| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0357/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/353 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/353
2022 05 09 2022/ШЦТ/353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г овогт С-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн эрүүгийн 00000000 0400 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, ажилтай, ам бүл, эхнэр, гурван хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Г овогт С-ын Б (РД:АА00000000).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч С.Б 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн тоотод эхнэр Г.Э-тай үл ялих зүйлээр шалтаглаж маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гар утсаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэсэн болно.
Хоёр.Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3, 5 дахь тал),
2. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 6-10 дахь тал),
3. Эд зүйл түр хураан авсан тухай 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн: “...С.Б-ээс Дэлгэц дээрээ шилэн наалттай наалтын хоёр талаар бага зэрэг хагарсан сэвтэй, хар өнгийн хуванцар гэртэй, хар өнгийн “I phone x” маркийн гар утсыг хурааж авсан...” гэсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 11 дэх тал),
4. С.Б-ээс хураан авсан хар өнгийн “I phone x” маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол ( хавтаст хэргийн 12 дахь тал),
5. Эргүүлийн офицерын хийсэн Аюулын зэргийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээнд: “...Хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийхэд нийт оноо 5 гарсан. Холбогдогч нь ширүүн догшин ааш зантай, бусдын эрх чөлөөнд халддаг. Хохирогчийг төрөл саданд нь хүлээлгэж өгөх холбогдогчийг хороо хариуцсан хэсгийн байцаагч болон хамтарсан багийн хяналтад авах...” гэсэн үнэлгээ гаргасан тухай ( хавтаст хэргийн 49 дэх тал),
6. Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн тоотод нөхөр С.Б, гурван хүүхдийн хамт амьдардаг. ...2022 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим нөхөр Б ажлаасаа тарж ирээд гэртээ ганцаараа архи уусан. Би чимээгүй унтаад өгсөн. Гаднаас орж ирэхдээ л нэг жижиг хавтгай шилтэй архи авчирсан, тэр нь 0.5 грамм л байх шиг байсан. Өнөөдөр өглөө 10 цагийн үед босоод би хүүхдэдээ цай уулгаад дуугүй сууж байтал нөхөр Б чи ер нь яагаад байгаа юм, яагаад чимээгүй юм дуугарахгүй байгаад байгаа юм, дургүй байвал чи эцэг эх рүүгээ зайлаарай гэхээр нь би өөдөөс нь чи ер нь яахаараа дандаа ингэж байдаг юм бэ гээд огцом уурласан чинь надаас 1 настай жаахан хүүхдээ булааж аваад миний толгойг хана руу цохиж авсан. Тэгэхээр нь би толгой тархи руу цохичихдог болохоор толгойгоо доош нь дараад буйдан дээр хэвтсэн. Тэгсэн чинь араас юугаар ч юм мэдэхгүй нэг юмаар толгойны орой хэсэг рүү цохиод авсан. Тэгсэн л толгойноос шууд цус гараад доошоо дусаад эхлэхээр нь айгаад авраарай туслаарай гээд орилоод гарах гэтэл араас татаж аваад унтлагын өрөө рүү оруулах гээд чирээд байсан. Би тэр үед эсэргүүцэл үзүүлээд унтлагын өрөө рүү ороогүй. Шалан дээр сууж байтал плитк дээр юм буцалж байсныг манай нөхөр Б салгах гээд очихоор нь би араар нь гүйгээд гэрээсээ гарсан. Гараад өөдөөс харсан 36 тоот айлын хаалгыг нүдэхэд настай эгч гарч ирэхээр нь би туслаарай гэхэд шууд цагдаа дуудсан. Харин нөхөр Б тэр айлын хүмүүстэй бараг зэрэг шахуу гарч ирсэн. Хүн гараад ирэхээр Б буцаад гэртээ орсон. 36 тоот айлын эгч цагдаа дуудаж өгөөд удалгүй цагдаа ирж, нөхөр Б-г аваад явсан. Өнөөдөр намайг зодсон шалтгаан нь би архи уусан болохоор нь би жаахан дурамжхан байсан, юм дуугараад яах вэ гээд чимээгүй байсан. Тэгэхэд намайг чимээгүй байлаа яачхаад байгаа юм гээд зодсон. Өмнө нь би хэлж үзсэн, тэр болгонд хэрүүл зодоон болдог, надад гар хүрдэг байсан. Тэгээд юм хэлэхээ больсон, юм хэлээд нэмэргүй хэрүүл болно гээд чимээгүй л байсан. Ер нь дандаа намайг зайлаарай гээд хөөж, согтохоороо зан авир нь нэлээн догшин болж, агсам тавьдаг, гар ч хүрдэг. Миний нөхөр Б намайг өмнө нь зодож байсан. 2020 оны 08 сард намайг зодоод тэр үед цагдаа дуудаад 10 хоногийн баривчилгаанд явж байсан. 2020 оны 01 дүгээр сард намайг зодож тухайн үедээ торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. 2020 оны 08 дугаар сард намайг зодоод баривчилгаанд явах үед би 3 сартай жирэмсэн байсан. Тэгэхэд толгой руу цохиж авсан, түмпэнтэй ус над дээр асгаж байсан. Саяхан 2022 оны 01 дүгээр сард гэртээ байхад толгой хана мөргүүлээд зодохоор нь манай хөршүүд цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд торгуулийн арга хэмжээ аваад явсан. Би тэр үед ажилгүй болчих болов уу гээд нэг удаа өршөөгөөд л өнгөрсөн. Ер нь тэгээд намайг зодох болгондоо толгой руу цохиж, хана мөргүүлдэг. Би эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
7. Гэрч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөөний 10 цагийн үед гадаа коридорт орилох дуу гараад тэрэнтэй зэрэгцээд манай хаалгыг хүчтэй цохисон. Хаалгаа онгойлгоход 37 тоотын эмэгтэй гартаа аягатай юм барьчихсан, доторх юм нь асгарчихсан, толгойноос нь цус гарчихсан, тэр хэсэгт хувцас нь цус болчихсон, үс нь сэгийчихсэн аврал эрсэн байдалтай зогсож байсан. Тэр эмэгтэйн нөхөр нь гэр дотор хүүхдээ тэвэрчихсэн над руу хараад энэ өөрөө гэж нэг юм хэлсэн. Би тэрийг нь сонсоогүй, чи яасан муухай, эмэгтэй хүнийг цус нөжтэй нь хутгаад гээд цагдаа дуудсан. Тэр залуу та нарт ямар хамаатай юм гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4465 дугаартай дүгнэлтэд:
- Г.Э-ын биед тархи доргилт, хуйхны шарх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. б.Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
9. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Хан-уул дүүргийн тоотод эхнэр Г.Э, гурван хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө ажилладаг. 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой би 22 цагт ажлаа тараад 23 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд эхнэр хүүхэд амарчихсан унтаж байсан. Би хоолоо идчихээд, телевизор үзэж байгаад гэрт байсан 100 грамм архи байсныг уучихсан. Тэгээд унтах гээд эхнэрийнхээ хажуугаар орж хэвтээд утсан дээр байсан хүүхдийнхээ бичлэгийг эхнэрт үзүүлж байхад эхнэр уурлаад буруу тийшээ хараад унтаад өгсөн. Намайг архи уусан байна гэж уурласан байх.
2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед босоод би охиндоо кааш буцалгаж өгөх гээд жижиг саванд сүү хийгээд хөөрүүлж байсан. Эхнэр гал тогооны ширээн дээр суугаад ус ууж байсан. Тэгээд юм дуугарахгүй байхаар нь эхнэрт чи одоо яагаад дуугаа хураагаад маяглаад байгаа юм, явмаар байгаа бол явахгүй юу гэж хэлсэн чинь уурлаад ус ууж байсан стакан шиг хэлбэртэй шаазан аягаар миний толгой руу хоёр удаа цохиж авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гараараа түлхчихсэн чинь сууж байсан сандал дээрээс бөгсөөрөө унасан. Тэгээд би дахиад тохойгоороо 2 удаа толгой хэсэг рүү нь түлхэж авахад цаашаа хана мөргөчихсөн юм. Тэгсэн хүүхэд орилохоор нь би хүүхдээ авахад эхнэр уурлаад над руу таваг шидэх гэхээр нь би гартаа өөрийнхөө утсыг барьчихсан байсан, тэр гараараа дахиад нэг удаа түлхсэн чинь буйдангийн тийшээ очсон. Буйдангийн тэнд очоод эхнэр тонгойгоод толгойгоо гараараа дарахаар нь би зүүн гартаа гар утас барьж байсан тэр утсаараа толгойн орой хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Тэгээд толгойгоо бариад дээшээ өндийхөд эхнэрийн толгойн орой хэсгээс цус гараад дух хэсэг рүү урсаж эхэлсэн. Тэгсэн эхнэр цусаа харчхаад айсандаа “ээжээ аллаа” гээд орилсон. Тэгэхээр нь би угаалгын өрөө рүү орооч наад цусаа цэвэрлэ гэж хэлсэн. Тэгсэн плитк дээр хүүхдийн сүү хөөрүүлж байсан. Плитк унтраагаад сүүг авах хооронд эхнэр Г.Э шууд гэрээс гараад коридорт орилоод тусламж хүсэхээр нь би буцааж оруулах гээд араас нь гартал хажуу айлын хүмүүс гараад ирэхээр нь үүдэндээ зогсож байгаад эхнэрийг гэртээ орооч гэж хэлсэн. Тэгсэн хажуу айлын хүмүүс намайг чи яагаад эмэгтэй хүн ингэж зодож байгаа юм бэ гэхээр нь би үгүй ээ бид хоёр хоорондоо маргалдсан юм, та нарт хамаагүй, гэр лүүгээ орцгоо гэж хэлсэн чинь цагдаа дуудчихсан байсан. Яг хэн нь цагдаа дуудсаныг мэдэхгүй. Г.Э бид хоёр хууль ёсны гэр бүл, гэрлэлтийн баталгаа байгаа. Бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг, хоёр талаасаа нэг нэг, нийт 3 хүүхэдтэй. Бүгдээрээ надаар овоглодог юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
10. Яллагдагч, хохирогч нарын гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал), хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 60-62 дахь тал),
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэх (хавтаст хэргийн 38 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх (хавтаст хэргийн 39, 40 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд (хэргийн 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), Б овогтой А-ын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), Б овогтой А-ын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал), Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
1. Гэм буруугийн талаар.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Б нь Хан-Уул дүүргийн тоот гэртээ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Э-г дугарсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг толгой хэсгээр нь хана мөргүүлэх, гар утсаар цохих зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий тус бүрдээ хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3, 5 дахь тал),
- 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 6-10 дахь тал),
-Эд зүйл түр хураан авсан тухай 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл ( хавтаст хэргийн 11 дэх тал), хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( хавтаст хэргийн 12 дахь тал),
-Эргүүлийн офицерын аюулын зэргийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээ ( хавтаст хэргийн 49 дэх тал),
-Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
-Гэрч Х.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4465 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
-Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд:
Шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Эын биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч С.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч С.Б, хохирогч Г.Э нар гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс хамааралтай байна.
Гэмт хэрэг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гарсан болох нь дуудлагын бүртгэл, хохирогчийн мэдүүлэг, бусад эх сурвалж баримтаар нотлогдож байхад прокурор яллах дүгнэлтдээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг гарсан гэж цаг хугацааг буруу тусгасан алдаатай байх бөгөөд үүнийг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн ба шүүгдэгчид эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.
Тиймээс прокуророос шүүгдэгчтэй ял тохиролцон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.
Иймд С.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Харин хохирогч Г.Э-ын мэдүүлэгт шүүгдэгч С.Б түүний эрүүл мэндэд удаа дараа халдсан талаар мэдүүлсэн байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч 2020 оны 01 дүгээр сарын 06, мөн оны 02 дугаар сарын 17, 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд Зөрчлийн тухай хуулиар торгох болон баривчлах шийтгэл хүлээж байсан байх тул эдгээр зөрчлийг хамаатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухай.
Тус хэргийн улмаас хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч С.Б-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн дүгнэлт хэлэхдээ ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.
Иймд шүүгдэгч С.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “I Phone-X” маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч, шүүгдэгчид С.Б-д буцаан олгож,
-шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт С-ын Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт С-ын Б-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “I Phone-X” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч, шүүгдэгчид С.Б-д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Бийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН