Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0588

 

“Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буянбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдмин” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хууль бусаар төлүүлсэн 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх үнийн дүнг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр:

Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 9 дүгээр зүйлийн 9.1.9, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.7-д заасныг тус тус баримтлан “Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 982,667,099 төгрөгийг хууль бусаар төлүүлсэн, бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгаж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захирааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална” гэж заасан. 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 58.4, 59.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газраас баталж мөрдүүлсэн. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно”,   30.2-т “Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно. Энэ эрхийн акт нь тогтоол хэлбэрээр байна. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно”, 30.8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нийтээр дагах эрх зүйн акт болох нь тогтоогдож байна. Дээрх Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын 2-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөх”, 2.10-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаа бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ундэслэл бүрдэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын нөөц ашиглах төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлийг зохицуулсан бол Засгийн газрын 272 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх харилцааг зохицуулсан нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6-д заасантай нийцэж байна. Энэ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх харилцааг нөхөн зохицуулсан заалт гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасны дагуу Засгийн газраас 272 дугаар тогтоолд үндэслэн ногдуулсан бөгөөд энэ тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон эзэмшигч бус аль аль нь төлөхөөр байгаа талаар дээр дурдсан.

Мөн түүнчлэн “Эрдмин” ХХК татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн гэдгийг дурьдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газраас 272 дугаар тогтоолд заасныг үндэслэн ногдуулсан бөгөөд энэ тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон эзэмшигч бус аль аль нь ашигт малтмалын нөөц ашигласныг төлбөр төлөхөөр байгаа...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.7-д “Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэгд нь давхардуулахгүйгээр ногдуулна” гэж заасан ба мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тодорхойлон заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүргийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээхээр түүнчлэн тухайн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлөх  хэмжээг хэрхэн тооцож, тогтоох журмыг тусгайлан зааж тогтоосон байна.   

Татварын ерөнхий газраас /хуучнаар/ “Эрдмин” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2009-2012 онд хүдрийн овоолгыг боловсруулж үйлдвэрлэсэн зэсийн борлуулалтад ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэхээр тус газрын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/660 тоот, тус газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/98 дугаар албан бичгүүдээр тус тус шаардсан байх бөгөөд уг албан бичгүүдийн дагуу нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнан 982,667,100.0 төгрөгийг төсөвт төлжээ.

Нэхэмжлэгч нь уг төлбөрийг төлөх үндэслэлгүй талаарх тайлбарыг Татварын ерөнхий газарт хүргүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг суутган тооцох талаар хүсэлт гаргаснаар 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй “Суутган тооцооллоор татварын өр хаасан гэрээ”-г байгуулсан атлаа нэхэмжлэгчийн илүү төлсөн төлбөрийг бусад өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь,

 Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөхөөр заасан байх тул хуульд заасан татвар төлөх үүрэг нэхэмжлэгч компанид үүсээгүй байна. Тодруулбал,

Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ын 2 дугаар бүлгийн 10 дахь заалтад “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээлийн үнээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө” гэж тус тус заасан байх хэдий ч  Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсан байх тул нэхэмжлэгч “Эрдмин” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөх үүрэгтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эрдэнэтийн овоо”-ны ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 900 га талбайг “Эрдмин” ХХК-д 1997 онд эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан байх боловч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 2004 оны 5-770 тоот тушаалаар хүчингүй болгосон, түүнээс хойш ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшээгүй болох талаар нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрч маргаагүйгээс гадна “Эрдмин” ХХК нь “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-тай “Хүдэр худалдах, худалдан авах гэрээ”-г хийж 2005-2011 оны хооронд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд худалдаж авсаар ирсэн, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд байхад дээрх Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлүүлэхээр шаардсан, улмаар төлсөн төлбөрийг татварын өр төлбөрт суутган тооцохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн “...худалдан авсан хаягдал хүдэрт ногдох ашигт малтмал ашигласны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийн тайландаа тусгасан байхад төлбөрийг давхардуулан “Эрдмин” ХХК-д ногдуулсан” гэх” тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  “...манай компани 2009-2011 он хүртэлт “хүдэр худалдах, худалдан авах гэрээ”-г хийж “Эрдмин ХХК-д нийт 754,9 мянган тонн хаягдал хүдэр нийлүүлж, түүний төлбөрт 419,3 сая төгрөгийг хүлээн авч АМНАТ нь тайлагнагдсан болно” гэх /111/187 тоот албан бичиг[1]/ нотлох баримтыг хариуцагчаас баримтаар няцааж, үгүйсгээгүй байна.                                          

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ