Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/341

 

 

 

 

 

 

   2022          05           05                                       2022/ШЦТ/341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогч Н.Э,

гэрч Э.Э,

шинжээч Г.Баяртогтох,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Галтаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номгон овогт Бат-Одын Эд холбогдох эрүүгийн 21100 0000 1220 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “_” хорооллын _дугаар байрны _ тоотод 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр салсан найз залуу болох Н.Э-той “4 сартай охины минь зургийг зөвшөөрөлгүй цахим орчинд тавьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдан зодож биед нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хацар, хамар, доод эрүү, хүзүү, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:

1. Шүүгдэгч Б.Э-ээс: Би энэ хүнтэй учирснаар эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон. Би энд суугаад тэр хүн хохирогчийн сандалд сууж байгааг ойлгохгүй байна. Санаатайгаар гэмтэл учруулах гэж цохиогүй. Энэ хүн надад гэмтэл учруулж байсан болохоор намайг заамдаж авахад нь айсан, намайг үсдсэн, өмнө нь найзтайгаа унтсан гэж байгууллагаар тараасан. Манай ээжид хүртэл худлаа ярьсан. Намайг “шулам” гэж найзууддаа хэлдэг байсан. 2021 оны 11 дүгээр сарын дунд үед “миний охины зургийг устга” гэж хэлэх гээд залгахад утсаа авахгүй байхаар нь очиход заамдаад авсан. Тэгээд “чадахгүй” гэсэн. Намайг заамдахаар нь би болиулах гээд “хазсан” юм. Тэгээд бид хоёр ноцолдсон. Санаатайгаар нүүрэнд нь хүрсэн гэж бодохгүй байна. Өөрийгөө хамгаалах гээд болгоомжгүйгээр халдсан” гэсэн мэдүүлгийг,

 

2. Хохирогч Н.Э-оос: 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ хичээлээ хийж байхад өдрийн 1-2 цагийн үед Б.Э хэзээ хаалга тогшсоныг мэдэхгүй байна. Тухайн үед гар утас эвдэрсэн байсан тул ашиглах боломжгүй байсан. Хаалга нээхэд үгийн зөрөөгүй зодож дайраад, маш богино хугацаанд Б.Э-ийг байна гэж зүс таних төдийд орж ирсэн. Орж ирээд зодоод хэл амаар доромжлоод, яагаад дайрч орж ирсэн талаараа хэлсэн” гэсэн мэдүүлгийг,

 

3. Гэрч Э.Э-өөс: Тухайн өдөр Б.Э хуучин найз залуу Фейсбүүктээ миний охины зургийг тавьсан байна. Хамт яваад өгөөч гэж гуйсан. Н.Э өөрөө хаалгаа нээсэн. Б.Э миний охины зургийг устга гээд уйлсан. Н.Э “Зайл” гэж хэлээд хүзүүнээс нь зуураад түлхэхэд Б.Э гараас нь хазахад Н.Э нөгөө гараараа үсэдсэн. Тэгээд ноцолдоод байхаар нь би араас нь орж салгасан. Би Н.Эын биед халдаагүй. Хүчээр гэрт нь ороогүй ноцолдож байх явцад орсон. Мөнгө нэхсэн, заналхийлсэн үйлдэл гаргаагүй” гэсэн мэдүүлгийг,

 

4. Шинжээч Г.Б-с: Н.Э-ын зүүн болон баруун шуунд зулгаралт гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байсан тул нийтэд нь хөнгөн гэмтэл гэж үзсэн. Баруун болон зүүн шуунд байх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарахгүй. Зүүн болон баруун шуунд байх зулгаралт гэмтэл нь хазаад арьсанд зулгаралт үүссэн бол зулгаралт гэж үзнэ. Арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, арьсны бүх давхаргыг гэмтээсэн бол шарх гэж үзнэ. Арьсны өнгөц хэсгийг хамарсан бол зулгаралт гэнэ” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Хоёр. Эрүүгийн 21100 0000 1220 дугаартай хэргээс талуудын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэн Н.Э-ын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хохирогч Н.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр салсан найз охин Э гэрт ирээд хүүхдийн зураг зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар намайг шууд цохиж эхэлсэн юм. Би Э-ийг нэг ч удаа цохиж аваагүй бөгөөд хажууд нь байсан залуу мэдэж байгаа. Намайг маш олон удаа гараараа цохиж, хазаж байсан бөгөөд яагаад ингээд байгаа талаар эхлээд ойлгохгүй байсан бөгөөд сүүлд надад хүүхдийн зураг фейсбүүк дээр тавьсан гэж хэлсэн ба зураг устга гэж хэлэхээр нь зургийг устгаад байж байхад хамт амьдарч байх үеийнхээ интернэтийн төлбөрийг төлөх талаар хэлж байсан юм. Надад одоо бол гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл ч байхгүй. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

- Хохирогчоор дахин 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ”...Э тухайн өдөр хаалга тогшиж байгаад хаалга онгойлгоход маргалдаж орж ирсэн. Би өөрөө гэртээ оруулсан. Миний нотебүүкийг эвдсэн зүйл байхгүй бөгөөд зураг устгах гээд уншуулж байхад ямар удаан уншдаг юм бэ гээд уурласан. Миний эд зүйлийг устгаж гэмтээсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хохирогчоор дахин 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би өмнө нь хүнтэй зодолдоогүй. Миний нүүр хавдаагүй зүгээр байсан ба тухайн үед би унтаагүй сэрүүн байсан. Хэрэг гарахаас өмнө би бусдад зодуулаагүй.Манай гэрийн хаалгыг эхлээд хүн нүдсэн тэгэхээр нь би хэн бэ гээд асуухад хүн дугарахгүй болохоор нь хаалга тайлаад шалгах гэхэд хаалгаар хардаг дэлгэцийг таглаад хүн зогсож байхаар нь хаалгаа нээхэд Б.Э дайрч орж ирсэн. Би яаж байгаа юм бэ гээд цааш нь түлхсэн тэгэхэд гэр лүү ороод ирсэн. 2021 оны 10 сарын 31-нд Л гэх найзтайгаа манай лагер дээр байж байхдаа Б.Э-тэй харилцаагаа сэргээх гээд байж байсан. Тэгэхэд миний зүс таних танил М.Л-тай Б.Э намайг хардуулах үйлдэл хийж байсан. Тэрнээс үүдээд М.Л бид хоёр муудалцаад бие биенийгээ цохих үйлдэл гаргасан гэхдээ нэг нэгнээ гэмтээх хэмжээнд зодолдоогүй. Бид хоёрыг найзууд тэр дор нь салгаад төд удалгүй М.Л бид хоёр эвлэрсэн....”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

 

3. Гэрч Э.Э-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 22-ний өдөр Э-тэй уулзаад байж байхад Э миний охины зургийг фейсбүүк хаяг дээр салсан найз залуу тавьсан байна гэж маш их ууртай хэлсэн юм. Тэгээд цуг яваад өгөөч гээд Хан-Уул дүүргийн _ хотхон руу дагуулан яваад салсан найз залуугийнхаа гэрт ирсэн. Э хаалгыг нь тогшиход эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Э миний охины зургийг устга гэж хэлсэн чинь тэр залуу Э-ийг чи энд яах гэж ирсэн юм бэ, чамтай уулзахгүй, чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл Э үгүй ээ чи одоо устга гээд гэр лүү нь орох гэсэн чинь тэр залуу гараараа хүзүү хэсэг рүү нь заамдаад түлхээд байсан. Э биеэ хамгаалаад гараас нь хазсан чинь тэр залуу нөгөө гараараа үснээс нь зулгаагаад Э тэр хоёр ноцолдож эхэлсэн юм. Би хажууд нь харж зогсож байгаад ноцолдож эхлэхээр нь болиулах гээд ардаас нь гэр лүү нь ороод салгасан. Эн гэх залуу салсны дараа одоо устгана. Чи манайхаас явчих гэж Э-д хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

- Гэрчээр дахин 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Тухайн өдөр Эн-дын гэрт очиход өөрөө хаалгаа онгойлгосон бөгөөд унтаад босоод ирэхэд хүний нүд бүлцийсэн юм шиг хавагнасан байсан. Хүнд зодуулсан шарх сорви байгаагүй. Тухайн үед Эн хаалгаа онгойлгоод уурлаад чамтай яриад байх зүйл байхгүй гэж хэлсэн. Э урдаас нь миний охины зургийг устга гэхэд Энд чадахгүй гэсэн. Э гэр рүү нь орох гэхэд Эн-д Э-ий хүзүү хэсгээс гараараа заамдаад цааш нь түлхсэн чинь Э гарыг нь хазсан. Тэгтэл Эн нөгөө гараараа үснээс нь зулгаагаад татсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад авсан тэгээд салах үедээ Эн-ын биед дээрх гэмтэл шарх учраад салсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал),

 

4. Гэрч М.Л-гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Олон улсын оюутан солилцооны байгууллагад Э, Энд хоёр гишүүн байсан бөгөөд зүс таньдаг юм. 2021 оны 10 сарын 30-ны өдөр Энд, Э хоёр маргаантай байх үед нь би дундуур нь Э-тэй 20-30 минут ярилцсан чинь Энд уурлаад маргалдсан. Тэгээд Энд бид хоёр хоорондоо зууралдаж нэг нэгнээ гараараа 4-5 удаа цохисон бөгөөд хүмүүс салгасан. Тухайн үедээ хоорондоо буцаад эвлэрсэн тул цагдаад хандаагүй. Миний биед тухайн үед гэмтэл шарх учраагүй мөн Эн-ын биед гэмтэл шарх учраагүй байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал),

 

5. Гэрч Т.Д-н 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сарын 22-ны өдрөөс өмнө миний хүү Эн-ын биед гэмтэл шарх сорив байгаагүй зүгээр байсан. Миний утас руу Э гэх охин 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим залгаад тэнэг хүүхэд чинь утсаа авахгүй байна, хаана байгаа юм хүүхдээ хүмүүжүүл гээд намайг загнаад байсан. Эн-ыг хаана байгааг би мэдэхгүй байна та хоёрын асуудал надад хамаагүй шүү дээ хоорондоо учраа ол гэж хэлсэн. Тэгээд ажлаа тараад гэртээ ирсэн чинь Эн  хүнд зодуулсан нүүр, хүзүү хэсэгт маажуулсан хөхөрч хавдсан гэмтэл учирсан байсан. Юу болсон талаар асуухад Э хүнтэй цуг ирээд зодоод явчихлаа гэж хэлсэн. Албан ёсны гэр бүл биш бөгөөд хоорондоо үерхэж байгаад жирэмсэн болсон бөгөөд хоёр талаасаа ярилцаж байгаад хоёр талаасаа мөнгө өгөөд байр түрээслүүлж хамт амьдруулсан чинь 1 сар болохгүй хоорондоо маргалдсан гээд салсан юм. Тэгээд гэр гэртээ амьдраад эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

 

6. Шинжээч эмч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Эн-ын биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ тухайн хэрэг болсон гэх 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой байсан. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжгүй. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эн-ын биед үзлэг хийхэд бүгд шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11743 дугаартай хүний биед хийгдсэн:

- Н.Эн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хацар, хамар, доод эрүү, хүзүү, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

8. Яллагдагч Б.Э 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сарын сүүлээр хичээлдээ суух гээд фейсбүүк хаягаа шалгахад миний охины зураг Эн-ын фейсбүүк хаяг дээр гараад ирэхээр нь гайхаад охины зургийг миний зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд оруулсан болохоор нь Энд руу залгаад фейсбүүк хаяг дээр оруулсан миний охины зурагтай постоо устга гэж хэлэх гэхэд утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Эн-ын ах, ээж рүү залгаад яаж холбоо барих талаар асуухад мэдэхгүй байна гэхээр нь найз Эт-г дагуулаад Эн-ын гэр лүү очсон. Энд гэртээ байсан бөгөөд миний охины зургийг устга гэж хэлсэн чинь чамайг хармааргүй байна яв, зургийг нь устгаж чадахгүй гэж хэлээд миний биед хүрээд хүзүү хэсгээс заамдаж түлхсэн юм. Би гарыг нь салгах гээд дийлэхгүй байсан болохоор гарыг нь хазахад нөгөө гараарай үсдээд авахаар нь би самардаж аваад зууралдаж зулгаалцсан юм. Надтай цуг явсан найз бид хоёрыг салгаад болиоч гэсэн. Тэгээд Эн  болиод фейсбүүк дээр байгаа зургийг устгахаар болоод компьютероо авчраад устгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

 

- Яллагдагчаар дахин 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Өмнө дахиад нийлэхгүй, харилцахгүй байя гэж хэлчхээд миний охины зургийг олон нийтийн сүлжээнд буюу фейсбүүкийнхээ нүүр зурган дээр миний зөвшөөрөлгүй тавьсан байсан. Энэ хууль бус үйлдлийн таслан зогсоох зорилгоор Эн-той холбогдох гэсэн боловч чадаагүй тул зургийг устгуулахаар очиж уулзсан. Тэгээд гэрт нь очоод фейсбүүк хаяг дээрх миний хүүхдийн зургийг арилгах талаар шаардлага хэлэхэд чамд хамаагүй гээд чамайг хармааргүй байна гээд хэрүүл хийгээд энгэрээс заамдаад түлхээд үснээс зулгааж миний эрх чөлөөнд өөрөө эхэлж довтлон халдсан юм. Миний хувьд энгэрээс заамдаж мөн үснээс зулгаасан байсныг тавиулах гээд өөрийгөө хамгаалсан. Түүнд санаатайгаар гэмтэл учруулах ямар нэгэн санаа зорилго байгаагүй юм. Үүнийг нэмж хэлэхийг хүссэн юм. Миний охин гурван сартай нярай байсан болохоор би өөрөө ч охиныхоо зургийг нэг ч удаа фейсбүүк сүлжээнд тавьж байгаагүй юм. Энэ явдал болохоор өмнө 2021 оны 10 сарын 31-нд шилжих шөнө Л гэх танилтайгаа Эн зодолдож нүүр хэсэгтэй олон тооны шарх гэмтэлтэй болсон байсан. 2021 оны 11 сарын 01-ны өдөр миний охиныг тэвэрч надаар зургаа авхуулахдаа өөрийнхөө царайг гүйцэт гаргахгүй зураг авхуулсан юм. Би хууль мэдэхгүй ямар ч байсан тухайн үед зодоон хийгээд тодорхой хэмжээний гэмтэл учирсан байсан гэдгийг хэлэхийг хүссэн юмаа. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч яагаад гэвэл би Э-н биед санаатайгаар хөнгөн хохирол учруулаагүй. Өөрийгөө хамгаалаад заамдсан үснээс зулгаасан байсныг тавиулах гэж тэмцэж байх явцад учирсан байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дахь тал),

 

9. Хохирогч Н.Э-н гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 46 дахь тал),

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 40-41 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаанууд (хавтаст хэргийн 39 дэх тал), 20_оны _ дугаар сарын _-ны өдөр төрсөн Э овогтой Э төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн _ ангид суралцдаг талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн _дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, 20_ оны _дугаар сарын _ны өдөр төрсөн Э овогтой Э төрсний гэрчилгээний хуулбар болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Э-ий үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагчийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай.

Хохирогч Н.Э-оос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр хэргийн зүйлчлэл, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй няцаах байр суурьтай оролцож байна. Учир нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай үйлдэл байдаг. Шүүгдэгч Б.Э-ий үйлдэл нь гэм буруугийн субьектив шинж буюу санаатай шинж чанарыг агуулаагүй байдаг. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр шалтгаан нөхцөлийн талаар дурдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл санаатай үйлдэл байсан уу, үүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь юу байсан, ямар байдлаар санаатай гэмтэл учруулсан, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал, эсхүл гэм буруугүйгээр гэмтэл учруулсан уу гэдэг нь зүй ёсоор тавигдаж шалгах ёстой байсан. Иймд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гарсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Б.Э учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 13 дахь хэсэгт зааснаар “амьд явах, халдашгүй байх эрхтэй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.Э-ээс “Надаас мөрдөн байцаалтын шатанд хялбаршуулсан журмаар хэргээ хүлээж байна уу гэхэд хялбаршуулсан журам гэж юу байдгийг мэдээгүй, хэргээ хүлээж байгаагүй. Би албаар гэмтэл учруулаагүй гэж хэлж байсан. Хүлээн зөвшөөрч байна гэж хэлж байгаагүй” гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “_” хорооллын _ дугаар байрны _ тоотод 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдарч байсан найз залуу болох Н.Э-той “4 сартай охины минь зургийг зөвшөөрөлгүй цахим орчинд тавьсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний гарыг нь хазах, маажих зэргээр биед нь халдан баруун нүдний доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хацар, хамар, доод эрүү, хүзүү, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

 - Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэн Н.Э-ын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 - Хохирогч Н.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр миний салсан найз охин Э манай гэрт ирээд намайг хүүхдийн зураг зөвшөөрөлгүй тавьсан гэх шалтгаанаар намайг шууд цохиж авч эхэлсэн юм. Би Э-ийг нэг ч удаа цохиж аваагүй бөгөөд хажууд нь байсан залуу мэдэж байгаа. Намайг маш олон удаа гараараа цохиж, хазаж байсан бөгөөд яагаад ингээд байгаа талаар эхлээд ойлгохгүй байсан бөгөөд сүүлд надад хүүхдийн зураг фейсбүүк дээр тавьсан гэж хэлсэн ба зураг устга гэж хэлэхээр нь зургийн устгаад байж байхад надаас хамт амьдарч байх үеийнхээ интернэтийн төлбөрийг төлөх талаар хэлж байсан юм. Надад одоо бол гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл ч байхгүй. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

- Хохирогчоор дахин 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ”...Э тухайн өдөр хаалга тогшиж байгаад хаалга онгойлгоход маргалдаж орж ирсэн. Би өөрөө гэртээ оруулсан. Миний нотебүүкийг эвдсэн зүйл байхгүй бөгөөд зураг устгах гээд уншуулж байхад ямар удаан уншдаг юм бэ гээд уурласан. Миний эд зүйлийг устгаж гэмтээсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хохирогчоор дахин 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би өмнө нь хүнтэй зодолдоогүй. Миний нүүр хавдаагүй зүгээр байсан ба тухайн үед би унтаагүй сэрүүн байсан. Хэрэг гарахаас өмнө би бусдад зодуулаагүй.Манай гэрийн хаалгыг эхлээд хүн нүдсэн тэгэхээр нь би хэн бэ гээд асуухад хүн дугарахгүй болохоор нь хаалга тайлаад шалгах гэхэд хаалгаар хардаг дэлгэцийг таглаад хүн зогсож байхаар нь хаалгаа нээхэд Б.Э дайрч орж ирсэн. Би яаж байгаа юм бэ гээд цааш нь түлхсэн тэгэхэд гэр лүү ороод ирсэн. 2021 оны 10 сарын 31-нд Л гэх найзтайгаа манай лагер дээр байж байхдаа Б.Э-тэй би харилцаагаа сэргээх гээд байж байсан. Тэгэхэд миний зүс таних танил М.Лтай Б.Э нь намайг хардуулах үйлдэл хийж байсан тэрнээс үүдээд М.Л бид хоёр Б.Э-с болж муудалцаад бие биенийгээ цохих үйлдэл гаргасан гэхдээ нэг нэгнээ гэмтээх хэмжээнд зодолдоогүй. Бид хоёрыг найзууд маань тэр дор нь салгаад төд удалгүй М.Л бид хоёр эвлэрсэн....”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

 

 - Гэрч Э.Э-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 22-ний өдөр Э-тэй уулзаад байж байхад Э миний охины зургийг фейсбүүк хаяг дээр миний салсан найз залуу тавьсан байна гэж маш их ууртай хэлсэн юм. Тэгээд намайг цуг яваад өгөөч гээд Хан-Уул дүүргийн Хүннү 2222 хотхон руу дагуулан яваад салсан найз залуугийнхаа гэрт ирсэн. Э хаалгыг нь тогшиход эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Э миний охины зургийг устга гэж хэлсэн чинь тэр залуу Э-ийг чи энд яах гэж ирсэн юм бэ, чамтай уулзахгүй, чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл Э үгүй ээ чи одоо устга гээд гэр лүү нь орох гэсэн чинь тэр залуу гараараа хүзүү хэсэг рүү нь заамдаад түлхээд байсан. Э биеэ хамгаалаад гараас нь хазсан чинь тэр залуу нөгөө гараараа үснээс нь зулгаагаад Э тэр хоёр ноцолдож эхэлсэн юм. Би хажууд нь харж зогсож байгаад ноцолдож эхлэхээр нь болиулах гээд ардаас нь гэр лүү нь ороод салгасан. Энд гэх залуу салсны дараа одоо устгана чи манайхаас явчих гэж Э-д хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

- Гэрчээр дахин 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Тухайн өдөр Э-н гэрт очиход өөрөө хаалгаа онгойлгосон бөгөөд унтаад босоод ирэхэд хүний нүд бүлцийсэн юм шиг хавагнасан байсан. Хүнд зодуулсан шарх сорви байгаагүй. Тухайн үед Энд хаалгаа онгойлгоод уурлаад би яамтай яриад байх зүйл байхгүй гэж хэлсэн. Э урдаас нь чи миний охины зургийг устга гэж гэхэд Энд чадахгүй гэсэн. Э гэр рүү нь орох гэхэд Э-нд Э-ий хүзүү хэсгээс гараараа заамдаад цааш нь түлхсэн чинь Э гарыг нь хазсан. Тэгтэл Энд нөгөө гараараа үснээс нь зулгаагаад татсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад авсан тэгээд салах үедээ Э-н биед дээрх гэмтэл шарх учраад салсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал),

 

 - Гэрч М.Л-гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Олон улсын оюутан солилцооны байгууллагад Э, Э-нд хоёр гишүүн байсан бөгөөд Э, Энд хоёрыг зүс таньдаг юм. 2021 оны 10 сарын 30-ны өдөр Э-нд, Э хоёр маргаантай байх үед нь би дундуур нь Э-тэй 20-30 минут ярилцсан чинь Энд уурлаад маргалдсан. Тэгээд Энд бид хоёр хоорондоо зууралдаж нэг нэгнээ гараарай 4-5 удаа цохисон бөгөөд хүмүүс салгасан. Тухайн үедээ хоорондоо буцаад эвлэрсэн тул цагдаад хандаагүй. Миний биед тухайн үед гэмтэл шарх учраагүй мөн Э-ндын биед гэмтэл шарх учраагүй байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал),

 

 - Гэрч Т.Д-н 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сарын 22-ны өдрөөс өмнө миний хүү Эн-дын биед гэмтэл шарх сорив байгаагүй зүгээр байсан. Миний утас руу Э гэх охин 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим залгаад тэнэг хүүхэд чинь утсаа авахгүй байна хаана байгаа юм хүүхдээ хүмүүжүүл гээд намайг загнаад байсан бөгөөд би Эн-дыг хаана байгааг би мэдэхгүй байна та хоёрын асуудал надад хамаагүй ш дээ та хоёр хоорондоо учраа ол гэж хэлсэн. Тэгээд ажлаа тараад гэртээ ирсэн чинь Энд хүнд зодуулсан нүүр, хүзүү хэсэгт маажуулсан хөхөрч хавдсан гэмтэл учирсан байсан. Юу болсон талаар асуухад Э хүнтэй цуг ирээд зодоод явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

 

 - Шинжээч эмч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Энд-ын биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ тухайн хэрэг болсон гэх 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой байсан. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжгүй. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эн-дын биед үзлэг хийхэд бүгд шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11743 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас хохирогч Н.Э-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж маргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

 

            Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд ийм нөхцөл байдал, шинж тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

            Мөн шүүгдэгч Б.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг  мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр /хавтаст хэргийн 45 дахь талд/ болон хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дахь тал/-д дурдаж прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тохиролцон хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхэд хэргийг шүүхэд хянан хэлэлцэх үед шүүгдэгч гэм буруу дээр маргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт хангагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.    

 

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогчийн бие, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, шүүгдэгч нар үл ялих зүйлээс харилцааны явцад маргалдан нэгнээ үл хүндэтгэсэн байдал, зан төлөв нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болжээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээтэй холбоотой баримт, нэхэмжлэл гаргаагүй ба хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй талаарх хүсэлтийг бичгээр (хавтаст хэргийн 46 дахь тал) ирүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Э-ий үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галтаа: “Шүүгдэгч нярай хүүхэдтэй, ганцаараа өсгөдөг, оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан нотлох баримт болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Б.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн; шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нярай хүүхэдтэй ганц бие эх, нөгөө талаас дансны орлого зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  

            3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _ овогт Б.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _овогт Б. Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             

              5. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

             

              6. Шүүгдэгч Б.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

              7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ДОРЖСҮРЭН