Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0478/З |
Дугаар | 221/МА2015/0196 |
Огноо | 2015-05-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2015/0196
2015 оны 5 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2015/0196
Б.В-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.В-ийн нэхэмжлэлтэй ЦЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.В шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ЦЕГ-ын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл тооцуулах, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар цалин хөлсийг нэмэгдүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: ... Б.В Завхан аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 цаг 30 минутын үед баривчлах байрнаас хүмүүжигч Д.А-ийг дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан, ...мөн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ёс журмын эргүүлээр ажиллаж байхдаа уг зөрчлийг илрүүлсэн цагдаагийн хошууч Ш.Т ийг ажил үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан доромжилж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 4 дэх хэсгийн 4.1.1, 4.4.8 дэх хэсэгт заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн. Б.В нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад удаа дараа сахилгын зөрчил гаргасан байна... Б.В-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.В гээс ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: ...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баривчлах байранд баривчлагдсан А-г дур мэдэн зөвшөөрөлгүй гаргасан, ёс зүйн эргүүл гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчтай марган ёс зүйн зөрчил гаргасан нь гэж буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Учир нь, баривчлах байрыг хариуцан тухайн өдрийн жижүүрээр эмчлэгч эмч, жижүүрийн цагдаа нар байсан бөгөөд Б.В нь баривчлах байрыг хариуцаж байсан албан тушаалтнаас зөвшөөрөл авч цуг явсан нь тогтоогддог. 1. А-г дур мэдэн зөвшөөрөлгүй гаргасан албан тушаалтнууд нь баривчлах байрны эмч, жижүүр юм. Өөрөөр хэлбэл, баривчлах байрыг ажил үүргийн дагуу хариуцан ажиллаж байсан ажилтан, албан хаагч (баривчлах байрны жижүүр эмч, жижүүр цагдаа) нь захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журмын дагуу холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр баривчлагдсан этгээдийг гадагш гаргах журамтай.
Гэтэл дээрх албан хаагч нар нь дур мэдэн, өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн гаргасан үйлдэл нь тухайн баривчлах байрны жижүүр цагдаа, жижүүр эмч нар байхад Б.В г дур мэдэн гаргасан гэж буруу дүгнэлт хийсэн. Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журмыг биелүүлж, чанд сахих субьект нь уг журамд зааснаар баривчлах байрны жижүүр, эмч нар байх бөгөөд тэдгээр нь журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар баривчлагдсан этгээдийг байранд хүлээн авах, байрлуулах, гаргах, чөлөө олгох, эргэлт оруулах, албадан хөдөлмөрийг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхээр зохицуулсан. Мөн баривчлах байрыг хэн, ямар албан тушаалтан хариуцах ёстой гэдгийг уг журмын 3 дугаар зүйлийн 3.2, 3.6, 4 дүгээр зүйлийн 4.1-д тодорхой заасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журмын 4.2 дахь заалтыг үндэслэсэн нь буруу юм. Учир нь, уг журмын 4.2-т зааснаар байранд... эмчээс бусад гадны хүн орохыг хориглоно гэж заагаагүй бөгөөд оруулахыг хориглоно гэж заасан нь тухайн баривчлах байранд дээрхээс бусад гадны хүн оруулах, оруулахгүй байх эрх, үүрэг нь тухайн баривчлах байрны жижүүр, эмч нар юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй бөгөөд Б.В тухайн өдөр ажлын бус цагаар ажил үүргээ гүйцэтгээгүй байхдаа уулзсан. Өөрөөр хэлбэл, Б.В нь тухайн өдөр баривчлагдсан этгээдтэй албан хэргээр буюу ажил үүргээ гүйцэтгэж, ажил хэргийн шугамаар уулзаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Баривчлагдсан этгээдийн ар гэрт эд хөрөнгийн, галын болон бусад аюулгуй байдал, бүр цаашлаад хүний (хүүхдийн) эрүүл мэнд, амь нас хохирох бүрэн боломжтой үед цагдаагийн алба хаагчийн хувьд ажлын бус цагаар баривчлах байранд үүрэг гүйцэтгэж байсан холбогдох алба хаагчдаас зөвшөөрөл авч, тусалсан нь ёс зүйгүй үйлдэл гаргасан, ёс зүйгүй албан хаагч болсон нь үндэслэлгүй.
Харин ч баривчлагдсан этгээдийг харгалзах хүнтэйгээр буюу цагдаагийн албан хаагчийн хувьд гэрт нь дагуулан очиж болзошгүй аюултай нөхцөл байдлуудыг арилгасан байхад шууд ажлаас халах хэмжээний ёс зүйгүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь буруу юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.В г цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр цагдаагийн албанаас халж, цагдаагийн цолыг хураасан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул гэж үнэлж, дүгнэсэн үндэслэлгүй. Учир нь, ажлаас халсан тушаалд ЦЕГ-ын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний 598 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дэх заалтыг үндэслэсэн.
Үүнд: Уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 4.2, 4.4 дэх заалтууд нь буруу заалтыг тухайлан заасан. Мөн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах гэснийг удаа дараа зөрчсөн. Хариуцагчийн тайлбараар Захиргааны баривчлах шийтгэлийг биелүүлэх журмын 4.2, 4.3, 7.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх журмын заалтуудыг ажлын цагаараа үүргээ биелүүлэн ажиллах цагдаагийн албан хаагч нь баривчлах байрны жижүүр, эмч нар байх ёстой байтал Б.В г ёс зүйн хэм хэмжээ удаа дараа зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Баривчлах байрны эмч Д.С-т Эрүүгийн хууль сануулан тайлбар авсан. Уг тайлбарт ...хүүхэд нь гэртээ ганцаараа байгаа юм байна, ах нь цуг яваад гэрээс нь хүүхдийг нь авч айлд аваачиж өгчихөөд ирье гэж... гэтэл 0130 минутын үед ёс журмын эргүүл цагдаагийн хошууч Ш.Т дотуур холбоогоор хүмүүжигч Д.А байна уу гэж асуусан гэж тайлбар өгсөн нь илтгэх хуудас бичсэн Ш.Т ийн илтгэх хуудсанд дотуур холбоогоор Д.С-О той холбогдож баривчлах байрны хүмүүс чинь байна уу, наагуур чинь тайван байна уу гэж асуухад худал илтгэх хуудас бичсэн. Мөн Эрүүгийн хууль сануулан тайлбар авахдаа баривчлах байрны эмч Д.С-О-оос дараах асуулт асууж хариулт авсан. Та хүмүүжигч Д.А ийг хэний зөвшөөрлөөр цагдаагийн дэслэгч Б.В д өгч явуулсан бэ? гэсэн асуултанд зөвшөөрөл авсан явдал байхгүй ...хүүхдийг нь айлд хүргэчихээд ирье гэхээр нь өгөөд явуулсан гэж хариулсан. Та баривчлах байрны дотоод журам зөрчиж баривчлагдсан хүмүүжигчийг дур мэдэн гуйсан алба хаагчид өгч явуулсан зөрчил дутагдал гаргасан байна. Хариуцлага тооцоход ямар нэгэн санал хүсэлт байна уу гэхэд би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. Энэ нь тухайн үйл явдалд ажил үүргийн хуваариар хэн нь зөвшөөрөл авах ёстой байсан, хэн нь дур мэдэн гаргасан нь тодорхой байдаг.
2. Шалгалтаар Б.В д Эрүүгийн хууль сануулан тайлбар авсан. Уг тайлбарт та хэв журмын ахлах байцаагч цагдаагийн хошууч Ш.Т тэй юуны учир хэрэлдэж, маргалдсан, яах гэж доромжилсон бэ? гэсэн асуултанд Д.А ийг зөвшөөрөлгүй гэрт нь хонуулах гээд аваад явсан байна гэж ёс журмын эргүүлийн илтгэлд бичсэн байхаар нь, мөн намайг 1 дэх өдрийн рапорт тарсны дараа хүмүүст мангар бацаан их болжээ гэх мэтээр элдвээр ярьж хэлсэн... Ёс журмын эргүүл хийж байсан цагдаагийн хошууч Ш.Т ийн хэлснээр, илтгэлд бичсэнээр Д.А ийг хонуулахаар авч явсан гэх тайлбарыг баривчлах байрны эмч Д.С-О , Б.В , хүмүүжигч Д.А нарын аль нь ч нотолдоггүй. Иймд зориуд худал тайлбар өгч, илтгэх хуудас бичиж, хүмүүсийн дэргэд доромжилсон үйлдэл гаргасан Ш.Т д зүй ёсны шаардлага, тайлбар тавих эрх нь Б.В д байх нь хэнд ч ойлгомжтой.
Харилцан бие биендээ хүндэтгэлгүй харилцсан үйл явдалд дан ганц Б.В д сахилгын шийтгэл ногдуулсан байна. Дээрх харилцан бие биедээ хүндэтгэлгүй харилцсан, А-г баривчлах байрны эмч, жижүүрүүд дур мэдэн зөвшөөрөлгүй гаргасан үйл явдлууд нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн чухам ямар заалтыг зөрчиж Б.В г буруутгаж байгаа нь тодорхойгүй, ёс зүйн дүрэмд ийм үйл явдал нь ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл болно гэж журамласан үг, өгүүлбэр байхгүй. Анхан шатны шүүх Ш.Т , Б.В хэн аль нь ямар хүмүүсийн дэргэд хэнийг доромжилсон, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдгийг бүрэн шалгаж гэрчүүдийг асуугаагүй.
3. Ажлын байрны тодорхойлолтыг хариуцагч байгууллагаас шүүхээс шаардсаны дагуу гаргуулан авсан боловч тухайн ажлын байрны тодорхойлолт нь Улаанбаатар хотын хорооны хэсгийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт гаргаж өгсөн. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтын Б.Чиг үүрэг, ажлын байрны зорилго гэсэн хэсэгт хариуцсан хорооны нутаг дэвсгэрт гэсэн нь, Г.Хүчин зүйлсийн 1.Ажлын байрны харилцах субьект хэсгийн 1.2-т Байгууллагын гадна талд байгаа шууд харилцах - хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, Иргэдийн нийтийн хурал гэсэн нь, Мөн ажлын байрны үндсэн зорилтын 1-д Хариуцсан хорооны гэсэн байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд зааснаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж нь Нийслэл, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Аймаг, аймаг нь сум, сум нь багт хуваагдана гэж заасан байдаг. Мөн уг ажлын байрны тодорхойлолтын Д.Баталгаажуулалт хэсэгт ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагчийн гарын үсэг, огноо, ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг огноо нь 2014 оны 06 дугаар сарын 06-ний өдөр боловсруулж, батлуулсан байгаа нь Б.В г үүрэгт ажлаас халснаас хойш 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараах хэрэгжсэн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.
4. Тушаалын хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Шүүх Цагдаагийн байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байгууллагын хувьд, төрийн жинхэнэ албан хаагчид ажилладаг байгууллагын хувьд тэдэнд сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн дагуу ногдуулах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 80 дугаар тогтоолын 11-д Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэснийг үнэлээгүй байна.
Шүүх эрх бүхий албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэсний баримталсан бөгөөд уг тайлбарт эрх бүхий байгууллага, ...олж, илрүүлж, мэдсэн байхад үнэлээгүй байна. Хэрэв Завхан аймгийн Цагдаагийн газрыг эрх бүхий байгууллага гэж үнэлээгүй бол мөн адил Завхан аймгийн Цагдаагийн газрыг зөрчлийг шалгах эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн харилцаанд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой бөгөөд зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа тоолох ёстой. Зөрчил гэх үйл явдалд шалгалт хийж, даргын зөвлөлөөр хуралдуулж, ЦЕГ-ын бүтцэд байдаг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар, Дэмжлэг үзүүлэх газар, түүний хүний нөөц сургалтын хэлтсээр дамжуулан олон шат дамжлага дамжсан нь тухайн байгууллагын дотоодын зохион байгуулалтын асуудал бөгөөд ямар ч байгууллага Төрийн албаны тухай хуулийг баримтлан ажлаас халах ёстой. Нэгэнт Завхан аймгийн Цагдаагийн газар, ЦЕГ-ын бүтцэд байдаг Нийтийн хэв журам хамгаалах газар, Дэмжлэг үзүүлэх газрын Хүний нөөц сургалтын хэлтэс нь цагдаагийн албан хаагчийг томилж, чөлөөлж, ажлаас халах, мөн Завхан аймгийн Цагдаагийн газраас ирсэн ажлаас халсан саналыг хүлээн авч, үндэслэлтэй байна, эсхүл үндэслэлгүй байна гээд тушаал шийдвэр гаргаад буцаах эрх бүхий байгууллага, албан тушаалтан биш бол дээрх нэгдмэл төвлөрсөн удирдлагатай ЦЕГ-ын бүтцэд байдаг, зарим нь ерөнхий газрын байранд байдаг байгууллагуудаар дамжих ямар ч шаардлагагүй.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэв.
1. ЦЕГ-ын дарга Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хүүхэд асрах чөлөө цуцлах, олгох, албанаас чөлөөлөх, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах, тэтгэмж олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тушаалаар Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан цагдаагийн дэслэгч Б.В г ажлаас халж, цагдаагийн цолыг хураасан шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасантай нийцсэн, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ээс давж заалдах гомдолдоо ...Б.В нь баривчлах байрыг хариуцаж байсан албан тушаалтнаас зөвшөөрөл авч цуг явсан нь тогтоогддог, Б.В нь тухайн өдөр ажлын бус цагаар, ажил үүргээ гүйцэтгээгүй байхдаа баривчлагдсан этгээдтэй уулзсан, ...харин ч баривчлагдсан этгээдийг харгалзах хүнтэйгээр буюу цагдаагийн албан хаагчийн хувьд гэрт нь дагуулан очиж болзошгүй аюултай нөхцөл байдлуудыг арилгасан байхад шууд ажлаас халах хэмжээний ёс зүйгүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь буруу, ...шүүх Ш.Т , Б.В нарын хэн аль нь ямар хүмүүсийн дэргэд хэнийг доромжилсон, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдгийг бүрэн шалгаж, гэрчүүдийг асуугаагүй... хэмээн дурдан, хариуцагчийн талаас дээрх байдлыг үгүйсгэж өөр хоорондоо зөрүүтэй тайлбар гарган маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д ...цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ...байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн нь төрийн тусгай албан хаагч байна гэж заасны дагуу төрийн тусгай албан хаагч байна гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.В нь Төрийн тусгай албан хаагч болохынхоо хувьд дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтуудыг дагаж биелүүлэх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.В нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн гүйцэтгэж шөнийн 01 цагийн үед бууж, баривчлах байранд баривчлагдсан найз Д.А ийг уг байрнаас дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан, мөн тухайн өдөр ёс журмын эргүүл гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн хошууч Ш.Т тэй дээрх асуудлаас болж хүндэтгэлгүй харьцаж, ёс зүйн зөрчил гарган Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.4 дэх хэсгийн 4.4.8 дахь заалтыг зөрчжээ. /хх-ийн 22-33, 42/
Нэхэмжлэгч талаас Д.А хүүхдээ гэртээ ганцааранг нь орхиод гаднаас нь цоожлоод түлхүүрээ аваад ирсэн гэж хэлсэн учраас хүүхдийнх нь асуудлыг шийдвэрлэчихээд аваад ирье гээд зөвшөөрөл аваад явсан хэмээн тайлбар гаргаж байгаа нь тогтоогдохгүй байна.
Учир нь, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын даргын хамтарсан 2010 оны 46 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журмын 4.2-т Байранд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хяналт шалгалтаар яваа цагдаагийн албан хаагч, дуудлагаар ирсэн эмчээс бусад гадны хүн оруулахыг хориглоно, 4.3-т ...цагдаагийн алба хаагч ...баривчлагдсан этгээдтэй уулзах шаардлага гарвал байрны захиргаанаас чөлөө авна, 7.2-т Баривчлагдсан этгээдийн ...ар гэрт нь учирсан гачигдлыг... хэв журмын тасгийн даргын саналыг үндэслэн Цагдаагийн газар, хэлтсийн албан ёсны шийдвэрээр 5 хүртэл хоногийн түр чөлөө олгож болно... гэж зааснаар баривчлагдсан этгээдийн ар гэрт асуудал гаргасан бол энэхүү хуулийн дагуу чөлөө, зөвшөөрлийг нь авах боломжтой байснаас гадна тухайн үед бага насны хүүхэд гэрт нь цоожтой байсан нь нотлогдоогүй байна.
2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэснийг үнэлээгүй байна... Завхан аймгийн Цагдаагийн газрыг зөрчлийг шалгах эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй... гэж маргаж байна.
ЦЕГ-ын дарга нь цагдаагийн алба хаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан бөгөөд энэхүү бүрэн эрхийг Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах асуудлыг шийдвэрлэх, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д хууль тогтоомжид заасны дагуу... сахилгын шийтгэл ногдуулах, ...халах гэж зааснаар зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Б.В нь дээрх ёс зүйн зөрчлийг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан, улмаар Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын албан шалгалтыг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд явуулж, тус шалгалтаар илэрсэн зөрчлийг тус аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын шийтгэл ногдуулах саналыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар болон Дэмжлэг үзүүлэх газрын Хүний нөөц сургалтын хэлтэст тус тус албан бичгээр хүргүүлж, улмаар ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тушаал гарсан байх тул сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР