Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: , Дорноговь аймаг, *тоотод оршин суух, Д овогт Ц.О /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ХК-ийн Дорноговь аймгийн Ш газар /РД:*/-т холбогдох

 

 “М” ХК-ийн Дорноговь аймгийн Ш газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 763 501 төгрөг 52 мөнгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тус газарт нягтлан бодогчоор томилогдон ажилласан. 2016 оны 11 дүгээр сард тус газрын даргаар Б.М нь томилогдон ирээд 2017 оны эхээр томилолтоор Улаанбаатар хотод ажиллаж ирсэн томилолтын зардлын талаар маргалдсанаар бидний хооронд ойлгомжгүй байдал үүссэн. Мөн 2017 оны 05 дугаар сард байгууллагын ажилчдын хурал хийж байх үедээ намайг “ажлаа хийж чадахгүй бол халагдаарай” гэж дарамталсанаас болж маргалдсан. Үүнээс болж надад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 17 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ тушаалд дээд шатанд гомдол гаргасан. Үүнээс хойш таарамжгүй байдал үргэлжилээр 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөн сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд Дорноговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 763 501 төгрөг 52 мөнгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ц.О гаргасан зөрчилд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохих шийтгэлийг оногдуулсан тул Дорноговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Б/39 дугаартай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Дорноговь аймгийн Ш газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн төвийн ажилчдын хурал дээр Ц.О нь намайг хэл амаар доромжилж, элдэв бүдүүлэг зан авир гарган танхайрч, хамт олны амгалан тайван байдлыг алдагдуулсан тул 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар нягтлан бодогч Ц.О сануулах арга хэмжээ авч, цаашид удирдлага, хамт олноо хүндэтгэж, “М” ХК-ийн харилцаа, үйлчилгээний стандарт, Ажилтан, ажиллагсдын ёс зүйн дүрмийг баримтлан ажиллахыг нягтлан бодогч Ц.Отгончимэгт үүрэг болгосон. “М” ХК-ийн удирдлагаас шаардсаны дагуу Дорноговь аймгийн Ш газрын 2017 оны эхний 5 сарын санхүүгийн тайлан мэдээг хангалтгүй, дутуу, буруу гаргасан тул Ц.О Дорноговь аймгийн Ш газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/24 дугаартай тушаалаар цалинг 19 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авч, цаашид санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж, нягт нямбай, эмх цэгцтэй ажиллаж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллахыг нягтлан бодогч Ц.О даалгасан. Харилцагч байгууллага, ажилтнуудаас Ц.О холбоотой ёс зүй, ажлын хариуцлагагүй байдлын талаар өргөдөл, гомдол тасралтгүй ирж, уг гомдол нь үнэн бодитой болсон ба удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй. Үүнд: “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 01/649, 01/681 дугаартай албан даалгавруудын хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/30 дугаартай тушаалаар нягтлан бодогч Ц.О хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч тайланг заасан хугацаанд өгөөгүй, өр авлага хангалтгүй /19 хувь / барагдуулсан. Дорноговь аймгийн Ш газрын 2017 оны 08 дугаар сарын 25-ны 42 дугаартай төвийн ажиллагсдад өгсөн үүрэг даалгаврыг нягтлан бодогч Ц.Отгончимэг нь “Би хийж чадахгүй” гэж хамт олны өмнө буцаан өгч, үүрэг даалгавар биелүүлээгүй. “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай “Аймгуудын Шуудангийн үйлчилгээний газарт хийгдэх төлөвлөгөөт шалгалтын нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд хийгдсэн шалгалтын дүнгээр хангалтгүй үр дүн үзүүлсэн байна. Ц.О нь өөрийн үүрэгт ажилдаа удаа дараа хайнга, хариуцлагагүй хандаж ирсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт цуларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “М” ХК-ны Дорноговь аймгийн Ш газарт холбогдуулан Дорноговь аймгийн Ш газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.О нь шүүх хуралдааны явцад эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин 600 000 төгрөг нэхэмжилж байснаа нэмэгдүүлж 2 763 501 төгрөг 52 мөнгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.О нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт нягтлан бодогчоор томилогдон ажиллажээ.

 

 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А/17 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, “М” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2, “М” ХК-ийн ажилтан, ажиллагсдын ёс зүйн дүрмийн 2.22 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон ажлын байран дээр бусдыг хэл амаар доромжилон, бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж, элдэв бүдүүлэг зан авир гарган танхайрч, орчны амгалан тайван байдлыг алдагдуулж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул нягтлан бодогч Ц.О сануулах арга хэмжээ,

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А/24 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, “Монгол шуудан” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.1, ажлын байрны тодорхойлолтын зорилго, зорилтуудыг тус тус үндэслэл болгох нягтлан бодогч Ц.О нь 2017 оны эхний 5 сарын санхүүгийн тайлан мэдээг хангалтгүй, дутуу, буруу гаргаж, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн учир үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 19 хувь бууруулах арга хэмжээ,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, “М” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Ц.О нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан үндсэн үүргээ О биелүүлж, ёс зүй, харилцааны ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б/39 тушаалаар үүрэгт  ажлаас нь чөлөөлсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дорноговь аймгийн Ш газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А/17 дугаартай тушаал, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А/24 дугаартай тушаал, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б/39 тушаал зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тал: “М” ТӨХК-ийн ажилтан, ажилчдын ёс зүйн дүрэм нь “М ” ХК-ийн ажилтан, ажилчдад хамааралгүй гэж маргаж байгаа боловч бүтэц, орон тооны хувьд төдийлөн өөрчлөлт ороогүй, энэ дүрэм хүчингүй болоогүй, байгууллагын нэршил өөрчлөгдсөн ч дүрмийг мөрдөж ажиллаж байгаа байдал нь хамраалгүй болсон гэж үзэх үндэслэлгүй юм./хх17-19-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д, 128.1.7-д “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол”-ын талаарх маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэжээ.

Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129-2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд, бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Ц.О нь сахилгын арга хэмжээ авагдсан хоёр удаагийн тушаалд гомдол гаргаагүй, гаргаж байсан  талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Ш газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А/17 дугаартай тушаал, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А/24 дугаартай тушаалуудад гомдол гаргах, хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул уг тушаалуудад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэжээ.

Ажил олгогч “М” ХК-ийн Дорноговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газар болон нягтлан бодогч Ц.О нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-ийн 3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээгээр болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 6 дахь хэсэгт “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлээгүй ...”, 11 дэх хэсэгт “Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Ц.О нь хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Ажилтан нь компаний ажилтны ёс зүйн дүрмийг чанд мөрдөн, ёс зүйн хэм хэмжээ харьцааны болон үйлчилгээний соёл, дэг журмыг чанд сахин ... үүрэгт ажлаа чанартай хийж гүйцэтгэн, ажлын зөрчил саатал гаргалгүй ... ажиллана”, 3.1.3-т “Ажлын байрны тодорхойлолтонд заасан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөт ажлыг ханган биелүүлж ... хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлж ажиллана”, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтны 3 дугаарт заасан ”удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлэх, захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллах, сахилга, хариуцлагатай байх, харилцагчийг хүндэтгэх ...” зэрэг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, мөн дээрх ноцтой зөрчил гаргасан болох нь Дорноговь аймгийн Ш газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А/17 дугаартай тушаал, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А/24 дугаартай тушаал, “М” ХК-ийн Дорноговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/30 дугаартай албан бичиг, “М” ХК-ийн дотоод хяналтын албаны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17/07 дугаартай акт, гэрч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 “М” ХК-ийн Дорноговь аймгийн Ш газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, М ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 131.2-ийн Д, Н, З-д заасан, ”Ёс зүйн дүрэм“-ийн 2.22 заалтыг тус тус үндэслэн Ц.О нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч М ХК-ны Дорноговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Ш газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 763 501 төгрөг 52 мөнгийг  гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр,эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “М” ХК-ийн Дорноговь аймгийн Ш газарт холбогдох, Дорноговь аймгийн Ш газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 763 501 төгрөг 52 мөнгийг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О нь улсын тэмдэгтийн хураамж 59 166 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ