Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/354

 

 

 

 

 

 

   2022           05           10                                       2022/ШЦТ/354

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Н-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000 0000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр О аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, менежер ажилтай, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүргийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Н-гийн Э  (РД:АА00000000).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч У.Ц-г түлхэх, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх байдлаар зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, умдагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-гаас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),

2. Гар утсанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн: “...Уг гар утас нь ягаан өнгийн гэртэй хар өнгийн Samsung Galaxy А-52 маркийн гар утас байх бөгөөд гар утасны фейсбүүк чат хэсэгт ороход 2021 оны 12 дугаар сарын 29-ний 09 цаг 40 минутад найз Анка нэртэй хүнтэй харилцсан чат байна. Чатад “Хээе ярих юм байна”. Хариуд нь: “Хэе за, найз нь өчигдөр шөнө зодуулаад нөгөө хамт амьдарч байсан”. Хариуд нь: Анка яасан гэж тэгж байгаа юм хардсан уу. тэгээд зураг явуулна. Тийн юу вэ, өрөөний 2 охинтой барилга дээр ажиллаад буруу утсаа 58 секунд дуудуулсан гэж, хариуд нь: Анка Бүүр нүд рүү байхдаа яадаг юм бэ.” гэсэн чат байх бөгөөд Ярих боломж байгаа Voice call Хариуд нь Анка Заа гэж хэлээд Voice call хийсэн яриа байна...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 115-117 дахь тал),

3. Хохирогч У.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би цагийн ажил хийж байхад найз залуу болох Э миний 95981203 дугаар луу гурван удаа залгасан. Би тэр үед ажилтай байсан учраас 58 секунд дуудуулж байгаад гар утсаа авсан чинь Э “юу хийж байгаа юм яагаад утсаа удаан аваад байна” гэхээр нь би “ажил тарах гээд завгүй байна, одоо удахгүй ажил тарлаа” гэж хэлсэн чинь тараад хурдан ирээрэй гэж хэлсэн. Би ажил тараад орой 21 цагийн орчимд Э-ийн гэр болох Хан-Уул дүүргийн тоот гэрт нь ирсэн чинь Э гэртэй байхгүй байсан. Би Э-тай утсаар яриад “би ирчихлээ, чи хаана байгаа юм” гээд асуусан чинь ажлынхантайгаа хоол идэж байна, ирэх болоогүй гэж хэлсэн. Би гэрийг нь цэвэрлээд хоолоо хийгээд байж байсан чинь 23 цагийн орчимд Э залгаад чи гараад ир, би такситай явж байна гэж хэлэхээр нь би байрны гадаа Эг таксинаас тосож аваад хамт дэлгүүр орж пиво аваад гэртээ орсон.  Э чи яагаад утсаа удаан дуудуулж байгаа юм бэ, чи юу хийж байсан бэ гэх мэтээр надаас хэрүүл гуйгаад байхаар нь би ажил тарах гээд завгүй чиний дуудлагыг авч чадсангүй гэж хэлсэн чинь худлаа яриад бай гээд намайг түлхээд би буйдангийн эрмэг дээр баруун хавиргаараа унасан чинь намайг дагуулж унтлагын өрөө лүү оруулаад гараараа миний толгой руу цохихоор нь би танайхаас явлаа гэж хэлээд хувцсаа бэлдэж байсан чинь чамайг явуулахгүй гэхээр нь би ариун цэврийн өрөө лүү ороод байж байхад миний баруун нүд рүү гараараа цохисон. Би нүүрээ дарсан чинь Э миний салтаа руу нэг удаа өшиглөхөөр нь би Эгаас гар утсаа аваад өмсөөд гадаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хамт Э-ийн гэрт нь орсон чинь Э гэртээ байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

-2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой намайг оройтож ирлээ би чам руу залгаад байхад чи яагаад утсаа авахгүй байсан юм бэ гэх шалтгаанаар маргаан үүсэж над руу дайраад байсан. Тэр үед Э архи хэрэглэсэн байсан. Би ажил хийхтэй байсан гээд хэлсэн чинь худлаа яриад бай гээд миний цээж рүү гараараа түлхсэн. Би унахдаа буйдангийн эрмэг дээр унасан. Ингээд газар унасан чинь намайг татаж чангааж байгаад унтлагын өрөө лүү дагуулж ороод толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж нүүрэн тус газар алгадсан. Тэгэхээр нь би танайхаас явлаа гэж хэлээд хувцсаа бэлдэж байсан чинь намайг явуулахгүй гэхээр нь би ариун цэврийн өрөө лүү орсон чинь араас орж ирээд чи хайчих гээд байгаа юм чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гээд хэрүүл хийж байгаад гараараа миний нүүрэн тус газар цохиход баруун нүд өвөөд байсан. Тэгээд гараараа нүүрээ дарж байсан чинь миний салтаа руу хөлөөрэй нэг удаа өшиглөсөн. Би хувцсаа бэлдчихээд хувцсаа аваад гараад явсан. Намайг цохиж зодох болсон шалтгаан гэвэл утсаа аваагүй гээд хардаад цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1075 дугаартай хүний биед хийгдсэн:

-У.Ц-гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, умдагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

5. Шинжээч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “....Болсон хэргийн товч утга дээр хэрэг гарсан өдөр нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байсан. Хохирогч У.Ц нь надад 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үзүүлсэн. Хэсэг газрын үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. Цус хуралт гэмтлүүд нь хөх ягаан өнгөтэй, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь овойж хавдсан байсан. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112 дахь тал),

6. Яллагдагч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Би Ц гэх эмэгтэйтэй 2021 оны 12 дугаар сарын эхээр танилцсан. Ингээд танилцаад 20 гаран хоног манай гэрт амьдарч байсан. У.Ц бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Үерхэж найзалж байсан. Би ажлаа тараад шөнө ирсэн. Тэгтэл Г.Ц намайг 19 цагт залгахад утсаа аваагүй гэдэг шалтгаанаар маргалдсан. Дээр нь Г.Ц өөр хүнтэй мессеж бичиж байсныг нь би мэдсэн, ингээд маргаан эхэлж муудалцсан. Би Ц.Ц-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Тэр үед би хоёр шил пиво уусан байсан. У.Ц-гийн нүүрэн тус газар нь гараараа нэг алгадсан. Тэгээд би утсаа авч чадахгүй байсан шалтгаанаа хэлчих гээд өгзөг рүү нь нэг удаа өшиглөхөд хэлэхгүй байсан. Ц.Ц явна гээд хувцсаа цуглуулж байхад нь би явуулахгүй гээд хэсэг зууралдсан. Тэгж байхдаа цээжинд нь цус хуралт үүсгэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал),

-2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Хохирогч Г.Ц 18 цагт ажлаасаа тарна гэж хэлчхээд 19 цаг болж байхад утсаа авсан. Гэрт ирэхэд нь яагаад утсаа аваагүй юм гээд маргаан эхэлсэн. Би У.Ц-гээс яагаад утсаа аваагүй юм бэ гэж асуусан чинь над руу дайрч ...би өөдөөс нь түлхсэн чинь газар унасан. Босож ирээд явлаа гээд хувцсаа бэлдэхээр нь би яагаад утсаа авахгүй байсан юм гээд хоёр удаа алгадсан. Тэр үед Ц явлаа гээд хувцсаа бэлдэж байхад нь байж бай гээд ноцолдсон. Би хоёр гараас нь барьсан чинь орон дээр ноцолдсон. Ноцолдож байхдаа өвдөг хүрсэн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал),

7. Хохирогч У.Ц-гийн гомдол, саналгүй гэх тэмдэглэл (хавтас хэргийн 69 дэх тал),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Э-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар гэм бурууд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Э нь Хан-Уул дүүргийн тоот  гэртээ согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гар утасны дуудлагаа авсангүй гэж хардсаны улмаас хамтран амьдарч байсан У.Ц-г түлхэж, гараар цохиж, хөлөөрөө өшиглөж бие, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, умдагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),

 -Гар утсанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 115-117 дахь тал),

-Хохирогч У.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Э “чи яагаад утсаа удаан дуудуулж байгаа юм бэ, юу хийж байсан бэ” гэх мэтээр надаас хэрүүл гуйгаад, ...би ажил тарах гээд завгүй чиний дуудлагыг авч чадсангүй гэж хэлсэн чинь худлаа яриад бай гээд намайг түлхээд би буйдангийн эрмэг дээр баруун хавиргаараа унасан чинь намайг дагуулж унтлагын өрөө лүү оруулаад гараараа миний толгой руу цохисон. ...миний баруун нүд рүү гараараа цохисон. Би нүүрээ дарсан чинь Э миний салтаа руу нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал) болон түүний 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1075 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112 дахь тал),

Яллагдагч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Г.Цтэй ...утсаа аваагүй гэдэг шалтгаанаар маргалдсан. Дээр нь Г.Ц өөр хүнтэй мессеж бичиж байсныг нь би мэдсэн, ингээд маргаан эхэлж муудалцсан. ...У.Ц-гийн нүүрэн тус газар гараараа нэг алгадсан. ...өгзөг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...би явуулахгүй гээд хэсэг зууралдсан. Тэгж байхдаа цээжинд нь цус хуралт үүсгэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал), 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, шинжээч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Э нь хохирогч У.Ц-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Н.Э хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч үйлдсэн,  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол, хардалт зэргийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг, дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч У.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй (хавтаст хэргийн 69 дэх талд) гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Э-ийнүйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд улсын яллагчийн саналтай шүүгдэгч мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Н.Э-ийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Н.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн; нөгөө талаас шүүгдэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н-гийн Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Э-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Ц-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН