Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0687

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 21-ний өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/06870513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А

Хариуцагч: НЗД.

Хариуцагч: ХУДЗД

Гуравдагч этгээд: Б Ү И ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ....Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн Б Ү И ХХК-ийн эзэмшил бүхий газрыг үндэслэлгүйгээр сунгасан уг захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.С, нарийн бичгийн дарга Б.нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Миний бие 2014 оноос Сэлэнгэ аймгийн Мандал суманд мод үржүүлгийн газар байгуулан Монгол орны ой болон хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах ажилд орж ажиллаж өнөөдрийн байдлаар 3 га талбайд 4 настай нарс, шинэсний 37500 ш тарьцыг 4 нас хүртэл нь бойжуулан арчилж амжилттай ургуулж, байгаль орчноо нөхөн сэргээх үйлсэд хүчин зүтгэн арвин туршлагатай болсон.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал дээд цэгтээ хүрч цэвэр агаар, ногоон байгууламж, хотын хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс Хан-Уул дүүргийн зүгээс Эко дүүрэг болох зорилтыг тавьсантай холбогдуулан тус дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гарган ... өөрийн хийж ирсэн мод тарих туршлагаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ашиглах хүсэлтэйгээр тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр 5 газрыг олгож өгөхийг хүссэн холбогдох бичиг баримтын хамт гаргасан байдаг. Хан - Уул дүүргийн Засаг даргын зүгээс иргэн миний гаргасан дээрх хүсэлтийг удахгүй шийдвэрлэж өгнө гэж хүлээлгэж байсан атлаа өөр иргэн аж ахуй нэгжид уг газрыг олгосон гэж үзэж байна.

Тодруулбал иргэн миний мод тарих төсөл нь Хан-Уул дүүргийн Эко дүүрэг болох зорилготой нийцсэн, хүсэлт гаргах үед хэн нэгэн иргэн аж ахуй нэгж байгууллагын хууль ёсны эзэмшил, өмчлөл бүхий газартай давхцаагүй байсан гэтэл удаа дараагийн дээрх захиргааны байгууллагуудын ирүүлсэн баримт, хариунаас үзэхэд бусдын эзэмшиж байсан газарт давхцуулан хүсэлтээ өгсөн байна гэх хариуг өгч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан шаардлагад нийцүүлэн хүсэлтээ гаргасан. Уг хуулийн цаад агуулга бол тухайн газрын эзэмших хүсэлтийг хамгийн түрүүлж хуульд заасан шаардлагыг ханган гаргасанд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан журмаар шийдвэр гаргаж эзэмшүүлэх юм. Гэтэл иргэн миний хувьд уг шаардлагыг биелүүлсэн атал Нийслэлийн Засаг даргын зүгээс илэрхий хуулийг зөрчин хоорондын уялдаа холбоогүйгээр иргэн миний гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээгүй байхад ийнхүү хуйвалдах байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчсөн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1159 дүгээр захирамжийн Б Ү И ХХК-ийн эзэмшил бүхий газрын иргэн миний хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын хүсэлтийн дагуу шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож хүсэлт гаргасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Хан-уул дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.А 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс гуравдагч этгээд Б Ү  И ХХК-ийн газар эзэмших эрхийг төлбөр төлөөгүй үндэслэлээр хүчингүй болгосон байдаг ба үүнтэй холбоотойгоор анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх боломжгүй болж байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар өөрчилж, тухайн үед нэхэмжлэгч хууль, журам зөрчөөгүй, харин гуравдагч этгээд болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын хууль бус байсан болохыг тогтоолгох, ингэснээрээ нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх ач холбогдолтой гэж үзсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн Б Ү И ХХК ийн эзэмшил бүхий газрыг үндэслэлгүйгээр сунгасан уг захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 - д заасны дагуу хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох,

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг Газрын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Хэн нэгэн компани, аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр газартай давхацсан асуудал байгаагүй. Таны хүсэлтийг шийдвэрлэнэ гэж мэргэжилтэн нь хэлсэн. Хэсэг хугацааны дараа таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны хугацаа сунгах захирамжид Б Ү И ХХК-ийн хугацааг сунгасан байна гэсэн хариу өгсөн. Үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт өргөдлөөр хандсан боловч шийдвэрлээгүй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийг газрын тухай хуульд нийцсэн эсэхийг харахад хэд хэдэн заалтыг зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар 150 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон. Энэ огнооноос тоолж үзвэл 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, гэрчилгээ олгосон огнооноос тоолбол 2017 онд 5 жилийн хугацаа дуусаж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс хугацаа дуусаад 1 жил гаруй хугацааны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан байна. Хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгчээс тодорхойлж байгаа акт гарсан эсэхийг харахад гуравдагч этгээд хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байгаа. Хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгөөгүй, газар эзэмших эрхээ зориулалтаар нь ашиглах үүргээ биелүүлээгүй, орон сууцны зориулалтаар авсан боловч одоог хүртэл зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, гэрчилгээний хүчин төгөлдөр болох хугацаанд хүсэлтээ өгөөгүй, хавсаргах баримт бичгийн бүрдэл хангагдаагүй байхад хүсэлтийг нь Нийслэлийн Засаг дарга хуульд нийцэж байна гэж үзэж хугацааг сунгасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь үүнээс үүдэлтэй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д маш тодорхой зохицуулалт байгаа. Гуравдагч этгээд хуулийн шаардлага хангаагүй. Хэрэв хангасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар 15 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой.

Хүсэлт гаргаагүй үр дагавар нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хувьд юу үүсэж байна гэхээр 2018 оны 8 дугаар сард хүсэлтээ гаргахад гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа аль хэдийн дуусгавар болсон байсан. Эдгээр нөхцөл байдлуудаар нэхэмжлэгчийн хүсэлт тухайн актыг Хан-Уул дүүргийн Засаг даргын хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2019 онд хүчингүй болгосон хэдий ч 2018 онд хугацаа сунгаж байгаа асуудал хууль бус байсныг тодруулах нь нэхэмжлэгчийн хувьд эрхээ сэргээлгэх нь чухал ач холбогдолтой байгаа учир шүүхээр шийдүүлэх нь зүйтэй юм байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хүчингүй болгуулах гэсэн агуулгаар гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргаас хүчингүй болгосон захирамж гарсан учир дахиад хүчингүй болгож өгнө үү гэж ярих нь утгагүй юм. Нэхэмжлэгч өөрийн эрхийг тодорхойлох хүсэлтийг газрын тухай хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор шийдвэрлүүлэх боломжууд хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг асуудал гарч байгаа. Ингэснээр нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сард гаргасан өргөдөл, хүсэлт нь зохих хууль дүрмийн дагуу гарсан юм. Газар олгох эсэхийг мэдэхгүй. Олгохтой холбоотой шаардлагуудыг хариуцагчид өөрсдөө шалгаж үзээд төсөл сонгон шалгаруулах хэмжээнд байгаа эсэхийг Засаг дарга шийдвэрлэх байх. Эхний ээлжид хүний гаргасан хүсэлтийг хугацаанд шийдвэрлэхгүй өмнө нь эзэмшиж байсан гэдгээр ч юм уу хугацаа хэтэрч хугацааг сунгуулж өргөдлийг шийдвэрлүүлэх эрхийг хааж байгаа нь асуудал болж байна. Засгийн газраас 2012 онд 4 аж ахуй нэгжид 600 га газар олгосон байна. Одоо 8 жил болж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгжсэн төсөл, шав, барилгын зураг байхгүй. Энэ бүхнээс авч үзвэл энэ компани үйл ажиллагаа явуулах сонирхолгүй. Газрын тухай хуулийн 37, 39 дүгээр хуулийн заалтууд хэрэгжээгүй байхад хууль ёсны дагуу хандаад явж байхад хууль зөрчсөн асуудлаас болоод шийдвэрлэх боломжгүй гэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд болон хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар анх Б Ү И ХХК-д газар эзэмших эрх олгож улмаар 2018 оны А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 га газар олгож өгөх хүсэлт гаргасан. Уг газар олгох хүсэлтэд дурдсан газар нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар олгогдсон Б Ү И ХХК-ийн газар эзэмших эрхийн нэгж талбартай давхцаж байсан.

Иргэн Г.А нь Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 га газар олгож өгөх хүсэлт гаргасан. Уг газар олгох хүсэлтэд дурдсан газар нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар олгогдсон Б Ү И ХХК-ийн газар эзэмших эрхийн нэгж талбартай давхцаж байгаа юм. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасанд нийцээгүй.

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамж нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргавал хуулийн дагуу шийдүүлэх боломж бүрдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/625 хүчингүй болгосон. Тухайн үед Г.А гаргасан өргөдөл, хүсэлтийг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан захиргааны актын хүрээнд хариуг өгч шийдвэрлэсэн. Тиймээс одоо хүчин төгөлдөр байсан захирамжаар А/1159 нь хүчингүй болсон учир Г.А хүсэлт гаргах эрх нээлттэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтийг иргэн Г.А 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Газрын албанд гаргасан байна.

Газрын алба дээрх хүсэлтийг судлан үзээд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16/2283 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/693 дугаар захирамжаар газар эзэмшигч Б Ү И ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.А нь Хан-Уул дүүрэгт 2018 онд газар эзэмших хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг газрын алба судлаад 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 16/2283 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2012, 2018 оны А/1159 дүгээр захирамжаар Б Ү И ХХК-д олгосон газартай давхцаж байна гэсэн үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. 2019 онд хариу өгөх үед 2018 оны хугацаа сунгасан захирамж гарчихсан байсан. Дээрх байдлаар Хан-Уул дүүргээс хариуг өгч шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж байсан тул шийдвэрлэх боломжгүй тухай албан бичгээр хариу өгч байсан тул эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн шийдвэр гаргадаг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Бат-Үрс интернэйшнл ХХК-ийн Г.Бямбаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Монгол Улсын Засгийн газрын 242 тогтоолыг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 14-р хорооны тус газрыг манай компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Иймд иргэн Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй үл нийцэж байгаа буюу анх огт олгогдоогүй хоосон газарт иргэн Г.Алтанцэцэг нь анхнаасаа хүсэлт гаргаагүй бөгөөд манай олгогдсон газарт давхцуулан хүсэлт тавиад олгогдоогүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Гурадвагч этгээд Б Ү И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07 өдрийн А/1159 дүгээр захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэжээ. Гэтэл уг захирамжийг манай компанид мэдэгдээгүй, газар эзэмших эрх маань хүчингүй болсныг бид нэхэмжлэлтэй танилцаж мэдэж авч байна.

Хэрэв Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07 өдөр А/1159 дүгээр захирамж гаргаж манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бол бид хуульд заасан эрхээ эдэлж дээрх актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлнэ. Иймд хууль зүйн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/343 дугаар захирамжаар 150 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ авсан.

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжаар манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Үүнийг Г.А нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Процессын дагуу гомдлоо гаргаад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компанид олгосон газар нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар тушаалаар 600 га газарт орон сууцны барилга барихаар 4 аж ахуй нэгжид өгсөн газар байдаг. Энэ 4 газрыг Нийслэлийн Засаг даргад 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/691, А/692, А/693, А/694 захирамжаар хүчингүй болгосон. Иймээс бид шүүхэд хандаж нэхэмжлэлээ өгсөн, бид процессын дагуу манай газрыг хүчингүй болгосон захирамжид нэхэмжлэл гаргаад явж байгаа. Энэ нэхэмжлэл шийдэгдсэний дараа Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг нэхэмжлэгч нь дахин хүсэлтээ өгөөд газар эзэмшиж эрх нь нээлттэй гэж үзэж байна.

Нэг ч шав байхгүй, төсөл хэрэгжээгүй гэдэг нь үнэн. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 5 дугаар сарын 14 ний өдрийн 102 дугаар тушаалын 3-т Хөх барс орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн төслийн хөрөнгийг эргэн төлөлтийн нөхцөлтэйгөөр жил бүр төсөвт суулгана гэсэн байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийг шийдвэрлэх гэсэн асуудал яригдаж байгаа юм. Хөх барс төсөл бүү хэл Хан-Уул дүүргийн товчоо хүртэл ямар ч дэд бүтэц шийдэгдээгүй. Энэ төсөл хэрэгжээгүй боловч газрынхаа эрхийг хүчинтэй байлгахын тулд бид газрын төлбөр 70,500,000 /далан сая таван зуун мянга/-н төгрөг төлсөн. Ямар ч үйл ажиллагаа хийгээгүй байж төлбөрөө төлсөн. 2017, 2018 оны төлбөр төлөгдөөгүй байгаа. яагаад төлөгдөөгүй вэ гэхээр 2019 онд газрын төлбөрийг гэнэт нэмчихсэн. Нэг ч үйл ажиллагаагаа эхлээгүй байж жилд 200 сая төгрөг төлнө гэдэг бидэнд асуудалтай болж эхэлсэн. Энэ төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага бас гараад явж байгаа. Хан-Уул дүүргийн Засаг дарга мэдэж байгаа. Төлбөртэй холбоотой инженерийн дэд бүтцийг шийдвэрлэнэ үү хий газрын төлбөр төлж байна гэсэн асуудал гарч байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Манай компани захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдөө цуцалсан тухай олж мэдсэн. Тиймээс процессын дагуу гомдол гаргасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.3-т зааснаар Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын ойжуулах гэж байгаа газарт сонгон шалгаруулсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Яагаад Иргэний хууль дурдаад байна гэхээр хуулийг төсөөтэй хэрэглэж болно. Тэгэхээр Г.А нь өөрөө хууль ёсны хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргах ёстой. 0.1 га газраас дотогш сонгон шалгаруулалт явуулаагүй. Гэтэл 0.5 га газрыг би авах ёстой гээд хууль бус хүсэлт гаргаад түүнийгээ шийдвэрлүүлэх гэж байна. Өөрөө хуулиа буруу хэрэглэж байж Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргыг буруутгаж болохгүй. Тухайн үед гуравдагч этгээдэд олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээ хүчинтэй байсан. Дунд нь 1 жил алдсан гэж ярьж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь өөрөө маргаантай байсан. Засгийн газрын тогтоолтой, дунд хугацааны хөтөлбөрт нь тусгагдсан. Засгийн газрын тогтоол, төрийн захиргааны төв байгууллагын сайдын тушаалтай учраас энэ газар нь 6000 га газарт орон сууцны барилга барихаар төлөвлөгдсөн байгаа. Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргаас биш, Засгийн газраас тогтоол гарч хэрэгжиж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага Нийслэлийн Засаг даргын А/1159 дүгээр захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа. үүнийг хууль бус байсан уу хууль ёсны байсан уу? гэдгийг өнөөдөр шийдвэрлэх боломжгүй. Бид маргаан үүсгээд явж байгаа учраас. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Г.А гэдэг хүний ямар эрх ёсны хууль ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа вэ гэдгийг өнөөдрийн шүүх хурлаар шийдвэрлэх ёстой. Гэтэл өөрөө хууль бус шийдвэр гаргасан нь энэ нэхэмжлэлийн 2 шаардлагыг хангаж байгаа үндэслэл болохгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд хандан анх Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1159 дүгээр захирамжийн Б Ү И ХХК-ийн эзэмшил бүхий газрын иргэн миний хүсэлт гаргасан газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах, хүсэлтийн дагуу шийдвэр гаргаагүй Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож хүсэлт гаргасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн Бат-Үрс интернэйшнл ХХК-ийн эзэмшил бүхий газрын үндэслэлгүйгээр сунгасан уг захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах гэж өөрчилсөн байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр иргэн Г.А гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Гуравдагч этгээд Б Ү И ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 109 дүгээр албан бичгээр ... Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар олгохыг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/344 дүгээр захирамжаар Б Ү И ХХК-д орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулан 150.0 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар ... Б Ү И ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 178041/0428 нэгж талбарын дугаартай газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгасан байна.

Нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 5 дугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн Газрын албанд хандан ... 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын эх Бугын аманд хавсралтаар хүргүүлсэн 5 га газрыг олгож өгнө үү гэх хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16/2283 дугаар албан бичгээр ... Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдож улмаар 2018 оны А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нэгж талбартай давхцаж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг хүсэлт гаргагч Г.А өгсөн байна.

Улмаар нэхэмжлэгч Г.А зүгээс Нийслэлийн Засаг даргад хандаж ... миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гарган ...өөрийн хийж ирсэн мод тарих, үржүүлэх туршлагаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ашиглах хүсэлтэйгээр тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр 5 га газрыг олгож өгөхийг хүссэн боловч Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1159 дүгээр захирамжаар өөр аж ахуйн нэгжид олгосон газартай давхцаж байгаа гэж миний хүсэлтийг шийдвэрлээгүй. Миний хүссэн газарт бодит байдалд ямар ч иргэн байгууллага ашигладаггүй. Иймд миний хүсэлт гаргасан газартай давхацсан гэх байгууллагын газрыг давхцаж буй хэсгээр хүчингүй болгож өгнө үү гэх гомдол гаргасанд 2019 оны 8 дугаар сарын 08-нд ... компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл үүсээгүй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг авснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэжээ.

Энэ үйл баримтад дүгнэлт өгч, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох ...нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1: газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2: газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1: иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ... загварын дагуу гаргана гэх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь иргэнийхээ хувьд газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй байна.

Шүүх нотлох баримтыг цуглуулах явцад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2/1615 дугаар албан бичгээр ирүүлсэн Г.А Сонгинохайрхан дүүрэгт байршилтай, нэгж талбарын 18622333316773 дугаар бүхий 700 м.кв газрын өмчлөх эрх бүртгэлтэй байна гэх баримт нь газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 29.1-д заасан хэмжээгээр нэхэмжлэгчийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээний талаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1: иргэнд ... эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна, 29.2: энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно, 29.3: багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг ... давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэж заасан ба эхний хоёр заалт болох 29.1, 29.2-д заасан хэмжээ нь хатуу зохицуулалттай, уг хэмжээнээс илүү газар эзэмших эрх аливаа иргэнд байхгүй бол 29.3-д заасан газрын хэмжээ нь илүү аймаг, сум, баг гэхчлэн засаг захиргааны хуваарийн дагуу суурин бүс болох нийслэл, дүүргээс тусдаа зохицуулсан зохицуулалт байна.

Тэгвэл нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын эх Бугын аманд 5 га газар олгохыг хүссэн ба энэ тохиолдолд хүссэн газрын хэмжээ нь Газрын тухай хуулийн 29.1, 29.2-д зааснаас илүү хэмжээтэй буюу 5 га /50000 м.кв/ гэж байна.

Ийнхүү хуульд зааснаас илүү хэмжээгээр газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т: энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж зохицуулснаар нэхэмжлэгчийг хүсэлт гаргах тухайн үед хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3: хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн хүсэлт байна, учир нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдож улмаар 2018 оны А/1159 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нэгж талбартай давхцаж байна гэж хариу өгсөн.

Маргаан бүхий энэ тохиолдолд П ХХК-ийн үйлдсэн нэхэмжлэгч Г.А нэр дээрх 5 га талбайтай кадастрын зургийг гуравдагч этгээдийн нэгж этгээдийн нэгж талбартай бүхэлдээ давхцалтай байгаа талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2/367 дугаар албан бичгээр нотлогдож байна. Энэ утгаараа хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын бусдын эзэмшил газартай давхцалтай гэж хариу өгснийг шүүх захиргааны байгууллага шийдвэрлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх хууль үндэслэлгүй болно.

Яагаад гэвэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т: Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-д заасан хоёр хэмжээ болох 0,07 га болон 0,1 га гэсэн хэмжээнээс давсан байдлаар, мод үржүүлгийн талбай байгуулах төслөө хэрэгжүүлэхээр 5 га газрыг хүсэхдээ, дээр дурдсанаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т хуульчилсны дагуу Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-аар зохицуулсан харилцааны хүрээнд газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа зарлагдаагүй, газар эзэмших хүсэлт нь дээрх журмын дагуу гарсан гэж үзэхээргүй байна, энэ талаар талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримт байхгүй байна.

Дээрх хоёр журам тус бүрийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: Газрын тухай хуулийн 33.1.2 ... тус тус заасны дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна, Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ... эрх олгох дуудлага худалдааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс үл хамааран хүсэлт гаргагч хэн байсан ч заавал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасанд нийцэж байж газар эзэмших эрх нь хэрэгжихээр байна.

Иймд хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан гаргасан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгчийн хүсэлтээр газар эзэмших эрх олгох, эзэмшүүлэх асуудал шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлгүй байх ба хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Даалгах шаардлагын тухайд шүүхээс захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус гэж үзээгүй тул даалгах шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй юм.

Хоёр. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн захирамж хүчингүй болгуулах тухай 04/611 дүгээр албан бичгээр: ... 2018 оны А/421, A/1067, A/1177, A/1159 дүгээр захирамжуудаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг зөрчиж 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх тул дээрх шийдвэрүүдээ эргэн харж хүчингүй болгох арга хэмжээ авч өгнө үү хэмээн дурдан Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 07/4912 дугаар албан бичгээр: ... дүүргийн Засаг даргын саналыг аваагүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421, A/1076, A/1177, A/1159 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах тухай гомдол ирүүлсэн байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын саналыг авсан эсэх, саналыг аваагүй бол Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад хандан хүргүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/693 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б Ү И ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар 150.0 га газрыг эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч талаас маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлээ гуравдагч этгээд нь гэрчилгээний хүчин төгөлдөр болох хугацаанд хүсэлтээ өгөөгүй, газар эзэмших эрхээ орон сууцны зориулалтаар авсан боловч одоог хүртэл зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байхад хүсэлтийг нь Нийслэлийн Засаг дарга хуульд нийцэж байна гэж үзэж хугацааг сунгасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж маргаж, одоо нэгэнт Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа сунгасан A/1159 дүгээр захирамжаа өөрөө хүчингүй болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу шийдвэр гаргуулахыг шүүхээс хүсэж байна.

Шүүх, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа юу гэдэгт анхаарлаа хандуулж дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргахдаа Засгийн газрын тогтоолоор зохицуулагдсан журмын хүрээнд гаргаагүй нь тогтоогдсон тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шууд хамгаалагдах эрх, ашиг сонирхол байхгүй байна.

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаар Газрын тухай хуулийн 20 дугаар 20.2.1-д заасан бүрэн эрхийг хариуцагч Засаг дарга нараас хэрэгжүүлснийг шүүхээс буруутгах үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж маргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны A/1159 дүгээр захирамж энэхүү шүүхийн шийдвэр гарах үед хүчингүй болсон байгаа нь шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй, нөгөө талаас гуравдагч этгээд нь мөн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар маргаан үүсгэсэн гэж тайлбарласныг шүүх харгалзан үзсэн. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрх угаасаа дуусгавар болсон байсан тул нэхэмжлэгч нь би газар эзэмших эрхтэй гэж үзэхийн тулд уг газар эзэмшихийг хүссэн эрх нь хуулийн дагуу үүссэн байх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд ийм баримт байхгүй байна.

Мод үржүүлгийн талбай байгуулах төслийг захиргааны байгууллагаас зарлах, аль эсхүл тухайн төслөө хэрэгжүүлж болохуйцаар газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зарлагдах тохиолдолд нэхэмжлэгчийн оролцох эрх нээлттэй бөгөөд энэхүү шийдвэр нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгч Г.А урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн Б Ү И ХХК-ийн эзэмшил бүхий газрын үндэслэлгүйгээр сунгасан уг захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  У.Б