Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох эрүүгийн 2015003210058 дугаартай, 163/2022/0103/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Улаанбаатар хотод 1968 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 6 дугаар багийн *******ын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командлагч мэргэжилтэй, ам бүл 1, 54 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт оршин суух С.*******аас 2018 оны 9 дүгээр сард мөнгийг 9 сард багтаан өгнө гэж хууран мэхэлж нас гүйцсэн 5 тооны шар, 50 тооны эр хонийг авч 10.354.700 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сард мөн сумын 5 дугаар багт оршин суух Б.*******аас банк онгойхоор мөнгийг нь өгнө гэж хууран мэхэлж 42 тооны хонийг авч 7.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2015003210058 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.******* нь Булган аймгийн ******* сумын нутагт мал, махны ченж буюу иргэдээс мал, мах худалдан авч борлуулах зэргээр хувиараа хөдөлмөр эрхлэж байх үедээ 2018 оны 9 дүгээр сард тус сумын 5 дугаар багийн малчин С.*******аас 5 тооны нас гүйцсэн шар, 50 тооны эр хонины мөнгийг 3 сар эргэлтэд оруулаад буцааж өгнө гэж, 2019 оны 5 дугаар сард мөн энэ багийн малчин Б.*******аас 42 тооны хонины мөнгийг орой болж банк хаасан учир банк онгойхоор мөнгийг авч өгнө гэж тус тус хуурч мэхлэн, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч хариу төлбөрийг хийгээгүй залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нартай харилцан тохиролцсон, *******д 170 төгрөгөөр тооцож 40 хургатай хонь, *******т 4х4 хэмжээтэй өвлийн дүнзэн байшинг өгөхөөр ярьсан, болно гэсэн. Хохирлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний дотор барагдуулна, боломж гарвал *******ын хохирлыг мөнгөөр барагдуулна гэх мэдүүлэг,

  2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.*******ы өгсөн: Би 2019 оны 9 дүгээр сарын эхээр ******* сумын мал, махны ченж бүдүүн гэх хүнд өөрийн малнаас 5 тооны нас гүйцсэн шар, мөн нас гүйцсэн 50 тооны эр хонио нийт 20 сая төгрөгөнд тооцож зарсан юм. тухайн үедээ мөнгийг нь 3 сар эргэлдүүлээд өгье гэж надаас авсан. Тухайн үед би үхэр зармаар байна гээд сумын төвд хүмүүст хэлээд явж байсан юм. Тэгсэн над руу тэр өдөр залгаад та мал зарах юм уу? гэж асуухаар нь би мал зарна гээд манай хөдөө гэрт ирсэн. Ирээд авах малаа үзэж үнээ тохиролцоод малаа хийж эхэлсэн. Хийж дуусаад мөнгөө авъя гэхэд нь одоо миний мөнгө арай хүрэхгүй байна, мөнгөө төвд орхичихсон гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ? хагас мөнгийг нь ч гэсэн авъя гэж хэлэхэд та 2 хоногийн дараа төв ороод хагас мөнгөө авчих гэж хэлсэн. Би 2 хоногийн дараа төв ороод мөнгөө авъя гээд гэрт нь очиход би таны мөнгийг хүнд өртэй байж байгаад тэрэндээ өгчихлөө. Та надад 3 сарын хугацаа өгчих би эргэлдүүлж байгаад буцаагаад өгнө гэхээр нь би тохироод явсан. Тэгээд тохиролцсон цагтаа мөнгийг маань өгөлгүй худлаа үнэн юм ярьсаар байгаад өдий хүрсэн. Мал зарсан үйл явдлыг тэнд бой хийж /мал нядалж/ байсан Хайдав, ******* нар болон тэдний эхнэрүүд мэдэж байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: 2019 оны 5 дугаар сарын үед байх яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тав дахь өдөр байсан юм. Би хөдөө гэртээ эхнэрийн хамт байж байхад ******* сумын мал, махны ченж хийдэг байсан бүдүүн гэх хүн цагаан өнгийн том автомашинтай ажилчин гээд 2 залуутай  манай гэрт ирээд мал зарах уу гэж надаас асуухаар нь би тэгнэ, зарна гэж хэлсэн. Тэгээд нэг хонийг 190,000 төгрөгөөр тооцож манайхаас 42 тооны хонь авахаар болсон. Нийт хонины мөнгө нь 7,980,000 мянган төгрөг болсон. Тэгээд тэр өдрөө манай хониноос 30 хонь машиндаа ачаад дуусахаар нь мөнгөө гэж хэлэхэд ******* нь орой болоод банк хаачихсан байна, би мөнгө авч чадаагүй маргааш нөгөөдөр амралтын өдөр болно тэгэхээр би чамд хонины мөнгийг чинь 1 дэх өдрөөс өгье гэж хэлсэн. ...Би одоо 5,980,000 төгрөг авах ёстой гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дахь тал/,

4. Гэрч Т.ын өгсөн: Би ******* ахыг бүдүүн гэх хүнд 5 тооны эр үхэр, 50 тооны эр хонь зараад одоо болтол мөнгөө авч чадахгүй байгаа гэдгийг нь ******* ахаас өөрөөс нь сонссон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

5. Гэрч Д.гийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын үед би нөхөртэйгээ хөдөө гэртээ байж байхад орой нар жаргахын өмнөхөн ******* сумын төвд мал, мах авдаг гэх хүн ажилчин гэх 2 залуугийн хамт том цагаан өнгийн ачааны машинтайгаа ирсэн. Тэгээд мэнд ус мэдэлцээд сууж байгаад манайхыг мал зарах уу гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр бид хоёр хотод хашаа байшин авах гээд мөнгөний хэрэгтэй байсан болохоор зөвшөөрөөд 42 тооны бүдүүн хонийг тус бүр 190,000 төгрөгөөр тооцож нийт 7,980,000 төгрөгөөр  зарахаар болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149-150 дахь тал/,

6. хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн малын зах зээлийн үнэлгээ тогтоосон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21/94 дугаартай: Нас гүйцсэн эр үхэр 911,500 төгрөг буюу 5 тооны эр үхэр 4,557,700 төгрөг, эр хонь 115,940 төгрөг буюу 50 тооны эр хонь 5,797,000 төгрөг, нийт  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-56 дахь тал/,

        2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №220056 дугаартай:  Нас гүйцсэн эр хонь 177,000 төгрөг,  шүдлэн эр хонь 167,000 төгрөг буюу 42 тооны хонины үнэ 7,300,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 161-166 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.*******, Б.******* нарын өгсөн мэдүүлэг,  гэрч Т., Д. нарын өгсөн мэдүүлэг, малын тухайн үеийн зах зээлийн үнэлгээ тогтоосон хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21/94,  2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №220056 дугаартай дүгнэлтүүд зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч М.******* нь Булган аймгийн ******* сумын нутагт мал, махны ченж буюу иргэдээс мал, мах худалдан авч борлуулах зэргээр хувиараа хөдөлмөр эрхэлж байх үедээ 2018 оны 9 дүгээр сард тус сумын 5 дугаар багийн малчин С.*******аас 5 тооны нас гүйцсэн шар, 50 тооны эр хонины мөнгийг 3 сар эргэлтэд оруулаад буцааж өгнө гэж, 2019 оны 5 дугаар сард мөн энэ багийн малчин Б.*******аас 42 тооны хонины мөнгийг орой болж банк хаасан учир банк онгойхоор мөнгийг авч өгнө гэж тус тус хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, төлбөрийг нэхэх үед худал хэлж зайлсхийх, утсаа авахгүй зугтах зэргээр хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгоороо залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүгдэгч М.*******ын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.*******ын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.*******ыг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.*******, Б.******* нарт учирсан хохирлыг хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21/94, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №220056 дугаартай дүгнэлт гаргуулж,  хохирогч С.*******д 10,354,700 төгрөгийн, хохирогч Б.*******т 7,300,000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч С.*******ы хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,000,000 төгрөгийг бэлнээр, 4 тооны эм хонь, 6 тооны төлгийг хүлээн авсан нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүхийн шатанд үлдэгдэл хохиролдоо нэг хургатай хонийг 170,000 төгрөгөөр тооцож 50 тооны хургатай хонь өгч авалцахаар тохиролцсоноос 10 хургатай хонийг авсан нь түүний иргэний үнэмлэхний хуулбар бүхий шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул тэдний эвлэрлийн дагуу 40 тооны хургатай хонь буюу 6,800,000 төгрөгийг шүүгдэгч М.*******аас гаргуулж, хохирогч С.*******д  олгохоор; хохирогч Б.*******ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2,000,000 төгрөгийг авсан нь мөн түүний хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд үлдэгдэл хохиролд сууцны дүнзэн байшин авч өгөлцөхөөр тохиролцсон тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна, иймд хохирлын үлдэгдэл 5,300,000 төгрөгийг шүүгдэгч М.*******аас гаргуулж, хохирогч Б.*******т олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.*******ыг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 121-133 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн талаарх лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь ганц биеэр Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн *******ын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж,  үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж хугацаа тогтоосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.*******ын үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2019 оны 5 дугаар сард үйлдэгдсэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байна. 

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч М.*******ыг  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.*******т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч заасан хугацаанд хохирлыг төлөх, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******аас 40 /дөч/ тооны хургатай хонь буюу 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Содномжамцын ******* /РД:ГГ59101015/-д;

 5,300,000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Жаран овогт Бат-Очирын ******* /РД:ГЭ75120918/-т тус тус олгож, хохирлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлсэнийг дурдсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД