Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/357

 

 

 

 

 

 

   2022          05           11                                       2022/ШЦТ/357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Г-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 000000000000000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Модон эдлэлийн мужаан мэргэжилтэй, “Бороо гоулд” ХХК-нд өрмийн туслах ажилтнаар ажилладаг, ам бүл-3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Г-ын С  (РД:АА00000000).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед  Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Мишээл экспо” төвийн нойлын өрөөнд 2022 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Х.У-г бусдын талд орлоо гэж толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, толгойгоор нь юм мөргүүлэн биед нь зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.

Хоёр: Эрүүгийн 000000000 000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 3-4 дахь тал),

2. Хэргийн газарт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

3. Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн: “...Хохирогч Х.У-т  ...толгойн зүүн хажуу талд 2 см орчим хэмжээтэй хөндлөн язарсан шарх үүссэн, мөн духны зүүн талд овойж хавдсан байдалтай байна. Биед ил харагдах өөр шарх гэмтэл, сорви, шивээсгүй. Үзлэгээр хувцсанд урагдал гэмтэл, бохирдол байхгүй байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дэх тал), 

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн: “...Сэнгүр нэртэй пивоны хагархай шилийг, бичлэгийг Сиди-нд хуулж эд мөрийн баримтаар тооцох...” мөрдөгчийн тогтоолууд  (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

5. Хяналтын камерын бичлэгт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн: “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан, ариун цэврийн өрөөний хяналтын камерын бичлэгийг нээж үзэхэд 1 мин 47 секундийн бичлэг байх бөгөөд  бичлэгт эрэгтэй хүний цувраа байрлалтай 3 ширхэг шээлтүүр байна. Захын хэсэгт улаан малгайтай цамцтай залуу бие засаж байна. Энэ үед гаднаас цагаан футболктой, саравчтай малгайтай цамц өмссөн залуу гуйвж орж ирээд тухайн хүнийг араас нь түлхэж байна. Энэ хүн бол Г.С. Түүний араас хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй өндөр залуу орж ирээд түүнийг хориглох боловч цагаан футболктой залуу нь гарах гэж үүд рүү зүтгэнэ, мөн тэнд орж ирсэн залуутай барилцаж авах гэхэд хар цамцтай залуу хориглож болиулна. Ингээд нойл  дотор хохирогч Х.У, Г.Сын хамт үлдэж байна. Г.С угаалтуур налж зогсож байснаа хажуудаа байсан бор өнгийн пивоны шилээр хохирогч Х.Ууганбаатарын толгой руу цохисон боловч арай онолгүй газар унана. Тэр 2 барилцаж авах боловч С У-ыг дарж аваад шээлтүүрийн хажуу модон хаалтыг мөргүүлж, улмаар 2 удаа өшиглөж газраар чирэн угаалтуурын өмнө дарж аваад, мөн угаалтуурын тавиур дээрээс дахин пивоны шил авч толгой хэсэгт нь нэг удаа цохиход хохирогч ямар ч хөдөлгөөнгүй болж байна. Хөдөлгөөнгүй 2 орчим минут болох ба энэ үед С хажууд нь зогсож хөлөөрөө хөдөлж байгаа эсэхийг шалгаж байна. ...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал),  

 

6. Хохирогч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би Өмнөговь аймгаас гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор 2 хоногийн өмнө хотод ирсэн. Мишээл экспо төв дээр байрлах бааранд ганцаараа сууж байгаад гарч явтал зүс таних нэгэн залуутай тааралдсан. Одоо нэрийг нь хэлэх гээд санахгүй байна. Тэр залуу 2-3 хүнтэй явж байсан. Тэд нар нь яваад сүүлдээ ганцаараа үлдсэн. Тэгж байгаад тэнд үл таних хүнтэй хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би салгаж холдуулаад нойлын өрөө рүү бид хоёр ортол тэнд нэг хүний араас өшиглөчихөөр нь би салгаад боль гэтэл надад уурлаж миний толгой руу барьж байсан пивоны шилээрээ нэг удаа цохисон. Тэгснээ дараа нь намайг дугтраад эрэгтэй нойл мөргүүлчихсэн чинь миний духны зүүн хэсэгт хавдсан байна. Шилээр цохисноос болж миний толгойн зүүн хэсэгт язарсан. Надад гомдол санал байхгүй. Би маргааш нутаг руугаа явах гэж байгаа, дахин ирж чадахгүй. Иймд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би намайг цохисон залууг миний ажилладаг толгой компани болох “Намир Групп”-д ажилладаг гэж мэднэ. Түүнээс найз нөхөд бол биш учраас нэрийг нь санахгүй байна. С гэдэг шиг санаж байна. Энэ залуу бид нарын хооронд бол хэрүүл маргаан болоогүй, харин өөрийг нь согтуурхаад хүн хүн рүү агсраад байхаар нь боль гээд байхаар чи бусдын талд орлоо гэж уурлаад над руу дайрсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  18-19 дэх тал),

 

7. Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай толгой компани “Намир групп”-ийн волейболын тэмцээн болсон. Манай групп дотроо 10 орчим охин компанитай. Арга хэмжээ дуусаад “Мишээл экспо” дотор байрлах “Маар” нэртэй ресторанд 40 орчим хүн орсон. Тэдгээр нь бүгд охин компанийн ажилтнууд байсан. 00 цагийн үед тараад гарах гэж байсан. Тэгсэн чинь манай ажлын Зэвэг гэх ах явж чадахгүй согтсон байхаар нь би У гэх залуутай хамт түүнийг таксинд суулгаж өгөөд буцаад ортол үүдэнд мөн манай компанийн охин компани болох “Дирелекс” ХХК-нд ажилладаг Стай тааралдсан. Тэрээр гадуур хувцасгүй цагаан футболктой гарах гэж байхаар нь хаачих гэж байгаа юм гэтэл куртикийг нь манай ажлын Мөнх-Оргил гэх залуу аваад явчихсан байсан. Залгаад утсаа авахгүй хэсэг хүлээж байх хооронд С орж гарсан хүмүүстэй муудалцах гээд байхаар нь У бид хоёр аль болох аргалаад өнгөрөөж байсан. Куртикийг нь авч явсан хүн ирэхгүй байсан учраас бид гурав дотогшоо алхаж нойл орсон. Би эмэгтэй нойл орчхоод гараад иртэл үүдэнд үлдсэн нөгөө хоёр байхгүй байсан. Би жоохон хүлээгээд зогсож байтал тэр хоёрын дуу нойл дотор сонсогдсон. Яваад ортол У шалан дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь С зогсож байсан. Намайг ороход тэндхийн 2-3 хамгаалагч орчихсон байж байсан. Хамгаалагч цагдаа дуудчихсан гэсэн. Тэгж байтал У сэргээд бид нар хамтдаа харуулын өрөөнд цагдаа иртэл хүлээж суусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4959 дугаартай хүний биед хийгдсэн:

-Х.У-ын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн мөрний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

9. Яллагдагч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай толгой компани болох “Намир групп”-ийн нэрэмжит волейболын тэмцээн ТЭЦ-4 дээр болсон. Тэмцээн дуусаад бид бөөнөөрөө нэг газар сууя гэж ярилцсан. Мишээл ситигийн “Маар” нэртэй паб-д бараг 30-40 хүн орсон. Цуварч явцгаасаар байгаад хамгийн сүүлд надтай Ханбогд суманд ажилладаг У гэх залуу, бас нэг өөр компанид нь ажилладаг Туяа гэх эмэгтэй хоёр үлдсэн. Бид гурав гарах гээд хаалган дээр зогсож байтал би куртикээ олохгүй байсан. Уг нь түрүүхэн нь би гарах гэж байхдаа куртикээ Оргил гэх ахад бариулчхаад дотроос хэдэн шил пиво аваад эргээд иртэл миний куртикийг барьж байсан хүн алга болчихсон байсан. Куртикээ хүлээж  байхдаа би тэнд үл таних хүмүүстэй маргалдаж байснаа санаж байна. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгж байгаад У бид хамдаа нойл орсон.  У надад юм яриад, намайг танихгүй хүмүүстэй муудалцлаа боль гэх мэтээр  зөвлөсөн. Тэгэхээр нь би уурлаад худалдаж авсан пивонуудаа ариун цэврийн өрөөний угаалтуурын тавиур дээр тавьсан байсан. Нэг шилтэйг нь аваад Уын толгойн тус газар цохисон. Бас барьж аваад газар унагаад өшиглөсөн. Газар унасан хойно нь дахин толгой руу нь пивоны шил авч байгаад нэг удаа цохисон. Гэтэл У ухаан алдаад сэрэхгүй хэсэг байсан. Энэ үед гаднаас бид хоёртой  хамт явсан ажлын эмэгтэй Туяа болон тэндхийн хамгаалагч нар орж ирээд, У 1-2 минутын дараа сэргэсэн. Хамгаалагч нарын өрөөнд намайг оруулаад тэд цагдаа дуудсан. Миний ухаан санаа орж гараад байсан. Ямар ч байсан түүнийг цохиж байснаа, ухаан алдчихаар нь сэргээх гэж нүүр лүү нь амаараа ус балгаад цацаж байснаа л санадаг юм.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

10.Хохирогч Х.У-ын хохирол нэхэмжилсэн 138.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 58-59 дэх тал), Г.Саас хохиролд 2022 оны 03 дугаар сарын 28-30-ны өдөр 320.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогчийн гомдол, саналгүй гэх тэмдэглэл (хавтас хэргийн 62 дахь тал), шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Г.Сын хүсэлт, прокурорын ял тохиролцсон санал,

11.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 51 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Прокуророос Г.С-д холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хэлэлцүүлж прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагч танилцуулахад зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.С-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар гэм бурууд маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.С нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” төвийн нойлын өрөөнд согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Х.У-г тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас буюу “бусдын талд орлоо” гэж толгойн тус газарт нь пивоны шилээр цохих, эд зүйл мөргүүлэх зэргээр бие, эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд язарсан шарх, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл  (хавтаст хэргийн 3-4 дахь тал),

 -Хэргийн газарт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 -Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

-Хяналтын камерын бичлэгт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал),  пивоны хагархай шил, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолууд  (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 -Хохирогч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...нэрийг нь хэлэх гээд санахгүй байна. Тэр залуу 2-3 хүнтэй явж байсан. ...тэнд үл таних хүнтэй хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би салгаж холдуулаад нойлын өрөө рүү бид хоёр ортол тэнд нэг хүний араас өшиглөчихөөр нь би салгаад боль гэтэл надад уурлаж миний толгой руу ...пивоны шилээрээ нэг удаа цохисон. Тэгснээ дараа нь намайг дугтраад эрэгтэй нойл мөргүүлчихсэн чинь миний духны зүүн хэсэгт хавдсан. Шилээр цохисноос болж миний толгойн зүүн хэсэгт язарсан. ...өөрийг нь согтуурхаад хүн хүн рүү агсраад байхаар нь боль гээд байхаар чи бусдын талд орлоо гэж уурлаад над руу дайрсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  18-19 дэх тал),

-Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...С ...хүмүүстэй муудалцах гээд байхаар нь У бид хоёр ...аргалаад өнгөрөөж байсан. ...бид гурав ...нойл орсон. ...тэр хоёрын дуу нойл дотор сонсогдсон. Яваад ортол У шалан дээр ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь С зогсож байсан. ...Тэгж байтал У сэргээд бид нар хамтдаа харуулын өрөөнд цагдаа иртэл хүлээж суусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4959 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

 -Яллагдагч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”,

2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.С нь хохирогч Х.У-ын биед халдсан буюу пивоны шилээр цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Г.С нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл  хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч нар нэг нэгнээ үл ойлголцсон, согтуурсан зэрэг нь маргаан үүсэхэд нөлөөлж, Х.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Т.Төмөрбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч хохиролд 5.000.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй талаарх мэдүүлэг (хавтас хэргийн 16 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгчийг  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Г.С-д холбогдох хэрэгт  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, ялын санал танилцуулсан ба тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивоны шилийг устгуулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн хэлсэн дүгнэлтдээ улсын яллагчийн саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь түүний хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Г.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

2. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Г.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сэнгүр” нэртэй пивоны хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г-ын С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Г-ын С-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг “Сэнгүр” нэртэй пивоны хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН