| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0066/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/449 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/449
2022 05 18 2022/ШЦТ/449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч П.Х, түүний өмгөөлгч Ц.Энхбаяр, Б.Анхзаяа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Хт холбогдох эрүүгийн “2011 01733 1173” дугаартай, 186/2022/0066/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 4-11-7 тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байгаа, П.Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Х нь “Бум” констракшн ХХК-ны Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажилд туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд тусгайлан хамгаалсан байр, агуулах болох тус барилгын складанд хууль бусаар нэвтэрч АМ360Р загварын цахилгаан тоолуурыг нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч П.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Нямдагвын:...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай компанийн барилгын багаж хэрэгсэл хадгалж байсан өрөөнөөс 380 волтын өндөр хүчдэлийн симтэй тоолуур алдагдсан. Манай компанид тухайн үед харуулаар ажиллаж байсан П.Х гэгчийг сэжиглэж байна гэх мэдүүлэг, /хх-ийн 27-30 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Пүрэвсүрэнгийн:...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хадбаатар гэх залуу манай барьж байгаа эмнэлгийн барилгыг манаж хоносон байсан. Би маргааш өглөө нь ажил дээрээ ирэхэд Хадбаатар надад ахаа хөдөөнөөс манай дүү эмээлтэд мал мах зарахаар ирсэн би дүүтэйгээ очиж уулзчихаад хүрээд ирье гээд Хадбаатарыг явуулсан тэгээд байж байтал төд удалгүй манай цахилгааны инженер Батболд та тоолуураа гаргаад ир гэхээр нь склад руу ороод тоолуураа авах гэтэл байхгүй болсон байсан. 380 вольтын цагаан 3 фазын цахилгаан тоолуур байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 32-36 дугаар тал/,
2.3. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21-657 дугаартай 380 вольтын тоолуурыг 400.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. хавтаст хэргээс 28-30 дугаар тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямдагвагийн мэдүүлэг, 30 дугаар тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямдагвагийн дахин өгсөн мэдүүлэг, 36 дугаар тал гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, 40 дүгээр тал П.Хын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, 101 дүгээр тал эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, 184 дүгээр тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямдагвагийн мэдүүлэг, 186 дугаар тал үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс прокуророос П.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үл зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдснийг хүлээн зөвшөөрч байна гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл П.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна, харин прокурорын яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтрээгүй, учир нь П.Х тус компанид ажилладаг байсан төдийгүй тухай өрөөний түлхүүр Хадбаатарт байдаг тэр өрөөг цэвэрлэдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм тийм учраас хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргажээ.
Шүүх П.Хын өмгөөлөгч нарын гаргаж байгаа дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Учир нь:..шүүгдэгч П.Х нь 2020 оны 07 дугаар сард “Буман” Констракшин ХХКомпанид ажилд орж улмаар тус компанидаа туслах ажилтан, манаач зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байхдаа буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр тус компаний менежер П.Нямдагвын зөвшөөрөлтэйгээр тус компаний складанд орж тэнд байсан 380 вольтын цахилгаан тоолуурыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч яван бусдад зарж борлуулсан болох нь:
-хохирогч П.Нямдагвын:...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Хадбаатарт складны өрөөний түлхүүрийг хүлээлгэж өгөөд склад, өрөөний дотрох хог, шороог нь цэврэлчихээрэй ах нь маргааш өглөө эрт ирээд складны өрөөний түлхүүр болон эд зүйлээ хүлээж авья чи склад өрөөгөө цэвэрлэхдээ ширээн дээр байгаа цагаан хайрцагтай 380 вольтын цахилгаан тоолуурыг унагааж эвдчихгүйхэн шиг цэвэрлээрэй тэр цахилгаан тоолуур 650.000 төгрөгийн үнэтэй гэж байна лээ шүү маргааш цахилгаан чинь хүрч ирээд цахилгаан тоолуурыг тавина гэж хэлээд би гэрлүүгээ явсан...маргааш өглөө нь 10 цагийн үед ажил дээрээ ирэхэд Хадбаатар ажил дээрээ байхгүй манай ажлын газрын инженер болох Пүрэвсүрэн ирчихсэн байсан ба би Пүрэвсүрэнгээс Хадбаатарыг хаана байгаа талаар асуухад Пүрэвсүрэн “ Хадбаатар склад, өрөөний түлхүүрийг Пүрэвсүрэнд хүлээлгэж өгөөд хүнтэй уулчихаад ирье гэж хэлээд цүнхээ үүрээд явсан” гэж хэлсэн...би Пүрэвсүрэнгээс складны өрөөний түлхүүрийг авч ороод үзэхэд өрөөг сайхан цэвэрлэчихсэн байсан тэгээд эд зүйлээ шалгаж үзэхэд 380 вольтын цахилгаан тоолуур алга болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх 184-186 тал/
-гэрч Пүрэвсүрэнгийн:...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд Хадбаатар надад хандаж ахаа манай дүү хөдөөнөөс ирчихсэн байна би явж дүүтэйгээ уулзчихаад үдээс хойш буцаад хүрээд ирье гэхээр нь би итгэж найдаад явуулсан...тэгээд байж байтал манай цахилгааны инженер Батболд надад хандаж Пүүжээ ахаа та тоолуураа гаргаад ир гялс тавьчихья гэхээр нь складруу ороод тоолуур авах гэтэл тоолуур байхгүй болсон байсан...Нямдагва эд зүйл хадгалдаг өрөөнийхөө түлхүүрийг Хадбаатарт үлдээгээд складныхаа өрөөг цэвэрлээд дуусгачихаад цоожлоорой гэж хэлээд үлдээгээд явсан гэж надад Нямдагва хэлсэн...гэх мэдүүлэг /хх 37 тал/ зэргээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл П.Х нь үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн болох нь нотлогдохгүй харин хохирогчийн зөвшөөрөлтэйгээр хохирогчийн өгсөн түлхүүрээр складны өрөөнд нэвтэрч, тус өрөөг цэвэрлэж улмаар гарахдаа тэнд байсан цахилгаан тоолуурыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч явсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад зарж боруулан бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй П.Хын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгч П.Хыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд П.Хын дээрхи гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 375.000 төгрөгний хохирол учирсныг шүүгдэгч хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад П.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Хын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр үйлдэгдсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хуульчилсан байх тул П.Хын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамрагдаж байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, зорчих эрх хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд дээрх нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэй ба уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тус тус анхааруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Х нь гэм буруугийн талаар маргаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерийг бичлэг бүхий 2 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 182 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Х холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч П.Х /РД:РВ93050317/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч П.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар П.Хт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хын Мөрөн сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
7. Шүүгдэгч П.Х нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
8. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хын цагдан хоригдсон нийт 182 /нэг зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний зорчих эрх хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ