Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2022/0364/Э |
Дугаар | 2022/ШЦТ/451 |
Огноо | 2022-05-18 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Азжаргал, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/451
2022 05 18 2022/ШЦТ/451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч А.Азжаргал, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, хохирогч С.Батноров /онлайнаар шүүх хуралд оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “2211 00018 0140” дугаартай, 186/2022/0364/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бизнес кластер групп” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43-921 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулах “Юби” нэртэй авто угаалга болон дугуй засварын газраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 цагийн үед иргэн С.Батноровын эзэмшлийн 195/65/15-тай 4 ширхэг дугуйг хулгайлж бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:...тухайн 4 дугуй шинэ дугуй байгаагүй. Японоос дандаа хуучин дугуй оруулж ирдэг. Шинэ дугуу оруулж ирдэггүй байсан. Би С.Батноровтой 4 сар хамт ажиллаж байсан. Хаанаас, ямар дугуй оруулж ирж зардгыг мэднэ. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Батноров мэдүүлэхдээ:..дугуй хадгалдаг байсан өрөө, дугуй засвар хоёрыг хамт сарын 400,000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Б.Б өмнө нь надаас дугуй авна гэж огт ярьж байгаагүй. Би Б.Бөөс “...ахын дүү дугуй авсан бол одоо гаргаад өгчих, би цагдаад хэлэхгүй...” гэж хэлэхэд би аваагүй гээд байсан. Би 4 хоног дараалан асуусан. Цагдаад өгснөөс хойш 10 хоногийн дараа хэргээ хүлээсэн байсан. Япон улсаас орж ирсэн дугуй Монгол улсад шинэ дугуйнд тооцогддог. Дугуйны хохирлыг барагдуулж авсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Батноровын:...би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын орчимд Юби нэртэй дугуй засварын газрыг түрээслэн ажиллуулдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 02-ны оройн 22 цаг хүртэл ажиллаж байгаад дугуй засварын газраа хаахдаа дотор зарж байсан машины дугуй болон бусад зүйлийг тоолоод явсан. Өглөө 10 цагийн орчимд дугуй засварын газраа нээгээд тооллого хийхэд 4 ширхэг 195/65/15-тай машины дугуй алга болсон байсан. Тэгэхээр нь ажиллаж байгаа хүмүүсээс асуухад мэдэхгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн үед тооллого ганцаараа хийсэн, нийт 146 ширхэг дугуй байсан. Мөн гарахдаа дугуй тус бүрийн зургийг нь дараад авчихдаг. 195/65/15 хэмжээтэй ширхэг машины дугуй алдсан. Уг алдсан дугуйнууд нь бүх төрлийн суудлын жижиг автомашинд таардаг шинэ дугуй байсан...тухайн шөнө 01 цаг 3 минутад угаалгын газрын түрээслэгч эзэн залуу миний дугуй зардаг өрөө рүү орж байгаа нь харагдсан...би дугуйгаа одоо 480.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо ч бүх дугуйнууд 120.000-150.000 төгрөгтэй зарагдаж байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31, 34-35 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Мягмарбаатарын:...би Батноровт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000-4.000.000 төгрөгийн 15*16 хэмжээтэй нилээн олон дугуй зарсан. Тэгээд уг дугуйн 1 ширхэгийг 70.000-140.000 төгрөгөөр, 195/65/15 харьцаатай дугуйг 110.000 төгрөгөөр тооцож өгсөн байна. /шинэ дугуй/. 2021 оны 11 сард дугуйнууд их үнэд орсон байсан. Хятадын хил хаагдсанаас хойш дугуйны үнэ их нэмэгдсэн байсан. Би Батноровт шинэ, хуучин холиод олон дугуй зарсан. Шинэ дугуй 195/65/15 хэмжээтэй 110.000-120.000 төгрөгөөр тооцож зарсан. Батноровт шинэ дугуйнууд зарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 190-192 дугаар тал/,
2.3. Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЧД2-21-767 дугаартай “...195/65/15 хэмжээтэй өвлийн дугуй 480.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр тал/,
2.4. Дамно" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ЧД2-22-266 дугаартай “...Ёокохамабрендийн 195/65/15 хэмжээтэй Мичэлин нэртэй шинэ, 2021 оны 11 сард худалдаж авсан өвлийн 4 ширхэг дугуй 480.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 197-200 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс 4 дүгээр тал С.Батноровын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, 6 дугаар тал дугуйны зураг, 11-18 дугаар тал хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 30-31 дүгээр тал хохирогч С.Батноровын мэдүүлэг, 34-35 дугаар тал С.Батноровын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, 38-39 дүгээр тал Б.Бийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, 42-43 дугаар тал гэрч н.Ариунмягмарын мэдүүлэг, 50-51 дүгээр тал “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан, 55-58 дугаар тал хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 104-108 дугаар тал үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 117-119 дүгээр тал Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, 166-167 дугаар тал яллах дүгнэлтийг хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоол, 190-191 дүгээр тал гэрч Мягмарбаатарын мэдүүлэг, 197-200 дугаар тал “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 4 дүгээр тал С.Батноровын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, 51 дүгээр тал “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан, 79 дүгээр хуудас ял шалгах хуудас, 99 дүгээр тал нийгмийн даатгал төлдөг талаарх баримт, 103 дугаар хуудас ажлын газрын тодорхойлолт, 117 дугаар тал Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, 42-43 дугаар тал гэрч н.Ариунмягмарын мэдүүлэг, 159 дүгээр тал ажлын байр түрээслэх гэрээ, 182 дугаар тал Б.Бийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг, 199 дүгээр тал “Дамно” ХХК-ийн дахин үнэлгээ хийсэн тайлан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлаастын 9 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулах “Юби” нэртэй авто угаалга болон дугуй засварын газраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 цагийн үед иргэн С.Батноровын эзэмшлийн 195/65/15-тай 4 ширхэг дугуйг хулгайлж бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч С.Батноровын:...би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын орчимд “Юби” нэртэй дугуй засварын газрыг түрээслэн ажиллуулдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 02-ны оройн 22 цаг хүртэл ажиллаж байгаад дугуй засварын газраа хаахдаа дотор зарж байсан машины дугуй болон бусад зүйлийг тоолоод явсан. Өглөө 10 цагийн орчимд дугуй засварын газраа нээгээд тооллого хийхэд 4 ширхэг 195/65/15-тай машины дугуй алга болсон байсан. Тэгэхээр нь ажиллаж байгаа хүмүүсээс асуухад мэдэхгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн үед тооллого ганцаараа хийсэн, нийт 146 ширхэг дугуй байсан. Мөн гарахдаа дугуй тус бүрийн зургийг нь дараад авчихдаг. 195/65/15 хэмжээтэй ширхэг машины дугуй алдсан. Уг алдсан дугуйнууд нь бүх төрлийн суудлын жижиг автомашинд таардаг шинэ дугуй байсан...тухайн шөнө 01 цаг 3 минутад угаалгын газрын түрээслэгч эзэн залуу миний дугуй зардаг өрөө рүү орж байгаа нь харагдсан...би дугуйгаа одоо 480.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо ч бүх дугуйнууд 120.000-150.000 төгрөгтэй зарагдаж байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31, 34-35 дугаар тал/,
- гэрч П.Мягмарбаатарын:...би Батноровт 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000-4.000.000 төгрөгийн 15*16 хэмжээтэй нилээн олон дугуй зарсан. тэгээд уг дугуйн 1 ширхэгийг 70.000-140.000 төгрөгөөр, 195/65/15 харьцаатай дугуйг 110.000 төгрөгөөр тооцож өгсөн байна. /шинэ дугуй/. 2021 оны 11 сард дугуйнууд их үнэд орсон байсан. Хятадын хил хаагдсанаас хойш дугуйны үнэ их нэмэгдсэн байсан. Би Батноровт шинэ, хуучин холиод олон дугуй зарсан. Шинэ дугуй 195/65/15 хэмжээтэй 110.000-120.000 төгрөгөөр тооцож зарсан. Батноровт шинэ дугуйнууд зарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 190-192 дугаартал/,
- Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЧД2-21-767 дугаартай “...195/65/15 хэмжээтэй өвлийн дугуй 480.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр тал/,
- Дамно" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ЧД2-22-266 дугаартай “...Ёокохамабрендийн 195/65/15 хэмжээтэй Мичэлин нэртэй шинэ, 2021 оны 11 сард худалдаж авсан өвлийн 4 ширхэг дугуй 480.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 197-200 дугаар тал/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, цааш нь бусдад зарж борлуулж өөртөө ашиг олж шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Б.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Бийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах, Б.Бийн эзэмшлийн Тоёота приүс-30 загварын 56-81 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилээс чөлөөлж Б.Бөд олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
7. Тоёота приүс-30 загварын 56-81 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлээс чөлөөлж эзэмшигч Б.Бөд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ