харагдахаар нь толгой руу нь 2-3 удаа цохисон. Д.БатБ”ын толгойноос цус гараад гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал),

11. Хохирогч Д.Б”ын гомдол, саналгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал), Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Э”ийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 128 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 129-131 дэх тал),

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 85 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), Тээврийн хэрэгслийн бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дэх өвчний түүх (хавтаст хэргийн 58-66 дахь тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 77 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтыг 00 хувиар тогтоосон акт (хавтаст хэргийн 86 дахь тал), Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 87-91 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 127 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Э”ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э” нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байрлах  Бурхантын 00-000 тоотод 2021 оны 00 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч  Д.Б”ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэл ам хийлээ гэх шалтгаанаар алхаар толгойн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-18 дахь тал),

- Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 19 дэх тал),

- Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тухай 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дэх тал), 

- Хохирогч Д.Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Гэрч Э.Ү”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

- Гэрч Д.Ү”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 91 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал),

 

- Шүүгдэгч Б.Э”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Э” нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Д.Б”тай маргалдан бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. 

Хохирогч, шүүгдэгчийг илтэд үл хүндэлсэн, согтуурсан байдал зэрэг нь маргаан үүсэхэд нөлөөлж, хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э”ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Э”т ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай, эд мөрийн баримтаар хураагдсан алхыг устгуулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Э” нь урьд ял шийтгэлгүй талаар лавлагаа авагдсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 91 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 52-54 дэх тал) Б.Э” нь сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр” эмгэгтэй болох нь тогтоогдсон боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байна. Иймд шүүгдэгч Б.Э”т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Э” нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Б.Э”т өөрийн оршин суух Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Б.Э”т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн улбар шар өнгийн модон иштэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т” овогт Б”ын Э”ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т” овогт Б”ын Э”ийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Б.Э”т өөрийн оршин суудаг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э” нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э”т оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн улбар шар өнгийн модон иштэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.БатБ”ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э”т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН