Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00735

 

2017 оны 03 сарын 16 өдөр

  Дугаар 102/ШШ2017/00735

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, ... овогт П.Д \РД: ....\-ийн

             

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... дугаар хороо, өөрийн байранд байрлах Т.Зд холбогдох

 

Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлцэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Л.Г, нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Д нь Т.Зын Толгойт өртөөнд тасралтгүй 11 жил туслах жижүүрээр ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Т.Зын Толгойт өртөөний даргын 170 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироолоо. Туслах жижүүрийн хувьд өртөөний жижүүрийн шууд удирдлаган доор ажилладаг. 4 вагон, жин тонн илүү явуулсан зөрчил гаргасан гэх өдөр бодит байдал дээр өртөөний жижүүр ажлыг удирдан уг галт тэрэгний сүүлийн вагоныг дугаарыг техконторшик хэвлэсэн натуркаар тулгалгүйгээр өөрт байгаа замын байдлаараа тулгасны улмаас сүүлийн вагоны тоо нартурканд бичигдсэнээс зөрж 4 вагон илүү явуулах үндэслэл үүссэн…Т.Зын Толгойт өртөөний даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаар тушаал хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн талаар тус тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалтыг үндэслэжээ. Ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан эсэх талаар тушаалд заагаагүй өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийн хэлбэр хөдөлмөрийн хуульд байдаггүй... Нөгөөтэйгүүр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасны дагуу ажил олгогч санаачлан цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 -д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч эдгээр үндэслэлүүдээс гадуур ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй байна...Иймд миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь хуулийн болоод бодит үндэслэлгүй байна гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Т.Зын Толгойт өртөөний туслах жижүүрийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.

 

Манай зүгээс эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Л.Г нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “П.Дийн нэхэмжлэлтэй М.О.Х.Н Т.З хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хариуцагчаар оролцож буй Толгойт өртөөний туслах жижүүрийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө /3,700,00/ нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн оролцогчид бид сайн дурын үндсэн дээр дараах нөхцлөөр эвлэрч байна. 1. Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө /3,700,000/ төгрөг нөхөн гаргуулах шаардлагын хэмжээг  1,700,000 төгрөгөөр багасгаж байна. 2. Хариуцагч М.О.Х.Н Т.З нийгэмлэг нь нэхэмжлэгч П.Дийг Т.Зын Толгойт өртөөний туслах жижүүрийн ажил, албан тушаалд нь эгүүлэн авч ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр эвлэрэн хэлэлцэв” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Т.З-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

 Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,700,000 төгрөг нөхөн гаргуулах шаардлагын хэмжээг 1,700,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч М.О.Х.Н Т.З нийгэмлэг нь нэхэмжлэгч П.Дийг Т.Зын Толгойт өртөөний туслах жижүүрийн ажил, албан тушаалд нь эгүүлэн авч ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Дийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.З-д холбогдох иргэний хэргийн зохигчид “нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,700,000 төгрөг нөхөн гаргуулах шаардлагын хэмжээг 1,700,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.З нь нэхэмжлэгч П.Дийг Т.Зын Толгойт өртөөний туслах жижүүрийн ажил, албан тушаалд нь эгүүлэн авч ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР