| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 020/2013/0750/З |
| Дугаар | 221/МА2015/0184 |
| Огноо | 2015-04-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2015/0184
2015 оны 4 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2015/0184
ХГ ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор, ХГ ХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Г , Д.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХГ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасны дагуу давхардуулан татвар төлөх ёсгүй, нөгөө талаар тус компани татварт борлуулсан бүтээгдэхүүнээсээ аж ахуйн нэгжийн орлогын болон Нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг, гуравдагч хүчин зүйл нь манай компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болно. Иймд, улсын байцаагчийн 210268 тоот актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж төсөвт төлөөгүй гэх 138,465,500 төгрөгийн нөхөн татвар, 41,539,7 төгрөгийн торгууль, 45,157.5 төгрөгийн алданги ногдуулсаныг төлөх гэснийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус компанийн 2009-2012 оны хяналт шалгалтыг хийж, 3,839,518.5 мянган төгрөгийн зөрчилд 228,301.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 213,667.4 мянган төгрөгийн торгууль, алданги ногдуулан татварын улсын байцаагчийн 210268 дугаар акт үйлдсэн... Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор дээрх актыг хэвээр баталсан... Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын 2 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл бүрдэж байна... БГ ХХК нь тус ХК-ийн 60 хувийг дангаараа эзэмшдэг нь энэ хоёр компанийг харилцан хамаарал бүхий компани гэж үзэх үндэслэлтэй. ХГ ХК нь БГ ХХК-аас худалдан авах гэрээний үндсэн дээр хүдэр авч боловсруулан ангижруулсан төмөр гаргаж байгаа... Энэ үүднээс авч үзэхэд агуулга нь өндөрссөн ашигт малтмалыг ашиглаж байна гэж үзэх үндэслэлтэй... ХГ ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХГ ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Г , Д.М нарын тогтоосон 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210268 дугаар актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Г давж заалдах гомдолдоо: ...Ашигт малтмалын тухай хуулийн 58.4-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална гэж заасан. 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 58.4, 59.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газраас баталж мөрдүүлсэн. Засгийн газрын тухай хуулийн 30.7-д Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно, 30.2-т Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно. Энэ эрхийн акт нь тогтоол хэлбэрээр байна. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно, 30.8-д Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нийтээр дагах эрх зүйн акт болох нь тогтоогдож байна.
Дээрх Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын 2-т Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөх, 2.10-д Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл бүрдэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын нөөц ашиглах төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлийг зохицуулсан бол Засгийн газрын 272 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх харилцааг зохицуулсан нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6-д заасантай нийцэж байна. Энэ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх харилцааг нөхөн зохицуулсан заалт гэж үзэхээр байна.
БГ ХХК нь тус ХК-ийн 60 хувийг дангаараа эзэмшдэг нь энэ хоёр компанийг харилцан хамаарал бүхий компани гэж үзэх үндэслэлтэй. ХГ ХК нь БГ ХХК-аас худалдан авах гэрээний үндсэн дээр хүдэр авч боловсруулан ангижруулсан төмөр гаргаж бөгөөд үүнийг ашигт малтмал гэж үзэх үндэслэлгүй гэсэн байна. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачилалд заасны дагуу ашигт малтмалын хүдэр гэж газрын гадаргуу түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик, химийн процессын үр дүнд үүсэж бий болсон, түүнд агуулагдаж байгаа элементийг /металл/ нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгыг хэлнэ. Ашигт малтмалын баяжмал гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ. Үүнээс үзэхэд агуулга нь өндөрссөн ашигт малтмалыг ашиглаж байна гэж ойлгох нь зүйтэй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасны дагуу Засгийн газраас 272 дугаар тогтоолд үндэслэн ногдуулсан бөгөөд энэ тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон эзэмшигч бус аль аль нь төлөхөөр байгаа талаар дээр дурдсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210268 тоот актын Тогтоох хэсгийн 1.1 дэх заалтаар ХГ ХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 47.3.2, 58 дугаар зүйлийн 58.4, Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам-ын 2 дугаар бүлгийн 10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, 138.465.500 төгрөгийн нөхөн татвар, 41.539.700 төгрөгийн торгууль, 45.157.500 төгрөгийн алданги ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж заасан бөгөөд хэрэгт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг Тамирын гол нэртэй газарт орших 406 га талбай бүхий 9772А, мөн сумын нутаг Төмөр толгой нэртэй газар орших 566 га талбай бүхий 10551А, Мөнгөн цээж нэртэй газарт орших 38 га талбай бүхий 11595А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч нь БГ ХХК болох нь тогтоогджээ. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч БГ ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хуулиар ногдож байна.
Татварын улсын байцаагчийн актад баримталж байгаа Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам-ын 2 дугаар бүлгийн 10-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө гэсэн заалт энэ тохиолдолд хамаарахгүй байна.
Учир нь, энэ заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд өөрийн эдэлбэр талбайд гэрээний үндсэн дээр өөр хуулийн этгээдээр боловсруулалт, борлуулалт хийлгүүлсэн тохиолдолд ашигт малтмал ашигласны төлбөрийг орхигдуулахгүй, давхардуулахгүйгээр борлуулалт хийсэн этгээдэд төлөхийг үүрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
ХГ ХК-ийн тухайд бусад хуулийн этгээдийн талбайд боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь тогтоогдоогүй бөгөөд харин худалдах худалдан авах гэрээ байгуулж, төмрийн хүдрийн баяжмал худалдан авсан болох нь тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2009-2011 онуудад БГ ХХК, 2012 онд БМ ХХК тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж, нотлох баримтыг ирүүлсэн байна. Гэхдээ БМ, БГ гэх хуулийн этгээдүүд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөөгүй байсан гэж үзсэн ч харилцан хамааралтай гэдгийг үндэслэн бусад хуулийн этгээдийн төлөх төлбөрийг өөр хуулийн этгээдэд /ХГ ХК-д/ ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР