Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар     2022/ШЦТ/441

 

 

 

 

 

2022        05         17                                 2022/ШЦТ/441

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч Б.Дэлгэрмаа /онлайнаар/, шүүгдэгч А.Н, хохирогч Б.Бат-Ирээдүй /шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө өөрсдийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нийлэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн “2203 00000 0203” дугаартай, 186/2022/0389/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксоваторын оператор мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 3-61в тоотод оршин бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.Н,

           Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч А.Н нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны  өдрийн 18 цаг 05 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Мөнгөн завъяа” төвийн урд талын замд “Nissan Bluebird” маркийн 86-73 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д заасан “1.3.Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана”, мөн хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3, 1.15.а—1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж, үргэлжилсэн хос шугам давсаны улмаас Б.Бат-Ирээдүй жолоочтой “Honda CBR600” маркийн 06-00 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Б.Бат-Ирээдүйгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

      1.1. Шүүгдэгч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Өөрийнхөө бурууг ойлгож байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

      1.2. Хохирогч Б.Бат-Ирээдүй нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн мотоциклтой явж байгаад аваарт орсон. Тэр үйл явдлаас болоод гэмтлийн эмнэлэг явсан, надад нийтдээ 2.350.000 төгрөг өгсөн. 2.150.000 төгрөгийг өмнө нь өгсөн. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад гомдол саналгүй. Цаашид гарах зардлын талаар бид нар хоорондоо ярьж тохиролцсон байгаа гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бат-Ирээдүйгийн:..Мөнгөн завъяа худалдааны төвийн харалдаа урд замд явж байхад эсрэг урсгалаас нэг автомашин үргэлжилсэн хос шугам даваад зүүн гар тийш буюу миний явсан чиглэлд 1 дүгээр эгнээ рүү ороод ирсэн. Би тэр машиныг хараад тоормосоо гишгэсэн боловч ойрхон зайд тулсан байсан учир тухайн авомашиныг мөргөөд мотоциклтойгоо цааш шидэгдсэн. Би 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Ойролцоогоор 2, 3 метр зайтай автомашин шууд урдуур эргээд ороод ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Солонгын:...Би “N.Sylphy” маркийн 86-73 УНЕ улсын дугаартай автомашиныг 2021 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан миний эзэмшлийн автомашин байгаа. Осол болсон өдөр манай нөхөр Нацагдорж надруу залгаад мотоцикльтой мөргөлдчихлөө гэж хэлсэн. Би иргэний хариуцагчаар татагдан оролцож байгаа гэдгээ ойлгосон. Мотоциклийн жолоочийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал хохирлыг төлж барагдуулна, тээврийн хэрэгслийн хохирлыг төлнө гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

           2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4752 дугаартай дүгнэлтэд:

          1. Б.Бат- Ирээдүйн биед зүүн атгаал ясны доод 1/3 хөндлөн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

          3. Дээрх гэмтэл нь осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно.

           4. Гэмтлийн зэрэг тогтоор журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Даваахүү гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1 улсын яллагчаас хавтаст хэргээс 26 дугаар тал, иргэний нэхэмжлэгч С.Солонгын мэдүүлэг, 36 дугаар тал, гэрч Болортунгалагийн мэдүүлэг, 64 дүгээр тал, гэрч Г.Ганзоригийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

           3.2. Бусад хэргийн оролцогчид судлуулах зүйл байхгүй гэв.                                           

            Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч А.Н нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны  өдрийн 18 цаг 05 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Мөнгөн завъяа” төвийн урд талын замд “Nissan Bluebird” маркийн 86-73 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д заасан “1.3.Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана”, мөн хавсралтын 1.4-д заасан “1.1-1.3, 1.15.а—1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж, үргэлжилсэн хос шугам давсаны улмаас Б.Бат-Ирээдүй жолоочтой “Honda CBR600” маркийн 06-00 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Б.Бат-Ирээдүйгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          -хохирогч Б.Бат-Ирээдүйгийн:..мөнгөн завъяа худалдааны төвийн харалдаа урд замд явж байхад эсрэг урсгалаас нэг автомашин үргэлжилсэн хос шугам даваад зүүн гар тийш буюу миний явсан чиглэлд 1 дүгээр эгнээ рүү ороод ирсэн. Би тэр машиныг хараад тоормосоо гишгэсэн боловч ойрхон зайд тулсан байсан учир тухайн авомашиныг мөргөөд мотоциклтойгоо цааш шидэгдсэн. Би 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Ойролцоогоор 2, 3 метр зайтай автомашин шууд урдуур эргээд ороод ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

        - иргэний нэхэмжлэгч С.Солонгын:...би “N.Sylphy” маркийн 86-73 УНЕ улсын дугаартай автомашиныг 2021 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан миний эзэмшлийн автомашин байгаа. Осол болсон өдөр манай нөхөр Нацагдорж надруу залгаад мотоцикльтой мөргөлдчихлөө гэж хэлсэн. Би иргэний хариуцагчаар татагдан оролцож байгаа гэдгээ ойлгосон. Мотоциклийн жолоочийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал хохирлыг төлж барагдуулна, мөн тээврийн хэрэгслийн хохирлыг төлнө гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4752 дугаартай дүгнэлт  /хх-ийн 40-41 дүгээр тал/,

зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, А.Нийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н нь дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, үргэлжилсэн хос шугамаар тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж, үргэлжилсэн хос шугам давж болохгүй гэдгийг мэдсээр байж,  түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Нийг “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

 

Шүүгдэгч А.Н нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг  төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Бат-Ирээдүй нь цаашид гарах эмчилгээний  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч А.Нийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг  зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн  хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

            5. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Хохирогч Б.Бат-Ирээдүй нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

    8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нид урьп авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ