Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 43

 

Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0426/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

                    Шүүх хуралдаанд: 

                    Прокурор                                     А.Оргилбаяр

                    Нарийн бичгийн дарга                Б.Мандуул нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар цагаатгах тогтоолтой, Б-ын У-д холбогдох, 1818006740520 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 08-нд хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ын У-.

Б.У- нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Хас” банкаар үйлчлүүлж байхдаа  иргэн Б.П-тэй өр авлагын асуудлын улмаас харилцан маргалдаж, улмаар зууралдан хана руу түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар цагаатгах тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт Б- овогт Б-ын У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818006740520 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д  заааснаар  хэрэгсэхгүй болгож, Б.У-ыг цагаатгаж,

-Цагаатгах тогтооол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан

сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.д  зааснаар Б.П-гийн 357.373 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

           Б.У- нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Хас” банкаар үйлчлүүлэх явцдаа иргэн Б.П-тэй өр авлагын асуудлын улмаас харилцан маргалдаж улмаар зууралдан хана руу түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулж  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д  заасан үндэслэлээр Б.У-д холбогдох эрүүгийн  хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй байх тул эсэргүүцэл гаргаж байна.

Цагаатгах тогтоолд “... Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байна” гэж зөвхөн шүүхийн шатанд дахин гаргуулсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай дүгнэлтэнд ач холбогдол өгч, үнэлж, шүүхийн шийвдэрийнхээ үндэслэл болгосон байна. Гэтэл хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн 880, нэмэлт шинжилгээний 1101 дугаартай дүгнэлтүүдийг хэрхэн ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаар тодорхой дурдаагүй, мөн дээрх дүгнэлтүүд гэмтлийн зэргийн талаар эрс зөрүүтэй байхад нэг дүгнэлтэнд ач холбогдол өгч, нөгөө хэсгийг үнэлэлгүйгээр орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3.т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд  цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна., Эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах   саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Дархан-Уул аймгийн Прокуророос  Б.У-ыг  2018 оны 08 дугаар сарын 21- ны өдрийн 15 цагийн орчим “Хас” банкны үйлчилгээний танхимд  Б.П-тэй  өр, авлагын асуудлаар маргалдаж улмаар хоорондоо барьцалдаж, ноцолдох явцад Б.П-гийн биед умайн булчингийн чангарал үүсгэсэн  хөнгөн хохирол  учруулсан    гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд  анхан шатны шүүх  хэргийг хэлэлцээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д  заасныг баримтлан   гэмт хэргийн шинжгүй  гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, Б.У-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл тэд  урьд  нь бие биеээ таньдаг., хохирогч Б.П- Б.У-аас  мөнгө зээлээд зарим хэсгийг нь өгөөгүй байсан бөгөөд   2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд  “Хас” банкны үйлчилгээний танхимд тааралдаж дээрх мөнгөний асуудлаар тэдний хооронд хэрүүл, маргаан  үүсч, барьцалдаж,  түлхэлцсэн  заамдалцаж байхад нь  банкны ажилтан  очиж салгасан үйл баримт болжээ.

Энэ нь  Б.У-  Б.П- нарын  мэдүүлэг,  гэрч банкны ажилтан  Э.У-ийн өгсөн  ...тухайн үед ажилаа хийж байтал зааланд гэнэт 2 эмэгтэй маргалдаад заамдалцаад авахаар нь би очиж ...олон нийтийн газар ингэж болохгүй... гээд салгасан.,  нэгэндээ өртэй хүмүүс юм шиг байсан ...гэсэн мэдүүлэг, / х.хийн 56-р хуудас /

гэрч Т.Даваадоржийн   банкны зааланд байж байхад    ...хоёр эмэгтэй  ...мөнгө өгсөнгүй жил боллоо... гээд  маргалдаж нэг нэгнийхээ энгэрээс барьсан байсан намайг харж байхад  цохиж  зодолдсон зүйл болоогүй ... гэсэн мэдүүлэг., / х.хийн 57-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

           Харин дээрх  үйл баримтын улмаас  жирэмсэн  Б.П-гийн биед тонус буюу умайн булчингийн чангарал  бүхий хөнгөн хохирол үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд  Тухайлбал   шинжээч эмчийн дангаараа гаргасан  2018 оны 8 дугаар сарын 23 -ны өдрийн   880 дугаартай   “ ... Б.П- нь 26-27 хоногтой жирэмсэн.,  биед ил харагдах гэмтэлгүй., умайн булчин чангаралтай байна.,  энэ эмгэг нь доргих, цохигдох, түлхэгдэх үед үүсэх боломжтой.,  хөнгөн гэмтэл...”  гэсэн  дүгнэлт  нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй.,  умайн булчингийн чангарал нь доргих, цохигдох, түлхэгдэх  үйлдлийн улмаас үүсэж болох боловч үүнээс гадна  тухайн хүний биеийн  эрүүл мэндийн байдал,  онцлог,  ураг тээх үеийн нөхцөл байдал,  хоол хүнс, ахуй амьдралын болон   сэтгэл зүйн байдлаас шалтгаалж үүсч болох  жирэмсэн үеийн хүндрэл шинж байдал болох талаар дүгнэлт хийгээгүй.   

          Мөн  дээрх эргэлзээтэй дүгнэлт  гарсан  учраас 2 сар гаруй хугацааны дараа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан  1101 дугаартай    “...хэрэг 2018-08-21-нд болсон  гэх бөгөөд  энэ хооронд үзүүлсэн гэх эмчийн бичиг, шинжилгээний бичиг байхгүй учир байнгын чангаралтай  байсан гэж үзэх боломжгүй.., мөн   ...умайн булчин чангаралтай байх нь  ураг зулбах аюултай... тул хөнгөн гэмтэл... “  гэсэн  нэмэлт шинжилгээ ч   тодорхойгүй, ойлгомжгүй,  хуулийн шаардлага хангахгүй  байна.

          Ийм эргэлзээтэй нөхцөл байдал  үүссэн  учраас анхан шатны шүүх  хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8., Шүүхийн шинжилгээний  тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх захирамж гаргаж  2018-02-18-нд  212 дугаартай,  3 эмчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийж :   

 “ ... Б.П- нь  эх барихын ужиг өгүүлэмжтэй, дээрх үйл баримтаас урьд нь зулбах завдалт оношоор 2 удаа эмчилгээ хийлгэж байсан тул умайн булчингийн чангарлыг гэмтлийн шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй.,  зулбахыг завдах нь  гадаад дотоод олон шалтгаантай бөгөөд  гадаад шалтгаан нь  гэмтэл, сэтгэл санааны цочрол,  гадаад орчны нөлөө, хооллолтын нөлөө гэх мэт олон шалтгаан байна., дотоод шалтгаан нь жирэмсэн эхийн бие, организм болон ургийн  өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг эмгэгүүдээс шалтгаана.,   энэ үед эмийн эмчилгээ хийх шаардлагагүй,  хэвтрийн дэглэм, хүчилсэн үйл ажиллагаанаас зайлсхийхийг зөвлөдөг.,

           Б.П-гийн Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд   энэ гэмт хэрэг гарсан гэх өдрөөс  өмнө буюу 2018-4-30., 2018-7-17-ны өдөрүүдэд зулбахыг завдсан оноштой байжээ... гэсэн дүгнэлт гаргажээ.

          Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримт болон шүүхийн шинжилгээний албаны  3 эмчийн бүрэлдэхүүнтэй дахин хийсэн   дүгнэлт зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д  заасныг баримтлан Б.У-д холбогдох Б.П-гийн биед хөнгөн хохирол учруулсан   гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.У-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх    шинжээч эмчийн дангаараа гаргасан  2018 оны 8 дугаар сарын 23 -ны өдрийн   880 дугаартай дүгнэлт.,   2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн   1101 дугаартай  нэмэлт дүгнэлт нь  “эргэлзээтэй”  байгаа учраас  хуульд заасан үндэслэл, журмын дагуу  бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэсэн нь дээрх дүгнэлтүүдийн   талаар шүүх  хууль  зүйн үнэлэлт, дүгнэлт хийсэн байна  гэж үзэхээс  гадна  дүгнэлтийг  бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж  Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэжээ

             Иймд  цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, “ ...анхан шатны шүүх 212 дугаартай дахин  шинжилгээ хийсэн дүгнэлтэнд ач холбогдол өгч, мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн  880., нэмэлт шинжилгээний 1101 дугаар  дүгнэлтүүдийг  ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа заагаагүй., нэг дүгнэлтэнд ач холбогдол өгч, нөгөө хэсгийг үнэлэлгүйгээр орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь шаардлагатай ...” гэсэн  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2.т заасны дагуу 1818006740520 дугаартай, 1 хавтас бүхий, эрүүгийн хэргийг  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

          3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ТУЯА

                                                                     ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР