| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0009/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/220 |
| Огноо | 2022-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/220
2022 03 28 2022/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.”А” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.А “А” д холбогдох эрүүгийн 211000000 1233 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.”А” нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “З” хотхоны 00 дүгээр байрын 3 тоотод оршин суух иргэн Ц.”Б” ийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад явахдаа 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эмэгтэй хүний хувцас, хүүхдийн хувцас, виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.”А” гаас: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 211000000 1233 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр www.unegui.mn сайтад “Эзэгтэйн туслах авна 90_” гэсэн зар оруулсны дагуу 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 95_ дугаараас эмэгтэй хүнтэй холбогдож хүүхэд асрах, гэрийн ажилд туслахаар тохиролцсон. Би тухайн ажилд орох хүсэлтэй “А” гэх эмэгтэйд сар бүрийн 01-ний өдөр эхний сар 800,000 төгрөг гэх мэтээр нэмээд өгнө гэж тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр “А” гэх 19 настай эмэгтэй манай гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ““з” “ хотхоны _ тоотод ирж уулзсан. 29-ний өдрөөс эхлэн хувцсаа авч ирж манайд байрлаж хүүхэд асрахаар болсон. Тухайн эмэгтэй нь өөрийгөө анх танилцуулахдаа өөрийгөө хүүхэдгүй гэж хэлсэн боловч дараа нь хүүхэдтэй болохыг би мэдсэн. Ингээд 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийн цалин гэж 800,000 төгрөг өгсөн. Гэвч “А” 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагийн үед намайг гэртээ унтлагын өрөөнд унтаж байх хойгуур 2 ууттаа эд зүйлийг манайхаас зөөж гарган өгч явуулсан байсныг нь би сүүлд камер шүүж үзээд мэдсэн. Ингээд өдрийн 13 цаг 47 минутад манай хүүхдийг үүдний хүүхдийн өрөөнд унтуулчхаад өөрийнхөө эд зүйлс болон миний цүнхнээс Худалдаа хөгжлийн банкны виза картыг, мөн хувцаснууд хулгайлаад аваад явсан байсан. Би өдрийн 14 цаг 30 минутад унтлагын өрөөнд сэрээд гэртээ хайхад үйлчлэгч охин алга болсон, манай хүүхэд ганцаараа өрөөндөө унтаж байсан. Тэгээд би “А” гийн 80__ дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би фейсбүүкээс “А” гийн ээжийнх нь гэрийг олоод гэрт нь очоод өөрийнхөө хувцаснуудаа заримыг нь буцааж авсан. Харин ээж нь “А” г өөрийн төрсөн хүүхдээ дагуулаад Өвөрхангайн _ багт байдаг “Ц” гэх айл руу явсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн “...Б.”А” гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бид нарт мэдэгдээгүй, ажлаасаа гарах талаараа хэлээгүй явахдаа нууцаар гэрээс nike брэндийн air нэртэй цагаан өнгийн кэт, хавар намрын хагас түрүүтэй гутал, adidas sport брэндийн хар өнгийн пүүз, Taibake ягаан өнгийн пүүз, Пума брэндийн улаан өнгийн кэт, хүүхдийн хар өнгийн пүүз, эмэгтэй богино савхин куртик, Зара брэндийн шаргал өнгийн куртик, хар өнгийн элгэн өвлийн хагас түрүүтэй гутал, цагаан шаргал өнгийн урт өвлийн куртик, бор хүүхдийн комбинезон, airpod pro чихэвч, худалдаа хөгжлийн виза карт, картаас 49,000 төгрөг, Супер мэнтэй хүүхдийн боди хувцас, Хүүхдийн савхин жакет куртик зэргийг авч явсан байсныг мэдсэн. 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Баянзүрх дүүрэгт _ хороололд “_т” худалдааны төвийн эсрэг талд 2 давхар тоосгон нийтийн байранд байх гэрт нь очиход ээж дүү хоёр нь байсан. “А” г Өвөрхангай аймаг явсан гэхээр нь гэрт нь байсан nike брэндийн air нэртэй цагаан өнгийн кэт, хавар намрын хагас түрүүтэй гутал, adidas sport брэндийн хар өнгийн пүүз, Taibake ягаан өнгийн пүүз, Пума брэндийн улаан өнгийн кэт, хүүхдийн хар өнгийн пүүз, эмэгтэй богино савхин куртик, Зара брэндийн шаргал өнгийн куртик зэрэг зүйлүүдээ авч явсан. Харин хар өнгийн элгэн өвлийн хагас түрүүтэй гутал, цагаан шаргал өнгийн урт өвлийн куртик, хүүхдийн бор комбинезон зэрэг байхгүй, өмсөөд явсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
- хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн: “...Хар өнгийн элгэн өвлийн хагас түрийтэй гутал нь хэрэглээгүй хайрцаг савтайгаа байсан. Цагдаагийн байгууллагаас хувцсыг маань хүлээлгэж өгөхөд өмсөж хэрэглэсэн байсан учраас хүний өмсөөд хэрэглэсэн хувцсыг дахиж хэрэглэх шаардлага байхгүй. “А” гаас тус хувцсыг өмсөж хэрэглэсэн учраас мөнгийг нь гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал),
3. Гэрч Г.”А” ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2021 оны 10 сард айлын хүүхэд харахаар боллоо гээд хувцсаа аваад явсан. Хан-Уул дүүрэгт, Зайсанд нэг айлд байрлаад хүүхдийг нь харж байгаад над руу яриад хүүхэд аваад ир гэсэн. Тэгэхээр нь наад айл чинь зөвшөөрсөн юм уу гэхэд зөвшөөрсөн гэсэн. Би хүүхдийг нь хүргэж өгөөд, хоёр хонож байхад над руу яриад хүүхэд ирээд аваарай, унтахгүй уйлаад байна гэхээр нь очиж авсан. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой “А” Баянзүрх дүүргийн _ дугаар хороо, _” худалдааны төвийн замын эсрэг талд байдаг нийтийн байранд гэртээ ирэхдээ цоохор цүнхтэй хувцас, хоёр пицца авч ирсэн. Гэртээ ирэхээсээ өмнө над руу би бариа засалд сурна, цалингаа авсан, ажлаасаа гарсан гэсэн. Маргааш нь “А” хүүхдээ салхинд гаргаад, сувилалд үзүүлье гээд хүүхдээ аваад Хужирт рашаан сувилал руу яваад хоёр хоноод ирсэн. “А” тухайн үед тэр айлын эзэн өгсөн хувцас гэж байсан. Тэр хоёрыг явсан орой хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирээд “А” гэрээс хувцас, виза карт хулгайлаад явсан гэсэн. Тэгэхээр нь би энэ тортой хувцас байна гэхэд тэндээс хувцсаа ялгаад авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
4. Яллагдагч Б.”А” гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-нд Үнэгүй.мн сайтаас гэрийн үйлчлэгч ажилд авна гэсэн зарын дагуу холбогдоод Хан-Уул дүүргийн _-р хороо, “А”-ы _ дүгээр байрны _тоотод гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. Тус айлдаа байрлаж ажиллахдаа хүүхэдтэй гэдгээ хэлээгүй. Тэгсэн хүүхдийн маань бие өвдөөд, ээж яриад байсан учраас ажлаасаа гарахаар болж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр айлын эзэн “Б” т хэлэлгүй унтаж байхаар нь ой 6 сартай хүүхдийг нь өрөөнд нь унтуулчхаад 13 цагийн үед нууцаар гарч явахдаа гэрийнхэн хувцасны шкафаас 2 куртик, хүүхдийн пүүз, том хүний эмэгтэй пүүз, савхин куртик, хүүхдийн бор комбинезон, Худалдаа хөгжлийн виза карт, өвлийн элгэн хагас түрүүтэй гутал, хар өнгийн хавар намрын хар өнгийн гутал зэргийг торонд болон өөрийнхөө цүнхэнд хийгээд аваад гарсан. Тэгээд гэр лүүгээ явж байхдаа виза картаас 49,000 төгрөг уншуулж чихэвч худалдан аваад хороолол орж, пицца аваад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамжны 149 тоот гэртээ ирсэн. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өглөө ой 6 сартай хүүхдээ аваад Өвөрхангай аймгийн __ очиж амарсан. Тэр орой ээж “А” над руу утсаар яриад айлын хүмүүс ирж уулзсан хурдан буцаж ир, яагаад хүний юм авч явсан юм бэ гэхээр нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буцаад гэртээ ирэхэд айлын хүмүүс өөрсдийнхөө хувцсыг аваад явсан байсан. Тухайн үед би айлаас авсан цагаан өнгийн урт өвлийн куртик, элгэн өвлийн гутал, хүүхдэдээ бор өнгийн комбинезоныг нь өмсүүлсэн байсан. Тэгээд цагдаагаас байгууллагаас дуудахаар нь ээждээ өгч явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
5. Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “...Г.”А” ээс Цагаан өнгийн урдаа хар өнгийн цахилгаатай урт эмэгтэй хүний өвлийн куртик, хар өнгийн хоёр талдаа цахилгаантай эмэгтэй хүний өвлийн элгэн гутал, бор өнгийн урдаа цахилгаатай үслэг материалтай хүүхдийн комбинезон зэрэг эд зүйлийг хүлээн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
6. Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Цагаан шаргал өнгийн урт өвлийн эмэгтэй куртик, хар өнгийн өвлийн хагас түрүүтэй элгэн гутал, бор өнгийн хүүхдийн комбинезон зэрэг эд зүйлийг Ц.”Б- т хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дэх тал),
7. “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №ХУ1-21-1040 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 52-54 дэх тал),
8. Ц.”Б” ийн Хаан банкны “0000000” тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 1.162.000 төгрөгийг “А” хохирол барагдуулах гэсэн баримт (хавтаст хэргийн 102 дахь тал),
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Б.”А” гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), тээврийн хэрэгслийн бүртгэлгүй лавлагаа хавтаст хэргийн 48 дахь тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.”А” нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээ зэрэгт буюу гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.”А” нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороонд байх ““з” ” хотхоны 74 дүгээр байрын 3 тоотод оршин суух иргэн Ц.”Б” ийн гэрт үйлчлэгчээр ажиллаж байх үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эмэгтэй хүний хувцас, хүүхдийн хувцас, виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
-Хохирогч Ц.”Б” ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ажилд орох хүсэлтэй “А” гэх эмэгтэй ...2021 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ““з” хотхоны 74-1-3 тоотод ирж уулзсан. 29-ний өдрөөс эхлэн хувцсаа авч ирж манайд байрлаж хүүхэд асрахаар болсон. ...Гэвч “А” 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагийн үед намайг гэртээ унтлагын өрөөнд унтаж байх хойгуур 2 ууттаа эд зүйлийг манайхаас зөөж гарган өгч явуулсан байсныг нь би сүүлд камер шүүж үзээд мэдсэн. ...миний цүнхнээс Худалдаа хөгжлийн банкны виза картыг, мөн хувцаснууд хулгайлаад аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 93 дахь тал),
-Гэрч Г.”А” ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”А” нь 2021 оны 10 сард айлын хүүхэд харахаар боллоо гээд хувцсаа аваад явсан. ... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой “А” ...гэртээ ирэхдээ цоохор цүнхтэй хувцас, хоёр пицца авч ирсэн. ...хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирээд “А” гэрээс хувцас, виза карт хулгайлаад явсан гэсэн. Тэгэхээр нь би энэ тортой хувцас байна гэхэд тэндээс хувцсаа ялгаад авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Яллагдагч Б.”А” гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зарын дагуу холбогдоод Хан-Уул дүүргийн 11-р хороо, “А хотхон”-ы 74 дүгээр байрны 3 тоотод гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. ...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр айлын эзэн “Б” т хэлэлгүй унтаж байхаар нь ...гэрийнхэн хувцасны шкафаас 2 куртик, хүүхдийн пүүз, том хүний эмэгтэй пүүз, савхин куртик, хүүхдийн бор комбинезон, Худалдаа хөгжлийн виза карт, өвлийн элгэн хагас түрүүтэй гутал, хар өнгийн хавар намрын хар өнгийн гутал зэргийг торонд болон өөрийнхөө цүнхэнд хийгээд аваад гарсан. ...виза картаас 49,000 төгрөг уншуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
-Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хүлээн буюу Г.”А” ээс эд зүйл буюу зарим хувцсыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
-Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл буюу зарим хувцсыг хохирогч Ц.”Б” т хүлээлгэн өгсөн ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дэх тал),
-“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №ХУ1-21-1040 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 52-54 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.”А” хохирогч Ц.”Б” ийн гэрт гэрийн үйлчлэгчээр ажиллахаар ажилд орж, ажиллаж байх хугацаандаа буюу тухайн орон байранд зөвшөөрлийн үндсэн дээр нэвтэрсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул хүндрүүлэх шинжээр зүйлчлэх үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эзэмшлийн хувцас, эд зүйл, банкны карт, тухайн картыг уншуулж 49000 төгрөгийг бэлнээр авах зэргээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан байх бөгөөд өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.”А” гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,790,000 төгрөгийн хохирол нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Б.”А” гийн гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №00000 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ц.”Б” ийн алдагдсан эд хөрөнгийн үнийг 1.741.000 төгрөгөөр тогтоосон, үүн дээр картаас нь бэлнээр 49.000 төгрөгийн төлбөр тооцоо хийсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.”Б” т нийт 1.790.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагч Б.”А” гийн гэрээс:
1.88.000 төгрөгийн Nike брендийн аir нэртэй цагаан өнгийн кет,
2.78.000 төгрөгийн хар өнгийн хавар намрын хагас түрүүтэй гутал,
3.132.000 төгрөгийн Adidas sport брендийн хар өнгийн пүүз,
4.64.000 төгрөгийн Taibake ягаан өнгийн пүүз,
5.128.000 төгрөгийн Puma брендийн улаан өнгийн кет,
6.39.000 төгрөгийн хүүхдийн хар өнгийн пүүз,
7.51.000 төгрөгийн эмэгтэй богино савхин куртик,
8.112.000 төгрөгийн Zara брендийн шаргал өнгийн куртик зэргийг,
2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр:
9. 96.000 төгрөгийн үнэтэй цагаан шаргал өнгийн урт эмэгтэй өвлийн куртик,
10.176.000 төгрөгийн хар өнгийн хагас түрийтэй өвлийн элгэн гутал,
11. 80.000 төгрөгийн бор өнгийн хүүхдийн комбинезон зэрэг бүгд 8 төрлийн, эд зүйлийг биет байдлаар хохирогч өөрөө авч, мөрдөгч 3 нэр төрлийн эд зүйлийг хохирогч Ц.”Б” т хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон.
Дээрх хүлээлгэн өгсөн 1.044.000 төгрөгийн эд зүйлээс хохирогч Ц.”Б” нь 176.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн хагас түрийтэй өвлийн элгэн гутал нь хэрэглээгүй шинэ гутал байсныг өмсөж хэрэглэсэн байгаа тул авахгүй гэж мэдүүлж, буцаан өгснийг мөрдөн байцаагч хүлээн авч, шүүгдэгч Б.”А” д өгсөн байна.
Иймд шүүгдэгч хохирогчид нийт 868.000 төгрөгийг эд зүйлийг буцаан өгсөн, 922.000 төгрөгийг төлөх төлбөртэй байсан хэдий ч 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шүүгдэгч В.”А” гаас хохирогч Ц.”Б” ийн Хаан банкны “0000000” тоот дансанд хохирол барагдуулах тухай гэсэн утгатай 1.162.000 төгрөгийг шилжүүлж төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогч Ц.”Б” т төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.”А” гийн хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар Б.”А” цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,
- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.”А” хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг төлж барагдуулсан, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т-н овогт Б-ийн “А” г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т- овогт Б-ийн “А” д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.”А” д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”А” нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.”А” д хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.”А” д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.”А” д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН