| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0264/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/247 |
| Огноо | 2022-04-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/247
2022 04 04 2022/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч А.Х” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х” овогт А”ийн Х”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2008031380254 дугаартай, хоёр хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч А.Х” нь 2020 оны 04 дүгээр сард зөвхөн автомашины улсын дугаарыг ашиглах зорилгоор фейсбүүкт “унасан, эвдэрсэн машин авна” гэсэн зар байрлуулж, уг зарын дагуу холбогдсон Д.О”д хэлцлээр тохиролцсон төлбөрийг анхнаасаа төлөхгүй байх санаа зорилготой байсан боловч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Приус-30 маркийн _ УНК улсын дугаартай автомашиныг 8,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцох байдлаар хуурч, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсан автомашиныг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөртөө шилжүүлэн авч залилан хохирогч Д.О”д 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х”аас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хоёр: Эрүүгийн 2008031380254 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал), Иргэний нэхэмжлэгч О.Ц”ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал), хохирогч Д.О”ын гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал)
2. Э.Х”, О.Ц” нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн “Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагад байгаа _ УНК улсын дугаартай Приус30 маркийн автомашины 8.300.000 төгрөгийн зээлийг үргэлжлүүлэн төлөх нь үнэн болно” гэсэн итгэлцлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал),
3. Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 26-08/019 дугаартай гомдол, зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 41-52 дахь тал),
4. Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын _УНК улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн барьцаалан зээлдүүлэх гэрээ, эргэн төлөлт, холбогдох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 65-73 дахь тал),
5. Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын _УНК улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн барьцаанд тавьж 11.250.000 төгрөгийн зээл авч урьдчилгаа төлбөрт 6.784.500 төгрөг төлсөн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал),
6. “_” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №75583 дугаартай “Тоёота приус-30” маркийн _УНК улсын дугаартай автомашины Ослын улмаас учирсан хохирлыг 6.716.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал),
7. Иргэний нэхэмжлэгч О.Ц”ийн _ тоот дансанд 11.250.000 төгрөгийн зээл олгосон талаарх дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал),
8. _ УНК улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал),
9. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байсан _ дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн материалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 95-125 дахь тал),
10. Хохирогч Д.О”ын мөрдөн шалгах ажиллагаанд:
-2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 22-н товчоон дээр байрлах машин худалдааны төвөөс цайвар цэнхэр өнгийн приүс 30 маркийн машиныг гаалийн бичигтэй байхад нь өөрийн найз Ц”ийн нэр дээр Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл авхуулж худалдаж авч байсан юм. Тухайн машиныг худалдаж аваад _ УНК улсын дугаарыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн газраас авч байсан. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай найз Ц”ийн төрсөн өдрийг тэмдэглэж байх хугацаанд манай найзын дүү нь миний машиныг нууцаар авч яваад мөргөлдүүлчихсэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өөрийн 02-44 УНК улсын дугаартай машиныг Хан-Уул дүүргийн журмын хашаанд байлгаж байсан. Машинаа зүгээр байлгаад яах вэ зээл төлж чадахгүй юм чинь зарчихъя гэж бодоод фейсбүүк зараас харж байгаад унасан эвдэрсэн машин авна гэх хүнтэй чат бичиж холбогдсон. Миний машины зээл үлдэгдэл 8,300,000 төгрөг үлдсэн байсан. Тухайн Х” гэх хүнтэй тохиролцоод миний машины зээлийг төлж дуусгахаар авсан. Ерөнхийдөө зээлийн үлдэгдэл мөнгөндөө машинаа зарчихсан. Машины нэрийг зээл төлж дуусахаар шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн _ УНК улсын дугаартай машиныг Х”тай уулзаж байгаад Хан-Уул дүүргийн журмын хашаанаас авч өгч явуулсан. Тэр өдрөөс хойш Х” миний машины зээлийн үлдэгдлийг төлөөд явж байсан бас дундуур нь надтай чатаар холбогдож чиний машиныг янзлуулаад ийм гоё болгочихсон гээд зургийг нь явуулаад байсан. Бас С-н машин болсон, би өөр машинаар сольчихсон гэж ярьж байсан. Тэр өдрөөс хойш чимээгүй байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нөгөө залуу над руу залгаад чи банктайгаа нийлээд надад хулгайн машин өгчихсөн байна, чи Баянзүрхийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр явж очиход учир нь ойлгогдохгүй хулгайн гэх зүйл болоод байсан. Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас тухайн машины үлдэгдэл зээлийн мөнгийг одоо намайг төлж дуусга гээд байгаа юм. Бас тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг нь өөрчилчихсөн гэж Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагчид хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг би буцааж аваад мөнгийг нь төлье гэхээр арлын дугаарыг нь өөрчлөгдсөн байх тул буцааж авах боломжгүй байгаа юм....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал),
-2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2019-ны 06 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 22-ны товчооны тэнд байдаг 1000-н машины зогсоолтой машины зах дээрээс өөрийн найз Үүрээ /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/-ээс _ УНК улсын дугаартай тоёота приүс-30 маркийн цайвар цэнхэр өнгийн машинаа 16.000.0000 төгрөгөөр авахаар болоод би урьдчилгаа хэдэн хувийг өгснийг санахгүй байна, 5-6 сая орчим төгрөгийг Нэт капитал руу өгч байсан, яг хэдэн төгрөг урьдчилгаанд өгснийг нарийн сайн санахгүй байна. Би Нэт капиталаас урьдчилгаа төлбөрийн талаар баримтыг бичгээр авчирч өгнө. Нэт капитал миний урьдчилгаа мөнгийг аваад надад тусалж байгаа найз Ц”, түүний ээж Ч” нарын нэр дээр 11.250.000 төгрөгийн зээл гаргаж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би машинаа 36 сарын хугацаанд төлж дуусгах лизингийн гэрээгээр авсан. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай найз Ц”ийн төрсөн өдөр болоод тэмдэглэж хоносон. Тэгтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө намайг унтаж байхад найз Г-н хамаатны дүү Ө миний машиныг зөвшөөрөлгүй авч яваад осол хийгээд миний машиныг эвдчихсэн юм. Ингээд би цагдаа, шүүхээр шалгуулж байгаад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан- Уул дүүргийн шүүхээр Ө-с хохирлын 8.005.000 төгрөгийн хохирлыг гаргуулж авсан. Ингээд би 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу Х”ад машинаа өгөх хүртлээ Нэт капиталын зээл болох 5.598.000 төгрөгийг төлсөн. Х” миний машиныг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн журмын хашаанаас аваад Баян хошууны зүүн салаанд Ц” бид хоёрт Х” бичгээр итгэлцлийн гэрээ хийж өгсөн. Х” 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл 2.550.000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд би тэр мөнгийг нь Нэт капиталын данс руу шилжүүлээд байсан. Х” 2020 оны 08 дугаар сараас над руу машины зээлийн мөнгийг шилжүүлэхээ болиод Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудахаар нь очиход хулгайн машин зарсан, арлын дугаарыг нь сольсон гээд байсан. Ингэж байх үеэр Нэт капиталын зээлийн төлөлт хийгдэхгүй байна гээд Ц” бид хоёрыг буруутгаад төлбөр мөнгөний асуудал үүсэхээр нь танай цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал),
-2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн найз Ц”ээс дамжуулж нэр дээр нь _ банк бус санхүүгийн байгууллагаас 6800000 төгрөгийг урьдчилгаанд төлж 11.250.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас Ц”ийн нэр дээр зээл авч сар бүр 506.000 төгрөгийг төлж 36 сарын хугацаатай зээлж _ УНК улсын дугаартай приус 30 автомашиныг аваад 2019 оны 07 сараас эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр төлөх 506.000 төгрөг, нийт 5060.000 төгрөгийг өөрөө төлж яваад тухайн үед миний автомашин осолд орсон байсан тул фейсбүүк зараар Х” гэх залуутай холбогдож үлдэгдэл зээлийн төлбөр 8 сая гаруй төгрөгийг Х” үргэлжлүүлэн төлөхөөр болж осолд орсон _ УНК улсын дугаартай приус 30 автомашиныг авахаар болсон. Х”ад би автомашиныг өгөхдөө нэг төгрөг ч аваагүй өгөөд явж байтал 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Х” над руу залгаад чи надад хулгайн автомашин зарсан юм биш үү, чи Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлэхээр нь яваад автомашин зарсан хүн болон Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч нарыг дагуулж очоод уулзахад Х” нь өөрөө будилаан хийсэн байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал),
11. _ ХХК-ний О.Ц”т холбогдох асуудлаар байгууллагыг төлөөлж Г.П”д олгосон талаар итгэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал),
12. Иргэний нэхэмжлэгч “_ ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П”ы мөрдөн шалгах ажиллагаанд:
-2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би Нэт капитал ХХК-д тусгай активын менежер ажилтай. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Оюунбаатарын Ц” хамтран зээлдэгч Цэнд-А”ийн Ч” нар нь _ дугаартай зээлийн гэрээг манай компанитай байгуулан Тоёото приүс-30 маркийн 2010 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монгол Улсад орж ирсэн _ УНК улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн _ арлын дугаартай авто машиныг 11.250.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай сард 506.687 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хөрөнгө өмчлөлд шилжүүлэх _ дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулан машинаа авсан байна. Ц” нь өөрөө ярихдаа дээрх машинаа өөрийн найз О”д аман байдлаар зээлийг төлөөд ав гэж өгсөн байсан. Энэ нь зээлийн гэрээгээ зөрчиж бусдад хууль бусаар шилжүүлсэн байсан. О” нь уг автомашиныг ашиглаж байгаад Э.Х” гэх хүнд дамжуулан өгч улмаар уг автомашин нь осолд орсон. Уг автомашиныг манай байгууллага 2020 онд үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 3.1.2 дахь хэсэгт зааснаар барьцааг өөрийн зогсоолд байршуулсан. Уг машиныг манай компанийн тухайн үед ажиллаж байсан хүмүүс Х”аас хураан авсан гэдэг юм. Манайх дээрх машиныг тулгаж шалгаж үзтэл барьцаа хөрөнгийн улсын дугаар нь манай дээр бүртгэлтэй _ УНК дугаар мөн байсан. Приүс-30 маркийн машины арлын дугаарууд нь жолоочийн эсрэг талын хаалган дээр, урд салхины шилний доод хэсэгт, жолоочийн эсрэг талын суудлын доор шалан дээр байдаг. Бид дээрх машиныг тухайн үед шалгаж үзэхэд жолоочийн эсрэг талын хаалга, салхины шилний доод хэсгийн арлын дугаарыг шалгахад _ гэсэн арлын дугаар байсан. Харин суудлын доод талд байдаг арлын дугаарыг манайхаас үзээгүй гэсэн. Ингээд л манайх _ арлын дугаараар авто тээврийн үндэсний төвд гаргасан чинь “_” ХХК-ний өмчлөлд байдаг машин болж таарсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагч нарын хамтаар “_” ХХК-ны төлөөлсөн хүмүүс ирээд манай машин байна гэж хэлээд журмын хашаанд хийнэ гээд аваад явсан. Одоо уг машин хаана байгааг мэдэхгүй. ..”гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал),
- 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Зээлдэгч нар төлбөрийн хуваарьт заасан төлбөрийг цаг тухай бүрд төлөөгүй хугацаа хэтэрсэн тул салбарын ажилтнуудын зүгээс барьцаа хөрөнгө _ УНК улсын дугаартай автомашиныг гэрээнд заасны дагуу хураан авч зогсоолд байршуулахад цагдаагийн газраас мөн цайвал өнгийн приус 30 автомашинд _ УНК улсын дугаарыг зүүсэн явж байсан энэ машин “_” банк бус санхүүгийн байгууллагын авто машин гэж хэлээд аваад явсан байсан. Ингээд барьцаагүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал),
13. Гэрч С.М”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр ...Фейсбүүк зар дээр мөргөлдсөн приүс-30 маркийн машиныг зарна гэсэн байсны дагуу 25- 30 орчим насны цайвардуу царайтай залуутай ярилцаж уулзсан. Баянзүрх дүүргийн “Монел”-ийн тэндээс гэр хороололд байх хашаанд нь очиж дээрх залуугийн эвэрдсэн машиныг үзэхэд жолоочийн эсрэг талын урд хэсгээрээ мөргөлдөж эвдэрсэн цайвар цэнхэр өнгийн приүс-30 маркийн машин байсан. Уг машиныг нөгөө залуутай үнэ тохироод 2.500.000 төгрөгийг өөрийн хаан банкны _ дугаарын данснаас нөгөө залуугийн Хаан банкны данс руу шилжүүлээд уг авсан машинаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо _ тоотод байрлах приүс засварын газартаа ачуулж авчирсан. Ингээд уг машиныг тухайн үед бүгдийг нь эд ангиар нь задлаад сэлбэгт хэрэглээд дууссан. Одоо уг машинаас үлдсэн зүйл байхгүй. Машин зарсан залуу машинаа зарснаас хойш 7 хоногийн дараа өөрөө манай сонсголонгийн засварын газарт ирээд суудлын доод талд байдаг арлын дугаарыг нь тастаж аваад, хаалганы багана дээрх арлын дугаарыг нь хусаж арилгаад яваад өгсөн. Надад тухайн үед тэр залуу хэлэхдээ машины арлын дугаар нь хэрэгтэй байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал),
14. Гэрч Ц.Н”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “....Би өнгөрсөн 2018 онд Кредит гэх нэртэй банк бус байгууллага дээр _ УНЦ улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл авч байсан. Би өөрөө ойр зуурдаа хэрэглээндээ зориулж аваад ойролцоогоор хагас жил орчим унасан. Би өөрөө давхар зээлтэй болохоор төлж чадахгүй байхаар нь ...таньдаг ах Мөнхзолбоод хандаж би зээлтэй болчхоод байна аа та цаашаа төлөөд миний машиныг авах уу гэж асуухад тэгье гээд хоорондоо амаар ярилцаж тохиролцсон. Би түүнд 2018 оны зун машинаа өгсөн. 2020 оноос банк бус байгууллагаас над руу залгаад машин чинь хаана байна одоо болтол төлөлтөө хийгээгүй байна гэж хэлэхээр нь би тэр талаар түүнд хэлэхэд ах нь наадхыг чинь зохицуулчихна асуудалгүй гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал),
15. Гэрч Ц.Ч”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2019 оны 06 дугаар сард манай төрсөн охин Ц”ийн найз О” надтай ирж уулзаад манай охины нэр дээр машин лизингээр авъя хугацаанд нь төлөөд дуусгачихна ямар ч асуудал байхгүй гээд гуйгаад байхаар нь итгээд Ц”ийг үндсэн зээлдэгчээр би хамтран зээлдэгчээр ороод 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нэт Капитал ХХК-иас 11.250.000 төгрөгийн зээл О”д гаргуулж өгсөн. О”д Нэт капиталд урьдчилгаа 6.784.500 төгрөгийг өгсөн. О” ямар ч асуудалгүй сар бүр зээлийн төлөлтөө хийгээд явж байхад машиныг нь найзынх нь дүү Ө гэдэг хүүхэд зөвшөөрөлгүй авч яваад мөргөлдүүлж эвдсэнээс болж О” машины зээлээ төлж чадахгүй болсон. Тэгэхдээ О” машины эвдрэлийн мөнгө болох 6.000.000 орчим төгрөгийг Өсөх- Ирээдүйгээс гаргуулаад авчихсан байж тэр мөнгийг нь Нэт капиталд өгөлгүй хувьдаа хэрэглэсэн байсан. Ингээд эвдэрсэн машинаа Ц”тэй нийлж байгаад цаашаа хүнд зээл төлүүлэхээр шилжүүлсэн байсан. Тэгтэл нөгөө машин авсан хүн нь машины зээлийг нь төлсөн ч юмгүй аваад алга болсон юм шиг байна. Тэгээд одоог хүртэл Нэт капиталаас өр зээлээ төл гээд мэдэгдэл ирээд байгаа. Ц” бид хоёр буруугүй учраас машиныг нь үрэн таран хийсэн хүмүүсээс хохирлыг нь гаргуулж өгнө үү гэж хүсмээр байна. ....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал),
16. А.Х”ыг мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн:...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-4 буюу тээврийн хэрэгсэл түр саатуулах төмөр хашааг А.Х” зааж уг хашаанд тухайн үед байсан гадна эд анги нь эвдрэлтэй _ УНК улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.О”, О.Ц” нараас хүлээн аваад Чингэлтэй дүүрэгт айлын хашаа /Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 19-28а тоот/-нд тээвэрлэж байрлуулсан гэснийг тэмдэглэл болгон бичив. Дээрх мэдүүлэг шалгах ажиллагааг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал),
17. Яллагдагч А.Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Би өөрийн _ гэсэн фэйсбүүк хаяг дээрээ марк икс зарна гэсэн зарын дагуу надтай хүн холбогдоод тухайн үед өөрийгөө Очироо гэх нэртэй хүн уулзаад би өөрийнхөө _ УНЛ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота марк икс авто машиныг өгөөд оронд нь _ УНЦ улсын дугаартай тоёота приус 30 авто машиныг солилцон авахад приус 30 машин банк бусын зээлтэй байхад Очироо нь би өөрөө мөнгөө үргэлжлүүлэн төлнө чи битгий санаа зов гэж хэлээд бид хоёр машинаа солилцож сар орчмын дараа тоёота марк икс авто машин өөр хүний нэр дээр байсан тул О-той уулзуулж өгсөн. Ингээд машиныг унаад явж байхад О чиний машиныг банк бус нь хайж байгаа хураалгах магадлалтай шүү, чамайг хохироогоод яах вэ чи зарж үрнэ үү яадаг юм өөрөө мэдээрэй гэхээр нь би машинаа буцаагаад авъя гэхэд машиныг зарсан гэж хэлсэн юм. Тэгээд би фейсбүүк зар хараад байж байхад эвдэрсэн авто машин зарна гэсэн зар фейсбүүк хуудсаар явж байхаар нь холбогдоод уулзахад банк бус зээлтэй үлдэгдэл 8.300.000 төгрөг байгаа, хэрэв зээлийг үргэлжлүүлэн төлөөд авбал машиныг ав гэж хэлэхээр нь би зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлнө гэж хэлээд О”ын _ УНК улсын дугаартай автомашиныг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах журмын хашаанаас аваад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах гэрийнхээ гадаа авчирч тавиад засвар хийлгэх гэтэл маш үнэтэй байсан тул бүтнээр нь задаргаанд 2.500.000 төгрөгөөр өгөөд улсын дугаарыг нь Очироогоос авсан _ УНЦ улсын дугаартай приус 30 автомашинд тавиад 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл унасан. _ банк бус санхүүгийн байгууллагаас явж байна гэж хэлээд машины арлын дугаарыг чинь үзэх гэсэн юм гэж хэлээд арлын дугаарыг үзээд энэ манай зээлийн барьцаанд байгаа машин байна гэж хэлээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиж шалгуулахад _ банк бус санхүүгийн байгууллага нь авто машинаа аваад гомдол саналгүй гээд хэрэг нь хаагдсан. Би О”аас авсан автомашиныг 2.500.000 төгрөгөөр зараад Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагад Ц”ийн өмнөөс төлсөн өөр ямар нэгэн төлбөр төлөөгүй. Би хувиасаа мөнгө гаргаж О”ын өмнөөс зээл төлөөгүй. О”аас авсан приус 30 машиныг 2.500.000 төгрөгөөр зараад энэ мөнгөө сар бүр 500.000 төгрөгөөр хувааж зээлийг нь төлсөн. Би _ УНК улсын дугаартай приус 30 автомашиныг зарах үед Кредит прогресс банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан _ УНЦ улсын дугаартай приус 30 автомашиныг унаж байсан. Тухайн банк бус санхүүгийн байгууллагаас машинаа хайж байгаа гэдгийг мэдэж байсан тул _ УНК улсын дугаартай приус 30 автомашиныг арлын дугаарыг _ УНЦ автомашин дээр тавих гэж арлын дугаарыг нь очиж авсан боловч тавьж чадаагүй. Харин улсын дугаарыг сольж хөдөлгөөнд оролцоод явж байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал),
18. А.Х”ын Хаан банкны _ тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 208-221 дэх тал),
19. Нэт капитал Банк бас санхүүгийн байгууллагын О.Ц”, Ц.Ч” нарт холбогдох хэргийн нэхэмжилсэн төлбөр бүрэн төлөгдөж дууссан тул гомдол саналгүй талаарх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал),
20. Хохирогч Д.О”ын гомдол саналгүй хохирлоо бүрэн барагдуулсан талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал),
21. А.Х”ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал), Прокурорын хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээг тохирсон санал (2 дугаар хавтаст хэргийн 4-7 дахь тал),
22.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: А.Х”ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал), Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 206, 207, 246 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 233 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч А.Х” нь иргэн Д.О”ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж автомашиныг нь шилжүүлэн авч, залилан 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Х” нь 2020 оны 04 дүгээр сард автомашины улсын дугаарыг зөвхөн ашиглах зорилгоор фейсбүүк цахим хаягт “унасан, эвдэрсэн машин авна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.О”д хэлцлээр тохиролцсон төлбөрийг анхнаасаа төлөхгүй байх санаа зорилготой байсан боловч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Приус-30 маркийн _ УНК улсын дугаартай автомашиныг 8,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцох байдлаар хуурч, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсан автомашиныг нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөртөө шилжүүлэн авч залилан хохирогч Д.О”д 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал), Иргэний нэхэмжлэгч О.Ц”ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал), хохирогч Д.О”ын гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал)
-Э.Х” О.Ц” нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн итгэлцлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал),
-_ ХХК 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 26-08/019 дугаартай гомдол, зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 41-52 дахь тал),
- _ ХХК-ний _ УНК улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн барьцаалан зээлдүүлэх гэрээ, эргэн төлөлт, холбогдох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 65-73 дахь тал),
- _ ХХК _ УНК улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн барьцаанд тавьж 11.250.000 төгрөгийн зээл авч урьдчилгаа төлбөрт 6.784.500 төгрөг төлсөн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч О.Ц”ийн 408200698 тоот дансанд 11.250.000 төгрөгийн зээл олгосон талаарх дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал),
-_ УНК улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал),
-Хохирогч Д.О”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал), 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал),
-Хохирогчоор дахин 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч _ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П”ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал), 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал),
-Гэрч С.М”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал),
-Гэрч Ц.Н”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал),
-Гэрч Ц.Ч”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал),
-А.Х”ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал),
-Яллагдагч А.Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал),
-А.Х”ын Хаан банкны _ тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 208-221 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг буюу эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Х” хохирогчийг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг буюу тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч А.Х” нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн байна.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Х”ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О”д 8,300,000 төгрөгийн хохирол учирсан байх ба, хохирогч гомдол саналгүй, хохиролд 8,300,000 төгрөгийг _ ХХК-д төлсөн талаарх баримтыг (2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал), иргэний нэхэмжлэгч Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас хохирол төлбөр бүрэн барагдаж дууссан тул гомдол саналгүй талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал) ирүүлсэн бөгөөд бусад хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч А.Х”ад оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч торгох ялыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч А.Х” цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Иймд шүүгдэгч А.Х”ыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч А.Х”ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х” овогт А”ийн Х”ыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х” овогт А”ийн Х”ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х”ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Х”ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч А.Х”ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Д.О”, иргэний нэхэмжлэгч _ ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Х”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Х”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН