Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбын Мөнхтулга |
Хэргийн индекс | 164/2022/0056/Э |
Дугаар | 2022/ШЦТ/58 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ц-д холбогдох 2216000650070 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, И овогтой Ц-н Ц.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.Ц-н шүүх хуралдаан мэдүүлсэн “... 2022 оны 01 дүгээр сарын 02-нд найз С.З-тэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь өшиглөсөн... Би нэг хүнтэй маргалдаж байхад дундуур орж ирээд маргалдсан... Буруу зүйл хийсэн цаашдаа энэ алдаагаа дахин давтаж гаргахгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч С.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “ВМ” гэх нэртэй баарны үүдэнд зодуулсан. Намайг манай найз Э “ВМ” гэх нэртэй бааранд хүрээд ир гэж дуудахаар нь би очсон юм... Яваад очтол баарны үүдэнд Ц гэдэг надтай хамт нэг ангид сурч байсан залуу нэг хүнтэй зодолдох гээд байхаар нь би Ц-д хандаж “чи болиоч” гэж хэлсэн чинь Ц над руу “чи энэ бацаан өмөөрлөө” гэж хэлээд миний баруун хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би тонгойход нүүрэн тус газар болон баруун нүдний хөмсөг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
Хохирогч С.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Ц-г боль гэж хэлээд нөгөө залууг нь явуулсан чинь чи бацаан өмөөрлөө гээд миний баруун хөл рүү өшиглөхөөр нь би хөлөө бариад тонгойсон чинь баруун нүдний хөмсөгний орчим өшиглөхөөр өндийгөөд босоод иртэл баарнаас гарч явсан танихгүй 2-3 залуу хүрч ирээд бид хоёрыг салгангуут нь би шууд цагдаа руу залгаж дуудлага өгсөн... Би тухайн үед нүүрэндээ учирсан гэмтлээ өөрөөр нь эмчилсэн. Надад эмчилгээтэй холбоотой гарсан зардал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дугаар тал/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед байх манай хүү С.З “...би гарчхаад ирье манай ангийн Э хүрээд ир...” гэж дуудаад байна гэсэн ... Ингээд гэрээс гараад 1 цаг орчим болж байхад манай хүү З над руу залгаад “...би Ц-д зодуулчихлаа та цагдаагийн эрүүлжүүлэх дээр хүрээд ир...” гэж дуудсан. Ингээд яваад очтол Ц эрүүлжүүлэхэд орсон байхаар нь хүүгээсээ “...чи яав юу болов...” гэтэл Ц нэг залуутай маргалдаж байхаар нь “...наадах чинь жоохон хүүхэд байна чи боль...” гэтэл “...чи бацаан өмөөрдөг хэн юм бэ...” гэж хэлээд нүүр лүү нь цохисон гэж байсан. Хүүгээ харахад нүдний хөмсөгнөөс цус гараад нүүр нь хавдчихсан байсан. Тэгээд би хүүгээ найз нөхөд улс байна асуудлаа шийд гэтэл гомдолгүй гэж хэлээд Ц-г З бид хоёр гаргаж авсан юм ... Ингээд маргааш нь би эмнэлгээр авч явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
Гэрч О.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өглөөний 09 цаг хүртэл Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд үүрэг гүйцэтгэж ажилласан ... Тэр орой 23 цагийн үед байх эргүүлийн цагдаа дэд ахлагч Б.Б “БМ” баарны гадаа хүмүүс зодолдсон дуудлагаар эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байсан З нь хүнд зодуулсан гээд ангийнхаа Ц гээд махлаг өндөр шар залуу, мөн хажууд нь жижиг танихгүй залуутай гурвуулаа ирсэн. Ингээд харахад С.З-н баруун талын дээд нүд бага зэрэг хавдаад цус гарчихсан байсан ба Цийг эрүүлжүүлэх гэтэл гаднаас З-н ээж ирээд хүүгээ загнаад Ц-г эрүүлжүүлэхгүй, гомдолгүй 10-н жилийн хар багын найзууд байгаа юм гэж хэлээд аваад явсан юм ... архи дарс ууж байгаад хоорондоо үл ойлголцоод Ц нь би цохичихсон юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дүгээр тал/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... тэр орой 23 цагийн үед байх эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад “БМ” баарны гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг 102-оос залгаж хэлэхээр нь очиход танихгүй нэг намхан нуруутай, хар куртиктэй, согтуу залуу хүрж ирээд би хүнд зодуулчихлаа гээд зааж өгөхөд өндөр махлагдуу шар царайтай, шар цамцтай, ноосон түрийтэй гуталтай залуу зогсож байсан ба эрүүлжүүлэх рүү авч явах гэтэл бид нар нэг ангийн хүүхдүүд байгаа юм аа ахаа гэж хэлээд би дээрх хүмүүсийг машинд суулгаж эрүүлжүүлэх дээр аваачиж эрүүлжүүлэхийн цагдаа дэд ахлах О.Д-т хүлээлгэж өгсөн. Гэрэлтэй газарт харахад зодуулсан гэх Загдсүрэн гэх залуу нь баруун талын хөмсөгний орчимд цус гараад хатчихсан байсан, өөр ил харагдах гэмтэлгүй байсан ба би хүлээлгэж өгчихөөд явсан ... Эрүүлжүүлэх дээр тэр өндөр махлаг шар царайтай Ц гэгч залуу нь би нүүр лүү нь өшиглөчихсөн юмаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дүгээр тал/,
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Дуудлагаар “БМ” баарны үүдэн очиход гадаа үүдэнд нь З гэх залуу найздаа зодуулсан гээд нэлээн согтуу бид хоёр дээр хүрч ирэхээр нь “...хэн зодсон юм бэ?...” гэтэл “...манай найз намайг зодсон...” гээд бид хоёрыг дагуулаад баарны үүдэнд байсан өндөр махлаг шар залууг заагаад “....энэ намайг зодсон...” гэж хэлсэн. Нөгөө махлаг өндөр шар залуу нь “...би нүүр лүү нь цохичихсон юмаа...” гэж хэлэхээр нь би нэрийг нь асуухад намайг Ц гэдэг юм гэж хэлсэн. Ингээд гэрэлд сайн харахад уг зодуулсан З гэх залуугийн баруун талын хөмсөг язраад цус гараад тогтчихсон байсан ба бас нэг жижиг залуу хүрч ирээд манай найзууд байгаа юм гэсэн. Тухайн үед дээрх залуучуудыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөх гээд аваад явж байхад З гэх залуу нь “...би энэ хоёрт гомдол санал байхгүй бид нар хариад амарчихъя...” гэхээр нь эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар тал/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай “...1. С.З-н биед баруун хөмсөг, дээд уруулд сорви / эмнэлгийн бичиг баримтаар хөмсгөнд шарх/ гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. С.З-н биед учирсан баруун хөмсгөнд байх шарх гэмтэл нь учрах үедээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..
5. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /эмнэлгийн бичиг баримтад үндэслэсэн/..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВМ” баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогч С.З-н нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, дээд уруулд сорви буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.Ц-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, хохирогч С.З-н Цагдаагийн газарт гаргасан “...Ц-н Ц зодож миний бие, эрх чөлөөнд халдсан. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Миний бие Цийг уучилж, эвлэрсэн тул Ц.Ц-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 105 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Ц-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ..
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогтой Ц-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА