Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2022/00412/Э |
Дугаар | 2022/ШЦТ/450 |
Огноо | 2022-05-18 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/450
2022 05 18 2022/ШЦТ/450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч, О.С, Х.Х /нар нь өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Х.Х нарт холбогдох эрүүгийн “2211 00000 0875” дугаартай, 186/2022/00412/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дэлгэр булаг ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, хадам аав, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт их амын 2-143 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй О.С,
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Скайтел групп-д үйлчилгээний зөвлөх мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, аав, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт их амын 2-143 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С, Х.Х нар нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд 14-39 УАХ улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүрэг, Дуурь бүжгийн эрдмийн театрын баруун талын замаас үйлчлүүлж Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Эх нялхсын зүүн талд бууж үйлчлүүлсэн иргэн Д.Энхмаагийн орхиж буусан гэх гээгдэл эд хөрөнгө болох ай “фоне-12” про маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Д.Энхмаад 2.175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч О.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч Х.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энхмаагийн:...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед ажлаа тараад Сүхбаатар дүүрэг Дуурь бүжгийн эрдмийн театрын баруун талын зам дээрээс такси барин Чингэлтэй дүүргийн Эх нялхсын автобусны буудал дээр буухдаа сууж явсан таксинд “ай фоне 12” про маркийн гар утсаа мартаж буусан. Би тухайн үед ямар таксинд сууснаа санахгүй байна цайвар өнгийн “aqua” маркийн машин байсан Эх нялхсын зүүн талын автобусны буудал дээр буусан эхнэр нөхөр бололтой 2 хүн явж байсан. Миний бие хохирол болох 2.300.000 төгрөгийг Хаш- Отгон, Самданшарав гэх хүмүүсээс гаргуулж авсан ямар нэгэн гомдол саналгүй гэх мэдүүлэг./хх-ийн 7-15 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ганхүүгийн:...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 90008908 гэсэн дугаараас Хашаа ахын охин надруу залгаад ахаа надад “ай фоне 12” гар утас байна та зараад өгөөч гэсэн. Би тухайн үед юу ч бодоогүй авсан гэх мэдүүлэг. /xx-ийн 25 дугаар тал/,
2.3.Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22/288 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-48 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-40 дугаар тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22/288 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 175 дугаартай тогтоол /хх-ийн 74-75 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72-73 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч Д.Энхмаа нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагаааны явцад бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч О.С, Х.Х нар нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд 14-39 УАХ улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүрэг Дуурь бүжгийн эрдмийн театрын баруун талын замаас Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Эх нялхсын зүүн талд бууж үйлчлүүлсэн иргэн Д.Энхмаагийн орхиж буусан гэх гээгдэл эд хөрөнгө болох “ай фоне-12” про маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Д.Энхмаад 2.175.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч Д.Энхмаагийн:...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед ажлаа тараад Сүхбаатар дүүрэг Дуурь бүжгийн эрдмийн театрын баруун талын зам дээрээс такси барин Чингэлтэй дүүргийн Эх нялхсын автобусны буудал дээр буухдаа сууж явсан таксинд “ай фоне 12” про маркийн гар утсаа мартаж буусан. Би тухайн үед ямар таксинд сууснаа санахгүй байна цайвар өнгийн “aqua” маркийн машин байсан Эх нялхсын зүүн талын автобусны буудал дээр буусан эхнэр нөхөр бололтой 2 хүн явж байсан. Миний бие хохирол болох 2.300.000 төгрөгийг Хаш- Отгон, Самданшарав гэх хүмүүсээс гаргуулж авсан ямар нэгэн гомдол саналгүй гэх мэдүүлэг./хх-ийн 7-15 дугаар тал/,
- гэрч Г.Ганхүүгийн:...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 90008908 гэсэн дугаараас Хашаа ахын охин надруу залгаад ахаа надад “ай фоне 12” гар утас байна та зараад өгөөч гэсэн. Би тухайн үед юу ч бодоогүй авсан гэх мэдүүлэг. /xx-ийн 25 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22/288 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь бүлэглэн бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж шунахайн сэдэлтээр түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул О.С, Х.Х нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.С, Х.Х нарыг “ гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Энхмаа, шүүгдэгч О.С, Х.Х нар нь хоорондоо эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч нь прокурорт бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч О.С, Х.Х нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.С, Х.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Х.Х нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Х.Х нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Х.Х нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч О.С, Х.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С, Х.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ