| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02426/и |
| Дугаар | 784 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ийн гаргасан,
Хариуцагч: Б-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 6,580,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, хариуцагч Б, түүний өмгөөлөгч К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие автомашин худалдан авахаар интернэтээс зар мэдээ уншиж байгаад хариуцагч Б-тай холбогдож, түүний Хонда сивиг маркийн ******* тоот улсын дугаартай машиныг авахаар тохирсон.
Би, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр түүнтэй утсаар холбогдож, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, “Баясах трейд” ХХК-ийн ойролцоо очиж, тус машиныг шалгаж, худалдан авсан.
Анх би, энэхүү автомашиныг шалгахад гадна үзэмж сайн, явах эд ангид ямар нэгэн дуу ороогүй, засвар хийх зүйлгүй байсан тул автомашины үнийг 6,500,000.00 төгрөгөөр тохирч, гэрээ байгуулж, мөнгийг төлсөн.
Тухайн үед энэ төрлийн шинээр орж ирсэн автомашины үнэ ойролцоогоор 7,500,000.00 төгрөг гэж байсан бөгөөд хариуцагч тал надад тус машиныг 2016 оны 03 дугаар сард Монгол Улсад оруулж ирсэн, оношилгоонд бүрэн хамруулсан гэсэн тул түүнд бүрэн итгэсэн юм.
Ингээд би, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уг машиныг унаад явж байтал хянах дэлгэц дээр гэрэл асаад байсныг худалдагч буюу хариуцагчаас лавлахад аккумляторын толгойн холбогчийг зэсээр ороосон учраас асдаг, сольчиход асуудалгүй гэхээр нь засварлахад зүгээр болсон.
Гэтэл 2-3 хоноогүй байтал нөгөө автомашины мотор, хропоос тос гоожиж, өгсүүр газар хүч авахгүй, гэрлэн дохио дээр унтрах, хааз авахад тасалдах, орилох зэрэг доголдол илэрсэн. Эдгээр шинж тэмдэг илрэх бүрд Бтай утсаар ярьж, хэлэхэд тэрээр эхэндээ сонсож, хүлээн авч байснаа сүүлдээ уурлаж, одоо надад хамаагүй, наймаа хийсэн бол буцахгүй гэж маргасан.
Би, автомашины дээр дурьдсан доголдлыг оношлуулахаар “Анд” засварын газарт үзүүлэхэд их хэмжээний засвар хийх шаардлагатай гэсэн бөгөөд 6,500,000.00 төгрөгөөр худалдан авсан машинд дахин өндөр зардалтай засвар хийхэд алдагдалтай байна.
Миний бие тус автомашиныг 2017 оны 04 дүгээр сараас хойш ашиглаагүй, одоо буцаагаад өгөхөд эдгээр доголдлоос өөр ямар нэгэн асуудал байхгүй. Иймд, талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 6,500,000.00 төгрөг, оношлуулахад гарсан зардал 80,000.00 төгрөг, нийт 6,580,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч талын гаргасан тайлбараас үзвэл тэрээр талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзах хүсэлттэй байгаа ажээ. Гэвч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах тохиолдолд тодорхой журмыг заавал хэрэгжүүлэх ёстой.
Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэл, шалтгаанаар ийнхүү гэрээнээс татгалзаж байгаагаа тодорхой тайлбарлахгүй байгаа ба нэгэнт байгуулагдсан гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ буцаах үндэслэл алга байна.
Хариуцагчийн хувьд энэхүү машиныг 2016 оны 11 дүгээр сард бусдаас худалдан авч, ажил-гэрийн хооронд унаж хэрэглэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид худалдсан.
Тухайн үед нэхэмжлэгч О автомашиныг 2 хүнтэй хамт ирж шалгаж хүлээн авсан бөгөөд дахин оношилгоонд оруулъяа гэхэд татгалзаад унаад явсан. Уг автомашин гадна өнгө үзэмж сайтай, засвар хийх шаардлага байгаагүй, эд ангид дуу ороогүй байсныг нэхэмжлэгч тал шалгасан.
Хэдийгээр нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ автомашины мотор, хропоос тос гоожсон, өгсүүр газар хүч авдаггүй, гэрлэн дохио дээр хааз салдаг гэх зүйлийг ярьдаг боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байгаагаас гадна “Анд” засварын оношилгооны хуудаст энэ тухай тодорхой дурьдаагүй байна.
Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О-с хариуцагч Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 6,580,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 6,500,000.00 төгрөгийг засвар, оношилгоонд төлсөн 80,000.00 төгрөгийн хамт гаргуулах” гэж тодруулсныг хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардуулсан.
Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.О 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Бтай автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 2007 онд үйлдвэрлэгдсэн Хонда сивиг маркийн ******* улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 6,500,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ /х.х-ийн 5-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тус гэрээний зүйл болох автомашиныг Япон улсаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад импортолсон бөгөөд өмчлөгч *******ээс хариуцагч Бы нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжиж, улмаар тэрээр нэхэмжлэгч Д.Од худалдсан байна /х.х-ийн 5, 7, 8-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “үнэгүй.мн” зар мэдээ дэх бичвэрийн агуулгаас үзвэл хариуцагч тал энэхүү автомашиныг бусдад худалдан борлуулах зорилгоор гэрээний гол зүйл буюу тухайн автомашины явсан км-ын заалт, гадна болон дотор талын өнгө, үзэмж, бусад эд ангийн талаар дурьдаж, худалдан авах санал гаргасан этгээдтэй үнийг харилцан тохиролцсон тохиолдолд түүнд худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан байна /х.х-ийн 24-р хуудас/.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд, хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, мөн 195.4.-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б тус ******* улсын дугаартай автомашиныг шууд нэхэмжлэгч О-д худалдах саналыг гаргаагүй ба харин тодорхой бус этгээдүүдэд хандан гагцхүү үнэ болон бусад зүйлийн талаар тохиролцсон тохиолдолд түүнтэй гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд үүнийг хүлээн авч, зөвшөөрсөн этгээдийн хариу саналыг сонсохоор нийтэд ханджээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд үзлэг хийсэн баримтаас үзвэл дээр дурьдснаар хариуцагчийн энэхүү тодорхой бус этгээдэд хандсан саналын дуудлагыг нэхэмжлэгч тал хүлээн авч, улмаар автомашиныг худалдан авах саналыг гаргаж, талууд үнэ болон бусад нөхцлийг харилцан тохирч, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна /х.х-ийн 40-45/.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Тодруулбал, худалдагч буюу хариуцагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч болох нэхэмжлэгч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.
Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашины үнэ 6,500,000.00 төгрөгийг өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гагцхүү гэрээний зүйл доголдолтой байсан эсэх талаар маргаж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас гадна 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 /зургаа/ сарын дотор доголдлыг илрүүлснээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй болно.
Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд энэхүү автомашины тоо хэмжээ, чанарын талаар тусгайлан тохиролцоогүй байгаагаас гадна гэрээний зүйлийн ашиглалттай холбоотойгоор ямар нэгэн баталгаат хугацаа тогтоогоогүй байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар тэрээр хариуцагчийн гаргасан зар мэдээ дэх автомашины шинж чанар, одоогийн байгаа байдал, Монгол Улсад импортолсон болон ашиглагдаж байсан нөхцөл байдлыг тус тус үндэслэн нийт 6,500,000.00 төгрөгөөр худалдан авсан ба гэрээний 1 дүгээр зүйлд заасан, мөн зар мэдээ дэх автомашины талаарх мэдээлэл, талуудын автомашиныг худалдах, худалдан авах үеийн харилцан ярилцаж байсан яриа зэргээс тус тус үзвэл нэхэмжлэгч нь маргааны зүйл болох ******* улсын дугаартай автомашиныг “байгаа байдлаар нь” худалдаж авчээ.
Хэдийгээр зохигчид уг худалдах, худалдан авах гэрээнд автомашины тоо хэмжээ, чанарын талаар тохиролцоогүй боловч худалдагч буюу хариуцагч Б.Бнь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашиныг худалдах үүрэгтэй юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн техникийн хяналтын үзлэгийн мэдээллээр маргааны зүйл болсон автомашиныг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үзлэгт хамруулсан байхаас гадна нэхэмжлэгч тал 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа оношилгоонд оруулахаас татгалзаж байжээ /х.х-ийн 56-р хуудас/.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.4.-т тус тус зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч О нь худалдан авсан тухайн автомашиныг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүсч болно.
Нөгөө талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу хэрэв худалдагч тал доголдолтой эд хөрөнгө худалдснаас худалдан авагч гэрээг цуцалж байгаа тохиолдолд түүнд учирсан хохирлыг ийнхүү нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох ******* улсын дугаартай автомашиныг ердийн зориулалтын дагуу ашиглаж болохгүй тийм хэмжээний доголдолтой байсан гэх тайлбараа нотлохгүй байна.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон автомашиныг доголдолтой байсан гэдгийг тодорхой баримтаар нотлоогүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч тал автомашины шинж чанар, одоогийн байгаа байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан “байгаа байдлаар нь” худалдан авсан тохиолдолд гэрээний зүйлийг тэрхүү байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал тус автомашиныг 2007 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2016 оны 03 дугаар сард импортолж, эзэмшиж, ашиглаж байсан талаар мэдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т заасны дагуу гэрээний зүйлийг ийнхүү “байгаа байдлаар” хүлээн авсанд тооцох бөгөөд хожим таамаглаагүй доголдол илэрсэн бол үүнийг нотлох ёстой.
Түүнчлэн хэрэгт авагдсан “Анд” засварын газрын зарлагын баримтад тухайн автомашиныг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж оношилоогүй, харин автомашины хэрэглээтэй холбоотойгоор зайлшгүй солих эд ангиудыг сольсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “автомашины мотор, хропоос тос гоожиж, өгсүүр газар хүч авахгүй, гэрлэн дохио дээр унтрах, хааз авахад тасалдах, орилох зэргээс улбаалан цаашид ашиглах боломжгүй” гэх тайлбараа тодорхой баримтаар нотлохгүй байх тул хариуцагч буюу худалдагчийг зөвхөн нэхэмжлэлд дурьдсан доголдолтой байсан гэх тайлбарыг үндэслэн түүнийг эд хөрөнгийг доголдолгүй байдлаар худалдаагүй гэдгээ нотлох ёстой хэмээн буруутгах боломжгүй юм.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР