Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

 

 

 

   2022         03           17                                       2022/ШЦТ/185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Д.Доржмаа,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210004380288 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

             

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.Н нь 2022 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““UB City” нэртэй зочид буудлын _ тоот өрөөнд хохирогч Т.Тыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ноос: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2210004380288 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

2. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн офицер дэслэгч С.Мийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн: “...Арцат-112 чиглэлийн д/ч С.М, а/ч Ц.Э нар очиж шалгахад иргэн Г.Н –г 120-д хүлээлгэн өгч эрүүлжүүлэв. Зодуулсан иргэн Т.Тын эгч Э-т хүлээлгэн өгөв ...” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),

3. Хохирогч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр над руу манай найз Т залгаад Хан-Уул дүүргийн 2-р хороо “UB City” нэртэй зочид буудалд хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн буудалд 19 цагийн үед очиход Н, Л, Т нар Баллентайнэс нэртэй архи уугаад сууж байсан. Бид нар архиа ууж дуусаад буудлын өрөөнөөс доош караокед ороод дахиад нэг шил архи хувааж уугаад дуулсан. Архиа дуусаад дээшээ буцаж буудлынхаа өрөөнд ороод ахиж нэг шил виски задалж ууж байгаад Н бид хоёр гарч нэг тамхи татаад орж ирсэн. Би тэр нэг шил вискиний талд нь оруулаад унтсан. Т бас унтсан байсан. Харин Н, Л хоёр уугаад үлдсэн. Би буйдан дээр унтаад удаагүй байж байсан чинь миний толгой дээрээс Н гуталтай хөлөөрөө дэвсээд чирээд ахиад дэвссэн. Тэр үед Л сэрээд Ныг надаас салгасан. Би зугтаж гараад лифт хүлээгээд зогсож байтал Н араас гарч ирээд миний хөл рүү өшиглөж газарт унагаад нуруу толгой бие дээр дэвссэн. Намайг лифтэнд ороход араас орж ирээд ганц хоёр цохисон. Би нэг давхарт буугаад зугтсан. Тэгэхдээ довжооны шатанд бүдрээд унасан. Харин Н лифтэнд хоцроод үлдсэн. Би тэр газраас “Нутгийн буян” хотхонд байх хүргэн ахынхаа гэрт ороод болсон явдлыг асуухаар нь хэлсэн. Тэр үед манай эгч цагдаа дуудсан. Биед нүүр толгой хэсэгт учирсан гэмтлүүдийг Н учруулсан. Бусад гэмтлүүд нь би өөрөө унах үед учирсан байх боломжтой ба хэрэг гарахаас 7 хоногийн өмнө хөдөө мориноос унаад хавиргаа эвгүй болгосон юм. Тухайн үед эмнэлгийн байгууллагаар үзүүлээгүй. Хохирлын баримт байхгүй. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4. Гэрч Х.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би найз нар болох Л, Н, Т нартай ярьснаараа уулзъя гэсэн. Хан-Уул дүүргийн 2-р хороо “UB City” зочид буудалд архи уусан. Би нэлээд муудчихсан байсан болохоор 22 цагийн үед унтсан. Удалгүй миний араас Л орж ирээд хамт унтсан. Унтаж байтал нойрон дунд Л намайг сэрээгээд нөгөө хоёр зодолдоод байна гэж хэлээд Л бид хоёр босоход Т, Н хоёр ноцолдоод Н нь дээрээ гарчихсан Т доор нь байсан. Тухайн үед Т-н биед ил харагдах гэмтэл байгаагүй. Би Т-г барьж салгаад Л Н-г барьж салгасан. Тэгтэл Т гараад явсан. Араас нь Н бас гараад явсан. Л бид хоёр буцаад унтсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

5. Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед манай дүү Т над руу залгаад эгчээ туслаач намайг ирээд аваач гэж хэлээд цаанаа ёо ёо л доо аллаа шүү дээ гээд орилоод байсан. Би гайхаад чи хаана байгаа юм бэ гэхэд утас нь салчихсан. Дахиад би залгахад Т “Эгчээ туслаач гээд орилоод надаа хаана байгаагаа хэлэхгүй цаана нь пид пад гээд дуу гараад байсан. Би эргээд утас руу нь залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан. Нөхөртөө болсон явдлыг тайлбарлаад байж байтал гэрийн хаалга нүдээд байхаар нь нөхөр очоод онгойлгоход дүү Т цамц нь урагдсан, нүүр ам нь цус болсон байдалтай орж ирсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2604 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

“...Т-ын биед хамар яс, зүүн 10,11-р хавирганы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн тохой, баруун гуянд цус хуралт, хүзүү, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Зүүн 10,11-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн тохой, баруун гуянд цус хуралт, хүзүү, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Учирсан гэмтэл нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

 

7. Яллагдагч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 сарын 05-ны өдөр найз Т-тэй уулзсан. Тухайн үед бид Хан-Уул дүүргийн 2 дугаар “UB City” зочид буудлын 969 тоот өрөөнд архи уугаад сууж байтал гаднаас Т орж ирсэн. Л араас нь ирсэн. Бид үргэлжлүүлээд архи ууж байгаад доошоо караоке орчхоод буцаж өрөөндөө орж ирээд дахиж архи уусан. Т, Л хоёр унтаад өгсөн. Харин Т бид хоёр үлдээд архи ууж байгаад ам мурийгаад би Т-ыг нүүр рүү нь гараараа түлхсэн. Бид хоёр өнхрөөд тэврэлдээд унасан. Тухайн үед би Т-ын дээр нь гарсан, бие биеэ нэг нэг цохисон чинь цаанаас Л босож ирээд салгаад намайг барьж үлдсэн. Тэгтэл Т гараад гүйсэн байсан. Би араас нь 4 орчим минутын дараа гарахад Т байхгүй байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

6. Хохирогч Т.Т-ын гомдол, саналгүй гэх тэмдэглэл (хавтас хэргийн 65 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Г.Н-ын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 66 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 69-71 дэх тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Г.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Нын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB City” нэртэй зочид буудлын 969 тоот өрөөнд хохирогч Т.Т-ыг тухайн үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, бие, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн офицер дэслэгч С.Мийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...“UB City” нэртэй зочид буудалд ...19 цагийн үед очиход Н, Л, Т нар ...архи уугаад сууж байсан. ...Би буйдан дээр унтаад удаагүй байж байсан чинь миний толгой дээрээс Н гуталтай хөлөөрөө дэвсээд чирээд ахиад дэвссэн. ...Би зугтаж гараад лифт хүлээгээд зогсож байтал Н араас гарч ирээд миний хөл рүү өшиглөж газарт унагаад нуруу толгой бие дээр дэвссэн. Намайг лифтэнд ороход араас орж ирээд ганц хоёр цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Гэрч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 2-р хороо “UB City” зочид буудалд архи уусан. ...Т, Н хоёр ноцолдоод Н нь дээрээ гарчихсан Т доор нь байсан. ...Би Т-г барьж салгаад Л Нарааг барьж салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед дүү Т над руу залгаад эгчээ туслаач намайг ирээд аваач гэж хэлээд цаанаа ёо ёо л доо аллаа шүү дээ гээд орилоод байсан. ...Дахиад би залгахад Т “Эгчээ туслаач гээд орилоод надаа хаана байгаагаа хэлэхгүй цаана нь пид пад гээд дуу гараад байсан. ...гэрийн хаалга нүдээд байхаар нь ...онгойлгоход дүү Т цамц нь урагдсан, нүүр ам нь цус болсон байдалтай орж ирсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2604 дугаартай хүний биед хийгдсэн шинжилгээний “...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, доод уруулд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн тохой, баруун гуянд цус хуралт, хүзүү, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь ...  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

 

- Яллагдагч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “... би Т-ыг нүүр рүү нь гараараа түлхсэн. Бид хоёр өнхрөөд тэврэлдээд унасан. Тухайн үед би Т-ын дээр нь гарсан, бие биеэ нэг нэг цохисон чинь цаанаас Л босож ирээд салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль дүгнэлт хийхэд  шүүгдэгч Г.Н нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Т-тай маргалдан бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. 

Шүүгдэгч, хохирогч нар нэг нэгнээ үл хүндэлсэн, согтуурсан байдал зэрэг нь маргаан үүсэхэд нөлөөлж, Т.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна.

Мөн Шинжээчийн 2604 дугаартай дүгнэлтэд хохирогчийн биед Зүүн 10,11-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэл учирсан талаар дүгнэсэн ба, энэ талаар хохирогч Т.Т-аас тодруулж мэдүүлэг авахад “биед нүүр толгой хэсэгт учирсан гэмтлүүдийг Н учруулсан. Бусад гэмтлүүд нь би өөрөө унах үед учирсан байх боломжтой. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө хөдөө мориноос унаад хавиргаа эвгүй болгосон юм...” гэж мэдүүлсэн байх тул түүний биед тогтоогдсон хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй хамааралгүй, харин хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Н-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Т.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч хохиролд 5.000.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй талаарх мэдүүлэг (хавтас хэргийн 16 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгчийг  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Н-д оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Г.Н нь урьд ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Г.Н “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Г.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Н-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН