| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0415/Э |
| Дугаар | 2022/ШЦ/472 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦ/472
2022 05 24 2022/ШЦТ/472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Б.Б, С.М, тэдгээрийн өмгөөлөгч С.Мөнхгэрэл, Н.Бэрхсайхан, шүүгдэгч С.Э, Э.Г /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г, С.М, С.Э нар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б нарт холбогдох эрүүгийн “2111 01053 0736” дугаартай, 186/2022/0415/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 412-6 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ш.Б,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “ITM” ХХК-д график дизайнер ажилтай, ам бүл 2, аавын хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороололын 49-2 дугаар байрны 28 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-3 байрны 2-11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, С.М,
3. Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн менежментийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 416-204 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, С.Э,
4. Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4-р курсын оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороолол 39-78 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Э.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элеганс” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Лут-Одын итгэмжлэн хариуцуулсан “Iphone XS max” загварын rap утсыг завшиж Д.Лут-Одод 1.218.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.М, С.Э, Э.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн гүйцэтгэж 2021 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элеганс” зочид буудалд хохирогч Д.Лут- Одыг зодож биед нь хамрын нуруу, уруул, баруун, зүүн нүдний доод зовхи, дух, уруул, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, хүзүү, баруун мөр, хэвлийн цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.3. Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.4. Шүүгдэгч Э.Гт нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Лут-Одын:...Батхишиг надад нийтэд хүртээл болоогүй дуу сонсгохоор болоод миний утаснаас өөрийнхөө Фэйсбүүк хаяганд орж уг дууг Сэлэнгэ бид гурав дахин дахин сонсож байгаад би нийтдээ 250 мл орчим хэмжээтэй аягаар 5 аяга пиво уусан. Батхишиг гартаа барьсан чигээрээ дуу сонсож байсан. Би Батхишигт гар утсаа өгөөд эргүүлэн аваагүй байж байтал маргаан, зодоон болоод би дахин гар утсаа хараагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар тал/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Наранзулын:...Батхишиг гэх хүн эргүүлээд миний гар утсыг авчирч өгсөн боловч Лутаагийн гар утсыг авчирч өгөөгүй. Лутаагийн гар утсыг мэдэхгүй гэж хэлчихээд хэсэг хугацаа маргалдсаны дараа Батхишиг нь Лутаад хандан Би чиний гар утсыг авсан би чамайг зодсон тиймээс бүх хариуцлагыг би хүлээнэ гэж хэлсэн гэх мэдүүлэг. / хх-ийн 79 дүгээр тал/,
2.3.Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний айфон ХS maх гар утас 1.218.000 /нэг сая хоёр зуун арван найман мянган/ төгрөгөөр үнэлсэн тайлан. /хх-ийн 106 дугаар тал/,
2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 8259 дугаартай:..
1. Д.Лут-Одын биед хамрын нуруу, уруул, баруун, зүүн нүдний доод зовхи, дух, уруул, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, хүзүү, баруун мөр, хэвлийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт. /хх-ийн 88-89 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч:..хохирогч Д.Лут-Одын мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/, гэрч А.Наранзулын мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал/, Дамно ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 106 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89 дүгээр тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэг зэргийг шинжлэн судлуулав.
3.2.Бусад оролцогчид шинжлэн суудлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элеганс” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Лут-Одын итгэмжлэн хариуцуулсан “Iphone XS max” загварын rap утсыг завшиж Д.Лут-Одод 1.218.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Д.Лут-Одын:...Батхишиг надад нийтэд хүртээл болоогүй дуу сонсгохоор болоод миний утаснаас өөрийнхөө Фэйсбүүк хаяганд орж уг дууг Сэлэнгэ бид гурав дахин дахин сонсож байгаад би нийтдээ 250 мл орчим хэмжээтэй аягаар 5 аяга пиво уусан. Батхишиг гартаа барьсан чигээрээ дуу сонсож байсан. Би Батхишигт гар утсаа өгөөд эргүүлэн аваагүй байж байтал маргаан, зодоон болоод би дахин гар утсаа хараагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар тал/,
- гэрч А.Наранзулын:...Батхишиг гэх хүн эргүүлээд миний гар утсыг авчирч өгсөн боловч Лутаагийн гар утсыг авчирч өгөөгүй. Лутаагийн гар утсыг мэдэхгүй гэж хэлчхээд хэсэг хугацаа маргалдсаны дараа Батхишиг нь Лутаад хандан Би чиний гар утсыг авсан би чамайг зодсон тиймээс бүх хариуцлагыг би хүлээнэ гэж хэлсэн гэх мэдүүлэг. / хх-ийн 79 дүгээр тал/,
Шүүгдэгч С.М, С.Э, Э.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элеганс” зочид буудалд хохирогч Д.Лут-Одыг зодож биед нь хамрын нуруу, уруул, баруун, зүүн нүдний доод зовхи, дух, уруул, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, хүзүү, баруун мөр, хэвлийн цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Д.Лут-Одын:..тэнд 4 залуу байсан нэг нь махлаг, нэг нь өндөр, жижиг үстэй залуу, өөр бас нэг залуу байсан тэр нь эрүүлжүүлэгдсэн байсан...жижиг үстэй залуу нь махлаг залууг дагуулж орж ирээд 2 талаас хашаад жижиг үстэй залуу нь миний толгойруу цохьсон...том биетэй залуу нь миний дээрээс дарсан ба жижиг үстэй залуу нь намайг газарт унасан байхад нүүрлүү 2-3 удаа цохьсон...намайг 2 залуу л зодоод байгаа харагдсан...гэх мэдүүлэг,
- гэрч И.Мариягийн...анх Мөнгөн, Лут-Од хоёр хоорондоо зодолдоход Лут-Одын хамарнаас цус гарсан...дараа нь бас нөгөө дөрөв орж ирээд Гүнбилэг, Эрмүүн, Лут-Од гурав хоорондоо зодолдоход нүүр, болон гар нь цус болчихсон хамар нь хавдаад нүд нь хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг
- гэрч Б.Сэлэнгийн:...Мөнхдөлгөөн надад хэлэхдээ Лут-Одыг нөгөө хэдэн эрчүүд нийлээд зодчихсон...Наранзул, Лут-Од нар цагдаа руу явсан...гэх мэдүүлэг
- Камерын бичлэг
- Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний айфон ХS maх гар утас 1.218.000 /нэг сая хоёр зуун арван найман мянган/ төгрөгөөр үнэлсэн тайлан. /хх-ийн 106 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 8259 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр тал/ болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад завшуулж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг авсаныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч явж өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Ш.Батхишигийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч С.М, Э.Г, С.Э нарын дээрх үйлдэл нь согтуурсан үедээ бүлэглэж хохирогчийг ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул С.М, Э.Г, С.Э нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч С.М, Э.Г, С.Э нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар, шүүгдэгч Ш.Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.М, Э.Г, С.Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.Батхишигийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Лут-Одод 1.218.000 /нэг сая хоёр зуун арван найман мянган/ хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан.
Хохирогч Д.Лут-Од нь шүүгдэгч С.М, С.Э, Э.Г нараас эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлэхэд гарсан зардлаа бүрэн барагдуулж авсан цаашид ямар нэг гомдол санал байхгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Э.Г нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, С.Мийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч С.Э, Э.Гт нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Бийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд дээрх нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч С.М, С.Э, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.М, Э.Г нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төрөгөөр торгох ялаар, С.Эг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Э.Г, С.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Э.Г, С.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
9. Шүүгдэгч Б.Б, С.М, Э.Г, С.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, С.М, Э.Г, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ