Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/363

 

 

 

 

 

 

   2022          05           12                                       2022/ШЦТ/363

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ш овогт Э-ын Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 00000000000000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Мишээл грүппд хамгаалагч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт А аймгийн Х сумын 1 дүгээр баг, Ч-д оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Э-ын Д (РД: АА00000000).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Э.Д нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн “Ворлд стрийт” дотор тус төвийн хамгаалагчаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн орчим иргэн Б.Н-ыг тус төвөөс гаргах гэж авч явахдаа түүний гарыг өчин газарт унагааж биед нь хамар яс, баруун ухархайн дотор ханын хугарал таславчийн мурийлт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүний баруун урд, болон доод хэсэг, хүзүүний урд болон баруун хэсэг, баруун эгэм, мөрний урд хэсэг, зүүн мөрний урд хэсэг, суганы урд хэсэг, баруун бугалгын ард доод хэсэг, шууны дотор хэсэг, дунд хэсэг, ар дээд хэсэг, ар доод хэсэг, зүүн бугалгын дотор дунд, доод хэсэг, тохой, шууны дотор дээд хэсэг, зүүн дал, цээжний ар доод хэсэгт цус хуралт, духны баруун хэсэг, баруун хацрын гадна дээд хэсэг, хүзүүний баруун урд доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д-ээс: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

2. “Мишээл стрийт”-д байрлалтай “Кью” караокены хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан нэг ширхэг сиди бүхий бичлэгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дахь тал),  

3. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “Тухайн нэг ширхэг Сиди бүхий бичлэгийг тоглуулахад 2 бичлэг байна. Эхний бичлэгийг эхлүүлэхэд караокены текний хэсэг харагдаж байна. Тухайн текний урд З залуу зогсож байх ба доод хэсэгт саравчтай малгайтай буюу Б.Н зогсож байна. Уг саравчтай малгайтай залуу текний ард байгаа  караокены ажилтантай ярилцаж байгаа харагдана. Тухайн саравчтай малгайтай залууг хажууд зогсож байсан цэнхэр малгайтай цамцтай залуу мөрөн дээр гараараа дарж мөн хоорондоо ярилцаж байна. Тухайн саравчтай малгайтай залуу текний урд хэсэгт зогсож байгаад наашаагаа алхаж текний ард зогсож байсан хоёр залуу дээр ирж зүүн зах хэсэгт зогсож байсан залууг түлхэж баруун талд байгаа цагаан футболктой залуутай маргаан үүсгэж байгаа мэт болж байна, буцаад цаашаагаа явж текний урд талд очиж зогсоод текний ард зогсож байсан цагаан футболктой залуутай ярилцаж байгаад текний ард байсан цагаан төхөөрөмжийг гараараа цохиж хэсэг хугацааны дараа тухайн залуу дээр “Мишээл стрийт”-ийн хамгаалагч ирж ярилцаж байна. Тухайн хар саравчтай малгайтай залууг караокеноос гаргах гэж түлхтэл уг залуу текний ард очиж зогсоод хамгаалагчийн нүүр лүү гараараа хойш савж цохиж байгаа мэт харагдана.

-2 дахь бичлэгийг тоглуулахад караокены гадна хэсэг харагдана. Тухайн саравчтай малгайтай залуу гүйж гарч ирэхэд араас нь хамгаалагч гарч гараас нь татаж зууралдаж гарч ирээд хоорондоо зууралдаж тухайн хамгаалагч уг залуугийн ард гаран гараараа хүзүүнээс хойш татаж барих үед уг залуу баруун гараараа цохих оролдлого хийж байна. Энэ үед хамгаалагч тухайн залууг хүзүүнээс хойш татаж барих үед уг залуу гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байгаа бололтой зогсож байх үед гурван хамгаалагч бололтой залуус нэмэгдэж ирээд хар саравчтай малгайтай Ны гар утсыг доош нь болгож ард нь зогсож байсан залуу Н-ыг цааш авч явснаар тухайн камерын тусгалаас гарч бичлэг дууссан.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-14 дэх тал),

4. “Б.Ны биед үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн: ...баруун шанаа зулгарсан, хамраас цус мэт хүрэн улаан өнгийн зүйл гарч хатсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 51-55 дахь тал),

5. Хохирогч Б.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн  20 дугаар хороо “Мишээл стрийт”-д байрлах “Кью” нэртэй караокед ажлын хамт олонтойгоо орж үйлчлүүлсэн. Бид тухайн газар ууж идэж байсан. Би дахин нэг шил архи авахаар доошоо нэг давхар луу бууж захиалга өгтөл бармен эрэгтэй тооцоогоо хийчхээд захиалгаа ав гэсэн. Тэгэхээр нь би одоо авчхаад гарахдаа тооцоогоо хийчхээд гаръя гэсэн. Тэгтэл үгүй, тооцоогоо хийчхээд захиалгаа ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай өмнөх тооцоо дуусчихсан, ямар ч тооцоогүй байгаа биз дээ гэхэд тиймээ ямар ч тооцоо байхгүй гэж хэлсэн. Тэгээд би одоо захиалгаа авчхаад гарахдаа өгье, одоо надад мөнгө байхгүй байна, дээр өрөөнд карт түрүүвчээ орхичихсон байна гэж хэлсэн. Тэгтэл үгүй ээ заавал, тооцоогоо хийчхээд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй ээ би одоо авчхаад гарахдаа тооцоогоо өгнө гэж хэлтэл үгүй чамд үйлчлэхгүй, чи гар гэж хөөсөн. Тэгэхээр нь би барменд хандаж манай ажлынхан дээр үйлчлүүлээд байж байна, би яахаараа гардаг юм гэсэн. Тэгээд маргалдаад байж байтал бармен хамгаалагчаа дуудсан. Хамгаалагч залуу ирчхээд намайг хөөе залуу одоо гар гэж хэлсэн. Би гарахгүй ээ, манай ажлынхан дээр үйлүүлж байгаа гэж хэлтэл миний баруун гараас зулгааж гаргах гэж оролдсон. Би гараа салгах гэж баруун гараа татаад савтал шууд миний гарыг өчиж гадагшаа авч гарсан. Урд хаалганыхаа тэнд камергүй газар луу авч явна гэж хэлээд авч явсан. Би гар утсаараа бичлэг хийх гэж оролдтол нэг хамгаалагч миний гар утсыг булааж аваад, нөгөө залуу араас гар өчиж хоолойноос боосон чигээрээ авч гарсан. Нүд бүрэлзээд эсэргүүцэл үзүүлтэл намайг хоёр гурвуулаа нийлж өчиж газар унагааж дээр гарч суусан. Би сүүлдээ амьсгалж чадахгүй, нөгөө над дээр суучихсан залуугаас болъё, намайг босгочих уучлаарай гэж хэлсэн. Намайг босгохгүй дараад байлгаад байсан. Наадах чинь худлаа баашлаад байна гэж хоорондоо яриад байсан. Тэд нарынхаа ахлах бололтой нэг залуу одоо болио наадахаа гэж хэлээд босгосон.  Би та нар яагаад намайг ингэж байгаа юм гэж хэлтэл чи өөрөө агсам согтуу тавьсан гэж хэлчхээд намайг хаяад яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

6. Гэрч Г.Ц-ний мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...Тухайн өдөр албан үүргээ гүйцэтгээд “Мишээл стрийт” дотор камерын өрөөнд байж байсан. Станцаар хамгаалагч Д “Кью” караокед нэг хүн агсам тавиад байна гэж дуудсан. Би хоёр хамгаалагчийн хамтаар яваад очсон. Нөгөө агсам тавьсан гэх залууг Д араас нь тэврээд зогсож байсан. Бид гурав явж очоод тухайн залууг цаашаагаа урд хаалгаар гаргах гэж авч явах үед газар унаж дээшээ хараад хэвтсэн. Тэгээд босоод цаашаа явж байхдаа “Стрийт” дотор байдаг бөөрөнхий ширээтэй сандал дээр хэвтсэн. Тэгэхээр нь би нэг хамгаалагчийн хамтаар өргөөд урд хаалгаар гаргачхаад би буцаж ороод цагдаа дуудсан. Хоёр хаалганы голын таампар хэсэгт нөгөө согтуу залуу, манай гурван хамгаалагч үлдсэн.  Буцаад шагайтал уг залууг араас нь Д тэвэрчихсэн зогсож байсан.  Би буцаад гудамж руу орчихсон. Тэр үед ээлжийн ахлах нөгөө залуу болон хамгаалагч над дээр очиж гадагшаа гаргаж хойшоогоо алхсан. Хойно очоод гадаа сууж байтал цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

7. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...Би тухайн өдөр албан үүргээ гүйцэтгээд хяналтын камерын өрөөнд сууж байсан. Станцаар хамгаалагч Д “Кью” караокед нэг нөхөр агсам согтуу тавиад байна гэж дуудсан. Ц-нээ Ёолк бид гурав яваад очсон.  Д нэг нөхрийг араас нь тэвэрчихсэн зогсож байсан. Тэгээд цаашаагаа явтал нөгөө нөхөр замын голд дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэгээд босож ирээд Д-ийг өшиглөж нулимсан. Тэгэхээр нь би гарыг ард нь өчөөд бариад явж байтал уг залуу хөл алдаад уначихсан. Тэр үед нь би бас хамт унасан. Тэгээд босож ирээд цаашаа явж байхдаа “Стрийт” буюу гудамжинд байсан сандлыг тэврээд хэвтээд босохгүй байсан. Тэгэхээр нь гарыг сандлаас салгаад цаашаа урд хаалгаар гарч хоёр хаалганы голын таампар хэсэгт Д гарыг өчиж ард нь тэвэрч зогссон. Нөгөө залуу үг хэлээрээ элдэв янзын хараал хэлж, заналхийлээд байсан.  Тэгж байгаад уг залууг газар хоёр гарыг нурууны ард нь барьчихсан, нуруун дээр нь сууж байсан. Удалгүй босгож тухайн залуутай хамт урд хаалга руу чиглэж алхсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

8. Гэрч Т.Ё-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...Тухайн өдөр албан үүргээ гүйцэтгээд хяналтын камерын өрөөндөө сууж байтал станцаар хамгаалагч Д “Кью” караокед нэг нөхөр агсам  тавиад танхайраад байна гэж дуудсан. Ц-нээ, Б хоёрын хамтаар очтол Д нэг нөхрийг араас нь тэвэрчихсэн зогсож байсан. Юу болсон талаар асуутал намайг цохисон, гаргах гэсэн чинь шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлсэн. Тухайн залууг “Мишээл стрийт”-ээс гаргах гээд урагшаа явтал жоохон явж байгаад дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь хоёр суганаас нь сугадаж босгоод цаашаа явж байтал уг залуу дахиж газар унасан, унахдаа Б хамт унаж босохдоо Б-ийг өшиглөсөн. Тэгээд цаашаа гүйгээд сандал дээр очиж хэвтээд сандлаас тэвэрчхээд босохгүй байсан. Тэгэхээр нь гарыг тавиулж үргэлжлүүлэн цаашаа авч явж урд хаалганы таампар хэсэгт оруулсан. Уг хэсэг рүү ороход би хаалгыг онгойлгосон. Д, Ц хоёр оруулсан. Ц буцаж гараад цагдаа дуудах гээд явсан. Би станцаар ээлжийн ахлахаа дуудсан. Тэр үед уг залууг араас нь хоёр гарыг хамаад тэвэрчихсэн зогсож байсан. Би буцаад гудамж руу  гарчхаад буцаад ороод иртэл уг залууг Д, ээлжийн ахлах хоёр суганаас татаад босгоод хаалгаар гараад хойшоо хойд хаалга руу явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №3979 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

-Б.Н-ы биед хамар яс, баруун ухархайн дотор ханын хугарал, таславчийн мурийлт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүний баруун урд болон доод хэсэг, хүзүүний урд болон баруун хэсэг, баруун эгэм, мөрний урд хэсэг, зүүн мөрний урд хэсэг, суганы урд хэсэг, баруун бугалгын ар доод хэсэг, шууны дотор дээд, дунд хэсэг, ар дээд хэсэг, ар доод хэсэг, зүүн бугалгын дотор дунд, доод хэсэг, тохой, шууны дотор дээд хэсэг, зүүн дал, цээжний ар доод хэсэгт цус хуралт, духны баруун хэсэг, баруун хацрын гадна дээд хэсэг, хүзүүний баруун урд доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

-Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 

10. Яллагдагч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Уг залуу намайг хэлээр амаар их доромжилсон, хараал хэлж нулимсан. Караоке дотор намайг цохисон. Би араас нь тэвэрч гаргасан юм. Дөнгөж цаашаа явж байхдаа өөрөө газар унаад дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэгээд босож ирээд намайг өшиглөөд, цаашаа гүйсэн. Тэгээд барьж аваад явж байхдаа газар хамт унасан. Хоёр хаалганы голд цагдаа хүлээж байх зуур нулимаад өшиглөөд байхаар нь гарыг нь хойно барьж дээрээс нь дарж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

11. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Э.Д-ийн хүсэлт (хавтаст хэргийн 85 дахь тал), Хохирогч Б.Н-ны гомдол, саналгүй гэх тэмдэглэл (хавтас хэргийн 84 дэх тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 86-87 дахь тал),

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал), тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал), “Мишээл групп”-д Харуул хамгаалалтын албаны Шуурхай хамгаалалтын ажилтнаар ажилладаг тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, прокурорын хяналтад яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, түүнд ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулахад зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Д-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар гэм бурууд маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Д нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо”-д байрлах “Ворлд стрийт” үйлчилгээний төвийн хамгаалагчаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн орчим “Кью” нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Н-ыг агсам тавилаа гэх шалтгаанаар түүнд үйлчлэхгүй гэж караокеноос гаргахаар авч явах  замдаа түүний гарыг өчин газарт унагааж бие, эрүүл мэндэд нь хамар яс, баруун ухархайн дотор ханын хугарал таславчийн мурийлт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүний баруун урд, болон доод хэсэг, хүзүүний урд болон баруун хэсэг, баруун эгэм, мөрний урд хэсэг, зүүн мөрний урд хэсэг, суганы урд хэсэг, баруун бугалгын ард доод хэсэг, шууны дотор хэсэг, дунд хэсэг, ар дээд хэсэг, ар доод хэсэг, зүүн бугалгын дотор дунд, доод хэсэг, тохой, шууны дотор дээд хэсэг, зүүн дал, цээжний ар доод хэсэгт цус хуралт, духны баруун хэсэг, баруун хацрын гадна дээд хэсэг, хүзүүний баруун урд доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

-Гэмт хэрэг гарсан газрын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 8 дахь тал),  

 -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-14 дэх тал),

 

 -Хохирогч Б.Н-ны биед үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 51-55 дахь тал),

 -Хохирогч Б.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...хамгаалагч залуу ирчхээд ... хөөе залуу одоо гар гэж хэлсэн. Би гарахгүй ээ, манай ажлынхан дээр үйлүүлж байгаа гэж хэлтэл миний баруун гараас зулгааж гаргах гэж оролдсон. Би гараа салгах гэж баруун гараа татаад савтал шууд миний гарыг өчиж гадагшаа авч гарсан. ...нөгөө залуу араас гар өчиж хоолойноос боосон чигээрээ авч гарсан. ...Намайг босгохгүй дараад байлгаад байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

 -Гэрч Г.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...хамгаалагч Д “Кью” караокед нэг хүн агсам тавиад байна гэж дуудсан. Би хоёр хамгаалагчийн хамтаар очсон. ...агсам тавьсан гэх залууг Д араас нь тэврээд зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 -Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...Станцаар хамгаалагч Д “Кью” караокед нэг нөхөр агсам согтуу тавиад байна гэж дуудсан. ...Д нэг нөхрийг араас нь тэвэрчихсэн зогсож байсан. ...Д гарыг өчиж ард нь тэвэрч зогссон. ...Тэгж байгаад уг залууг газар хоёр гарыг нурууны ард нь барьчихсан, нуруун дээр нь сууж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

-Гэрч Т.Ё-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...Д нэг нөхрийг араас нь тэвэрчихсэн зогсож байсан. Юу болсон талаар асуутал намайг цохисон, гаргах гэсэн чинь шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлсэн. ...Би станцаар ээлжийн ахлахаа дуудсан. Тэр үед уг залууг араас нь хоёр гарыг хамаад тэвэрчихсэн зогсож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3979 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 -Яллагдагч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Д нь хохирогч Б.Н-ны бие, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Э.Д хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдлээс хохирогч Б.Н-ны эрүүл мэндэд олон тооны гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий боловч уг гэмтлийг учруулсан арга хэрэгсэл нь харгис хэрцгий шинжээр үйлдэгдээгүй, хохирогчийг зовж зүдрэхээр байдлыг бий болгоогүй байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчлэх шаардлагагүй гэж үзсэн.

Гэмт хэрэг гарахад хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байх явцдаа бармен, хамгаалагч нарын тавьсан шаардлагыг үл тоомсорлон доромжлох, нулимах зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь нөлөөлжээ. Нөгөө талаар  шүүгдэгч хамгаалагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа байгууллагын дотоод дүрэм, журмаар хүлээсэн үүргээ зөрчиж, өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлснээр түүний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Д-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь болон дээд боловсрол  эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гомдол саналгүй, 380.000 төгрөгийг хохирлыг хүлээн авсан талаар хүсэлтийг бичгээр (хавтаст хэргийн 84 дэх тал) ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Д-т оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийг өмгөөлөн оролцож санал, дүгнэлт хэлэхдээ эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд  бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”  зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн баримт зэргээр тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч Э.Д-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын яллагдагчдтай  тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан 3 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэгийг буулгасан нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Д-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Э-ын Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Э-ын Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Д-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Э.Д-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Д-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН