Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар    2022/ШЦТ/462

 

 

 

 

 

2022        05         23                                 2022/ШЦТ/462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,  улсын яллагч А.Ариунаа,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нансалмаа, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч С.Чулуунцэцэг, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн “2203 00079 0168” дугаартай, 186/2022/0365/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, “Ус цаг уурын хүрээлэн”-д хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 хэсэг Тэнгэр рашаан гудамжны 79а дугаар байрны 29 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, байгаль орчны тэргүүний ажилтан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.С,

           Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Г.С нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх станцын зүүн замд “Toyota Harrier” маркийн 63-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 15.10-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа “Hyundai Sonata” маркийн 56-62 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч А.Энхбаяр /13 настай, эрэгтэй/, М.Эрдэнэбаяр /12 настай, эрэгтэй/ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Идэрсайханы /12 настай, эрэгтэй/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

      1.1. Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нансалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Миний хүүхдийн эрүүл мэндийн байдал сайн байгаа. Тойг нь эдгэсэн. Хамгийн гол зүйл нь хичээлийн хоцрогдол байна. Хичээлийн хоцрогдлоос болж сэтгэл санааны хямралтай байгаа. Миний хүүхэд 248 цагийн хичээлийн хоцрогдолтой байгаа. Багш нь 1 цагийн хоцрогдлыг арилгахад 5000 төгрөг болно гэсэн гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ц.Идэрсайханы:...гэнэт миний сууж явсан машин доргисон. Би машин мөргөчихлөө гэж бодтол миний сууж явсан машин жалга руу унасан. Би арын суудлын голд сууж явсан учраас өвдөгөөрөө голын хайрцаг мөргөж гэмтсэн. Эмч үзээд рентген зураг аваад зүүн өвдөгний тойгны яс хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. х-ийн 48 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч А.Энхбаярын:...гэнэт доргисон. Жолооч Даваасүрэн ах жолоогоо баруун гар тийш дарсан. Тэгээд манай машин жалгаруу орсон. Ослын дараанаас нуруугаар өвдсөн тэр үед толгой өвдөөд, зүүн өвдөг янгинаж өвдсөн зовиуртай байгаа гэх мэдүүлэг. х-ийн 59 дүгээр тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Сугаржунайгийн:...явж байтал урд нэг Харейр туслах зам дээр зогсож байгаад төв зам руу хөндлөн ороод зогссон, жолооч Даваасүрэн ах хурдаа хасаад 20-30 км цагийн хурдтай тэр машиныг тойрч гарах гээд явтал нөгөө машин хааз өгч миний сууж явсан машиныг мөргөөд жалга руу оруулсан гэх мэдүүлэг. х-ийн 61 дүгээр тал/,

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэбаярын:...миний сууж явсан машин донсолж байгаад далан мөргөөд зогссон гэх мэдүүлэг. х-ийн 65 дугаар тал/,

           2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Э.Наранзунгийн:...миний сууж явсан талаас их хүчтэй юм мөргөсөн. Би нүдээ нээгээд харахад миний сууж явсан машин жалга руу гулгаад орж харагдсан гэх мэдүүлэг. х-ийн 69 дүгээр тал/,

           2.6.Мөрдөн шалгах ажиллангааны явцад насанд хүрээгүй хохирогч А.Энхбаярын хууль ёсны төлөөлөгч Т.Арсланбаатарын:...тухайн үед манай хүүхдээс мэдүүлэг өгөх үед ээж нь хамт байж байгаад мэдүүлэг өгсөн. Хүүхдийн томографийн шинжилгээ 120.000 төгрөгөөр харуулсан зардлыг жолооч төлсөн. Манай хүүхдийн биеийн байдал одоо хэвийн байгаа болохоор өөр нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 196 дугаар тал/,

         2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд   хүрээгүй хохирогч М.Эрдэнэбаярын  хууль  ёсны төлөөлөгч Ц.Ганчимэгийн:....хүүхдийн шинжилгээ болон эмчилгээний зардалд 400.000 төгрөг зарцуулсныг баримтаар тухайн үед хэрэгт хавсаргаж өгсөн, би буруутай жолоочоос 400.000 төгрөг гаргуулаад авчихвал цаашид өөр нэхэмжпэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг,           /хх-ийн 200 дугаар тал/,

           2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Сугаржунайгийн хууль ёсны төлөөлөгч М.Батмөнхийн:...манай хүүхдийн биеийн байдал хэвийн болохоор цаашид нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-204 дүгээр тал/,

           2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Э.Наранзуны хууль ёсны төлөөлөгч Б.Энхтайваны:...манай хүүгийн биеийн байдал одоо хэвийн байгаа, тухайн үед үзүүлсэн баримтын дагуу 250.000 төгрөгийг гаргуулан авсан, цаашид нэхэмжпэх зүйлгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 207 дугаар тал/,

          2.10. Мөрдөн шалгах ажиллагааны  явцад насанд хүрээгүй хохирогч З.Амаржаргалын хууль ёсны төлөөлөгч Б.Загдрагчаагийн:...тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хугарал гэмтэл байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Хүүгийнхээ нарийн шинжилгээ өгөхөд гарсан зардлыг осол гаргасан жолоочоос гаргуулан авсан болохоор одоо миний зүгээс болон манай хүүхдийн зүгээс нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. х-ийн 218 дугаар тал/,

           2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дүгээр сарын 31-ний өдрийн 2275 дугаартай дүгнэлтэд:

           1.  А.Энхбаярын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.                                                                                    4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч М.Ариунтөгс  гэх дүгнэлт. /хх-ийн 132-133 дугаар тал/,

            2.12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2273 дугаатай дүгнэлтэд:..

 

           1. М.Эрдэнэбаярын биед тархи доргилт, хэвлийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч М.Ариунтөгс гэх дүгнэлт.х-ийн 147-148 дугаар тал/,

           2.13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2196  дугаатай дүгнэлтэд:

           1. Ц.Идэрсайханы биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын     2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт                     /хх-ийн 137-138 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс 4 дүгээр тал 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээллийн хуудас, 10-18 дугаар тал хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 28 дугаар тал хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 48 дугаар тал насанд хүрээгүй хохирогч н.Идэрсайханы мэдүүлэг, 59 дүгээр тал насанд хүрээгүй гэрч н.Энхбаярын мэдүүлэг, 61 дүгээр тал насанд хүрээгүй гэрч н.Сугаржунаагийн мэдүүлэг, 65 дугаар тал насанд хүрээгүй гэрч н.Эрдэнэбаярын мэдүүлэг, 69 дүгээр тал насанд хүрээгүй гэрч н.Наранзуны мэдүүлэг, 78 дугаар тал гэрч У.Даваасүрэнгийн мэдүүлэг, 133-133 дугаар тал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч н.Аригунтөгсийн 2275 дугаартай шинжээчийн дүгнэлт, 147-148 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч н.Аригунтөгсийн 2273 дугаартай шинжээчийн дүгнэлт, 137-138 дугаар тал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч н.Долгормаагийн 2196 дугаартай шинжээчийн дүгнэлт, 196 дугаар тал насанд хүрээгүй хохирогч н.Энхбаярын хууль ёсны төлөөлөгч н.Арсланбаатарын мэдүүлэг, 200 дугаар тал насанд хүрээгүй хохирогч н.Эрдэнэбаярын хууль ёсны төлөөлөгч н.Ганчимэгийн мэдүүлэг, 204 дүгээр тал насанд хүрээгүй хохирогч н.Сугаржунаагийн хууль ёсны төлөөлөгч н.Батмөнхийн мэдүүлэг, 207 дугаар тал насанд хүрээгүй хохирогч н.Наранзуны хууль ёсны төлөөлөгч н.Энхтайваны мэдүүлэг, 218 дугаар тал насанд хүрээгүй хохирогч н.Амаржаргалын хууль ёсны төлөөлөгч н.Загдрагчаагийн мэдүүлэг, 53 дугаар тал иргэний нэхэмжлэгч н.Ган-Эрдэнийн мэдүүлэг, 56 дугаар тал иргэний хариуцагч н.Ган-Эрдэнийн мэдүүлэг, 102-107 дугаар тал “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 75 дугаар тал иргэний нэхэмжлэгч н.Ариунсайханы мэдүүлэг, 210 дугаар тал иргэний нэхэмжлэгч У.Даваасүрэнгийн мэдүүлэг, 38-42 дугаар тал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нансалмаагаас гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 8 дугаар тал жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийн шалгасан тэмдэглэл, 99 дүгээр тал 0513 дугаартай шинжээчийн дүгнэлт, 183 дугаар тал ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

           Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Г.С нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх станцын зүүн замд “Toyota Harrier” маркийн 63-45 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 15.10-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа “Hyundai Sonata” маркийн 56-62 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч А.Энхбаяр /13 настай, эрэгтэй/, М.Эрдэнэбаяр /12 настай, эрэгтэй/ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Идэрсайханы /12 настай, эрэгтэй/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          - насанд хүрээгүй хохирогч Ц.Идэрсайханы:...гэнэт миний сууж явсан машин доргисон. Би машин мөргөчихлөө гэж бодтол миний сууж явсан машин жалга руу унасан. Би арын суудлын голд сууж явсан учраас өвдөгөөрөө голын хайрцаг мөргөж гэмтсэн. Эмч үзээд рентген зураг аваад зүүн өвдөгний тойгны яс хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. х-ийн 48 дугаар тал/,

          - насанд хүрээгүй гэрч А.Энхбаярын:...гэнэт доргисон. Жолооч Даваасүрэн ах жолоогоо баруун гар тийш дарсан. Тэгээд манай машин жалга руу орсон. Ослын дараанаас нуруугаар өвдсөн тэр үед толгой өвдөөд, зүүн өвдөг янгинаж өвдсөн зовиуртай байгаа гэх мэдүүлэг. х-ийн 59 дүгээр тал/,

 

           -  насанд хүрээгүй гэрч Б.Сугаржунайгийн:...явж байтал урд нэг Харейр туслах зам дээр зогсож байгаад төв замруу хөндлөн ороод зогссон. Жолооч Даваасүрэн ах хурдаа хасаад 20-30 км цагийн хурдтай тэр машиныг тойрч гарах гээд явтал нөгөө машин хааз өгч миний сууж явсан машиныг мөргөөд жалга руу оруулсан гэх мэдүүлэг. х-ийн 61 дүгээр тал/,

           - насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэбаярын:...миний сууж явсан машин донсолж байгаад далан мөргөөд зогссон гэх мэдүүлэг. х-ийн 65 дугаар тал/,

           - насанд хүрээгүй гэрч Э.Наранзунгийн:...миний сууж явсан талаас их хүчтэй юм мөргөсөн. Би нүдээ нээгээд харахад миний сууж явсан машин жалга руу гулгаад орж харагдсан гэх мэдүүлэг. х-ийн 69 дүгээр тал/,

           - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2196  дугаатай дүгнэлт. /хх-ийн 137-138 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Г.Сгийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.С нь замын хөдөлгөөнд оролцохдоо  аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг  зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Сг  “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.С нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан  байна гэж шүүх үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Идэрсайханы  хууль ёсны төлөөлөгч Б.Нансалмаа нь цаашид гарах хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах сургалтанд суулгасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч Г.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад учруулсан хохирлыг бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй байна, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Г.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн  хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

            5. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад  төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

 6. Насанд хүрээгүй хохирогч Ц.Идэрсайханы  хууль ёсны төлөөлөгч Б.Нансалмаа нь цаашид гарах хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах сургалтанд  суулгасан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

            8.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

       9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ