Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/306

 

 

 

 

 

 

   2022          04           20                                       2022/ШЦТ/306

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А овогт Б-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 00000000000 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эгч, дүүгийн хамт амьдардаг, тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

А овогт Б-н Х (РД:АА00000000).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Х нь цахим сүлжээнд хуурамч мэдэгдэл нийтлэн, бусдыг хуурч О.Н-н эмчилгээнд зориулсан хандивын аян өрнүүлж, 2022 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Хаан банк дахь өөрийн 0000000000, Хас банкны 0000000000 дугаарын данснуудаар 1.011.250 төгрөг шилжүүлэн авч, Л.А-д 1.011.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 000000000 0000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.Б-ний гаргасан өргөдөл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Бидний дүү О.Н нь зөөлөн эд, мөгөөрсний хавсарсан хорт хавдартай гэсэн оношоор Итали улсад эмчилгээ хийлгэж байгаа. Бид дүүгийнхээ хандивыг Н-ий ээж Л.У-гийн 00000000 тоот дансаар авч байгаа. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 00000000 тоот дансаар үл таних хүн бидний өмнөөс хандив гуйж бидний өмнөөс хүмүүсийг залилаад байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

3. Хохирогч Л.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “....Би О.Н-нээж болох Л.У-гийн төрсөн дүү нь юм. Манай эгч охиныхоо хамтаар Итали улсын _ хотын _ хавдрын эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ 2 сар орчим хийлгэж байна. Эмчилгээнд маш их мөнгө  орж байгаа учир би дүүдээ хандивын аян зохион байгуулсан. Тэгээд тухайн хандивыг У-гийн дансыг байршуулан явуулж байгаа. Тэгтэл манай дүүгийн зурагтай өөр данс байршуулсан аян гэнэт явж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),  

4. Яллагдагч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би фейсбүүкээр юм үзэж байгаад тухайн постыг олж уншаад үзтэл өөр өөр данстай байсан учир надад өөрийнхөө дансыг тавьж болох юм байна гэсэн санаа төрж өөрийнхөө фейсбүүкээр өөрийнхөө дансыг дор нь байршуулан пост оруулсан. Хаан, Хас банк хоёрынхоо дансаар авсан. Эхлээд Хаан банкны дансаараа 2022 оны 02 сарын 22-ноос 23-ны хооронд авсан, дараа нь 3 сарын 1-ээс 3 дугаар сарын 13-ны хооронд мөнгө авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

5. Цахим сүлжээнд фейсбүүк дэх олон нийтийн сүлжээнд хандивын дансыг байршуулсан талаарх мэдээллийн хуулбарууд гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-46 дахь тал),

6. Б.Х-ын Хаан банканд эзэмшдэг 0000000006 тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулганы лавлагаа (хавтаст хэргийн 48-50 дахь тал),

7. Б.Х-ын Хас банканд эзэмшдэг 0000009 тоот дансны 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулганы лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал),

8. Б.Х-ын Хаан банканд эзэмшдэг 0000000000 тоот данс, Хас банканд эзэмшдэг 0000000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухайн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлд:

...Үзлэгээр 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Х эзэмшигчтэй 00000000 тоот данс руу нийт 813.250 төгрөгийн орлого орсон байв. Хас банкны Б.Х эзэмшигчтэй 0000000 тоот дансанд нийт 198.000 төгрөгийн орлого орсон байх ба тус хоёр дансны нийт орлого 1.011.250 төгрөг байв  ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 51-56 дахь тал),

 

9. Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлд: “...Тухайн хандив шилжүүлсэн 5 хүнтэй холбогдоход хандивласан мөнгийг Х-аас гаргуулан О.Н-д өгөх хүсэлтэй байна гэсэн тухай. ...”  (хавтаст хэргийн 57 дахь тал),

10. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Х-аас 1.020.000 төгрөгийг Хаан банк дахь Л.У-гийн 000000000 тоот дансанд шилжүүлсэн тухай баримт (хавтаст хэргийн 66 дахь тал),

11. Хохирогч Л.А-ны гомдол, саналгүй гэх тэмдэглэл (хавтас хэргийн 67 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Х-ын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 71 дэх тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 72-73 дахь тал),

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Б.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), Нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Х-ын үйлдсэн залилах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогчид төлөх төлбөргүй болно” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршиг зэрэгт буюу гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х нь О.Н-н эмчилгээний зардал төлбөртэй холбоотой цахим сүлжээнд хандивын аян өрнүүлж байршуулсан данс дээр өөрийн Хаан, Хас банкнуудад эзэмшдэг дансыг нэмж оруулан хуурамч мэдээлэл нийтлэн, бусдыг хуурч 2022 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 0000000000 тоот дансаар 813.250 төгрөгийг, Хас банканд эзэмшдэг 0000000 тоот дансаар 198.000 төгрөгийг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авч, Л.А-д нийт 1.011.250 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.Б-ий гаргасан өргөдөл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хохирогч Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бидний дүү О.Н нь зөөлөн эд, мөгөөрсний хавсарсан хорт хавдартай гэсэн оношоор Итали улсад эмчилгээ хийлгэж байгаа, бид дүүгийнхээ хандивыг Ний ээж Л.Ундармаагийн 00000000000 тоот дансаар авч байгаа. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 0000000000 тоот дансаар үл таних хүн бидний өмнөөс хандив гуйж бидний өмнөөс хүмүүсийг залилаад байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

-Хохирогч Л.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би О.Н-нээж болох Л.У-гийн төрсөн дүү юм. Манай эгч охиныхоо хамтаар Итали улсын _в хотын _ хавдрын эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ 2 сар орчим хийлгэж, эмчилгээнд маш их мөнгө  орж байгаа учир би дүүдээ хандивын аян зохион байгуулсан. Тухайн хандивыг эгч У-гийн дансыг байршуулан явуулж байтал ...манай дүүгийн зурагтай өөр данс байршуулсан аян гэнэт явж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),  

-Яллагдагч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би фейсбүүкээр ...тухайн постыг олж уншаад ... өөр өөр данстай байсан учир ...өөрийнхөө дансыг тавьж болох юм байна гэсэн санаа төрж өөрийнхөө фейсбүүкээр өөрийнхөө дансыг дор нь байршуулан пост оруулсан. Хаан, Хас банк хоёрынхоо дансаар авсан. Эхлээд Хаан банкны дансаараа 2022 оны 02 сарын 22-ноос 23-ны хооронд авсан, дараа нь 3 сарын 1-ээс 3 дугаар сарын 13-ны хооронд мөнгө авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-Цахим фейсбүүк дэх хандивын дансыг байршуулсан талаарх мэдээллийн хуулбарууд гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-46 дахь тал),

Б.Х-ын Хаан банканд эзэмшдэг 0000000000 тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулганы лавлагаа (хавтаст хэргийн 48-50 дахь тал), Б.Х-ын Хас банканд эзэмшдэг 0000000 тоот дансны 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулганы лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал),

-Б.Х-ын Хаан банканд эзэмшдэг 0000000000 тоот данс, Хас банканд эзэмшдэг 0000000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухайн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 51-56 дахь тал),

 

-Хандив шилжүүлсэн 5 хүн хандивласан мөнгийг Х-аас гаргуулан О.Н-д өгөх хүсэлтэй байна гэсэн тэмдэглэл ...”  (хавтаст хэргийн 57 дахь тал),

-2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Х-аас 1.020.000 төгрөгийг Хаан банк дахь Л.У-гийн _ тоот дансанд шилжүүлсэн тухай баримт (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

Хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан дүгнэхэд О.Н-н эмчилгээний зардал төлбөртэй холбоотой түүний төрсөн эхийн дүү хохирогч Л.А-аас цахим мэдээллийн сүлжээгээр хандивын аян зохион байгуулж, данс байршуулсан байдлыг шүүгдэгч Б.Х ашиглан өөрийн арилжааны банкнуудын дансыг нэмж оруулан бусдад худал мэдээллийг түгээн нийтэлж, иргэдээс О.Н-н эмчилгээнд  хандивласан гэж ойлгож шилжүүлсэн мөнгийг дансаараа авч, бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байх шинжээр тодорхойлогджээ.

Дээрхээс нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийхэд хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бусдын эзэмшил, өмчлөлөөс хөрөнгө шилжүүлэн авсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.  

Иргэдээс О.Н-н эмчилгээнд хандивласан гэж ойлгож шүүгдэгч Б.Х-т мөнгийг шилжүүлсэн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хандивыг зохион байгуулсан Л.А-ыг хохирогчоор тогтоож оролцуулсныг буруутгах боломжгүй гэж үзэж, шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Х-г  хуурч, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас 1.011.250 төгрөгийн хохирол учирсан байх ба, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Х-аас 1.020.000 төгрөгийг О.Н-ний төрсөн эх Л.У-гийн Хаан банканд эзэмшдэг 00000000 тоот дансанд шилжүүлсэн тухай баримт (хавтаст хэргийн 66 дахь тал) хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Х-т  оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба  шүүгдэгчээс ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Х ял шийтгэлгүй байх тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Б.Х-г  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

2. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Б.Х-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Б-ийн Х-ыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Б-ийн Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т  оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Х-т  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Х-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Х-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДОРЖСҮРЭН