Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

    2022          03          29                                    2022/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурор            ын газрын хяналтын прокуророос:

Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000620114 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Т нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Наадамчдын гудамжны “Вива сити” хотхоны урд талын замд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цаг 45 минутын орчим “Тоуоtа Рrius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна”: г/ “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.П-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-аас: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2203000620114 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дэх тал),

 

3. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...Явган зорчигч С.П драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болно. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “...P30 маркийн _УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Т-г драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувийн  тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

5. Хохирогч С.П-гийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цаг өнгөрч байхад “Вива Сити” хорооллын урд талын зам дээр явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрлээр гарч байсан. Эгч Ж, ах Т-ийн хамт явж байсан. Тэр хоёрын урд талд би, миний ард Ж эгч, эгчийн араас Т ах явж байсан. тэгээд гарцаар хойшоо гарч байхад миний өөдөөс нэг ах зөрөөд гарцаар гарч байсан. Би тэр ахтай зөрж байснаа санаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг санахгүй, ухаан алдсан байсан. Ухаан ороод хартал би зам дээр хэвтэж байсан. Түргэн тусламжийн эмч ирээд миний биеийг үзсэн. Эмч надаас юм асуугаад байсан. ...Эмч намайг мөргөсөн жолоочтойгоо хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлсэн. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочийн машинаар Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд яс хугараагүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна, умайн араар бага зэргийн сул шингэнтэй байна дахиж ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Толгойд гэмтэл байхгүй байна гэсэн... ...Баруун талын умдаг ясны төвгөрт зөрүүгүй хугаралтай гэж эмнэлгийн шинжилгээний хариу гарсан. ...Жолоочоос “Med truma” эмнэлэгт зураг авхуулахад 430.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт зураг авхуулахад 120.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийг өгсөн... ...Цаашид хэрэглэх эмчилгээний төлбөр 54.000 төгрөг шаардлагатай байгаа. Эмчилгээний зардал, бусад эм тарианы төлбөр, тухайн өдөр өмсөж явсан куртикний төлбөр нийт 580.000 төгрөгийг барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

Хохирогчоор дахин 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Жолооч Т-с нийт эмчилгээний зардалд 1.215.000 төгрөг төлсөн.  ...Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд төрөх хүртэлх хугацаанд тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай гэсэн. Миний аарцаг яс зөрүүгүй хугаралтай гэсэн оноштой байгаа. Энэнээс болж цаашид би хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болсон байгаа. Би хичээл сургуульдаа явж чадахгүй, Байнгын хүний асаргаанд байгаа. Тийм учраас жолооч Т-т гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), хохирогч С.П-гийн эмчилгээний зардалд 862.350 төгрөг нэхэмжилсэн баримтууд  (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

6. Гэрч Б.Т-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 11-ний орой охин Ж, дүү П-н хамт, ...аав нь хамт явъя гээд бид гурав 21 цаг өнгөрч байхад гарсан. Охины маань гэртэй ойрхон байдаг хүргэн А-н гэрт очсон. Бид гурав 22 цагийн орчим буцаад явганаар яваад “Вива сити” хорооллын урд талын гэрэл дохиотой явган хүний гарц дээр ирсэн. Явган зорчигчийн зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан. Тухайн үед охин П-н хамгийн урд талд, П-н хойно Ж, араас нь би явж байсан. Тэгтэл П-н баруун гар талаас нэг машин ирээд мөргөчихсөн. Тэр мөргөсөн машин замын нэгдүгээр эгнээгээр явж байсан байх, би сайн анзаараагүй. Гэрэл дохион дээр олон машин байгаагүй. Гэнэт л нэг машин гарч ирээд П-г мөргөчихсөн. Би тэр машиныг хэр хурдтай явж байсныг мэдэхгүй. Охин маань машинд мөргүүлээд газар уначихсан байсан. Намайг охин дээрээ очиход Ж П-н тэврээд сууж байсан. Удалгүй эмч ирээд охин П-н биеийг үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд П-нг орхиод явсан. Бид гурав  манай охин П-н мөргөсөн жолоочийн машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Бид гурав явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан. Тэр жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлээр явж манай охин П-н мөргөсөн гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэгт очиж охин П-н биеийг үзүүлэхэд хугарсан яс байхгүй, умайн араар бага зэргийн сул шингэнтэй байна, дахиж ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үед цагдаа болон эмнэлгийн байгууллагад хэн дуудлага өгснийг мэдэхгүй. Тэр замаар явж байсан хөндлөнгийн хүмүүс дуудлага өгсөн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

7. Гэрч Т.Ж-гийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад манай дүү Пүрэвсүрэн нохойны хоол, цэнэглэгч авъя гэсэн. Бид хоёрыг явах гэж байхад тухайн өдөр манай аав Т Завхан аймгаас ирсэн байсан. Манай аав хамт явъя гээд бид гурав “Шүншиг вилла” хотхон руу очсон. Тэндээсээ явган алхаад “Вива Сити” хорооллын урд талын зам, явган хүний гарц дээр ирээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч байтал манай дүү Пүрэвсүрэнг “Тоуоtа Рrius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд мөргөчихсөн. Тухайн осол болоход манай дүү Пүрэвсүрэн миний урд талд, аав Т миний ард талд явж байсан. Манай дүү Пүрэвсүрэнг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Тэр машин нэгдүгээр эгнээгээр явж байгаад манай дүүг мөргөсөн. Манай дүүг мөргөсөн тээврийн хэрэгсэл дотор жолоочоос гадна 2 хүн байсан. Тэр машины жолооч улаан гэрлээр явсан. Бид нар явган хүний зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байсан. Би дүү дээрээ очоод харахад манай дүүгийн нүд нь нээлттэй юм асуухаар дуу гарахгүй шоконд орсон байдалтай байж байсан. Удалгүй эмч ирж үзсэн. Тэр үзсэн эмч гэмтлийн эмнэлэг очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Бид нар манай дүүг мөргөсөн жолоочийн машинд суугаад гэмтлийн эмнэлэг явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

8. Гэрч М.Б-н 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цаг 30 минутын орчим найз Т бид 2 Хурд хорооллоос Т-н аваад нисэх орж бичиг баримт авахаар найз Т “Toyota prius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу тал буюу урд талын суудалд, Тэмүүлэн ард талын суудалд суугаад хөдөлсөн. Бид гурав яармагийн замаар ороод “Вива сити” хорооллын урд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан. Би тэр үед гар утсаа оролдоод явж байтал машин юм мөргөх шиг чимээ гараад Т огцом тоормос гишгээд зогссон. Миний талын цонх бага зэрэг онгорхой байсан болохоор надад хүмүүс орилолдож байгаа чимээ сонсогдож байсан. Би тэрхэн зуур Т-г машинаараа машин мөргөчихлөө гэж бодсон. Т машинаасаа буухаар нь би араас нь машинаас буугаад хартал машин мөргөөгүй хүн мөргөсөн байсан. Тэр мөргүүлсэн хүн нь эмэгтэй хүн байсан. Мөргүүлсэн эмэгтэй явган хүний гарцаас 1 метр орчим зайтай хэвтэж байсан. Удалгүй эмч ирээд тэр мөргүүлсэн охиныг үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд бичиг хийж өгсөн. Т бид хоёр Т-г үлдээгээд мөргүүлсэн эмэгтэйг аав, эгч хоёртой хамт Тын жолоодож явсан тээврийн хэрэгслээр гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед зам сэлүүхэн ачаалал багатай байсан. Т гурван эгнээ замын голын эгнээгээр явж байсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

9. Гэрч Э.Т-н 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цаг 30 минутын орчим найз Т, Б хоёртой “Хурд” хорооллын манай гэрт ирээд бид гурав хамтдаа Нисэхийн “Буянт ухаа” хороолол орж хүнээс бичиг баримт авахаар найз Т “Toyota prius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн ард талд, Баасансүрэн урд талд буюу жолоочийн хажуу талд сууж хөдөлсөн. Бид гурав Яармагийн замаар явж байсан. Тэр үед би арын суудал дээр доошоо хараад гар утсаа оролдоод явж байтал гэнэт түс гээд юм мөргөчих шиг болсон. Тэгээд юу болсон бэ гээд хартал Т хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би урагшаа цонхоор хартал зам дээр нэг охин хэвтэж байсан. Би сандраад арын суудал дээр нэлээд сууж байгаад, би өөрийн гар утаснаасаа цагдаад дуудлага өгсөн. Би машинаас буугаад газар хэвтэж байсан охин дээр очоод биеийн байдал нь ямар байна гэдгийг нь харсан чинь дээшээ хараад эгч нь юм асуухад толгойгоо дохиж байсан. Удалгүй эмч ирээд биеийн байдлыг нь үзээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гээд бичиг хийж өгөөд явсан. Тэгээд мөргүүлсэн охин эгчтэйгээ хамт Т-ын машинд суусан. Тэгэхээр нь хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад Т гэмтлийн эмнэлэг явлаа гэсэн. Тэгтэл манай найз Баасансүрэн намайг чи нисэх орж бичиг баримтаа авчхаад гэмтлийн эмнэлэг дээр яаралтай хүрээд ирээрэй гээд намайг үлдээгээд явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1838 дугаартай:

“...С.П-гийн биед баруун талын умдаг ясны төвгөрт хугарал, баруун нүдний зовхи, алим, баруун шилбэ, баруун өвдөг, баруун ташаа, баруун гуя, баруун бугалганд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

11. Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн:

 

 -Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн хээний гүн зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Урд буфер баруун гар талдаа цуурч хагарсан, баруун гар талын урд их гэрлийн гадна бүрхүүл хагарсан, мөн гэрлийн шинж нь хугарсан, зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангахгүй байна.

 - Уг авто тээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэх, зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

 - Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй бөгөөд, урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогссон, стандартын шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-66 дахь тал),

 

12. Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №118 дугаартай:

 -“Toyota prius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9д-д Гэрэл дохио нь дараах утгатай байна:

-г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно: гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

-Явган зорчигч С.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 69-71 дэх тал),

 

13. Шүүгдэгч Б.Т-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ... Би осол гарсанд маш их харамсаж байна, би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Хуульд заасан бага шийтгэлийг оногдуулж өгөөч гэж хүсэх байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

 

14. Хохирогч С.П-гийн эмчилгээнд шүүгдэгч Б.Т-аас 870.000 төгрөг төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

 

15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 91 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтас хэргийн 88 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал),  тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 87 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Наадамчдын гудамж, “Вива сити” хотхоны урд талын замд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цаг 45 минутын орчим “Тоуоtа Рrius” загварын _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.П-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, магадалгаа болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хэр, хэмжээ зэрэг гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Т нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Наадамчдын гудамж, “Вива сити” хотхоны урд талын замд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цаг 45 минутын орчим “Тоуоtа Рrius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, гарцаар зорчиж явсан явган зорчигч С.П-гийн эрүүл мэндэд “баруун талын умдаг ясны төвгөрт хугарал, баруун нүдний зовхи, алим, баруун шилбэ, баруун өвдөг, баруун ташаа, баруун гуя, баруун бугалганд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

-2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дэх тал),

 

-2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

-2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

-Хохирогч С.П-гийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний 22 цаг өнгөрч байхад “Вива Сити” хорооллын урд талын зам дээр явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрлээр гарч байсан, ...ухаан алдсан байсан. Ухаан ороод хартал би зам дээр хэвтэж байсан. ...Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочийн машинаар Гэмтлийн эмнэлэг рүү очсон. ...Баруун талын умдаг ясны төвгөрт зөрүүгүй хугаралтай гэж эмнэлгийн шинжилгээний хариу гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал) болон түүний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

- Гэрч Б.Т-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Явган зорчигчийн зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан. ...Тэгтэл П-н баруун гар талаас нэг машин ирээд мөргөчихсөн....Охин машинд мөргүүлээд газар уначихсан байсан. ...П-н биеийг үзүүлэхэд ...умайн араар бага зэргийн сул шингэнтэй байна, дахиж ирж үзүүлээрэй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

-Гэрч Т.Ж-гийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад ...явган хүний гарцаар гарч байтал ...П-нг “Тоуоtа Рrius” маркийн __ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд мөргөчихсөн. ...Тэр машин нэгдүгээр эгнээгээр явж байгаад манай дүүг мөргөсөн. ...явган хүний зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

-Гэрч М.Б-н 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Т “Toyota prius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ...“Вива сити” хорооллын урд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан. ...машин юм мөргөх шиг чимээ гараад...огцом тоормос гишгээд зогссон. ...машинаас буугаад хартал машин мөргөөгүй хүн мөргөсөн байсан. ...мөргүүлсэн хүн нь эмэгтэй хүн байсан. Мөргүүлсэн эмэгтэй явган хүний гарцаас 1 метр орчим зайтай хэвтэж байсан. ...Т гурван эгнээ замын голын эгнээгээр явж байсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

-Гэрч Э.Т-н 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т “Toyota prius” маркийн _ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, ...Яармагийн замаар явж байсан. ...гэнэт түс гээд юм мөргөчих шиг болсон. ...Т хүн мөргөчихлөө гэж хэлсэн. ...зам дээр нэг охин хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1838 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

-Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 61-66 дахь тал),

-Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №118 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 69-71 дэх тал),

-Шүүгдэгч Б.Т-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.  

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэсэн үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-г-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн тус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

   Шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл нь  гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж, жолоодон явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Т-ын авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн, тус хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба, хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол хэрэг гарсан бөгөөд мөрдөгчийн магадалгаагаар хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас хохирогч С.П-гийн бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул хохирол, хор уршгийг шүүгдэгч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.П нь эмчилгээтэй холбоотой “Мед траума” эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр оношилгоо хийлгэсэн 430.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр оношилгоонд төлсөн 120.000 төгрөг, эмийн зардал 94.000 төгрөг, 92.850 төгрөг, 13.000 төгрөг, 45.000 төгрөг, 17.500 төгрөг, 30.000 төгрөг, 20.000 төгрөг нийт 862.350 төгрөгийн баримт  (хавтаст хэргийн 23-25 дахь тал)-ыг хэрэгт ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Т нь хохирогчид эмчилгээний зардалд банкны дансаар 870.000 төгрөгийг өгсөн талаар, хохирогч хүлээн авсан талаар баримт (хавтас хэргийн 23-25, 84-85 дахь тал)-д авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүх шүүгдэгч Б.Т-ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч дээрх дүгнэлттэй маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагаас сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Иймд шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдал, хохирогчид хохирлыг  нөхөн төлсөн зэргийг харгалзан, нөгөө талаас улсын яллагчийн торгох ялын санал, уг ялын хэмжээг өөрчлөх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч мэргэжил эзэмшихээр _ Их сургуульд суралцдаг хувийн байдал тогтоогдсон тул түүний хөрөнгө, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг буцаан олгохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б.Т-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй,  хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ын _ дугаартай жолооны үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн      өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН